Профессор Б.Пүрэв- Очир (МУБИС)
Бичгийн зарим хүмүүс бичих, зохиохдоо монгол хэлний нийлмэл үгүүлбэрийг бүтээх энэ баялаг аргыг буруу талаар хэрэглэж, хэдэн зуун үг багтаасан, хэтэрхий их нуршуудалтай урт нийлмэл үгүүлбэр хэрэглэж бичсэн нь цөөнгүй байдаг. Гэвч алив бичиг зохиолын уншигчдад ойлгомжтой сайхан болох нь дан ганц түүний урт буюу эсвэл богино үгүүлбэрээр найруулснаас болохгүй, харин аль зэрэг чадвартай сайн найруулснаас болно…
(Академич Ш.Лувсанвандан: “Монгол хэлний нийлмэл үгүүлбэрийн тухай”, 1957, өгүүллэгээс)
Нийгмийн хэлшинжлэл, танихуйн хэлшинжлэл, соёл хэлшинжлэл гэх зэрэг өнцгөөс орчин цагийн монгол утга зохиолын хэлний хэрэглээний нэн шинэ үеийн байдал, чиг хандлагыг орон зай, цаг хугацаа, тоо чанар, хүмүүн хоорондын харилцахуйн соёл талаас нь сонирхон ажиглаж, сонин нийтлэлийн, урансайхны, эрдэм шинжилгээний, ярианы, албан хэргийн г.м. найруулгын төрлүүд дэх үг өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, утга найруулга, өнгө аясыг судалж үзэхүл өвөрмөц сонин бүтэц, хэлбэр, зохицолтой хоршоо үгс, холбоо үг, нийлмэл үг, этгээд маягийндуу өвөрмөц хэлц, хэвшмэл хэллэг, үгийн наадам, нэртомьёо, хэт олон үгтэй нийлмэл өгүүлбэрүүд, ормол зээлбэр үг хэллэг олширсоор байна.
Энэ нь монгол хүний сэтгэлгээ, зан үйл, ахуй соёлд өөрчлөлт гарч, ярианы ба бичгийн хэлэнд задлаг хэлбэрүүд түрж, хэлэхүйн хэм хэмжээнд элдэв янз гажилтууд илэрч байгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжих үйл явц түргэсэхийн хэрээр хотожсон иргэн-хүний тоо толгой жилээс жилд нэмэгдэж, нийгмийн бүлэглэлүүдийн зан үйлд өөрчлөлт гарч, өгүүлэгч-сонсогч, бичигч-уншигч гэсэн мэдээллийн солилцоонд бусад хэл, соёлын нөлөө тусаж, нийгэм-соёлын хандлага нь өөрчлөгдсөөр байна гэсэн үг юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл (сонин, сэтгүүл, радио, телевиз г.м.) бол цагийн толь, нийгмийн толь, соёл иргэншлийн өөрчлөлтийн толь байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэл найруулгаар дамжуулан хэл, утга соёл, хүмүүсийн харилцааны олон зүйлийг тандаж болдог. Энэ өчүүхэн судалбарт бид, сонин нийтлэлийн хэлнээс авсан нэгэн “богинохон өгүүлбэр” болон тухайн эх бичвэрийн найруулгад хэрэглээ-давтамжийн талаасаа арай л “цөөдсөн” үйлийн хам –н нөхцөл, түүний найруулгын үүргийн тухайд холбогдуулан, цөөн хэдэн санаа тайлбар хэлэхийг зорив.
2010.08.30-ны өдрийн “МОНЦАМЭ мэдээ” сонины 166 дугаарт “Монголын говиос илгээх илгээлт” (Монгол улсын засгийн газар) гэсэн гарчагтай, нэг талаас нь харвал, сонин нийтлэлийн гэмээр, нөгөө талаас нь харвал, албан хэргийн гэмээр саармагдуу хэл найруулгатай зүйл хэвлэгдсэн байж билээ. Өдөр тутмын зарим сонинд ч яг л тэр эх бичвэр, найруулгаараа гарчээ. Энэ бичил эхийн сонин содон зүйл нь хэт урт, олон үгтэй өгүүлбэрээр бичиж найруулсанд байгаа юм. Одоо эх бичвэрт байгаа нэгэн “богинохон өгүүлбэр”, зарим нөхцөлийн найруулгын үүргийг сонирхъё.
“Монголын говиос илгээх илгээлт” гэсэн энэхүү эх бичвэрийн гол санааг 6 үндсэн цогцолборт хуваан байрлуулж найруулахдаа 400 орчим үгэнд багтаан, бараг л зогсолт тасралтгүй цувруулан бичжээ. Чингэхдээ “…уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцид оролцогч талуудад хандан, энэхүү илгээлтийг гаргаж байна. …улс орнуудын нааштай санал, санаачилгыг ямагт дэмжиж ажиллах шийдвэр төгс байгаагаа энэхүү илгээлтээр илэрхийлж байна” гэсэн “тайлбар , мэдээ” маягийн хоёрхон тохиолдолд л өгүүлбэрийг цагаар төгсгөх “-на…” нөхцөлөөр хэлбэржүүлж, төгс өгүүлбэрээр найруулсан байна.
