Хэд хоногийн өмнө Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Нэргүйд “Өнөөдөр” сонины уншигч-сурвалжлагчийн үүргийг түр гүйцэтгэх санал тавихад “Хэнтэй ярилцахаас шалтгаална” гэж “томорсон” ч удалгүй зөвшөөрсөн.
Монгол хэл, соёлын төлөө хийсэн ажил, хэлэх үгтэй эрдэмтэн Д.Төмөртогоо хэмээх сайхан бууралтай ярилцах завшааныг алдах “эрхгүй” гэдгийг тэрбээр хэнээс ч илүү мэдэх учраас тэр л дээ. Угаас уран зохиол, ном хэвлэлтэй “зууралдах” тавиланд төрсөн энэ эрхэм үг бүрийг “хүлхэж, түлхэж, мөлжиж” ярьдаг зантайг танилууд нь андахгүй.
Уншигчид түүнийг Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”, С.Есениний “Сонгомол шүлгүүд”, Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” зэрэг орчуулгын номоор нь эчнээ танина. “Ил товчоо”, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”-д сэтгүүлч байсан Жигжидсүрэнгийн Нэргүй энэ удаа “Өнөөдөр”-ийн уншигч-сурвалжлагч боллоо. Харин зочин маань “Монгол хэлний түүхэн хэл зүйн онол”, “Монгол хэлний биеийн төлөөний үг”, “Монгол дөрвөлжин бичиг”, “Монгол-Англи-Япон хэлний толь бичиг” зэрэг 10 гаруй ном бүтээл, 80 орчим өгүүлэл бичсэн, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич хүн.
Багадаа өнчрөөд, төрөөд дөнгөж гурав хоногтойгоосоо ингэний сүүгээр тэжээгдсэн юм билээ. Тэгэхээр нэг талаар тэмээ гэдэг амьтан миний ээж байгаа биз.
Монгол хэл, соёлын түүхтэйгээ “бурантаглуулсан” эрхэм эрдэмтэн Домийн Төмөртогоо гуай өдгөө Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж буй. Ная шүргэж яваа гэмээргүй цэмцгэр, цэгцтэй түүний ярилцлагыг тэмдэглэн буулгалаа, болгооно уу.
-Энэ жил өнөтэй өвөлжиж, хавартай эрт золголоо шүү.
-Хуртай сайхан хавар болж байна. Ер нь байгаль дэлхийн араншин аливаа хүний сэтгэл зүйгээс эхлээд улс орны ажил амьдралд ч нөлөөтэй чухал хүчин зүйл шүү дээ.
-Цагаан энерги, аура бүрхүүл гэдэг шиг байгалийн нөхцөл байдал хүн, нийгэмд нөлөөлөлгүй яах вэ. Ер нь аура гэдгийг манай буурлууд монголоор юу гэдэг байсан юм бол?
-Сүүлийн үед бүрхүүл гэж ярих болж. Бурхны зургийг гадуураа бүрхүүлтэй зурсан байдаг. Тэр талаар их эрт мэдэж байж л дээ.
-Ер нь хаа газарт бурхдыг тэгж зурсан байдаг нь тухайн хүний оюуны чадавхийг илэрхийлсэн юм болов уу. Би сүүлийн үед нэг өвчтэй болчихоод байна аа. Аливаа гадаад үгийг монголоор юу гэж хэлдэг байсан бол, одоо юу гэж хэлбэл оновчтой вэ гэж толгойгоо эргүүлдэг болчихлоо. Тэгээд л тэр аура гэдгийг “Төрмөл хуяг, төрөлхийн хуяг” юм гэж бодлоо. Бүрхүүл хэдий чинээ зузаан байна тэр хэрээр хараал, өвчин, муу зүйл хүлээж авахгүй хуяглагдсан гэж ойлгож болох уу?
-Билгийн нүдээр харвал тийм л юм байх даа. Мань мэт тэрийг нь олж харах биш дээ. Яг энэ талаар сайн мэдэхгүй юм. Таны хэлдгээр хамгаалалтын хуяг болохоос гадна тэр зүйлээ гадагш цацруулж, өөрийн эрчмийг хүмүүст өгдөг байх л даа.
