Инкубатор хүлээлгэн өгөв

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2012-05-29 11:15 GMT+8

Монгол хүүхдүүд эх орондоо эмчлүүлж эдгэрэх, эрүүл чийрэг өсөн торних боломжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой байгуулагдсан “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” Төрийн бус байгууллага нь Герман улсын Драйгэр фирмийн 25.6 сая төгрөгийн үнэ бүхий цоо шинэ Нярайн Инкубаторын хандивын ажлыг амжилттайгаар зохион байгуулж, 2012 оны 5-р сарын 25-ны өдөр ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт гардуулж өглөө.

ЭХЭМҮТ-ийн Дутуу Нярайн эрчимт эмчилгээний тасаг нь 17-н оронд өдөрт дундажаар 25-28 нярайг хүлээн авч эмчилж ажлын ачаалал их, аппарат тоног төхөөрөмжийн хангалт муутай ажилладаг ажээ. Тиймээс "Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй" ТББ-ын залуус тус тасагт нэн шаардлагатай нярайн инкубаторыг худалдан авах ажлыг зохион байгуулж, Монгол улсын иргэн болж буй бяцхан үрсийн амь насыг аврах үйлст хувь нэмрээ оруулахыг зорьжээ.



Нярайн Инкубатор төслийн хандивыг 2011 оны 10 сарын 20-оос 2012 оны 4-р сарын 1 хүртэл хүлээн авсан бөгөөд дээрх хугацаанд нийт 26,019,226 төгрөг цуглуулсан аж. Энэхүү төсөлд дэлхийн 16 оронд оршин сууж буй Монгол улсын 210 иргэд, хамт олон тусламжийн гараа сунгаж, үүрэн телефоны 150601 тусгай дугаарт 1800 гаруй хандивын мессэж хүлээн авсан байна. Мөн MCS Сосa Cola, Билиг хөгжил сан зэрэг 16 аж ахуйн нэгжүүд ч өөрсдийн хувь нэмрээ оруулсан юм.

“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ нь үйл ажиллагаагаа 2010 оны 1-р сараас эхэлснээс хойш дэлхийн 15 орноос 500 гаруй дэмжигчидийн 10.4 сая төгрөгийн хандиваар Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт цоо шинэ 3 хяналтын монитор бэлэглэж, 2.5 сая төгрөгийн хандиваар Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуульд Орон зайн баримжааны сургалтын талбай байгуулсан. Тус ТББ-ын гишүүд бүгд Монгол залуус бөгөөд Монгол улсад 13, АНУ-д 6, Япон-д 5, Бельгид 1, Туркд 1 гишүүн сурч, амьдарч хоорондоо фэйсбүүк, имэйлээр харилцаж ажил хэргээ явуулдаг. Гишүүд нь сайн дурын үндсэн дээр энэхүү үйл ажиллагаанд оролцог учир цалин авалгүй, харин ч үйл ажиллагаагаа явуулахын тулд гишүүнчлэлийн татвар өгдөг нь манай ТББ-ын онцлог юм.

Түүнчлэн, “Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ нь мэдээллийн ил тод байдлыг эрхэмлэн, бүх хандивлагчдынхаа нэр болон хандивын хэмжээг зарлаж, хамтран ажилласан албан байгууллагуудыг өөрсдийн цахим хуудсуудаар сурталчилдаг. Мөн хэрэгжүүлсэн төслийн үр дүн болон санхүүгийн баримтуудыг ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өөрсдийн цахим хуудсаар тайлагнадаг билээ.

“Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй” ТББ нь өнөөг хүртэл хандивын ажиллагааг зохион байгуулж ирсэн туршлага дээрээ үндэслэн цаашид ч Монгол үрсийн Эх орондоо эмчлүүлж, эрүүл саруул өсөн бойжих боломжийг нэмэгдүүлэх төслийг зохион байгуулах юм.

Монгол Улсынхаа гэрэлт ирээдүй болсон хүүхэд нялхсынхаа төлөө хамтран ажиллаж, дэмжиж байгаа та бүхэндээ гүн талархал илэрхийлж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

/www.saveinfants.mn/

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 

Дээшээ