Харин “Илгээлт”-ийн гол санааны ноён нурууг үүрч буй үлдсэн 350-аад нийлэмжийн доторх тэр олон хэлбэржсэн үг, холбоо үг, хоршоо үг, нийлмэл үг, нэртомьёо, мэргэжлийн үг хэллэг, эдгээрийг багтаасан энгийн ба нийлмэл “урт өгүүлбэр”-ийг зөв зохистой зааглан төгсгөх, хэлзүйн зөв хувилбараар холбох, уншигч ба сонсогчдод бага цагт хялбар дөхөм ойлгуулах г.м. талаас нь сайн бодож боловсруулан төгс сайн найруулж чадсангүй. Өөрөөр хэлбэл, “Хамгийн богино, хамгийн энгийн, зөв холбоосжсон, утга санаа төгс өгүүлбэрээр л хамгийн ойлгомжтой санааг бүтээдэг…” гэсэн логик алдагджээ гэж үзэх үндэстэй байна.
Энэ нь хэлэхүйг зөв хэсэглэн хуваах, өгүүлбэрийг хураах, дэлгэрүүлэх ёс, монгол хэлний өгүүлбэрт цагаар төгсгөх, биеэр төгсгөх нөхцөлийг хэрэглэх тохиолдол, баймж үгээр хувиргах, монгол хүний өөрийн үнэлэмж, өнгө аясыг илэрхийлэх, үүсмэл өгүүлбэрүүдийн бүтцэн хамаарлыг шууд бүрэлдүүлэгчийн арга, хэмжигдэхүүнээр шалгах, эзэн биегүй нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр, тодорхой эзэнт нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр, ерөнхий эзэнт нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр, зэрэгцсэн олон өгүүлэхүүний хэлхэц, нийлмэл өгүүлбэрийн хэсгүүдийг холбох арга, хэрэглүүр, тэдгээрийг солин найруулах боломж, нуршуудалтай давталтаас зайлсхийх зэрэг өгүүлбэрийн найруулгын чухаг чухаг асуудлыг бага анхаарчээ.
Гэхдээ үгүйсгэх аргагүй нэг зүйл бол илгээлт бичиг, санамж бичиг г.з. янз бүрийн албан бичгийг ингэж төгс бусаар, өөрөөр хэлбэл, нөхцөл үйлийн төгс бус хэлбэрээр найруулж, цувруулдаг олон улсын жишиг, албан бичгийн найруулгын загвар, хэв маяг байдаг байна. Өөрөөр хэлбэл, англиар хийвэл…, оросоор хийвэл…, хятад хэлээр бичиж найруулбал… г.м. загвар, тогтсон хэв маяг бусад хэлний найруулга, хэм хэмжээнд байдгийг үгүйсгэх аргагүй юм.
Ийм ч учраас бие даасан утга санаа бүхий цогцолбор (догол мөрөөр зааглагдсан) тус бүрийг цагаар төгсгөх нөхцөлөөр төгсгөлгүй өгүүлбэрийн дотоод холбоосын үүрэг гүйцэтгэдэг -н, -ж, -ч нөхцөлөөр, тухайлбал, 1-р цогцолборыг …”болзошгүйг анхааран” гэж, гуравдугаар цогцолборыг “…анхааралдаа авч” гэж, дөрөвдүгээр цогцолборыг “…цохон тэмдэглэж” гэж, тавдугаар цогцолборыг “…анхааралд хүргэж,” гэж, эцсийн хэтийдсэн урт үргэлжилсэн цогцолборыг “…гаргахыг уриалж,” “…бүрдүүлэхийг хүсч,…”, “…дахин нотолж…”, “…гэдгийг ухамсарлан…” гэх мэтээр -ж; -н-ийг л олон давтан хэрэглэжээ гэж үзэж болохоор байна. Гэхдээ л 400 гаруй үгтэй энэ сунжирсан эхэд хэрэглэгчээс ,уншингуут түргэн дөт ойлгоход бэрх “хэт урт өгүүлбэр” цөөнгүй байгаа төдийгүй сүүлчийн цогцолбор нь л гэхэд 110 гаруй үгтэй байгаа бөгөөд “өгүүлбэрүүдийг цувруулан холбоход” гагцхүү нөхцөл үйлийн зэрэгцүүлэн холбох –ж, -ч, хам холбох -н нөхцөлүүдийг л хэрэглээд, эцэс төгсгөлгүй давтах нь найруулгыг зохистой сайхан болгодоггүйг харуулж байгаа билээ.
