Энэ онд ЦДБЭЧ-ын 80 жилийн ой тохиож байгаа билээ. Алдарт “60 хар” найрал дууны анги, МУГЖ Б.Төмөр, Ч.Туул, Ч.Тунгалаг гээд үе үеийн олон алдартнууд энэ чуулгаас төрөн гарчээ. 1932 оны арванхоёрдугаар сард анхны уран бүтээлээ үзэгчдэд толилуулснаас хойш өдгөө 90 дэх хавартайгаа золгож буй чуулгынхны сүүлийн үеийн уран бүтээл болон ололт амжилтын талаар ЦДБЭЧ-ын дарга, урлагийн гавъяат зүтгэлтэн, хурандаа Ч.Ганхуягтай ярилцлаа.
-Юуны өмнө танай чуулгын хамт олонд 80 жилийн ойн баярын мэндийг сониныхоо нэрийн өмнөөс хүргэе. Чуулгынхаа түүхэн замналаас ярилцлагаа эхэлье?
-1392 оны арванхоёрдугаар сард анхны уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосноор ЦДБЭЧ-ын түүхэн замнал эхэлсэн бөгөөд эдүгээ Монгол Улсын тэргүүлэх урлагийн байгууллагуудын нэг болтлоо хөгжсөн байна. Манай чуулга улс орныг батлан хамгаалах хүчийг бэхжүүлэн хөгжүүлэх, Зэвсэгт хүчний дайчид, нийт хөдөлмөрчид, залуусыг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд ардын уламжлалт ёс заншил, гоо зүй, ёс суртахууны хүмүүжил олгохыг уран бүтээлийн зорилгоо болгон ажилладаг юм.
ЦДБЭЧ 1945 оны чөлөөлөх дайны талбарт цэрэг, дайчид, чөлөөлөгдсөн нутгийн иргэдэд үйлчилж байсан цорын ганц урлагийн байгууллага гэдгээрээ хэзээд бахархаж ирсэн. Учир нь дайны хүнд жилүүдэд хүмүүсийг бага боловч баясгаж, уйтгар гунигийг нь үргээж, буянтай үйлс хийж байсан зэрэг чуулгынхаа түүхийг сөхвөл олон сонирхолтой дурсамж бий. Түүнчлэн 2002 онд манай байгууллагын 70 жилийн ойгоор “Эрдмийн чуулга” гэх алдрыг хүртээсэн.
-ЦДБЭЧ ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Манай чуулгын хамт олон шинэ оноо амжилт бүтээлээр дүүрэн угтсан. Энэ жил ЦДБЭЧ-ын хүчний 80 жилийн ой тохиож буй. Тиймээс бид хэд хэдэн уран бүтээлийг толилуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Тухайлбал, тавдугаар сарын дундуур “Нарны охин” гэдэг хүүхдийн дуулалт жүжиг тавихаар бэлтгэлээ хангаад байна. Түүнчлэн зэвсэгт хүчнийхээ үйл ажиллагааг сурталчлах зорилгоор орон нутагт тоглолт зохион байгуулаад ирлээ. Хөдөө орон нутагт байгаа иргэдэд бид зэвсэгт хүчний болон чуулгынхаа үйл ажиллагааг сурталчилах зорилгоор энэхүү аялан тоглолтыг зохион байгуулсан.