-Эрдэмтэд гэдэг угаас нэр төр хөөж, олны өмнө гарч, цээжээ балбадаггүй, орчин үеийн хэлээр бол шоудах дургүй хүмүүс. Тиймээс зөвхөн тухайн хүрээндээ л танигддаг. Өнөөдөр ганц дуу дуулсан хүний гишгэсэн газар, унтсан, сэрснийг нь мэдэх шахуу болчихож. Элдэв зүйл нуршсан учир нь нутаг ус, бага насны тань тухай асуух гэсэн юм. Хаана боловсрол эзэмшсэн, ямархан намтартай хүн бэ, Та?
-Би бусдын л адил өсөж, хүмүүжсэн. Өмнөговийн Ханбогд сумын хүн. Үеийнхнийхээ адил мал маллаж өссөн. Говийн хүн болохоор тэмээ голдуу малласан даа. Багадаа өнчрөөд, төрөөд дөнгөж гурав хоногтойгоосоо ингэний сүүгээр тэжээгдсэн юм билээ. Тэгэхээр нэг талаар тэмээ гэдэг амьтан миний ээж байгаа биз. Тиймээс би тэмээнд онцгой их хайртай. Сургуульд тэр үеийн жишгээр есөн настай орсон. Дөрөвдүгээр ангиа төгсөөд, Цогтцэций сумын долоон жилийн дунд сургуульд орсон. Сайн ч үгүй, муу ч үгүй явсаар төгссөн.
-Сайн ч үгүй, муу ч үгүй гэж болохгүй байх аа. Та бол шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор шүү дээ...?
-Сурагч байхдаа гавьяат болсон биш. Тэр үед бусдын адил хүүхэд байсан.
-Хэлний мэргэжил сонгох шалтгаан юу байсан бэ?
-Дунд сургуулийн Агваандоо, Даваа багш нар маань монгол, кирилл үсгээр маш гоё бичдэг, эмх цэгцтэй ярьдаг, хичээлээ сайхан заадаг байлаа. Тэд их үлгэр болсон. Дунд сургуульд байхдаа ганц нэг шүлэг бичдэг байсан, одоо бодохоор ичмээр дээ. Багш маань магтаж, онгироодог байж. Тэгэхээр нь хааяа нэг “Говийн мэдээ” сонинд шүлгээ гаргачихна.
Хөлсөнд нь тав, зургаан төгрөг хүртээд, тэрүүгээрээ лаазтай молоко аваад сорчихдог байлаа. Тийм л үе байлаа шүү дээ. Тэрнийхээ дагуу их сургуулийн монгол хэлний ангид шалгалт өгсөн. Тэр үед оюутнуудыг сангийн аж ахуйд ургац хураалтаар явуулдаг байсан юм. Аравдугаар сарын нэг өглөө цас орлоо. Багш нар “Анхны цас” сэдвээр шүлгийн уралдаан зарлаж, би сүүл мушгиад их ичиж билээ. Тэгээд л шүлэг бичих нь миний ажил биш гэдгийг ойлгоод орхисон.
Харин ангийн анд Б.Жамд маань “Чамд хэлний мэргэжил л тохирно” гэж сэнхрүүлсэн нь надад их хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Тэгж ярилцсаны дараа өрөөндөө ороод унтах гэсэн нойр хүрэхгүй, өөрт байсан хэлний хэдэн номыг эргүүлсээр үүр цайлгаж байлаа.
-Таны сэтгэлийн утсыг яг олж хөндөж дээ. Тэгэхээр дурлаж, хүсэж энэ мэргэжлийг сонгож, тийм үү?
-Тэгсэн. Үүнээс гадна өөр нэг дурсамж сөхөхөд Ш.Лувсанвандан багш маань хичээлийн үеэр Америк, Германы том эрдэмтдийн ном үзүүлсэн юм. Тэр номыг барьж үзэхийн хүслэнд автаж, завсарлага болмогц багшаас зөвшөөрөл авлаа. Тэгээд нөгөө номыг гартаа барьтал биеэр тог гүйх шиг болж, бас их сонин байдаг юм билээ. Философийн багш Лувсанцэрэн Герман, Унгараас Дорно дахин, монгол судлалын талаарх олон ном авчирсныг нь үзээд бас их хүчтэй сэтгэгдэл төрсөн. Ер нь түүхэн судрууд жигтэйхэн сонирхолтой шүү дээ.
-Таны үед Монголын их, дээд боловсролын сурган хүмүүжүүлэгчдийг анхлан бэлтгэж байсан болохоор ихэвчлэн залуу багш байжээ. Их сонирхолтой цаг үе шүү?
