"Надаас зөвлөгөө авсан айлууд тансаг амьдардаг"

Зууны мэдээ

2013-06-10 11:22 GMT+8

Айл бүр орон гэрийн байрлалаа зөв тодорхойлуулж, тавилга, эд хогшлоо донж, загвар хөөлгүй зөв зүг, байрлалд тавибал хүссэн үр дүндээ хүрч сайхан аж төрдөг талаар Фэнг шуйгийн сургааль, номонд тусгайлан заасан байдаг гэв.

Энэ номлолыг хэрэгжүүлснээр өдөр ирэх бүр ядруу айлын хөрөнгө, санхүү нь сайжирч, орон гэр нь өөдлөн дэвжиж, хүссэн төмөр хүлгээрээ салхи татуулан давхиж, гэр бүлээрээ аз жаргалтай амьдардаг талаар Азийн фэнг шуйгийн холбооны ерөнхий захирал Ө.Хишигжаргал хүмүүст зөвлөгөө өгч иржээ.

Тэднийхээс айлууд орон байрныхаа талаар зөвлөгөө авна. Үндсэн ажлын нэг хэсэг нь хайрын дом хийж, хувь хүний зурлагийг гаргадаг аж. Ганц бие хүмүүсийг хань ижилтэй болгож, ажлын амжилтыг дуудаж, үр хүүхэдгүй нэгнийг үртэй болгодог гэх мэт мэдээг дуулгалаа. 2011 онд тэрээр хүмүүст “Аз жаргалын эрэлд” сэдэвт лекц уншиж, тэр үед 15 мянган айлд зөвлөгөө өгчээ. Зөвлөгөө авсан айлуудын 80 хувь нь эргэж холбогдон сайхан аж амьдралынхаа талаар бахархан ярьдаг байна.

Одоо тэрээр шавь нартай болжээ. Хөдөө орон нутгаар өөрөө очихгүй бол нэрийг нь бариад залилан хийсэн тохиолдол гарсан гэнэ. Түүний зөвлөгөөг хэрэгжүүлсэн айлууд эхнээсээ чинээлэг амьдралд умбасан гэнэ. Өөрийн аж амьдралдаа өдөр тутам фэнг шуйгийн сургааль, зөвлөгөөг мөрдлөгө болгосноор халаасны өрөөнөөс гурван өрөө том сууцтай болж, хүссэн машинуудаа сэлгэж унадаг болсон чинээлэг хүмүүсийн нэг нь энэ бүсгүй гэв.

Азийн фэнг шуйгийн холбооны ерөнхий захирал Ө.Хишигжаргалын ажил, амьдралын тойргийг та бүхэнд сонирхуулъя.

... “Хүмүүсийн аж амьдралын хамгийн чухал зүйл нь орон байрны зөвлөгөө. Яагаад гэвэл, би мөнгөгүйн зовлонг олон жил туулсан. Одоо миний хүү бага насныхаа хүнд үеийг дурсаж “Ээж манайд талх байхгүй  бид шарах шүүгээнд манжин жигнэж иддэг байсан. Мөн хэцүү үе шүү” гэж ярьдаг юм.  Ургамлын тос битгий хэл талхны мөнгөгүй өнжих үе монголчуудын амьдралд нэг хэсэг байсан. Түүний л нэг сүүдэр юм даа.

Хүмүүс “Надад мөнгө байхгүй учраас би ингэж тарчиг амьдарч байна. Ажил олдсонгүй. Олдсон ч цалин бага юм. Тэгж байгаад болох байх” гэж тарчиг амьдралдаа дасч, эрэл хайгуул хийлгүй залхуурсаар нэг л мэдэхэд насны нар хэвийж хөөрхийлөлтэй байдалд ордог.

Миний амьдрал тэр чигээрээ эрэл хайгуул, тэмцэл дунд өрнөсөн. Хоёр гараараа буулгаж, босгож ирсэн энэ амьдралдаа би хайртай. Би өмнө нь өөрийн амьдралаа хүнд ярихаас ичдэг байлаа. Сүүлдээ миний амьдралын түүх бусдад сургамж болж, эрч хүч өгөөсэй гэж бодох болсон” гэж даруухан өгүүлэх түүнтэй сонин хувь тавилангийн талаар ярилцлаа.