Түүнчлэн 4-5 оронд өөрсдийнхөө уран бүтээлийг толилуулсан. Ингэснээрээ бид чуулгынхаа үйл ажиллагааг таниулаад зогсохгүй эх орныхоо нэрийг ч өндөрт өргөсөндөө сэтгэл хангалуун байна. Тодруулбал, Солонгос улсад зохиогдсон “Хаврын баяр- 2012” наадамд манай бүсгүйчүүд амжилттай оролцож, Гран При шагналыг хүртсэн. Дараагийн нэг том арга хэмжээ бол жагсаалын дууны уралдаан зарласан байгаа. Учир нь Монгол Улс олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод даруй 10 жилийг үдсэн байна. Энэ хугацаанд манай улсын 10 мянга гаруй цэргийн албан хаагчид Косово, Афганистан, Чад зэрэг улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцсон. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын баг бүрэлдэхүүн олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд маш нарийн зохион байгуулалттай оролцож ирсэн бөгөөд хүний амь нас эрсдсэн тохиолдол нэг ч удаа гараагүй. Харин ч бүр монгол хөвгүүд эрэлхэг зоригтой гэдгээ баталж, болзошгүй аюулаас бусдыгаа аварсныг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс бид энэ эрэлхэг хөвгүүддээ зориулсан жагсаалын дууны уралдаан зарласан юм. Энэхүү уралдаанд урлаг тэр тусмаа дуу хөгжим сонирхдог хэн бүхэн оролцох боломжтой.
Манай цэргүүд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцохоор гадаадын олон улс руу явж байгаа учраас бид тухай бүрт нь зориулсан дуу зохиож өгдөг. Тухайлбал, Афганистан руу явахад нь зориулж зохиосон дууг Чадад очоод дуулахгүй. Тиймээс бид дууны уралдаан зарлах зайлшгүй шаардлага тулгарсан юм. Үүнээс гадна дөрвөн дуунд клип хийхээр төлөвлөсөн төдийгүй төрийн хошой шагналт Мөрдорж гуайн бүтээлийг анх зохиосон хувилбараар нь дахин Ардын жүжигчин Хаянхярваа дуулж, дүрсжүүлэхээр ажиллаж байна.
-Хүүхдэд зориулсан уран бүтээл ховор тоглогддог. Танай чуулга яагаад хүүхдийн дуулалт жүжиг сонгосон бэ?
-ЦДБЭЧ дандаа марш дуулж, симфони оркестр тоглохгүй. Хэдийгээр манайх цэргийн байгууллага боловч уран бүтээлчид гэдэг утгаараа хөрвөх чадвартай байх ёстой. Тиймээс бид хүүхдийн дуулалт жүжиг тавихаар бэлтгэл ажилдаа ороод байна. Ер нь хүн бүхэн хүүхэд байсан. Тиймээс манай уран бүтээлчид бага насаа дурсч, хүүхдийн дүрд хувирч байгаа.
-Цэргийн гэдэг утгаараа мэдээж бусад урлагийн байгууллагуудаас эрс ялгаатай. Уран бүтээлээ яаж сонгодог вэ?
-Ёстой нөгөө ярс, ярс гэдэг шиг шижигнэсэн залуус чуулгад маань ажилладаг. Манай чуулгын хувьд цэргийн зохион байгуулалттай ажилладгаараа онцлогтой. Ер нь урлагийн байгууллага хагас цэргийн зохион байгуулалттай ажилладаг гэдэг. Тэгвэл ЦДБЭЧ цэргийн байгууллага, зэвсэгт хүчний албан хаагчид ямар дүрэм журам мөрдөж ажилладаг вэ яг л тэр зарчмаар ажиллаж, уран бүтээлээ туурвидаг. Энэ ч утгаараа ихэвчлэн цэрэг эх орны сэдэвтэй уран бүтээл туурвидаг юм. Тухайлбал, өнгөрсөн онд “Хүннү” дуурийг тавьсан. Хүннү бол анхны төрт улс гэгддэг. Тиймээс Монгол Улсын ЦДБЭЧ-ын урын санд энэ дуурь зайлшгүй байх ёстой. Үүгээр ч зогсохгүй XIII зууны үеийн уран зохиолын дурсгалт бичгээс сэдэвлэсэн гоцлол дуучид, найрал дуу, хөгжимд зориулсан уран бүтээлчдийн ур чадварыг шалгасан “Кармина Бурина” хэмээх тайзны бүтээл зэрэг олон уран бүтээлээр урын сангаа баяжуулсаар ирсэн. Ер нь бид чуулгынхаа уран бүтээлчдийн зэрэг зиндаа, ур чадварыг илтгэсэн, чанартай нөгөөтэйгүүр цэргийн чуулгад байх ёстой уран бүтээлийг сонгож тоглодог юм.