Мексик улсын Канкунд болох Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцид оролцогч Талуудын 16 дугаар бага хурлаас уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, ган цөлжилтөд өртөж байгаа, далайд гарцгүй, эх газрын төв дундын хөгжиж байгаа улс орнуудын эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахыг уриалж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг эх газрын төв дундын хөгжиж байгаа орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх, байгальд ээлтэй, тэргүүний технологи дамжуулж нэвтрүүлэх, хөрөнгө санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлэх, уян хатан механизм бүрдүүлэхийг хүсч, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд өндөр хөгжилтэй орнуудын гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага урьдын адил өндөр байх ёстой гэсэн байр сууриа дахин нотолж, уур амьсгалын өөрчлөлтөд өртөхгүй газар нутаг, бүс нутаг, улс орон гэж байхгүй гэдгийг ухамсарлан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи олон улсын хамтын нийгэмлэг, бүс нутгийн байгууллага, улс орнуудын нааштай санал, санаачлагыг ямагт дэмжиж ажиллах шийдвэр төгс байгаагаа энэхүү илгээлтээр илэрхийлж байна.
Гэсэн нийлмэл өгүүлбэрийг ажиглахад богино богино, төгс хэлбэржсэн, бодит байдлын талаасаа үнэн магадлалт баймж утга илэрхийлсэн өгүүлбэрүүдээр найруулах монгол хувилбарыг олж чадаагүйтэй холбоотой байна. Тиймээс ч уншигч бид “Нэгэн богинохон” өгүүлбэр хийгээд арай л “цөөдсөн” –н нөхцөл…” гэж хошигносон өнгө аясаар судалбар таталбараа нэрлэсэн билээ. Монгол хэлний үйлийн нөхцөлдүүлэн холбох “-н” нөхцөлийг энэхүү эх бичвэрт хэрэглэсэн байдал нь:
…үзэл санааг иш үндэс болгон…
…нэн талархалтай байгаагаа илэрхийлэн…
…сөрөг үр дагавар нь хөгжиж байгаа болон…
…хүндээр тусч байгааг онцолж тэмдэглэн…
…ихээхэн уршигт үр дагаварт хүргэж болзошгүйг анхааран…
…НҮБ-ын суурь конвенцид оролцогч Талуудад хандан…
…нутгийн 70 гаруй хувь цөлжиж, бэлчээр доройтон…
…Зүүн Азийн “шар тоос” тив, далай алгасан нүүж…
…олон мянган гол горхи, булаг шанд, нуур цөөрөм хатаж ширгэн…
…бүс нутагт усны хомсдол бодитоор нүүрлэн…
…биологийн олон янз байдал ихээхэн доройтож байгааг цохон…
…улс орон гэж байхгүй гэдгийг ухамсарлан… г.м.-ээр 10 гаруй давтжээ.
Зарим тохиолдолд зөв зохистой хэрэглэснийг үгүйсгэх аргагүй боловч ихэнх тохиолдолд нь солин найруулах, эсвэл төгсгөх нөхцөлөөр сольж, өгүүлбэрүүдийг төгс хэлбэржүүлээд, утгаар холбох, баталж хүүрнэхийг гол болгох байсан болов уу. “Монголын говиос илгээх илгээлт” хэмээх энэ эх бичвэрт 5-6 цогцолбор буюу төгс санаа бүхий хэсгийг том үсгээр эхэлж, догол мөр үүсгэн, өөр хооронд нь утга ба хэлбэрээр ялгасан мөртлөө өмнөх хэсгүүдийг нь өгүүлбэрийн болон эхийн утга санааг төгсгөдөггүй, зөвхөн энгийн ба нийлмэл өгүүлбэрийн дотор зэрэгцүүлэх холбоо харьцааг л илэрхийлж, өгүүлэхүүнүүдийг цувруулан холбоход хэрэглэдэг -н, -ж нөхцөлүүдээр хэлбэржүүлж, тасалсан нь монгол хэлний зохист найруулгын талаасаа төгс өгүүлбэр ба цогцолбор, эхийн утга ба хэлбэрийн холбоонд төдий л нийцтэй биш болжээ.