БИ 10 МЭРГЭЖИЛ ЭЗЭМШСЭН

-Хүний амьдралд түших хань чухал гэдэг. Таны нөхөр ямар хүн байв?
-Миний хань мундаг орос хэлтэй, сүрхий инженер. Нөхөр маань Политехникийн дээд сургуулийг төгсөх дамжааны оюутан байхад бид танилцсан. Тэр үед манай хүн Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай, онц сурдаг, ангийн ахлагч, Шинэ бүтээл оновчтой санааны 3-4 удаагийн аварга болж байсан. Ангийнхандаа хичээл ордог, зарим багш нарыг орлочихдог сүрхий эр санагдсан. Бид гэр бүл болоход манай гэрт нэг аяга, нэг ган халбага, чемодан хувцастай, таван шуудай дан орос номтой ирж билээ. Манай хүний нэг гэм нь мөнгөний араас хөөцөлддөггүй, илүү шуналгүй.

Авгай нар л болсон хойно би нөхрөөсөө элдэв юм нэхнэ шүү дээ. Бусдын эхнэр алт, мөнгө зүүж, нэхий булга нөмөрч, машинтай давхиж байхад би хоёр хүүхдээ цэцэрлэгт нь автобусаар зөөгөөд гэртээ ч олигтой идэх, уух юмгүй амьдарч байгаадаа бухимдаж, “Яагаад би ингэж хэцүү амьдрах ёстой юм бэ?” гэж өөрөөсөө байнга асуудаг байлаа. Шартай зангийнхаа ачаар би өнөөдөр 10 мэргэжилтэй, юу л бол юу хийдэг болсон.

-Та хамгийн түрүүнд ямар мэргэжил эзэмшсэн юм бэ?
-13 дугаар сургуулийг сайн дүнтэй дүүргэсэн ч дээд сургуульд орж чадаагүй.  Аав маань Цэргийн ансамбелийн гоцлол бүжигчин Өлзийхутаг гэж хүн байсан. “Хүүхнээ бүжигчин болгоно” гэхэд нь би “Ажилчин болохгүй. Дээд сургуульд орно” гэсэн. Дүүргээс хувийн хэргээ авах гэж очтол “Сурлага сайтай юм байна. Барилгын ТМС-д нэг жил онц сурчихвал дээд сургуульд шалгалтгүй оруулна” гэлээ. Ингээд л цахилгаанчны ангийг сонголоо.

-Та дээд сургуульд суралцана гэж зөрж байснаа ТМС-ийг голоогүй гэж үү?
-Тэр үед ТМС-д хамгийн хэцүү, хулигаан, хаана ч багтаж шингэхээ больсон хэцүү залуус ордог гэдэг байв. Дээд сургуульд шалгалтгүй элсүүлнэ гэдэгт нь хууртчихгүй юу. Би тэдний нэг болчихлоо. Барилгын тавдугаар ТМС оросын барилгын СОТ-3-ын харъяанд байсан. Манай ангийг долоон хүүхэд онц төгсөөд нэгийг нь ч дээд сургуульд оруулаагүй, шууд СОТ-3 руу хуваарилсан.  

Тэнд 1986 онд цахилгаанчнаар ажилд орж, орос ах нартай харилцаж гадаад хэлээ сайжруулаад олон зүйлийг сурч мэдсэн. 13 дугаар сургуулийн багш нар сайн байв уу, би өөрөө мундаг уу орос хэлэнд гаргуун байсан нь ажилд их дэм болсон. 1990 онд хоёр өрөө шинэ байрны түлхүүр гардаж байлаа.

-Цахилгаанчин мэргэжилтэй хүн яаж яваад фэнг шуйд дурласан юм бэ?

-Цахилгаанчнаас эхлээд арван мэргэжилтэй болсон миний түүх их урт. Оросууд зүгээр суудаг хүнд дургүй. Тогтой байхад цахилгаанчин хэрэггүй. Цахилгаан тасраагүй үед зүгээр суухаар гагнуур хийж сурлаа. Манай мастер ч ямар хөдөлмөрч юм бэ гэж магтдаг байлаа. Удалгүй Орос руу хүмүүсийг явуулж засал, чимэглэлчний мэргэжлээр сургасан. Би тэр багт багтлаа.