-Танай чуулгаас алдарт “Жаран хар”, “Амрагийн дуу”-ны Б.Төмөр зэрэг олон алдартнууд төрсөн. Тэгвэл одоо боловсон хүчнээ ямар шалгуураар шалгаж авдаг вэ?
-ЦДБЭЧ-ын нэрийн хуудас бол яах аргагүй “Жаран хар” найрал дууны анги юм. Түүнчлэн “Амрагийн дуу”-гаараа монгол түмний сэтгэлд хоногшсон МУГЖ Б.Төмөр, Ч.Туул, Ч.Тунгалаг зэрэг манай чуулгын эгнээнээс олон арван алдар цуутнууд, ардын жүжигчин, төрийн шагналтнууд төрөн гарсан. Түүнээс 50 гаруй гавъяат жүжигчин төрөн гарсан нь манай чуулгын чансааг илтгэсэн гэж боддог. Дээр үед бид цэргийн ангиудаас авьяаслаг албан хаагчдыг шалгаруулж, чуулгадаа уран бүтээлчээр авдаг байсан бол сүүлийн жилүүдэд цэргийн хөгжмийн сургууль, ХБК, СУИС төгссөн мэргэжлийн уран бүтээлчдийг шалгаж авдаг болсон. Манай чуулгад сайн дуучид, бүжигчид, хөгжимчид олон бий. Тэднийгээ олонд таниулах бодлого баримталж ажиллаж байгаа. Манай чуулгын баримталдаг бодлого бол залуу уран бүтээлчдээ дэмжиж, олон нийтэд таниулахыг хичээх юм. Тиймээс ч тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн, олон нийтэд таниулахад бэлтгэгдсэн уран бүтээлчдээ дэмжиж ажиллаж байна.
-Танай чуулгын хувьд гадаадын ижил төстэй байгууллагуудтай өрсөлдөхүйц хэмжээнд байж чадаж байгаа юу?
-Манай чуулга бол ОХУ-ын Александрын ансамблын хуулбар юм шүү дээ. Анх тэр ансамблаас үлгэрлэж байгуулж байсан гэдэг. ОХУ, Хятадын цэргийн чуулгатай харьцуулахад хүн хүчний хувьд дутмаг уу гэхээс уран бүтээлийн хувьд гологдохгүй. Хятадын цэргийн чуулгын тоглолтыг өнгөрсөн жил үзэж байсан. Тэд үнэхээр хүчирхэг, гоё юм билээ. Тодруулбал, манай найрал дуу гэхэд 70-80 хүний бүрэлдэхүүнтэй байдаг бол Хятадын чуулга 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй дуулж байсан. Тэр олон хүний дуу, хоолой ямар хүчтэй сонсогдох вэ гэдэг нь ойлгомжтой. Одоогийн байдлаар манай чуулга “Ардын найрал хөгжим”, “Эстрад симфони найрал хөгжим”, “Бүжиг”, “Найрал дуу”-ны ангийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
-Цаашдаа ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Бид энэ онд гурван томоохон бүтээл тавихаар төлөвлөсөн. Тодруулбал, “Ертөнц” гэдэг модерн балет тавих бол олон үндэстний ёс заншлыг илтгэсэн дуулалт жүжиг тавихаар бэлтгэж байна. Манай чуулга сар сараар ажлаа төлөвлөж ажилладаг бөгөөд чуулгын үндсэн уран бүтээлээс гадна хамтарсан тоглолтууд гээд бидний ажил мундахгүй.
Х.Өнөржаргал
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
гансүх хурандаа байна шдээ. нэрийг нь ядаж зөв бичээч өнөржаргал гуай. чамайг үхэржаргал гэвэл ямар байхав
өөрийнхөө нэрийг хүртэл буруу бичжээ. уг нь үхэржаргал байхгүй юу
хэзээ тавих вэ?