Цэцэг яг жаахан хүүхэд шиг...

"НИЙГМИЙН ТОЛЬ"

2013-06-03 15:09 GMT+8

Цэцэг сайхан ургамал. Байгаль ээжийн цогц бүтээл. Анхилуун үнэр, гоо үзэсгэлэн, аз жаргал, инээд хөөр гээд бүхий л ид шидийг өөртөө багтаасан зүйл.

Цэцэг гэрийн чимэг, ургуулж буй хүндээ баяр баясал бэлэглэдэг. Цэцэг бидний гэрт дулаан уур амьсгал, тав тух авчрахаас гадна агаар дахь био тоосонцор, дэгдэмхий органик нэгдэл болон агаарын найрлага дахь хорт бодисыг устгадаг.

Тасалгааны цэцэг хүчилтөрөгч ялгаруулах, тамхины утааны хор нөлөө, агаар дахь тоос, хүнд металл, токсин багасгах төдийгүй шуугиан намдаах, хайр дурлалтай учруулах, өвчин намдаах гээд олон ач тусыг хүмүүст бэлэглэдэг.

Цэцэг хүүхдийн эрүүл мэндэд тустай


Бага насны хүүхэдтэй, инээд хөгжилтэй айлд цэцэг өдрөөс өдөрт өнгөжин өсдөг. Тиймээс хүүхдийн өрөөнд цэцэг байрлуулах нь чухал. Гэхдээ харшил үүсэхээс сэргийлж, эсвэл харшилд өртөмтгий хүүхдийн өвчинг сэдрээхээс болгоомжлон хэт үнэртэй, эсвэл олон цэцэг гаргадаг ургамлаас зайлсхийж, навчаар гоёдгийг сонгох хэрэгтэй.

Цэцэгний өнгө их ач холбогдолтой. Нялх, бага насны хүүхдэд цагаан цэцэг ээлтэй. Харин хүүхэд том болж өөрийн үзэл бодолтой болоод ирэхээр арай өөр болдог байх жишээтэй.

Хүүхдэд зуузаалай цэцэг ээлтэй байдаг. Энэ цэцэг үхрийн ордны цэцэг юм. Мөн цитрусын төрлийн цэцгүүд ач тустай. Тасалгааны лимон, жүрж, мандарин нь эфирийн тос агуулдаг тул бактери устгах, тайвшруулах шинж чанартай. Эрүүл мэндэд ашигтай.

Хөдөлгөөн ихтэй хүүхдийг тайвшруулна, ядаргааг нь гаргана, уур уцаарыг арилгана, шөнийн айдас болон уйлахаас хамгаална. Харин даралт, тархины цусан хангамжийн өөрчлөлттэй хүмүүст тохирохгүй.

Түүнчлэн хүүхдийн өрөөнд тохирох бас нэгэн цэцэг бол Ногоодой. Ногоодойн дундаас хүчилтөрөгч шөнийн цагт оргилж цацагддаг. Тиймээс шөнийн турш тасалгаанд байлгахад агаарт агуулагдаж байсан нүүрстөрөгчийн агууламж 96 хувь хүртэл буурдаг аж.

Цэцэг худалдаж авахдаа анхаарах зүйл

Тарьсан ургамал жилийн турш үзэмжээ хадгалж чадах эсэх, арчилж ургуулах эсвэл хатаж гандуулах нь цэцэг тарьж буй хүн бүхний гол асуудал. Гэрийн нөхцөлд ургуулсан цэцэг илүү тэвчээртэй, өвдөх нь бага байдаг.

Хэрэв та ургасан том цэцэг худалдаж авах сонирхолтой байвал худалдагчаас яаж усалдаг, гэрт хаана тавихад тохиромжтойг сайн лавлаарай. Орчин, эзэн нь өөрчлөгдөхөд цэцэг их эмзэг гэнэ. Дассан орчин нь цэцгийг гэр бүлийн нэг гишүүн болгож өгдөг. Тиймээс цэцэг орчноо солих дургүй шүү.

“DREAM GREEN SERVICE” компанийн ерөнхий агрономич Б.Одгэрэлтэй ярилцлаа.

-Цэцгийн үзэсгэлэн хаана, хэзээ эхлэв?

-Сүхбаатар дүүрэгтэй хамтран 2008 оноос эхлэн “Туркийн цэцэрлэг”, “Улсын драмын эрдмийн театр”-т дөрөв дэх жилдээ үзэсгэлэн гаргаж байна. Үзэсгэлэн тавдугаар сарын 24-өөс есдүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ.

-Үзэсгэлэнд хэдэн төрлийн, хичнээн цэцэг тавигдсан бэ?

-Дэлхийд олон сорт байдаг. Манайд цэцэглэдэг, цэцэглэдэггүй гэсэн хоёр төрлийн 40-50 сорт байна. Цэцгийн үзэсгэлэн худалдаанд 80 гаруй төрлийн 400-гаад цэцэг байгаа.

