Д.Гүрсэд: "Говийн зэрэглээ"-гийн нисгэгч, Чин ван Ханддорждоо хайртай

Өдрийн сонин

2007-12-14 17:26 GMT+8

“Говийн зэрэглээ” ки­ноны нисгэгч, “Чинван Ханддорж” киноны Ханд­дорж, “Саруул талын ерөөл” киноны Нацаг­, “Тө­рийн сүлд өршөө” ки­ноны Дилав хутагт, “Ман­духай сэцэн хатан” кино­ны Баян­мөнх жонон, “Гэр­лэж ам­жаагүй явна” кино­ны Эн­хээ гээд үзэгчдийн сэт­гэлд хоногшсон олон сай­хан дүрүүд мөн­хөлсөн жү­жигчин Д.Гүрсэд­тэй уул­заж ярилц­лаа. Ямар­­таа ч хийсэн ажил, хэлэх үгтэй яваа ажээ.

-Сүүлийн үед ямар ажил хийгээд явна даа. Хаана амьдарч байна?
-Би сүүлийн 10 жил Сэлэн­гэ аймагт амьдарч байна. 1998 онд Сэлэнгийн долгио чуулгын найруулагч, уран сайхны удирдаачаар очсон юм. 2001 он хүртэл тэндээ ажиллаж байгаад манай чуул­гыг соёл, мэдээллийн төв гэдэг нэртэй байгууллага болгохоор нь чөлөөт уран бүтээлчээр гарсан. Чөлөөт уран бүтээлч байх хугацаан­даа зүгээр суусангүй. Тэнд­хийн утга зохиол, яруу найр­гийнхантай хамтарч зохиол бүтээлийг нь ард түмэнд хүргэх ажил хийлээ.

-Таныг саяхан Сэлэн­гийн төв талбайд том тог­лолт хийлээ гэж сонссон…
-Их Монгол Улс байгуу­лагд­саны 800 жилийн ойн хүрээнд “Их хааны дархалж өгсөн нутаг” гэж 200 хүүхдийн хоортой, 40-өөд хүний бүрэл­дэхүүнтэйгээр их хааныг Бөртэ үжин, Өүлэн эх, өрлөг есөн баатартай нь амилуул­лаа. Аймгийн төв талбайд энэ тоглолтоо хийсэн. Аймгийн яруу найраг, утга зохиолын нэгдлийн эрхлэгч, яруу най­рагч Сүхдоржтой хамтарч хийлээ. Энэ бол театрчилсан том тоглолт. Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Зураачаар нь “Цөвүүн цагийн Богд” киноны зураач, продюссер Чимэд ажилласан. 800 жилийн ойд барьж байгаа бидний бэлэг юм даа. Өнгөрсөн зун Сүх­баа­тар сум байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээ болсон юм. Ойд зориулж “Хоймор нутгийн жавхаа” нэр­тэй хоёр анги баримтат уран сайхны киног Сэлэнгийн “Ми­ний Монгол” кабелийн теле­визийн уран бүтээлчидтэй хамтарч хийлээ.

-Киноны уран бүтээ­лийн хувьд..
-С.Жаргалсайханы бү­тээл “Үхэж үл болно” кинонд одоо явж байна даа. Найруу­лагч Л.Эрдэнэбулган, Зол­баяр, зураач Гоош нарын манай ахмад уран бүтээлчид надад санал тавьсны дагуу энэ киноны Өвөр Мангудын Хуйл­дар сэцэний дүрд тоглож бай­на. Өнөө жилийн авах зураг бараг дууслаа. Мөн хилийн болон дотоодын цэр­гийн 70 жилийн ойд зориулж найруу­лагч Цогтбаатар хи­лийн ах­мад дайчны тухай кино хийж байгаа. Зураг авалт дөнгөж эхлээд одоогоор хө­рөнгө мөнгөний асуудал дээ­рээ гацчихаад байна. Хөрөнгө мөнгө шийдэгд­вэл ирэх хав­раас үргэлжил­нэ. Энэ кинонд би насаараа эх орныхоо хилийг сахин хамгаалсан, гавьяаныхаа амралтад гар­сан хэрнээ эх нутгийнхаа торгон хилийг орхин явж чад­даг­гүй өвгөн хошуучийн дүрд тоглож бай­гаа. Эх орон гэж хүмүүс их ярьдаг. Эх орон чухам юунаас эхэлдэг юм гэдгийг энэ кино­гоор хэлье гэсэн зорилготой юм даа.