Ээж маань насаараа барилгачин хийсэн болоод надад энэ ажил бас дотно санагдсан. Байрны засварыг чанартай хийдэг болсон нь хожим амьдралд нэлээд хэрэг болсон шүү. 2002 оноос орон байрны засвар хийж эхэлсэн. Нөхөртэйгөө хамт хоёр өрөө байрыг 14 хоногийн дотор засаад 300 мянган төгрөг олдог байв. Надаар байраа засуулсан айлын ханын цаас нь элэгдэж, таазанд нь утааны тортог сууснаас биш өөр муудсан зүйлгүй өнөөдрийг хүрч байна гэхээр чанартай ажил болсон нь тодорхой.

Хүн бүр наймаа хийгээд байхаар нь 1991-1997 онд Манжуур, Чит, Москва, Улан-Үдийн хооронд ганзгын наймаа хийлээ. Зах дээр зогсож ч үзсэн. Олсон ч мөнгөгүй, гүлдийсэн хар юм болчихно. Миний хийх ёстой ажил наймаа лав биш. Өнгөтэй, өөдтэй болгоноо ломбарданд тавиад наймаанд явна. Орос, англи хэлтэй учраас хилийн дээс алхахад асуудалгүй. Би их өглөгч зантай. Хамт явсан наймаачид хоолны мөнгөө гаргаж ядаад байхаар нь хэзээний л төлчихнө. Эргээд харж байхад олон мянган ам.доллартай ч хоолны мөнгөө төлөх гэж татганадаг байсан наймаачдын амьдрал өнөөдөр өөдлөөгүй байдаг. Олон хүн хооллосны буян надад ирсэн.

ХЯТАДААР ТООНЫ БҮХ ҮГИЙГ МЭДНЭ

 -Та гадаад хэлэнд сүрхий авъяастай юм уу?
-Хэлгүй хүн хөлгүйтэй ижил учраас өнөөгийн залуус болж өгвөл олон гадаад хэл сураасай. Амьдралд маань гадаад хэл их хэрэг болдог учраас захиж байгаа юм. Орос, Англи хэлний зэрэгцээ би хятадаар бага зэрэг ярьдаг. Хятадаар тооны бүх үгийг мэднэ. Нэг удаа Өвөрмонгол хэлмэрч дагуулаад Бээжингээр явлаа. Барааны үнэ асуутал 60 юань гэснийг 80 гэж орчууллаа. Би уурлаад үнийг өөрөө дахин лавлаж асуутал худалдагч, орчуулагч хоёр гайхаж байсан.

Орос руу наймаанд явахдаа ном худалдаж авна. Ном уншиж олон зүйлийг хийж сурсан. Түүний нэг нь дэгээ зүүний нэхээс. Оросууд ширээн дээрээ бүтээлэг эсвэл аяга, тавагны суурь нэхэж тавьдаг даа. Би ч ажлын чөлөөгөөр элдэв нэхээс, хатгамлаар гэрээ гоёж ирсэн. Хүн өөрөө хүсч, тэмүүлбэл юуг ч сурч болдгийг миний амьдралаас харж болно. Дунд сургуульд сурч байхдаа нарийн хатгамал хатгадаг байсан. Охиноо төрүүлээд гэртээ сууж байхдаа дэрний уутаа хатгамлаар гоёно. Манай хадам ээж “Мөнгө үрээд хятадын хатгамал авлаа” гэнэ. Өөрөө урласан гэхээр хадам ээж “Машинаар оёсон юм шиг болж” гэдэгсэн.

-Харж байхад та их сониуч зантай, зүгээр суудаггүй хүн юм?
-Сүүлдээ АНУ-раа явах хүсэлд автаад тогоочийн дамжаа хүртэл дүүргэсэн. Фото зураг сайн авна. Одоо надад манай ангийн бүх хүүхдийн сонин, содон зураг байдаг. Харин өөрийнхөө зургийг бараг авдаггүй юм.