Энэхүү эх бичвэрт үйлийн нөхцөлдүүлэн холбох “-н” нөхцөл (эрдэмтэн П.Бямбасангийнхаар), үйлийн хам тийн ялгалын нөхцөл (акад. Ш.Лувсанвандангийнхаар)-ийг хэрэглэх тохиолдлууд, солин найруулах ёс хийгээд “-н” нөхцөлийн найруулгын үүрэг, ялгамжааг нарийн мэдрээгүйгээс болж хэт олон удаа давтан хэрэглэсэн нь харагдаж байна. Монгол хэлний нөхцөл үйлийн хамын “-н” нөхцөлийг хэрэглэх тухайд, эрдэмтэн Д.Отгонсүрэн “Орчин цагийн монгол хэлний хам нөхцөл үйлийн найруулгын үүрэг” өгүүлэлдээ: “…хам нөхцөл үйл, орчин цагийн монгол хэлэнд хамгийн элбэг тохиолддог нөхцөл үйлийн хэлбэрийн нэг бөгөөд бидний найруулгын төрөл бүрээс авсан 100 нөхцөл үйл бүхий 3 сонголт эхийг тооцоолсноос үзэхэд, албан бичгийн найруулгад бүх нөхцөл үйлийн 44,3 хувь буюу хамгийн олон, шүлэглэсэн зохиолд 29,6; сонин нийтлэлийн найруулгад 27,7; эрдэм шинжилгээний найруулгад 26,6; үргэлжилсэн зохиолд 22,6 хувийг тус тус эзэлж байгаа нь дундаж хэмжээтэй, ярианы найруулгад дөнгөж 2 хувь буюу хамгийн цөөн тохиолдож байна. Энэ нь нэгд, хам нөхцөл үйл нь бусдаас хэрэгцээ ихтэйг, хоёрт, найруулгын ялгарал (стилистическая дифференциация) сайтайг харуулж байна. (51, 52-р тал)… гээд хам нөхцөл үйлээр хэлбэржсэн өгүүлэхүүний нөхцөл нь нөгөө үйлтэй нэгэн агшинд (цагт) болсныг заана… Хам нөхцөлөөр хэлбэржсэн өгүүлэхүүний нөхцөл нь дараах үйлийнхээ шалтгааныг заасан утга илэрхийлнэ… гэсэн хоёр тохиолдлыг онцлохдоо цуварсан хоёр өгүүлэхүүний харьцаанд л тайлбарласан байдаг. (Д.Отгонсүрэн, “Монгол хэлний хэлзүйн найруулгын өгүүллүүд, Уб., 1996, 52-р тал) Энэ бол монгол хэлний –н нөхцөлийг хэрэглэдэг хүн бүрийн мэдээд авчихад илүүдэхгүй зүйл юм л даа.
Бас монгол хэлний –н нөхцөлийн утга, учир холбогдлын талаар доктор М.Саруул-Эрдэнийн “Монгол хэлний нөхцөл бүтээврийн түүхэн хувьсал” (Уб.,2002) номд сонирхолтой санаа байдгийг найруулга сонирхож, судалгаа хийж буй хүмүүс олж үзвэл ач холбогдолтой байх болно доо.
Эцэст тэмдэглэхэд, Монгол улсын Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гашууны хоолойн элсэн цөлд хийсэн Засгийн газрын хуралдаан нь улиран өнгөрсөн оны онцлох 10 үйл явдлын нэг мөн гэж баярлаж болох авч, нөгөө гол зүйл- “Илгээлт”-ийнх нь нийт өгүүлбэр нь жаахан “богинодож”, нэг нөхцөлийн тоо ялигүй “хэтийдэж”, бас “уур амьсгалын өөрчлөлт” гэдэг нийлмэл нэртомьёо 16 удаа ар араасаа хөвөрсөөр амны уншлага болж, энэ албан бичгийн хэл найруулга сулбайж сунжирсан нь 2010 оны онцолмоор чамбай сайн найруулгын жишээ болж үлдсэнгүй л дээ. За яах вэ, үүнийг болоод өнгөрсөн цагийн явдал юм гэж нэг удаа бодъё л доо, гэвч нөгөө удаа хэлшинжээчийн нүдээр харж эргэцүүлэн үзвээс, алив албан бичиг, захидал, илгээлт, нийтлэлийг тэр тусмаа олон улсын чанартай харилцааны албан бичиг хэргийг хэн хүнгүй, дээр дооргүй чамбай сайхан найруулж, боловсруулах асуудалд хэтэрхий хайнга хандсаар байгаа нь нөгөө төрийн хэлний бодлого, хэлний засаглал, эх зохиогчийн хариуцлага, та бидний эх монгол хэлний маань боловсрол ямаршуухан байгааг харуулж буй тов тодорхой баримт болж үлдэж л дээ.
Өнөөгийн монголчуудад ерөөсөө өнгөрсөн хийгээд өнгөрөн үргэлжилж байгаа цагийн сургамж үлэмж чухал зүйл болсоор байна. Нэг өгүүлбэр ч, нэг дагавар, нөхцөл ч, нэг холбоо, хоршоо үг, нэг харь үг, нэртомьёо ч, нэг утга санаа ч гэсэн, уг зүйлийг найруулж бичсэн, орчуулсан тэр нэгэн хүнийг биш, харин бүхэл бүтэн улс орон, үндэсний хэл бичиг, утга соёлоо төлөөлж байдгийг умартаж боломгүй.