-Тун завгүй яваа юмаа даа?
-Сүүлийн 2-3 жил зав бага л байна. Завгүй байх тусмаа жаахан жаахан юм хийлээ. Сая “Сэлэнгийн долгио” чуул­га маань эргээд байгуулагд­сан. Найруулагч, уран сайхны удирдаачаар ирж ажиллаач гэсэн саналыг дарга, уран бүтээлч нөхөд маань тавиад байгаа. Ямартаа ч кино­нуудаа дуусгаж байж Цагаан сарын дараа чуулгадаа очих санаа байна. Сая манай чуул­гын 25 жилийн ой болж өнгөр­сөн. Энэ үеэр зүгээр байсан­гүй, чуул­гынхаа 25 жилийн түүхэн замналыг харуулсан танил­цуулга материалыг бэл­дэж хэвлүүллээ. Одоо нэг ном тэрлэж байна. Яг хэзээ гара­хыг нь мэдэхгүй байна.

-Ямар ном бэ?
-Сэлэнгэ нутгаас төрсөн алдартнуудын тухай ном.

-Та уг нь Говь-Алтайнх байх аа?
-Тийм ээ, төрж өссөн нутаг маань Говь-Алтай. Сэ­лэнгэ бол ханийн маань нутаг байгаа юм. Гэр бүлийн хүн маань Улсын ардын дуу бүж­гийн чуулгын гоцлол хөгжим­чин, ёочинчин байсан. Одоо хоёулаа Сэлэнгэд амьдарч байна даа. Сэлэнгэ нутаг сайхан нутаг. Хаа байсан баруун зүгийн хүн ажил, амьд­­­ралын эрхээр хойд ну­тагт амьдарч явна.

-Киноны уран бүтээлд таны үлдээсэн олон сайн дүр байдаг. Гэхдээ таны хувьд яг аль дүрээ илүү тоо­дог вэ?
-Уран бүтээлч хүний хий­сэн дүр бүр өөртөө баяр баяс­­­галан авчирч байдаг. Гэхдээ би дүрүүд дотроосоо Чин ван Ханддорждоо хайр­тай байдаг. “Говийн зэрэг­лээ”-гийн нис­гэгч­дээ хайр­тай.

-”Говийн зэрэглээ”-гийн нисгэгч болохын тулд онгоц жолоодож сурсан уу?
-Зарим зургийг нисч бай­хад, заримыг нь газар авч байсан. Яахав, бага зэрэг дадлагажсан. Нисгэгч бол­чихсон гэж байгаа юм биш л дээ. Хажууд нэгдүгээр нис­гэгч, би хоёрдугаар нисгэг­чийн суудалд сууна. Миний зургийг авахын тулд нэгдү­гээр нисгэгчийн суудал дээр опе­ратор суугаад зураг авах ёстой. Тэр үед яах аргагүй жолоон дээр сууна. Энэ үеэр жаахан дадлага суусных ч юм уу, кино дууссаны дараа Сумхүү найруулагч “Би нисэх дуртай” киноны хоёрдугаар нисгэгчээр намайг авсан юм. Тэнд бол бүр овоо, агаарт жолоо аваад явчихдаг болсон. Онгоцны жолоочийн ур чад­вар буухад л харагддаг. Буух гэхээр шууд л сэнсээ­рээ газар хатгах гээд аюул­тай. Ер нь нисгэгчийн ажил хүнд, хэцүү хөдөлмөр.

