Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр 21 настай Т.Аятунгаа болон 47 настай Б.Солонго нарыг Интерполоор эрэн сурвалжилж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Түүнийг 40 настай П.Вендо гэгчтэй хамтран нутаг нэгтнээ хүний наймааны золиос болгосон байж болзошгүй хэмээн үзэж Филлипин улсын албан хүсэлтээр Интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлсэн юм.
Т.Аятунгаа өнөөдөр хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр 2012 оны есдүгээр сард өөрийн ээж, охинтойгоо хүүхдийнхээ эцэг болох 25 настай Чарльз Эргэнтэй амьдрахаар Филлипин улс руу явжээ. Хоёр сар орчмын дараа буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдөр хөхнөөсөө ч гараагүй байсан таван сартай охиноо хулгайд алдсан байна. Тэрбээр “Охиноо алдаад яг 106 хонож байна. Охиноо эрүүл, амьд байгаа эсэхийг ч хэлж мэдэхгүй байна” гэсэн юм.
Филлипинд байх хугацаандаа охины эцэгтэй хуримаа хийсэн бөгөөд яг гэрлэлтийн гэрчилгээ авалгүй, ёслол төдийхөн болсон байна. Охиных нь эцэг гадаад паспорт болон бусад холбоо барих бүхий л хэрэгслийг хураан авчээ. Хүүхдийг нь авч гарснаас хойш дахиж эргэж ирээгүй бөгөөд Т.Аятунгаа ээжтэйгээ хамт гэртээ ч орох эрхгүй болж, гудамжинд хоноглосон байна. Охиноо хулгайд алдсаны дараа Монголын өргөмжит консулын газар хандсан бөгөөд Консулын газраас түүнд тусалж, Филлипиний Үндэсний цагдаагийн газартай хамтарч охиныг нь олж өгөх ажилд хамтарч ажилласан боловч дорвитой үр дүн гарч чадаагүй байтал визнийх нь хугацаа дууссан байна. Ингээд арваннэгдүгээр сарын 30-нд Сингапурын элчин сайдын яам болон Консулын газрын тусламжтай түр үнэмлэхээр ээжийн хамт буцжээ.
“Өнөөдөр миний охин дөнгөж есөн сар гарантай. Монгол улсын иргэн. Адилхан хүүхэдтэй хүн байгаа бол охиныг минь эрж хайх ажилд надтай чин сэтгэлээсээ хамтарч ажиллаасай гэж хүсэх гэсэн юм” гэлээ. Тэрбээр Филлипинээс ирэхээс өмнө Монголын төрийн бус байгууллагуудад хандсан байна. Харин эх орондоо ирээд Гадаад харилцааны яам, Мөрдөн байцаах газар, Хүний эрхийн үндэсний комисс болон бусад олон байгууллагуудад ханджээ.
“Өдийг хүртэл охины минь сураг ажиг гараагүй хэрнээ би өөрөө хилс хэрэгт гүтгэгдээд, нэр хүнд маань ингэж муухайгаар унаж, доромжлогдоод явж байна. Энэ бол хэвлэл мэдээллээр намайг хүчгүйдүүлэх гэсэн арга байх гэж бодож байна. Гэлээ ч би охиноо олж авахаас нааш хүүхдээ хайх ажлаа зогсоохгүй” хэмээн хоолой зангируулан хэлсэн юм.
Түүний ярьснаар хүүхдийнх нь эцэг болох хүнтэй 2011 оны долоодугаар сард танилцсан юм байна. Түүнийг Т.Аятунгаа олон улсын иргэншилтэй гэх бөгөөд хүүхэд хулгайлсан хэрэгт албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Харин өөрийг нь хохирогчоор тогтоосон байна.
“Өнөөдөр би өөрөө хохирогч болчихоод байхад яагаад Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаагаа үнэхээр ойлгохгүй, мэдэхгүй байна. Мэдээж хүүхдээ хайж байгаа хүн учраас визний хугацаа дууссан ч гэсэн Монголдоо очоод паспортоо янзлуулаад, дараа нь Филлипин рүү буцаж очоод хүүхдээ эрэн хайх ажлаа үргэлжлүүлэх надад боломж байсан. Тийм учраас намайг хилээр гаргахгүй гэсэндээ ийм аргыг зохион байгуулсан байх гэж би хувь хүнийхээ хувьд дүгнэж байна. Мэдээж хүүхдийн маань аав л байх. Арваннэгдүгээр сарын 5-нд бид гурвыг хамт байж байхад хүүхдийн маань эцэг “би ойрхон гарчихаад ирье” гээд хүүхдийг маань тэвэрч авч гараад дахиж ирээгүй. Тухайн үед Филлипинд байхдаа цагдаагийн болон хүний эрхийн байгууллагуудад хандсан. Хорь гаруй хоног хариу хүлээсэн. Хүүхдээ олж авч чадах болов уу гэж найдсан, горьдсон. Гэвч визний хугацаа дуусч, ээжтэйгээ хамт түр үнэмлэхээр буцаж ирсэн” гэлээ.
“Би хүүхдийнхээ эцэгтэй хэвийн харилцаатай байсан. Хэрвээ тэр хүүхдээ надгүйгээр өсгөж хүмүүжүүлье гэж бодсон бол яагаад Монголд байхад хууль ёсоор нь яваагүй юм. Яагаад заавал харь улсад оччихоод биднийг ийм байдалд оруулсан юм бэ гэдгийг үнэхээр гайхаж байна” гэв. Түүнээс хүүхдийн чинь эцэг ямар ажил эрхэлдэг байсан талаар асуухад “тэр хүний хувийн бизнесийн талаар би дэлгэрэнгүй мэдэхгүй. Яагаад гэвэл тэр надаас маш их зүйлээ нуудаг байсан. Би ч эмэгтэй хүн, гэр бүлийн талаас ажилд нь орооцолдоод байя гэж боддоггүй байсан” гэлээ. Хүүхдийн эцгийн паспортон дээр Сент Китс ба Невис улс гэж бичээстэй байгаа талаар Т.Аятунгаа хэллээ. /Энэ нь Карибын тэнгисийн зүүн хэсэгт орших Сент Китс болон Невис арлуудад оршдог жижиг улс юм байна/
Тэрбээр ийнхүү хэвлэлийнхнийг үнэн зөв мэдээлэл түгээж, охиныг нь олж өгөх ажилд нь туслалцаа үзүүлэхийг хүслээ.
А.Цацрал