Францын төрийн тэргүүнээр сонгогдсон "Социалист" намын нөлөө бүхий гегант Франсуа Олланд Парист хэрэгтэй нэгэн гэдгээ батлан харуулах дөрвөн жил үүгээр эхэлж байна.
Тэрбээр юун түрүүнд Герман, Францын харилцааг илүүд үзэж эхний зогсоолоо Берлинээс эхлэх болов уу гэж ажиглагчид таамаглав. Европын их хямралыг зогсоох "түлхүүр" улс хэмээгдээд буй Франц, Германы харилцаа Олландын засаглалын он жилүүдэд өсөх, буурахын алинд байх нь эргэлзээтэй.
Сонгууль шувтарч Саркози ялагдсаны дараа Германы канцлер Ангела Меркель Олландад хамтын ажиллагаагаа эхлүүлэхэд саадтай зүйл байхгүй хэмээн мэдэгдсэн. Хоёр улсын харилцаа хатуу ширүүн байх эсвэл нягт, нямбай өрнөх нь Олландын барих бодлогоос ихээхэн хамаарахыг Евро бүсийн томчууд хэлүүлэлтгүй мэднэ. Эдийн засгийн хатуу бодлогын үрээр хохирол амсаад байгаа Европын улсууд Францын сонгуульд нэлээд ач холбогдол өгсөн бөгөөд цаашид Саркозигийн бодлогыг өргөн хүрээгээр хэрэгжүүлэх найдлагыг Олландад тавьж буй.
Саркозигийн боловсруулсан "өрийг өрөөр" дарах төслийг өнгөрсөн арванхоёрдугаар сард Евро бүсийн гишүүд түдгэлзүүлж байсан аж. Хэрэв Олландын хэрэгжүүлэх төлөвлөгөө цаашид Евро бүсийн хямралыг хялбар аргаар давахад дөхөм болбол түүнд бүс нутгийн хариуцлага өндрөөр ногдох учиртай.
Ямартай ч шинээр сонгогдсон Францын Ерөнхийлөгч тун удахгүй А.Меркельтэй улс төрийн анхны уулзалт хийнэ. Тэд энэ сарын 15-нд Берлинд хэлэлцэх аж. Улмаар зургаадугаар сарын 1-нд Брюссельд Европын холбооны ээлжит чуулганд оролцох юм байна. Энэ хугацаанд Герман, Францын харилцаа хэрхэн уялдах вэ гэдгийг ажиглагчид анхаарна. Эцэст нь хоёр улсын бодлого хямралын эсрэг хүчтэй эсэргүүцэл болж чадна гэдгийг бодлогынхоо үр шимээр дэлхий нийтэд харуулахад орших аж.
Одоогоос хагас зуун жилийн өмнө Герман, Францын улс төрийн нөхөрлөл бүс нутагтаа өндрөөр үнэлэгдэж явжээ. Тухайн үеийн Францын төрийн тэргүүн Чарлес Дэ Гаулэ, Германы канцлер Конрад Аденауэр нарын хэлэлцэж байсан "Хүйтэн дайныг зогсоох төлөвлөгөө" нь сөргөлдөгч улсуудыг зөөлрөхөд хангалттай үр дүн өгч байжээ. Тиймээс орчин цагийн дайсан болоод буй эдийн засгийн хямралыг Парис, Берлины нударга бут ниргэх үү гэсэн асуулт Олландын шинэ засаглалын хамт эхэлж байна.
ТЭР ДАЙНД ХЭРХЭН ХАНДАХ БОЛ
Олландын нэр дэвшихдээ өгсөн амлалтынх нь гол цөмүүдийн нэг бол энхийг сахиулах армийг Ойрхи Дорнодоос буцаан татах байв. Энэ нь үр дүнгээ өгсөн. Саркозигийн Засгийн газар Афган, Иракт буй цэргүүдийг 2014 оны сүүлчээр татах төлөвлөгөөтэй байсан бол Олланд 2013 оны эхээр буцаан авчрана хэмээсэн.
Тэрбээр үүнийг тайлбарлахдаа "Цагаан ордонтой өнгөрсөн хугацаанд энхийг сахиулах талбарт маш сайн харилцаатай байсан. Бид үүргээ гүйцэтгэсэн. АНУ-ын хамгийн ойрын хамтрагчид байж ирсэн. Тиймээс франц цэргүүдийн хийх ажил дууссан" гэж байв.
Харин Саркози халз мэтгэлцээний үеэр "Бид олон улсад хүлээсэн үүрэгтэй. Үүнийгээ биелүүлсэн цагт цэргүүд гэртээ харих ёстой" гэсэн юм. Юутай ч Олланд төрийн эрхэнд гарснаар Афганистанд буй албан хаагчид ирэх оны эхээр гэртээ харихаар боллоо. Одоогоор Барак Обама энэ талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байна. "НАТО"-гийн хамгийн ойрын түнш гэгддэг Франц улс Афганаас цэргээ татах болсон нь тэдний төлөвлөгөөнд саад учруулахгүй гэж АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн учир Олландын шийдвэр зөв байжээ гэсэн ажиглагчдын дүгнэлт нүдээ олоод байна.