Би 1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөөд ажил хийх санаатай олон газрын хаалга татлаа. Нас, шүд явчихсан, царай зүс хардаг ч юм уу, авахгүй. Айлын байр засч хажуугаар нь фэнг шуй сонирхлоо. 2002 онд фэнг шуйг одоогийн УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монголд оруулж ирж байсан. Байрыг нь засчихаад тэр айлыг зүүн урд талдаа мөнгөний мод тавь гэж зөвлөнө. Тэр айлын гал тогоо зүүн урдаа байрладаг. Тиймээс гал тогооны хананд нь ногоон өнгийн пельта наасан.

Тэднийх өнөө хэр их сайхан амьдарч байгаа. Байр засахад зах дээр наймаа хийн чичирч, өвчин тустлаа зогссоноос дээр л дээ. Дараа нь хүүгийнхээ үгэнд орж орон сууцны хонгил түүрээслэн хэдэн компьютер худалдаж аваад PC тоглоомын газар нээсэн. Мөнгөний эх үүсвэргүй улс хадгаламж зээлийн хоршооноос хүүтэй мөнгө зээлээд буруудсан. Өрөнд ороод хоёр өрөө байраа алдаж амьдрал хөмөрсөн тогоо шиг л болсон. Дүүхээ төвд лангуу ажиллуулж үзлээ. Москвагаас чихэр, агааржуулагч, саван, шампунь зөөж үзлээ, амжилтанд хүрээгүй. Англи хэлний дамжааны багш хүртэл хийж үзсэн.

ГАЛ ТОГООНД ХОГИЙН ШҮҮР БҮҮ ТАВЬ


-Их дэлгүүрийн хажууд бас нэг фэнг шуйгийн төв байдаг. Танай салбар уу?

-Тэр бол УИХ-ын гишүүн С.Ганбаатарынх. Анх телевизээр “Зоос зуусан мэлхийг үүд рүүгээ харуулж тавиад мөнгө дууддаг” гэж хэлэхийг дуулаад гайхлаа. Нөхөр маань дээхэн соронзон орны бүсийн тухай ярьж байсныг саналаа. Ганбаатарын фэнг шуйгийн төвд очлоо. Нүд булаамаар олон сонин зүйлийг худалдаж байна.

Гэвч халаасанд мөнгө алга. Тэднийх дэлгүүртээ билэгдлийн чанартай бэлэг, дурсгалын зүйл худалддаг байсан. Худалдагч нь манайх ийм ном гаргасан гэж улаан хавтастай Фэнг шуйгийн ном харуулж байна. Нээгээд хартал “Гал тогоонд хогийн шүүр хэзээ ч ил тавьж болохгүй. Өөдрөг явдаг айлын үүд, гал тогооны өрөөнд хогийн шүүр ил байдаггүй. Тэгвэл хоол унд, хамаг хүнсийг нь хамаад явна” гэчихэж. Тухайн үед би автобусны мөнгөтэй явсан тул барьцаалдан зээлдүүлэх газарт очиж бөгжөө тавиад тэр номыг худалдаж авлаа. Дурласан номоо худалдаж авахаар их баяртай болж зүрх дэлсээд хачин болдог юм.

...“Айлын хаалга хойшоо харсан бол муу. Есөн алтан загасыг зүүн урд зүгтээ тавьдаг” гэх мэтээр их сонин, сонин юм биччихэж. Манай орц, гэрийн хаалга хоёулаа хойшоо харсан байв. Гэрийнхээ урд зүгт хар ус тавьбал муу. Баруун хойноо жорлонтой байж болохгүй гэх мэтээр бөөн болохгүй юмыг өгүүлчихжээ. Энэ фэнг шуй чинь ямар тэнэг юм бэ гэж бодлоо. Орон сууцны жорлонг би нураалтай биш.

Хальт уншихаар ойлгомжгүй. Дахиад л шөнөжин уншлаа. Эргэн тойрныхоо айлуудын байрлал, байдлыг ажиглалаа. Маргааш нь Фэнг шуйгийн төвд дахин очиж ойлгоогүй зүйлээ асуулаа. Гэтэл та “Орон байрны зөвлөгч авах уу” гэдэг юм байна. Тухайн үед тэдний зөвлөгч гадуур явдаггүй байснаа олон юм шалгаасан болохоор манайд очлоо. Манайд зөвлөгч ирж үзээд гал тогоо нь зөв байрлалтай юм байна. Миний хобби ном, цэцэгнүүдийг хараад баруун урд өрөөнд цэцэг тавьж болохгүй. Гал тогооны зүүн урд, том өрөө хоёртоо л цэцгээ байрлуул, тэгэхгүй бол өнгөрөө гэж байна. Өмнө зүгт цэцэг тавьж болно.