-Хамгийн үнэтэй цэцэг ямар нэртэй вэ?

-Үзэсгэлэнд тавигдсан цэцгүүдийн ховор нандин, цэцэглэдэг, цэцэглэдэггүйгээс шалтгаалан харилцан адилгүй 3000-180000 төгрөгийн хооронд байна. Хамгийн үнэтэй нь Японы Их халгана 7-8 жил ургуулсан модлог цэцэг бий.

-Цэцэг тарихад ямар арчилгаа хэрэгтэй вэ?

-Тасалгааны цэцэг хязгаарлагдмал хөрсөнд ургадаг учраас шим тэжээлээ жил ирэх тусам алдаж байдаг. Тиймээс заавал бордож, нарийн арчилгаа хийх хэрэгтэй. Цэцэг болгон цэцэглэдэг, модлог, наранд, сүүдэрт тавьдгаараа арчилгаа нь өөр өөр байдаг. Жишээ нь, цэцгийн цэцэглэх үе таван сараас есөн сарын хооронд үргэлжилдэг. Энэ үед аль болох наранд тавьж, сайн тордох хэрэгтэй. Модлог цэцгийг шороо болон хүнд хөрсөнд тарьдаг бол дивани, хайтан, усан цэцэг болон зөөлөн навчтай цэцэгсийг зөөлөн хөрсөнд тарихад тохиромжтой. Долоо хоногт хоносон бүлээн усаар 2-3 удаа усална.

-Монголчууд цэцгийг их бэлгэшээж ургуулдаг. Үүнд ямар цэцгүүд багтдаг вэ?

-Цэцэг өөрөө амьд ургамал учраас хүнд үргэлж эерэг энерги бэлэглэж байдаг. Хүмүүс цэцэгсийн онцлог, өнгө үзэмж, ургалт зэргийг аливаа ажил үйлстэйгээ холбож ам дамжин ярьсаар бэлгэшээдэг болсон гэдэг. Мөнгөний цэцэг гэхэд хулс модны мини сорт байдаг. Хүн өөрөө “Би мөнгөтэй болно” гэж бодоод ургуулж арчилбал ямар ч цэцэг эерэг нөлөө үзүүлнэ. Иймээс цэцгийг бэлгэдэл хэмээн бодоод л ургуулна гэсэн үг.

Хүмүүсийн ихэнхдээ авдаг цэцэг нь хосоороо ургадаг ялдам цэцэг, эмчилгээний зүрхэн цэцэг, хүүхдийн зуузаалай гээд цэцэг олон янз байдаг. Компьютер электрон барааны хажууд тавихад тохиромжтой хорт бодисийг шүүгч нь цэцэгт кактус юм. Кактус нь арчилгаа бага шаарддаг. Мөн бүх төрлийн сарнай байж болно.

-Зарим хүн цэцэг ургах орчин манайд байна. Даанч цэцэг ургахгүй юм гэдэг. Энэ юунаас болдог вэ?
-Цэцэг ургахгүй байх гурван шалтгаан бий. Нэгдүгээрт тарьж буй хүний сэтгэл хэрэгтэй. Цэцэг яг жаахан хүүхэд шиг. Тэд өлсөж байна, даарч байна гэж хэлж чаддаггүйн адил цэцгэнд бас эх хүний сэтгэл гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт, хөрс муудах, гуравдугаарт, сав нь багадах зэргээс цэцэг ургахгүй байх тохиолдол бий. Мөн зургаагаас доош хэмд цэцэг ургадаггүй.

-Тасалгаанд жимс тарьж болох уу?
-Тасалгаанд гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, лимон, жүрж тарьж болно.

Ж.Эрдэнэчимэг

GoGo Facebook Хуудас
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.



НИЙТ СЭТГЭГДЭЛ 2 Их хариулттай Их таалсан
  • forest     49.0.151.80
    mergejiliin tuvshind mandaliin tsetseg bolon zuleg tarina.urgaltiig buren hariutsana.utas 96093699
    2013-06-03 0 0 Хариулах
  • kokikokikoki     103.10.22.87
    tegbel yagaad tsetsgiin uriig mongoor zardag yum be buh ard irgeddee rtsetsgiin ur ih hemjeegeer une tulborgui uguud tariulpihna biz dee yostoi neg mongoloosoo mongoliin ed horongoo haramlahaa boliopee 76 minee neg l sain turiin humuus geed l helehees naishgui idej uusaar baigaad yadraayu
    2013-06-03 2 0 Хариулах
 
 

САНАЛ АСУУЛГА

Засгийн газрын “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын 70 хоног өнгөрлөө. Таны бодлоор эдийн засагт ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
Нийт 2846 санал өгсөн байна.
  •  
     
  •  
     
  •  
     
  •  
     
  •