Б.Энхтүвшин: Чингис хааныг хоёрдугаар мянганы суут хүн хэмээн зарласан нь Монголчууд бидний бахархал

Өнөөдөр сонин

2012-11-12 15:38 GMT+8

Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын гишүүн, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд зохиож буй ажлынхаа тухай Та танилцуулна уу?
-Монголчууд бидний үндэсний бахархал болсон их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой энэ онд тохиож эрдэмтэд, шинжлэх ухааны байгууллага эрдэм судлалын ажлаа энэ зүгт чиглүүлэн ажиллаж байна. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд дотоод, гадаадын эрдэмтэдтэй хамтарч эрдэм шинжилгээний хурал зохион байгуулснаас гадна “Их эзэн Чингис хаан”, “Чингис хааны цадиг”,“Монголын эзэнт гүрэн дэлхийн түүхнээ”, Монголын нууц товчоон дахь ёс заншил зан үйлийн тайлбар толь” зэргийг зохиож хэвлүүлэн уншигч олноо өргөн барьж байна.

Одоогоос 51 жилийн өмнө ШУА-ийн санаачилгаар Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэсэн нь тухайн цаг үед үндэсний ухамсар бахархлыг сэргээсэн түүхэн гавъяат үйл явдал болсон гэж эрдэмтэд бид үздэг юм. 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болон бусад арга хэмжээний талаар түүхчлэн өгүүлсэн товхимлыг академич Ж.Болдбаатарын бичсэнээр дахин хэвлэж байна. Түүхчид археологчид “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн” катологи, Чингис хаан, Их Монгол Улсын талаар гадаад, дотоодын эрдэмтдийн бичиж нийтлүүлсэн шилдэг өгүүллэг, илтгэлийн эмхтгэл гаргахаар ажиллаж байна. Түүнчлэн Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар гадаадад хэвлэгдсэн хэд хэдэн номыг монгол хэлнээ орчуулах ажлыг эхлээд байгаа болно.

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Их хааны 850 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын ажлын төлөвлөгөөний дагуу “Чингис хаан ба даяарчлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

-Хуралд гадаадын ямар орны төлөөлөгчид оролцох вэ?

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа Чингис хааны ойг тэмдэглэх, нэн ялангуяа Олон улсын хурлыг зохион байгуулахад өндөр ач холбогдол өгч, бид хурлын бэлтгэл ажилд шуурхайлан орсон. Цаг алдалгүй дэлхийн монгол судлаач, Чингис судлаач нарт урилга илгээж, өдгөө Олон улсын хуралд ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Англи, ХБНГУ, БНСУ, Болгар, Турк, Каэахетан, Киргизстан, Унгар, Израил, Иран, Энэтхэг, Мьянмар зэрэг улсын 40 гаруй эрдэмтэд оролцох тухайгаа мэдэгдээд байгаа. Хуралд оролцох хүсэлтээ гадаад, дотоодын олон эрдэмтэн ирүүлж байгаа нь Их хааны маань алдар гавъяатай салшгүй холбоотой. Олон орны эрдэмтэд эзэн Чингис хааны хийж бүтээсэн гавъяа, алдаа оноог тал бүрээс нь шинжлэх ухааны олон салбарт нягтлан судалсаар байгаа ч мөнхийн дундаршгүй ундарга мэт шинэ шинэ баримт, мэдээлэл, санаа, дүгнэлт, олон арван бүтээл нэмэгдэн гарсаар байгаа билээ. Энэ удаад ч цөөн бус эрдэмтэн мэргэд Улаанбаатар хотноо цугларч Эзэн богд Чингис хааны үлэмж гавъяа, өв уламжлалын талаар тунгаан ярилцана байх гэж би хувьдаа итгэж байгаа.

-Манай эрдэмтдээс хэр олон төлөөлөгч хуралд оролцох вэ?

-Бид дотоодынхоо эрдэмтдийг аль болох өргөн хүрээгээр хуралд хамруулан оролцуулахыг хичээж байгаа. Ер Монголын түүхийн дундад зууны үеэр судалгаа хийдэг эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн судлаачид хуралд оролцож байгаа. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэнгээс гадна МУИС, МУБИС, БХИС, “Улаанбаатар” дээд сургууль, “Чингис хаан” дээд сургууль зэрэг олон сургуулийн эрдэмтэн багш нар хуралд оролцож илтгэлээ хэлэлцүүлнэ. Дотоодын төлөөлөгчдийн хамгийн ахмад нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Ш.Бира гуай юм. Тэрбээр энэ хурлын нэгдсэн хуралдааны үндсэн илтгэлийг тавьж хэлэлцүүлнэ.