Мод галыг тэтгэдэг учраас тэр. Мөнгөний модоо зүүн урдаа тавь, эд баялагийн зүг гэлээ. Цэцгийн байрлалаа солиод байж байтал манай хаалгыг хүн тогшлоо. “Айраг зарж байгаа айл уу” гэж асууж байна.

-Юун айраг болоод явчихав?
-Манай найз 80 литр айраг зараад өг гэсэн юм. Олон хоноод хатуурчихсан. Есөн давхраас арай гэж буулгаад гадаа өдөржин суухад 2-3 литрийг зардаг юм. Гэтэл тэр хүн нэг аяга айраг уугаад л “25-ын хоёр саванд хийчих” гэхээр нь мөнгөний модны шинэ байрлалыг бодлоо. Ингээд л би фэнг шуйд шууд дурласан. Ямар ч мөнгөгүй байсан учраас найзынхаа мөнгийг хэд хоног эргэлдүүлсэн.

Манай гэрт ганц болохгүй зүйл нь жорлон болов. Баруун хойно байгаа жорлонг буулгаж болохгүй таван хар гуурстай салхин хонх үүдэнд нь тавь гэлээ. Муу энергийг дээш нь соруулж, сайн болгож гаргадаг гэнэ. Хонх авахаар очтол дэлгүүр нь хаалгаа барьчихаж. Худалдагчийг нь гуйж байгаад орж хонхоо аваад таксигаар түүнийг гэрт нь хүргэж өглөө. Байрны зөвлөгчийн хэлсэн ёсоор нь хийлээ.

Доод давхрын айлтайгаа өөрийнхийгөө харьцуулахад тэд гадаад хэлгүй, жирийн хоёр ажилтан. Гэвч наймаа хийгээд манайхаас түрүүлээд sony өнгөт телевизэр авчихна. Надаас түрүүлээд алтан ээмэг зүүчихнэ. Манайх гэж айл барьцаалдан зээлдүүлэх газраас салдаггүй, дургүй хүрээд болдоггүй. Тэднийх хүүхдүүдээ суран тэлээдүүлж хичээл хийнэ. Цагийн багш авч өгч нэмэлт хичээл хийнэ. Харин манай хүүхдүүд өөрсдөө хичээлээ хийнэ. Сүүлд нь мэдэхэд нөхөр бид хоёрын мэнгэ таардаггүй болоод л амьдрал маань уруудаад байж.

ГЭР БҮЛИЙН ХОЁР БАРУУН, ХОЁУЛАА ЗҮҮН БҮЛГИЙНХ БАЙВАЛ САЙХАН АЖ  ТӨРДӨГ


-Та хоёр мэнгэний асуудалтайгаа хэзээ мэдсэн юм бэ. Амьдрал дэвжиж, дээшлэхгүй байхаар нь тэгж бодсон уу?

-Өнөөх л айлаар жишээ авч үзлээ. Тэднийх бас манайх шиг хойшоо харсан хаалгатай. Манай гэрийн эр хүний хийморь лундааны зүгт жорлон нь байрлачихсан. Тиймээс манайх ер өөдөлдөггүй байж. Манай нөхөр зүүн бүлгийнх. Гэр бүлийн хоёр баруун эсвэл хоёулаа зүүн бүлгийнх байвал сайхан аж төрдөг.

Гэтэл би баруун манай хүн зүүн бүлгийнх байжээ. Монгол зурхайгаар яривал, бид мэнгэний асуудалтай улс. Адгийн муу, шулмасын үүдэнд таарчихсан мэнгэтэй юм байна. Шинэ байранд ороод уруудсаны учир нь тэр байж. Манай доод давхрын айлын эрдэм мэдлэгийн зүг буюу зүүн хойно нь жорлон таарчихсан учраас хүүхдүүдээ ороолгож, нүдэж хичээл хийлгэдэг байж. Манай хоёр хөршийнх дээд мэнгэтэй.

