Зүүнсалаагаас Хүннүгийн үеийн 29 булш оллоо

Зууны мэдээ

2013-09-20 09:40 GMT+8

Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүнсалаагийн шинэ эцэс орчмоос Хүннүгийн үеийн булш олноороо олджээ.

Тиймээс ШУТИС болон МУИС-ийн оюутнууд, археологичдын баг түүхийн үнэт олдворуудыг авран хамгаалах малтлагыг энэ сарын 6-наас хийж эхэлсэн байна. Биднийг тус газар очиход Одонтын 23 гэх гудамж тэр чигтээ түүхийн ховор олдворыг олон жилийн турш хадгалж ирсэн нь хамгийн түрүүнд мэдрэгдсэн юм.

Тэр гудамжийн дагуу оюутнууд хэд хэдэн газарт Хүннүгийн үеийн булшны чулууг цэвэрлэж, малтлага хийхэд бэлэн болгож байлаа. Тус орчимд өдгөөгөөс 2200 жилийн тэртээ амьдарч байсан хүмүүсийн 29 булш байгааг археологичид тогтоожээ. Тэдгээрийн ихэнх нь айлын хашаанд орчихсон байгаа гэнэ.

Заримынх нь дээр жорлон барьчихсан, эсвэл айлын байшингийн доогуур тал нь орчихсон, бүр хогийн цэгийн дор ч байсан гэв. Тиймээс ул мөр нь арилж болзошгүй буюу нэн түрүүнд малтлага хийж, авран хамгаалах шаардлагатай 15 булшийг энэ сард багтаан гаргахаар эдгээр залуус ажиллаж байна. Тэд эхлээд машин байнга явдаг гудамжинд ил байгаа булшнуудад малтлага хийж эхлээд байна.

Өнгөрсөн 11 хоногийн хугацаанд хоёр булшны олдворыг бүрэн гаргаж, нэг булшийг биднийг очих үед гаргахад бэлэн болгож байлаа. Анх энэхүү үнэт олдворыг хэрхэн олсон түүх нь сонин юм билээ. ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн багш, профессор н.Болдбаатар өнгөрсөн жилийн цагаан сараар айлд хүн хүргэж өгөхөөр иржээ. Тэгээд энэ гудамжинд Хүннүгийн үеийн булш байх магадлалтай гэж бодсон байна. Учир нь Хүннүчүүд нэгнийгээ оршуулчихаад тухайн газар нь олон чулуу өрж тавьдаг. Хэдийнэ шороонд далдрах шахсан нэгэн төрлийн хэмжээтэй чулуунууд нь мэргэжлийн хүний нүдээр харахад нэг л өөр байсан учраас тухайн үед өвөл байсан хэдий ч оюутнуудтайгаа хамтран анхны малтлагыг хийж үзжээ. Ингээд түүний таамаг үнэн болох нь батлагдсан байна.

Ийнхүү нийслэл Улаанбаатараас түүхийн үнэт олдвор олноороо олджээ. Малтлага хийж дууссан гурван булш гурвуулаа тухайн үедээ тодорхой хэмжээгээр тоногдчихсон байж. Олон жил болсон хүний ясыг аарцаг болон гавлаар нь тодорхойлж болдог гэнэ. Эхний булшинд насанд хүрсэн эрэгтэй хүнийг оршуулсан болохыг анхны таамгаар тогтоосон байна.


Түүний гавлын яс нь жижигхэн хэдий ч аарцаг нь насанд хүрсэн хүний хэмжээтэй байсан тул том дагзтай эрэгтэй хүн хэмээн таамаглаж байна. Хамраа гэмтээсэн нь бороолж эдгэсэн байдалтай байгааг археологич Д.Хатанбаатар бидэнд сонирхууллаа. Дараагийн булшинд байсан яс мөн л насанд хүрсэн эрэгтэй хүнийх байжээ. Эрүүний яс нь бүтнээрээ үлдсэн ба зүүн талын шүд нь цоорч, өвчилсөн болохыг гавлын яснаас нь харж болохоор байв. Харин гурав дахь булшны ясыг гаргаж дуусаагүй байсан юм.

Авсныхаа нэг талд яс нь бөөгнөрсөн байснаас тонуулчид оршуулаад удаагүй цогцсыг нэг тал руу нь татаж орхиод, эд зүйлсийг нь хулгайлсан бололтой хэмээн археологичид тайлбарлаж байлаа. Хүннүгийн үеийн энэхүү оршуулга нь тэр үеийн жирийн иргэдийнх болохыг тогтоожээ. Учир нь булшнуудаас тухайн үеийн соёл болон нас барагсдын амьдралыг тодорхойлох хүрэл толь, зүүлт, соёо, вааран эдлэл, урд зүгээс гаралтай модон аяга, хамгийн чухал олдвор болох уутанд хадгалагдсан үр тариа олджээ.

Түүнчлэн Хүннүгийн жирийн иргэдийн булш нь том биш, 2-3 метрийн гүнд байдаг гэнэ. Хүннүчүүд нас барагсдаа оршуулахдаа бүдүүн модоор авс хийж дотор нь давхар хашлага хийсэн байж. Археологичд эхний ээлжинд 29 булш байгааг тогтоосон. Гэхдээ тухайн орчимд ийм булш дахиад байх магадлалтайг хэлж байлаа.

Авран хамгаалах малтлагыг нь энэ сарын 27-ныг дуустал хийх юм. Айлуудын хашаанд байгаа булшнуудыг малтах санхүүжилтийг ирэх жилийн төсөвт суулгаж, энэ жилдээ машин зам дор байгаа 15 булшийг гаргая гэж ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон археологичид тохиролцлоо. Соёлын үнэт олдворыг авран хамгаалахад гар бие оролцож, чадах чинээгээрээ туслахыг хүссэн иргэд байхад зарим нь хашаандаа малтлага хийлгэхийг зөвшөөрөхгүй байгаа гэлээ.

Нийслэлийн Бэлх орчмоос өмнө нь Хүннүгийн үеийн булш олдож байсан түүхтэй. Ямар боловч энэ удаагийн олдвор нь түүхийн нэгэн үеийн соёлыг тэр чигээр нь хадгалсан маш үнэтэй зүйл гэдэг нь тодорхой юм.

Б.Солонго

GoGo Facebook Хуудас
 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 287 санал өгсөн байна.

Дээшээ