-Ямар байгууллагуудтай хамтран хурал зохион байгуулж байгаа вэ?
-Олон улсын эрдэм шинжилгээний энэ хурлыг Шинжлэх Ухааны Академиас, Гадаад харилцааны яам, Түүхийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа. Түүнээс гадна хурал зохион байгуулах ажлын хэсэгг дээрх байгууллагаас гадна ОУМСХ, МУИС, МУБИС, БХИС, Үндэсний түүхийн музей, “Чингис хаан” дээд сургууль, “Их засаг” их сургуулийн төлөөлөгчид оролцсоныг тэмдэглэх хэрэгтэй.

-Хурлын төлөөлөгчдийн хэлэлцэх асуудлын хүрээг уншигчдад Та тоймлож өгнө үү?
-“Чингис хаан ба даяарчлал” эрдэм шинжилгээний хурлыг “Чингис хаан: намтар, үйл ажиллагаа”, “Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн”, “Чингис хаан: өв, уламжлал” гэсэн гурван салбар хуралдаантай байхаар тогтлоо. Салбар хуралдаануудаар Эзэн богд Тэмүжин-Чингис хаан хэрхэн Монгол угсаатныг нэгтгэж, үндэстэн болон бүрэлдэх эх суурийг тавьж, Их Монгол Улсыг байгуулсан улмаар түүний дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Монголын эзэнт гүрэн болон түүний бүрэлдэхүүний улсуудын түүх, Чингис хааны хойч үедээ үлдээсэн өв, уламжлалын тухай асуудлаар гадаад дотоодын эрдэмтэн мэргэд санал дүгнэлтээ дахин шүүн тунгааж, шинэ шинэ баримт хэрэглэгдэхүүн, дүгнэлт гаргалгаагаар Чингис судлалын судалгааны сан хөмрөгийг улам баяжуулах нь эргэлзээгүй юм.

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Чингис хааны төрсөн өдрийн талаар ихэд маргах боллоо. Та эрдэмтэн хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ.

-Эзэн богд Чингис хааны төрсөн cap, өдрийг тогтоох нь монголчууд түүхээ мэдэх, ялангуяа залуу үе маань өвөг дээдэс, эх орныхоо түүхээр бахархах, нэг тодорхой өдөрт Чингис хааныхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, энэ талаасаа бол их ач холбогдолтой болой. Үүнийг тогтооход үнэхээр түүхэн баримт нь өнөөг хүртэл тов тодорхой тэмдэглэгдэж ирсэнгүй. Тиймээс үйл явц, нүүдэлчин монголчуудын зан заншил, уламжлал, шашин шүтлэг олон зүйлтэй харгалзуулж, уялдуулж шийдэх асуудал гэж ойлгож байгаа. Өнгөрсөн жил ШУА түүхийн шинжлэх ухааны тэргүүлэх эрдэмтдийг оролцуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчид нэг тогтсон өдөртэй больё гэсэн санал өргөн барьсан. Тэр өдөр нь өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн. Энэ жилийн хувьд энэ өдөр нь 11 дүгээр сарын 14-нд тохиож байна. Энэ өдөртэй уялдуулж бид хурлаа зохион байгуулж байгаа.

-Чингис хааны талаар бид сүүлийн 20 жил тасралтгүй ярьж байна. Яагаад нийгмийн сонирхол буурахгүй байгаа юм бол?
-Шижир алт он цаг өнгөрсөн ч тунгаах тутам өнгөө алдахгүй улам бүр гялалзан байдгийн адил тэртээ 850 жилийн өмнө Монголын тал нутагт мэндэлсэн Монгол хөвгүүн дэлхийн их удирдагч болж II мянган жилийн түүхэн хүнээр шалгаран өдгөөг хүртэл нэр алдар нь дуурссаар байгаа нь монголчууд бидний бахархал билээ. Чингис хаан эртний нүүдэлчдийн төр ёсны уламжлал, Монгол төрийн залгамж чанарт тулгуурлан 1206 онд олон монголчуудаа нэгтгэн Их Монгол Улсаа байгуулсан түүхтэй. Улсаа байгуулаад төр засаг захиргааны оновчтой бүтцийг бий болгон захирах, захирагдах ёсны хэм хэмжээ, эзэн харьяатын дэг ёс, орон нутгийн засаглалын хувиарлалтыг нүүдлийн амьдралд зохицуулан зохион байгуулж чадсанаараа Дэлхийн Эзэнт гүрнийг байгуулсан юм.