Энэ бүхнийг судлаж байхдаа айлын жорлон, орны байрлал зөв байхгүй бол хүнийг амьдралд муугаар нөлөөлдгийг мэдэж авлаа. Манай зочны өрөө гал тогоо нийлсэн урт тагттай. Боолт, төмөр багажаа тагтныхаа зүүн урд талд овоолчихдог байв. Алтангэрэл, Намсрайн даллага авхуулаад ч нэмэр алга. Эд баялагийн зүгтээ төмрийн хог овоолчихоор яаж мөнгөтэй байх вэ.    

БИ ФЭНГ ШУЙД ҮНЭХЭЭР ДУРЛАСАН


-Таны ярианаас шинийг эрэлхийлдэг юм уу гэсэн бодол төрлөө. С.Ганбаатарынхаас та юугаараа илүүрэхсэн бэ?

-Номоо уншаад, фэнг шүйд суралцаж явсаар С.Ганбаатарынхнаас илүү гарсан зүйл нь миний гадаад хэл. Үүнээс өмнө нь би С.Ганбаатарын шүтэн бишрэгч явлаа. Хажуугаар нь сүлжээчин болж, Орос руу семинарт явахтаа фэнг шуйгийн тухай ном худалдаж авна. Интернэтэд орж Америкийн фэнг шүйгийн институтэд захидал бичиж “Танай сургалтад суумаар байна” гэлээ. Монголд надад сайхан ажиллаж, амьдрах орон зай олдохгүй, юу ч хийсэн бүтэлгүйтээд байхад, өөр яах билээ.

АНУ-ын Элчингийн ярилцлагад ортол заавал байрныхаа хаяган дээр байх ёстой гэв. Гэтэл би өрөнд ороод хоёр өрөө байраа зарчихсан. Аавын гурван өрөө байранд хамт амьдарч байгаад бас дүүтэйгээ хамт юм хийж тэдний өрөнд байраа шилжүүлж алдлаа. Үлдсэн дөрвөн сая төгрөгөө ээж, дүү нартаа өгөөд нөхөр, хоёр хүүхэдтэйгээ хог дээр гарна гэдэг болсон.

Нөхөр маань Солонгосын нэгэн компанид ажилд орж, эзнийх нь нэг өрөөнд бид хэсэг хугацаанд амьдарсан. Тэр үед виз авахаар АНУ-ын Элчингийн ярицлаганд орох гэтэл ажлын газрын тодорхойлолт хэрэгтэй болсон. Тиймээс С.Ганбаатартай уулзаад “Надад танайд ажилладаг гэсэн бичиг хийгээд өгөөч, нэг сар үнэгүй ажиллаж өгье” гэсэн. Тэр ч зөвшөөрсөн. Хэлний сургууль төгссөн ч англиар ярих орчин байх биш.

Олигтой ярьж чадахгүй таг, түг гэсээр хар тамга даруулчихлаа. Амьдрал зогсож байгаа юм шиг санагдаад баахан уйллаа. С.Ганбаатар намайг “Чи манайд худалдагч хий” гэснээр би тэднийд ажилд орсон. Оросын Элчингийнхэн манай дэлгүүрээр их орж ирнэ. Тэд надад их сайн, сүүлдээ найзууд болсон. Тайлбараа гурван хэлээр бичиж хийе гэх зэргээр би шинэ ажил санаачилна. Ганбаатар худалдагч нартаа хичээл заагаад намайг орхичихдог байсан. Би Жангум шиг хаалганы завсраар сонсч, хичээлийн дараа нөгөөдүүлээ байцаана.

Нэг өдөр домын цаг болоход хоёр худалдагч байдаггүй. Аргаа бараад С.Ганбаатар намайг мундаг удган бол гэлээ. Гурван хүслийн болон хайрын дом хийтэл намайг болж байна гэлээ. Би фэнг шуйд үнэхээр дурласан учраас тэднийд удаан ажилласан юм. 2004 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дэлхийн фэнг шуйгийн холбооны тэргүүн Лилиан Тоо багш манай дэлгүүрт ирсэн. Тэр үед намайг төвдөө зочлоорой, манай цахим хуудаснаас мэдээлэл аваарай гэж хэлснээр би улам өөртөө итгэлтэй болсон. Уулзана гэж мөрөөдсөн хүнтэйгээ би уулздагийн нэг жишээ энэ.

