“Зөв хүүхэд”-ээс өөр эрхэм юу байна вэ?

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2013-04-08 16:27 GMT+8

Хүүхэд ахуй цагтаа ахмад хүмүүсийн амнаас “Сайн хүү” “Тусархаг хүү” “Малд нүдтэй хүү” “Дөлгөөхөн хүү” “Томоотой хүү” “Ажилсаг хүү” гэсэн үг олонтаа сонсч, түүнээс урам авч онгирон, улам их магтуулахыг хүсдэг байж билээ.

Монгол улсын Засгийн газар, Боловсрол, Шинжлэх ухааны яам “Зөв Монгол хүүхэд”-ийн бодлого дэвшүүлсэн нь уламжлалт сэтгэлгээнд тохирсон учир чихэнд наалдацтай, ухаанд нийцтэй байнам. Монгол улсын төр засаг, Монголын ард түмэн цаг ямагт “Зөв хүүхэд”-ээ үнсэж, өхөөрдөж, урамшуулж, магтаж, зоригжуулж, дэмжиж хүмүүжүүлэх сайхан зам зурайлгаж байгаад өвгөн багш би бээр эцэг хүний хувьд, өвөө хүний хувьд, ах хүний хувьд, хүүхдийн байгууллагын ажилтны хувьд хөөрөн баясаж, сэтгэл нэмэрлэх их зориг авав.

Нэн ялангуяа Монгол улсын хоёргүй сэтгэлтэй нэгэн их багштан Ш.Чоймаа “Зөв Монгол хүүхдийн шинж төрх”-ийг тодорхойлсон мэргэн санал дэвшүүлсэнд нэн олзуурхаж байна. Ш.Чой багштан хүмүүний хөгжил, боловсрол, хүмүүжил, зан суртахуун цөм эхийн хэвлийд заяахаас эхлээд эрийн цээнд хүртэл эрчтэй төлөвшдөгийг тун ч оновчтой тодорхойлжээ. Түүний боловсруулсан зөвлөмжид “Сурсан бүхэн эрдэм”/боловсрол/, “Эрхмийн дээд эрдэм ном” /билиг оюун/, “Хүмүүжлийн зөв орчин” /гэр бүл, сургууль, нийгэм/ гэх мэт санааг дэвшүүлээд “Хүн хичнээн их мэдлэг боловсролтой ч гэсэн зөв сэтгэл, зөв хүмүүжилгүй бол өөртөө ч, өрөөлд ч, эх дэлхийд ч уршигтай зүйл хийж болзошгүй” гэж тэмдэглэжээ.

Юун түрүүнд хүүхдийн нас, насны онцлогт, ялангуяа нярай, нялх балчир, бага өсвөр,орь залуу нас тус бүрд хэрхэхийг тодорхой болгох хэрэгтэй. Аливаа хүн эх болоход, эцэг байхад, ач зээгээ тосоход, дүүтэйгээ харилцахад яах ёстойг гэр бүлийн орчинд мөнөөх насны онцлогоор тус тусад нь зааж зөвлөвөл суртал сургамж нь тод болно. “Зөв хүүхэд”-ийг төлөвшүүлэхдээ “Зөв гэр бүл”-ийн бүрдүүлэх наад захын хэм хэмжүүрийг бий болгохын тулд “Гэр бүлийн эрхэм зорилго” “Гэр бүлийн хөгжлийн зарчим” “Гэр бүлийн үнэт зүйл” “Гэр бүлийн хандлага” “Гэр бүлийн харилцаа” “Гэр бүлийн чадавхи” “Гэр бүлийн зөв хөгжлийн шалгуур” зэргийг нь үлгэрчилсэн байдалтай боловсруулж өгвөл тустай байх болов уу. Гэр бүлийн хөгжил, хүүхдийн төлөвшлийн бөх бат оршихуй ба дархлааг уламжлал шинэчлэлийн холбоогоор зангидаж,шалгарсан арга зүйгээр тогтоохыг нарийвчлан заах хэрэгтэй.

“Зөв хүүхэд” төлөвшихөд нөлөөлөх хэрэгсэл /тоглоом наадгай, радио телевиз, ном хэвлэл, урлагийн бүтээл, техник технологи, амьдралын орчин г.м/-ийг жолоодлоготой болгох учиртай. Хүүхдийн төлөвшилд найз нөхөр, хамт олон, нийгмийн орчин зэрэг нөлөөлөх бусад хүчин зүйлийг зөв болгох, оновтой ашиглах шаардлага ч бий.
“Зөв хүүхэд” төлөвшүүлэхээс ангид орших Монголын ямар ч байгууллага, гэр бүл, иргэн байх учиргүй бөгөөд тэд тус бүрдээ юу хийх, ямар үүрэг хариуцлага хүлээх, түүний биелэлт, үр дүн нь тодорхой байх ёстой.

Учир нь “Зөв хүүхэд” бол юу юунаас ч илүү Монголын хамгийн ховор эрдэнэ. Юугаар ч солишгүй үнэт баялаг. Эх оронч Монгол хүн амьдрахын учир утга нь “Зөв хүүхэд”-тэй байх.Бид хүн төрөлхтөний нийтлэг алхаанд мөр зэрэгцэж болно. Гхэдээ өөрийн өнгө төрх, шинж чанараараа ялгарах, ондооших учиртай.

Төр засгийн анхааралд үйлдвэр уурхай, худалдаа наймаа, мал сүрэг, газар тариалан, хот суурин, эрдэм боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, байгаль орчин, халамж үйлчилгээ гээд түмэн асуудал бий. Тэр бүхэн цөм хүнээс эхтэй. Монголчууд үр хүүхдээ үнэт эрдэнээр өргөмжилсөний хүчинд олон зууны туршид мөнх оршсоор ирсэн. Үлэмжийн суут Чингис, зорижгт жанжин Сүхбаатар, их эрдэмтэн Ренчин, нэрт зохиолч Нацагдорж, цогтой тэмцэгч Чингүнжав цөм “Зөв Монгол хүүхэд” байсан. Монголын заяаг “Зөв хүүхэд”-д даатгацгаая.

Ц.Төвшинтөгс /Монгол улсын гавьяат багш/

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 660 санал өгсөн байна.

Дээшээ