-”Говийн зэрэглээ” ки­нонд тоглосон ихэнх жү­жиг­чид мөнх бусыг үзүүл­жээ. Жирийн хүмүүсийн дунд нэг яриа явдаг л даа. Киноны зураг авах гэж го­вьд шөнө явж байгаад нэг хачин явдалтай таарсан гэж. Та тэр талаар хэр мэдэх вэ?
-Тийм нэг яриа байдаг л юм. Яг тэр үед би яваагүй болохоор сайн мэдэхгүй юм. Манай киноны хэсэг шөнө явж байгаа айлд ороход дар­гитал буцалж байгаа цай то­гоон дээрээс нь хийж өгсөн гэнэ лээ. Цайг аваад уухад хүйтэн байхаар нь сэжиглээд бүгд ухасхийгээд гарсан гэ­дэг. Бүгд 69-дөө суугаад хажуугийн толгой дээр гараад харахад өнөө айл, тэмээ мал нь алга болсон байдаг гэсэн яриа байдаг. Үнэндээ манай талийгаач Доржсамбуу, Цэ­вээнравдан нар тийм юм ярьдаггүй байсан.

-Өөрсдөө ийм зүйл ярь­даггүй байсан гэж үү?
-Ярьдаггүй л байсан. Тэд­нийг маань өнгөрсөн хойно л ийм яриа гарсан юм. Яг тийм зүйл болсон, болоогүйг батлах хүн нь өнөөдөр байж байна шүү дээ. Балжинням найруу­лагч тэр үед оператороор ажиллаж байсан. Талийгаач Оюунцэцэгийн аавтайгаа тэ­мээ хөтлөөд сургууль руу ирж байгаа зургийг авах гэж най­руулагч, зураглаач болон зарим жүжигчид Өм­нөговь руу явсан юм. Бүр багынх нь үйл явдлын зургийг авах гэж. Би тэгэхэд яваагүй. Ер нь киноны зургийг Дундговийн Хулдад авсан юм. Яг тэр хэсгийн зургийг авах гэж Өмнөговийн Булган сум руу явсан. Үүнийхээ хажуу­гаар байгалийн зураг авна гэж байсан юм. Яг тийм үйл явдал болсон юм гээд барин тавим хэлчих баримт надад алга. Үнэхээр ч манай киноны ба­гаас найруулагч Доржпалам, жүжигчин Цэвээнравдан, Оюун­­цэцэг, Доржсамбуу, нэгдүгээр нисгэгчид тоглосон Адилбиш, жолооч гээд нэлээн хэд маань өнгөрсөн байна. Би хувьдаа түүнээс болсон гэж боддоггүй. Нөгөө талаас нь бодвол бас үгүйсгэх аргагүй л байдаг.

-”Говийн зэрэглээ”-д хамт тоглож байсан ба­гийнхнаа одоо эргээд дурс­вал…
-Цэвээнравдан маань хэл­­­мэгдүүлэлтийн үед Дунд­говийн хөдөө суманд хоёр жил клубын даргаар ажилласан юм шүү дээ. 1980 онд хот руу татагдаж театрт ирсэн. Тэр үед Эрдэнэтогтох бид нар сургуулиа төгсөөд театрт дөнгөж жүжигчнээр ирж бай­сан үе. Доржсамбуу маань Багшийн дээдийн Кино дра­мын ангид багшаар ажиллаж байсан. Ингэж бид нэг дор бөөгнөж, нэг уран бүтээлд хамтарч ажиллах гараа эхэл­сэн юм. Цэвээнравдан бол их хошин, мэдрэмжтэй, мундаг уран бүтээлч байлаа. Жаахан юмыг андахгүй олж харна. Дүрээ юухнаар чадмаг чим­дэг. Монголын хошин урла­гийн нэлээн том төлөөлөгч шүү дээ. Тоглохоос гадна хошин шог зохиол, яруу най­раг бичдэг байсан. Доржсам­буу бол мундаг найруулагч. Дэлхийн сонгодгуудаас, ту­хайлбал “Нора”-г Монголын тайзнаа анх тавьсан хүн. Тэгсэн хэрнээ дүрд ордог. Кинон дээр Арслан Хашхүү захирлыг модонд хүлж хо­нуулчихаад, Номинд загнуу­лаад холбооноос гараад явж байгаа хэсэг байдаг даа. Тэр зургийг авах үед Доржсамбуу “Дугуйгаа өшиглөчихвөл хө­лөө хугалчих байх даа” гэснээ “Өө, энэ хувинг энд тавьчи­хъя. Хувинд л уураа гаргасан хүн байгаа биз” гээд хувин тавьж байгаад өшиглөсөн. Тийм жаахан юмаар өөрийн дотоод ертөнцийг үзэгчдэд нээж чаддаг хүн байсан. Ма­най Оюунцэцэг их чамбай. Дотоод сэтгэлгээний маш чадвартай жүжигчин.