-Хуримтлуулсан мөнгөгүй. Хөлсний өрөөнд амьдардаг. Цалин бага. Та яаж ийм өндөрлөгт хүрэх замыг нээв?

- Үйлчлүүлэгч нар намайг “Чи өөрөө ийм төв нээгээч. Чи мундаг учраас тусдаа гар” гэж ятгах  болсон. Тэр үед гэрээсээ цүнхээ үүрч хувиараа айлд очиж зөвлөгөө өгдөг байлаа. Надад компьютер, тусгай программ, мөнгө ч алга. Зөвхөн хүсэл эрмэлзлэл, мөрөөдөл, дур дүүрэн байсан. Орос ном үзээд би трансформатортой шугамаар хэмжилт хийж орон байрны зөвлөгөө өгч эхэлсэн. Би сэтгэх дуртай. Миний шугаман оношлогоо компьютерээс илүү гарна уу гэхээс дутахгүй. Ингэж би мундаг гэдгээ мэдсэн.

-Танайхаас орон байрны зөвлөгөө авч хэрэгжүүлсэн айлууд одоо хэрхэн аж төрдөг бол?

-Амьдрал нь их сайжирдаг. Нэг өрөө байраа 2-3 болгож томруулна. Ер нь амьдрал нь өв төгш их сайхан болдог юм. Манай найз Жаргал хүсэл биелүүлдэг бөмбөлөг хөөргөөд байранд ороод удалгүй хаустай болж, жийп унаад одоо сайхан байна. “Бүх хүсэл нь биелэсэн хүн яах ёстой вэ” гэж асууж намайг инээлгэдэг юм. Дараа нь ямар нэг хүсэлтэй болно гэж би хэлсэн. Удалгүй хүүгээ сайн ханьтай учруулмаар байна гэчихсэн орж ирсэн.

2006 онд би фэнг шуйгийн талаар С-1 телевизээр ярилцлага өгч бусдад танил болсон. Тэр үед би Ганбаагийнд ажиллахаа больж, Хүнсний 1-ийн ард өрөө түрээсэлж, фэнг шуйгийн төвөө нээсэн. Өглөө ажилдаа иртэл манай байшинг хүмүүс бүчээд дугаарлачихаж. Мэнгэ нь таарахгүй хосуудыг би сал гээд л хэлчихдэг. Өөрөө тэр амьдралыг туулж зүдэрч явсан болохоор шулуухан хариулт хүмүүст таалагджээ.                                              

 -Танайх халаасны өрөөнд хэдий болтол амьдрав. Яаж өөрийн орон гэртэй болов?             
-Тэр үед ээжийндээ эргэж очтол хоёр давхар байшин барьчихсан байв. Би таван дүүтэй, айлын том. Дүү нар маань над руу хялалзаад л. Байргүй болгочихоод, хоёр давхар байшинтай болтол эргээд ирлээ гэх мэтээр хоорондоо таарсангүй. Аргаа бараад халаасны өрөөнд амьдарч үзсэн. Сүүлд үнэ нь нэмэгдээд хөлснийхөө мөнгийг төлж дийлэхгүй боллоо. Хашаа байшин түрээсэлтэл гал түлж чаддаггүй, зутарсан. Манай нөхөр хотынх тул хоёулаа гэр хорооллын амьдрал мэдэхгүй. Хэдүүлээ усаа авч чадахгүй худаг дээр хэд хоног дугаарлана. Нусаа хацартаа наана гэгчээр хоёр өвлийг гэр хороололд арай ядан өнгөрүүлсэн. Тэр үед олон хөндийн жавраас орны хөндийн жавар хэцүү гэдэг үг санаанд бууж билээ.

2006 онд 13 дугаар хороололд 00-ын өрөө түрээсэлж амьдарлаа. Амьдрал ийм байхад би Дэлхийн Фэнг шуйгийн холбооны тэргүүн Лилиан Тоо багшийн долоо хоногийн сургалтад долоон мянган ам.доллар төлж суусан. Олон ч юмыг мэдэж авч, нүд маань улам нээгдлээ. Багшаас юм асуутал “Чи дуугүй бай. Чи удахгүй маш том байртай болно” гэсэн. Тэр ерөөлөөр 2010 онд манайх цэлийсэн гурван өрөө 100 саяын үнэтэй байранд орсон доо. Зуслангийн ч байртай болсон. Гэхдээ нэг давхар.

