Сонгогчдын бүртгэлээ сонгуулиас өмнө баталгаажуулах шаардлагатай


2013-05-20 14:12 GMT+8

Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр буюу сонгуулийн тухай хуульд заасны дагуу насанд хүрсэн нийт иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалтыг хуулийн хугацаанд өөрийн байгууллагын www.burtgel.mn цахим хуудаст байршуулаад байна.

Харин өнөөдрийн байдлаар уг сайтаар нийт 170 мянга гаруй иргэн хандалт хийж өөрийн мэдээллээ шалгасан байгаа нь иргэдийн идэвхи сул байгааг харуулж байгаа юм. Тиймээс иргэн бүр дээрх цахим хаягаар орж нүүрэн хэсэгт байрлах  “Ерөнхийлөгчийн сонгууль 2013” цонхны “ЭНД дарна уу” гэсэн хэсгийг дарж, нэвтрэн, регистрийн дугаараа оруулж зөвхөн өөрт хамааралтай мэдээлэлтэй танилцаж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгахыг дахин сануулж байна. Хэрэв мэдээлэл бүртгэгдээгүй юм уу зөрчилтэй байвал зөрчлийг арилгуулах талаар өөрийн оршин суугаа харьяа сум, дүүргийнхээ иргэний бүртгэлийн тасагт хүсэлтээ гаргах боломжтой юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртэгдсэн байвал санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагад бичгээр гомдол гаргах эрхтэй. Энэ талаар улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 утсанд холбогдож өөрт хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг авч болох юм.

Харин хуульд заасны дагуу эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, санал авах өдөр хорих газарт ял эдэлж байх, 60 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар гадаад улсад зорчсон, санал авах өдөр хилийн цэргийн харьяа тусгай анги, салбар болон зэвсэгт хүчний анги нэгтгэлд алба хааж байгаа боловч тухайн сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин суух бүртгэлгүй сонгогчдын мэдээллийг Улсын дээд шүүх ШШГЕГ, ХХЕГ, Батлан хамгаалах яам тавдугаар сарын 15-ны дотор тус газарт ирүүлэхээр заасны дагуу ирүүлээд байгаа бөгөөд улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд тулган нягтлах ажлыг хийж байгаа юм байна.  

Г.Билгүүн

GoGo Facebook Хуудас
 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2307 санал өгсөн байна.

Дээшээ