Эдийн засаг тэнцвэржиж, эрүүл горимд шилжиж эхэллээ. Түүнийг тодорхойлох гадаад худалдааны алдагдал огцом буурч, төлбөрийн тэнцэлд нааштай тоонууд харагдах боллоо. Сульдаж явсан эдийн засаг худалдааны дарамтаас чөлөөлөгдөж, хөл дээрээ зогсохтойгоо болж, сэргэлээ.
“Эдийн засаг хямралтай үед шинэ компаниуд судалгаа, бэлтгэл ажлаа хийж авбал хэмнэлттэй байдаг тул бизнес эхлүүлэх тохиромжтой цаг”
"Ноён" долларын өмнө хөл алдаад буй эдийн засаг гадаад худалдаагаа тэгшитгэж, хэрэглээг дэмжсэн импорт бага зэрэг хумигдлаа. Тухайлбал, Өргөн хэрэглээний импорт зургаан сая ам.доллараар буурчээ. Нийтэд нь аваад үзвэл импорт 17.3 хувиар буюу 197 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй энэ улирлыг үдэж байна. Ингэснээр дотоодын үйлдвэрлэл хөгжих, байгаа нэг нь байр сууриа бататгах боломж гарч ирэв.
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Л.Оюун "Гадаад худалдааны алдагдал буурах тусам дотоодод үлдэх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ" хэмээн өгүүлсэн юм.
Үйлдвэрлэлийн бүтцээ эргэж харах зайлшгүй шаардлагатайг өнөөгийн ханшийн хөдөлгөөн харуулахын сацуу өөрсдөө хийж бүтээхийг монголчуудад шавдуулсан. Экспорт энэ оны эхний улиралд өнгөрсөн оныхоос 22 хувиар өссөн бөгөөд уг өсөлтийн 21.1 хувийг ашигт малтмалын экспортын өсөлт бүрдүүлжээ.
Өөрөөр хэлбэл, үлдэж буй 0.9 хувь нь уул уурхайн бус экспорт. Үүнийг өсгөж, дээрх зөрүүг ойртуулж чадваас эдийн засаг амархан ганхаад байхгүйг энэ оны Монголын эдийн засгийн чуулганы оролцогчид хэлж байсан.
Өмнө нь худалдааны өндөр алдагдалтай, түүндээ түүртэж явсан эдийн засаг тэнхээрч, цагийн байдал эндээс эргэж байна. Илааршиж буй гадаад худалдаа өндийж, эдийн засаг амсхийх нь. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны нэгдүгээр улиралд гадаад худалдааны алдагдал 9.1 сая ам.долларт хүрчээ.
Энэ нь өнгөрсөн оныхоос 97.7 хувиар буюу 386.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. СЭЗДС-ийн зөвлөх багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан "Хэрэглээнд чиглэсэн импорт буурч байгаа бол сайн хэрэг" гэж гадаад худалдааны алдагдлыг дүгнэсэн юм.
Өнгөрсөн гурван жилийн турш гадаад худалдаанаас дунджаар 2.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байсан эдийн засаг энэ улиралд багагүй тохиргоог өөртөө ханшаар дамжуулж хийсэн нь онож. Тиймээс эдийн засаг урьдын гажиг тогтолцооноос ухарч, гажуудлаа засах гэж мэрийж байна. Энэ нь ам.долларын ханшаар илүү тод илэрч, импортын хамжааргагүй урсгалыг хязгаарлах “зэвсэг” болж өгчээ.
Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансен "Төгрөгийн ханшийн уналт нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, уул уурхайн бус салбар хөгжихөд туслах учиртай. Мөн энэхүү ханшийн уналт нь импортын өсөлтийг хязгаарлаж байгаа учир төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулж байна" гэв.
Импортын задгай хэрэглээтэй монголчуудад ханшийн өсөлт таалагдахгүй нь мэдээж. Тэр тусмаа энэ нь зарим улстөрчдөд бэлэн “өгөөш” болохыг үгүйсгэх аргагүй. Тэгвэл эдийн засагт ам.долларын ханш өссөн нь нэг талаасаа илүү зохиж байна. Түүний хүчинд тэнцвэрээ олж, гадаад худалдаа “хур” алдагдлаас богино хугацаанд ангижрах таатай нөхцөл бүрдлээ.
Шинжээч Л.Бямбаа “Эдийн засаг хямралтай үед шинэ компаниуд судалгаа, бэлтгэл ажлаа хийж авбал хэмнэлттэй байдаг тул бизнес эхлүүлэх тохиромжтой цаг” гэж онцолсон. Үйлдвэржих тухай, үйлдвэрлэх талаар, нөөц боломжоо ашиглаж, бүтээгдэхүүний гарцаа нэмэгдүүлэх асуудлыг энэ үед л илүүтэй хөндлөө.
Энэ нь баялаг олборлогчоос баялаг бүтээгч рүү хөтөллөө. Импорт "нас"-гүйг нотолж, экспорт чухал болохыг баталлаа. Өөрөөр хэлбэл, ханш өссөн нь зоос хоёр талтайг дахин сануулж, хийж бүтээвэл бүгд ирнэ гэдгийг ойлгуулж байна, бидэнд.
Б.Баяртогтох