Монголын эзэнт гүрэн нь хүн төрөлхтөний соёлын хөгжлийг урагш ахиулахад түлхэц өгч, дэлхийн соёл иргэншлийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээжээ. Чингис хаан дэлхийд хамгийн том, тив дамнасан Евразийн гүрэн байгуулж, дэлхийн улс төрийн газрын зурагт үндсэн өөрчлөлт оруулсан бөгөөд өнөөдөр энэ нутаг дэвсгэр дээр гурван тэрбум орчим хүн, 30 орчим улс оршин тогтнож байна. Тийм ч учраас АНУ-ын  “Вашингтон пост” сонин Чингис хааны хоёрдугаар мянганы суут хүн хэмээн зарласан нь монголчууд бидний бахархал төдийгүй түүнээс их зүйлийг суралцан, илүү ихийг бүтээхийг давхар сануулсан хэрэг хэмээн бид ойлгож байгаа. Чингис хааны дэлхийн удирдахуйн ухаанд оруулсан хувь нэмэр өнөөдөр дэлхийн улс оронд ч, эх орных нь төрийн бодлогод ч ач холбогдолтой хэвээр байна. Тиймээс дотоодод төдийгүй дэлхий дахинаа Чингис хааныг сонирхон судалсаар байгаа юм. Чингис хааны төр улсаа нэгтгэсэн үйл явцыг өгүүлсэн “Монголын нууц товчоо” зохиолыг эдүгээ дэлхийн 28 улсад 22 хэлээр орчуулан, 180 гаруй удаа хэвлэн гаргасан нь үүний нэг тод жишээ гэж хэлж болно.

-Цөөн тооны монголчууд урд хожид байгаагүй дэлхийн хэмжээний их эзэнт гүрнийг байгуулсны нууц юунд орших вэ?

-Цөөн хүн амтай Монголчууд эзэнт гүрний асар уудам газар нутаг, өөрсдөөсөө хэдэн арав дахин олон хүн амыг хэрхэн захирч байв гэдэг нь өнөө хүртэл бүрэн тайлагдаагүй нууцын нэг. Энэ асуудал нь олон хүчин зүйлээс хамаарах боловч хамгийн гол нь монгол хүний оюуны өндөр чадавхи, тэсвэр тэвчээр, төмөр мэт сахилга бат, хуулийн тэгш байдал, хяналт, хүний нөөцийн зөв хуваарилалт, монгол морины шандас, холыг туулах чадвар, цэргийн стратеги тактик, зэвсэг үйлдэх болон хүнсний хангалтын тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэжээ. Ази, Европыг дамнан тогтсон эзэнт гүрэн байгуулагдсанаар дэлхийн чөлөөт худалдааны үндэс тавигджээ. Монголын их хаадын овгийн тамга, нэр бүхий алт, мөнгөн зоос, цаасан мөнгө нийт гүрний хэмжээнд хэрэглэгдэж байсан нь түүх, археологийн судалгаагаар нэгэнт тодорхой болов. Хархорумаас Алтан Ордны улсын зоос, Хятадын хязгаар нутаг, Дундад Азийн болон Кавказын улсууд, Энэтхэгээс Монгол хаадын зоос олдож байгаа нь тэр үеийн худалдааны цар хүрээг илтгэж байна. Түүнээс гадна зам харилцааг зохион байгуулалттай, тогтмол хангамжтай өртөө хэмээх зохион байгуулалтад оруулж чадсанаар мэдээлэл дамжуулах бүхэл бүтэн тогтолцоо буюу удирдлагын, шуудангийн, гадаад харилцааны, зочид буудлын зэрэг олон талт үүрэг бүхий цогц зохион байгуулалт болгож чадсан юм. Монголчууд өртөөгөөр дамжуулан мэдээллийн эх сувгийг атгаж байснаараа давуулаг болж, Монголын эзэнт гүрнийг 200 шахам жил оршин тогтнуулж чадсан гэж манай түүхчид үздэг.

-Чингис хааны төрийн зүтгэлтэн, удирдагчийн хувьд ямар чанар өнөөдөр үнэ цэнээ алдаагүй вэ?
-Чингис хаан бол Монголын нийгмийн хэрэгцээ түүхэн шаардлагаар товойн тодорсон Их хаан, Монгол түмний төлөө амь нас үйл ажиллагаагаа бүрэн зориулсан Монгол төрийн гарамгай зүтгэлтэн мөнөөс мөн.

Их хаан төрийн үйл хэргийг түмний нүдэнд ил тодоор явуулж, хэрэгжилтийг нь тухай бүр мэдээлж байсан нь монгол төрийн нэр хүндийг өсгөж олон түмний үнэлэмж, хүндэтгэлийг зүй ёсоор хүлээжээ. Чингис хаан төрийн онц чухал хэргийг эрдэмтэн мэргэдтэй зөвлөн Их хуралдай, Сэцдийн зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэдэг төр ёсны шинэ үзэл санааг нэвтрүүлсэн юм. Чингис хааны төрийн бодлого, хууль нийгмийн амьдралд бодитой хэрэгжиж байв. Өөрөөр хэлбэл, Их Монгол Улсын төр, нийгмийн бодит хэрэгцээ шаардлагыг мэдэрч, ард түмнээ сонсож шийдвэрээ гаргадаг байснаараа хүчтэй, хүндтэй байж Чингис хаан дэлхийд гайхамшигг улс төрийн зүтгэлтэн, удирдагч гэх алдрыг зүй ёсоор хүртэхэд хүргэсэн билээ.

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

Р.Оюумаа

GoGo Facebook Хуудас
 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2407 санал өгсөн байна.

Дээшээ