-Та Лилиан Тоо багшаас юу асуух гэж байсан юм бэ?
- Монголчууд жижиг гэрт амьдардаг. Бүх өрөө нь цугтаа байдаг бол өрөөгөө яаж хувааж сайн, муу зүгээ гаргаж морио хаана тавих вэ гэж асуух санаатай байсан. Сургалтын дараа биднээс шалгалт авлаа. Хүмүүс компьютер гаргаж байхад би шугамаар хэмжинэ. Тэр үед сэтгүүлч нар шаваад миний зургийг дарж сүйд боллоо. Техник хөгжсөн эринд шугам бариад хэмжихээр гайхах нь аргагүй. Энэ чинь л монгол хүний ухаан, төрлөх чадвар юм. Фэнг шуй гэдэг чинь монгол ардын зөв ухаан байхгүй юу. Фэнг шуйд суралцаад бидний өвөг дээдсийн сургаал, номлол тэр чигээрээ үүнд шингэснийг мэдэж авсан.   

-Таныг Малайз руу явахад хүмүүс юу захиж байсан бэ?

-Хүмүүс дөрвөн зүйлийг л хүсдэг. Эрүүл энх, эд баялаг, мөнгө, хань ижил, үр хүүхэдтэй болмоор байна гэж захисан. Тавдугаарт нь амжилт. Үр хүүхэдтэй болгодог “100 хүүхдийн зураг” тэнд байсан. Би “100 хүүхдийн зураг”-ийг 100 ам.доллараар худалдаж авч байсан. Багш намайг “Хүүхэдгүй юм уу, чи олон хүүхэдтэй болно” гэсэн. Миний ард түмэн надад хүүхэдтэй болгодог юм авчир гэж захисан учраас би үүнийг авч байгаа юм гэсэн.

-“100 хүүхдийн зураг”-ийг гэртээ өлгөвөл хүүхэдтэй болох нь баараггүй биз?  
   
-Хүмүүсийн хүслийг биелүүлэх нь өөрийгөө баяжуулах нэг сэдэл юм. Манайхаас энергижүүлсэн “100 хүүхдийн зураг” аваад хүүхэдтэй болсон айл олон бий. Ийм хүмүүс бас хайрын дом хийлгэхэд гэмгүй. Зөвхөн баасан гаригт хайрын дом хийдэг юм. Хүмүүс их замын засал хийлгэх нь бий. Эхнэр нөхрийн асуудлыг цэгцлэхэд хөх дэр чухал. Энэ бол манай шинэ бүтээгдэхүүн. Энэ жил би Бурхан шашны дээд сургуулийг би зурхайчаар  төгссөн. Амьдралд нэн хэрэгтэй юм байна. Тэндээс сурсан мэдлэгээ фэнг шуйтэй уялдуулан багш нартайгаа ярилцаж байгаад хөх дэр гэж шинэ бүтээгдэхүүн гаргасан.

...Бидний яриа ийн өндөрлөлөө. Тэдний төвд одоо дүү нар, хүргэн, бэрүүд, хоёр хүүхэд нь ажилладаг гэсэн. Өргөө кино театрын баруун талд “Хишиг” төвийн гурван давхарт Азийн фэнг шуй гэсэн хаягтай дулаахан өрөө үргэлж хүний хөлд дарагдана. Нэгэн цагт дүү нараа зовоож байсан ч одоо тэрээр цөмийг нь дэргэдээ авч, айлын том эгчийн үүргээ биелүүлдэг болжээ. Биднийг ярилцаж байх зуурт хөдөө орон нутгаас түүнийг ирж ажиллаач гэсэн урилга утсаар тасралтгүй ирж байлаа. Та бүхэн Азийн фэнг шуйгийн төвөөр үйлчлүүлэхийг хүсвэл 99067688, 91147028, 70112188 утсаар холбоо барьж болох юм байна.

Д.Мягмар

GoGo Facebook Хуудас
 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2629 санал өгсөн байна.

Дээшээ