-Мэдээж, зураг авалтын үеэр инээдтэй, сонирхол­той олон явдал болоо биз. Заримаас нь манай уншигч­дад сонирхуулаач?
-Нэг өдөр бид онгоцоо халаая гэж ярилаа. Уг нь зун, говьд 34 градусын халуун өдөр л дөө. Доржпалам багш “Халуунд онгоц халаана гэж юу байсан юм” гэж байна. Бид болохоор онгоцоор нисч са­хилгагүйтэх гээд байдаг. Тэ­гээд найруулагч руу нэгдү­гээр нисгэгчдээ үг зааж өгөөд орууллаа. “Найруулагчаа би таны ажлыг яаж заахав. Түүн­тэй адилхан та миний ажлыг битгий заа. Энэ халуун зун онгоцны бензин доошоо тун­дас үүсгэдэг. Тэр тундасыг арилгахгүй бол агаарт явж байхад онгоц саатвал яана” гэж хэл гээд. Доржпалам най­руулагч сонсоод “Тийм бол бол халаа, халаа” гэж байна.

-Худлаа ярьж байгаа хэрэг үү?
-Тэгж байгаа юм. Зорилго нь Хулд руу явж жаахан идэж уух юм, ганц нэг гожин авах л гэж тэр. Нөгөөхөө аваад эргэ­лээ. Би хоёрдугаар нисгэг­чийн суудалд, Цэвээнравдан ард суучихсан. Доржсамбуу цонхоор юм хараад зогсоо­гоороо явж байна. Тэгэхээр нь би “Хоёулаа ходоодны шүү­сийн шинжилгээ авчих уу” гээд нисгэгч рүүгээ дохилоо. “Тэгвэл тэгье л дээ” гэж байна. Тэгээд жолоогоо гэнэт хүчтэй түлхэхээр онгоц огцом доо­шоо унангуут буцаагаад дээш нь хөөргөлөө. Онгоц доошоо унахаар хүн дээшээ хөөрдөг. Доржсамбуу хөөрөхдөө духаа шалбалчихлаа. Буцаад огцом доошоо унахдаа тохойгоо урчихсан. Биднийг эргээд ирэхэд найруулагч, оператор маань гадаа гараад хараад зогсч байна. Нөгөө хоёроо харагдаж болохгүй гээд хэв­түүлчихлээ. Бид хоёрыг буу­гаад ирэхэд нөгөөдүүл буцаад орчихсон. Доржсамбуу дух, тохойгоо шалбалсан хэрнээ халаасандаа байгаа архиа хагалаагүй байж билээ. Орой нь болж бид ганц юмаа уух гээд сууж байтал Доржпалам гуайд баригдаад. Тэр үед Дашдооров гуай нутагтаа амрах гээд ирчихсэн байсан юм. Найруулагч маань “Энэ нөхдүүд онгоц халаана гэж худлаа хэлж архинд явсан байна” гээд бөөн инээдэм болж билээ. Уран бүтээлчид гэдэг биенээ байнга явуулж байдаг хачин дэггүй улс л даа.

Д.Оюунтуяа 

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3171 санал өгсөн байна.

Дээшээ