Харин тэрбээр цаашид энхийг сахиулах цэрэг хүчний бодлогыг хэрхэн барих нь сонирхолтой. Барак Обама Бушийг ялах хамгийн том хөшүүргээ энхийг сахиулагчдыг буцааж, дайныг зогсооно хэмээн тодорхойлсон. Түүнд нь ч америкчууд итгэсэн билээ. Магадгүй Олландын баримталсан байр суурь Обамагийнхтай төстэй байж болох. Тиймдээ ч дайныг эцэслэх шийдвэр нь ард түмнийг өөртөө татах нэг талын жигүүр болжээ.
ОЛЛАНД СОНГОГДСОН НЬ ЯПОНЧУУДЫГ ТҮГШЭЭВ
Францын улс төрд болсон өөрчлөлт Японы эрх баригчдыг багагүй сандралд орууллаа. Хоёр улсын хооронд байгуулсан үндэстний хөрөнгө оруулалтын гэрээнд Олланд хэрхэн хандах нь таашгүй байгаа. "Социалист" намын бодлогод гадны хөрөнгө оруулагчдыг дэмжээд байдаггүй тал бий. Энэ нь их хэмжээний хөрөнгө оруулаад байгаа Токиод асуудал үүсгэх юм. Ням гарагт Олланд ялалт байгуулсны дараа Японы Сангийн сайд Жун Азуми "Бидний боломж хязгаарлагдаж мэднэ" гэсэн мэдээлэл хийжээ.
Энэ нь Францын биржэд Японы корпорациуд их хэмжээний хөрөнгө оруулж түүгээрээ ашиг хүртэх сонирхлыг нь хязгаарлаж болзошгүйг сэрэмжлүүлсэн үйлдэл аж. "Dow Jones" биржэд бүртгэлтэй Японы пүүс, корпорациудын удирдлагууд "Бид Францад алс холын төлөвлөгөө хэрэгжүүлэхээр Саркозигийн Засгийн газартай хэлэлцсэн байсан. Энэ бол том боломж гэдгийг талууд харах ёстой. Гэхдээ Олланд энэ төлөвлөгөөнд хориг тавьбал бид яаж ч хичээгээд нэмэргүй юм" гэв.
Мөн Японы тал Олландыг энэ сонгуульд гараад ирнэ чинээ санаагүй аж. Олланд Саркозиг эсэргүүцэж байхдаа "Консерватив" намынхан эдийн засгийн өсөлтийг Азийн бар улсад даатгаж байгаа нь эрсдэлтэй гэж цөөнгүй удаа шүүмжилж байжээ. Японы Сангийн сайд Азуми цаашид Европын хямралыг давж гарахад Японы бодлого эерэг үр дүн үзүүлнэ хэмээн сануулав. Гэхдээ Японы хөрөнгө оруулалтыг Олланд шууд таслан зогсоох юм бол хоёр улсын дипломат харилцаанд сэв суух нь тодорхой.
Азуми энэ талаар "Манай улс Европын холбоог хямралаа гэтлэхэд нь туслалцаа үзүүлж Олон Улсын валютын санд дэмжлэг өгсөн. Тиймээс хөрөнгө оруулалтын уг асуудлыг "Их-найм"-ын уулзалтаар ярилцах нь зүйтэй" гэжээ. Япончуудын найдвар "Их-найм"-д үлдэж байна. Харин Олланд намынхаа бодлогыг дагах уу, эсвэл Токиод боломж олгох уу гэх асуулт мөн ажиглагчдын дунд үлдлээ.
УЛС ТӨРИЙН ӨРСӨЛДӨГЧӨӨ УНАГАХ НЬ ГАРЦААГҮЙ
Улс төр гэгч тоглоомийн хоёр туйлд өрсөлдөгчийн тэмцэл мөнхийн өрнөх жамтай байдаг. Тиймдээ ч Ф.Олландад Саркозигоос өөр "мөнхийн" гэж хэлж болох "эсрэг дүр" бий. "Социалист" намд элсч, парламентад суух цагаасаа л Борисын эсрэг хүчтэй үг дуугарч эхэлсэн хүн бол Олланд.
"Борисын Гаг" хэмээх бүлэг парламентад хүчээ авсан цагаас Олландын тэмцэл улам ширүүсчээ. Зүүнийг баримтлагч Борис Жонсон, социалистуудын нэр бүхий төлөөлөгч Франциос Олланд нарын тэмцлийг парламентад "сонирхолтой драм" гэж нэрлэдэг. Танхимын нөлөө бүхий спикерүүд үргэлж тэмцэлтэй байдаг нь тэдний аль нэг нь төрийн өндөрлөгт хүрэхэд өнөөхийнх нь зам бүдгэрэхийг гэрчилдэг аж.
Тэгвэл замыг нь бүдгэрүүлэх хүнээр Олланд тодров. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээс эхлээд шүүмжилж байсан Борист эдүгээ нэлээд дарамт ирэх нь гарцаагүй. Ямартай ч зүүний хүчний бодлого Олландын засаглалын он жилүүдэд нэлээд сулрах шинжтэй болов.
Т.Батсугар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gogo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70110013 утсаар хүлээн авна.
одоо л нэг франц улс дэлхий нийтэд жаахан нэр хүнд нь өсөж магадгүй, гэхдээ энэ ерөнхийлэгч нь 50 гаруй насны гэсэн хирнээ юун ч хөгшин харагдах юм