-Тийм шүү. Тэр үед ажиллаж байгаад оюутан болох нь элбэг байсан. Багшаасаа хамаагүй ахмад хүн олон байлаа. Нэг жишээ хэлэхэд, Хөвсгөлөөс ирсэн Дорлиг гэж нэлээд ахмад шавь маань намайг “Багш аа, хүү минь” гэж дууддаг байсан.
-Та эртний бичгийн дурсгалууд, тэдгээрийн онцлог хэл зүйн шинжийг голлон судалдаг хүн. Монголын нутгаас олдсон хамгийн эртний хад, чулууны бичээс аль үед хамаардаг бол?
-Хамгийн эртнийх нь 1224 онд бүтээсэн Чингисийн чулууны бичиг гэж үздэг. Эх хувь нь одоо Эрмитажид хадгалагдаж байгаа.
-Тийн ялгал, гээгдэх эгшгийн дүрэм гэхчлэн эртний бичиг одоогийнхоос хэр ялгаатай байсан бэ?
-Бидэнд уламжлагдан ирсэн хамгийн эртний бичиг ХIII зуунаас эхтэй. Ер нь эртний монгол хэлний дөрвөн янзын бичгийн дурсгал бий шүү дээ. Түүний нэг нь уйгаржин бичгийн дурсгал. Энэ дурсгалын бичигдсэн цаг хугацаа нь ХIII зуун. Харин түүнд туссан хэлний онцлог нь үүнээс 400 орчим жилийн өмнөөс үүсэлтэй.
VIII, IX зууны үед Уйгарын хаант улс мандаж байсан үед монголчууд энэ бичгийг анх авч, өөрийн хэлэндээ тохируулан, үсэг нэмж, засаад өдгөөг хүрсэн. Уйгар хэл ердөө 14 үсэгтэй, үүнээс ганц нь эгшиг, 13 нь гийгүүлэгч. Ийм үсгийг баяжуулж, өөрийн болгосоор ХIV зуун гэхэд 123 үе үсэг зохиосон байдаг. Ингэж өөрийн хэлний хууль зүйг тусгаад өөрийн болгосон болохоор үндэсний монгол бичиг болж байгаа юм.
-Шууд хуулбарласан гэх аргагүй гэсэн үг үү?
-Ер нь дэлхий дээр цэвэр өөрсдөө зохиогоод хэрэглэж байгаа хэл ховор шүү дээ. Жишээ нь, Европын бүх хэлэнд латин үсэг хэрэглэж байна. Хэдхэн төрлийн үсгээс салбарлаад үндэстнүүд өөрийн үсэг, бичгийг боловсронгуй болгон хэрэглэж ирсэн.
-Уйгар бичиг ганц эгшигтэй гэлээ. Тэр нь ямар эгшиг юм бэ?
-Үгийнхээ утгаас шалтгаалаад янз бүрээр хөрвөх чадвартай эгшиг юм. Өмнөх хойдох гийгүүлэгчээсээ хамаарч, өөрөөр дуудагддаг.
-Тэгэхээр тэрийг боловсронгуй хэл гэж үзэх үү?
-Боловсронгуй биш гэж үзэх аргагүй л дээ. Одоогийн араб үсэг ч боловсронгуй бичиг шүү дээ.
Аль ч улс эх хэлээ цэвэр ариун байлгаж, нандигнан хадгалж, хамгаалах ёстой. Гэхдээ харилцааны хэрэглүүр болсон хэл гэдэг байнга бохирдож байдаг. Бохирдохын хажуугаар цэвэршиж байдаг амьтай зүйл.
-2004 онд Хэл зохиолын хүрээлэнгийн хөмрөгөөс Сумъяабазар гуайн олсон “Монголын нууц товчоо”-г (МНТ) үе үсгээр бичсэн байсан нь сонирхол татсан шүү.
-Хятад ханз үсгээр буулгасан эхийг монгол бичгээр галигласан хэрэг. Ер нь МНТ-ны жинхэнэ эхийн үг нь монгол хэрнээ хятад ханзаар буулгасан байдаг шүү дээ. Тодруулж хэлбэл, хятадаар галигласан гэсэн үг.
-Та Энэтхэг, Япон, Герман, Америк зэрэг томоохон оронд олон жил зочин профессор байсан хүн. Мөн олон орноор явж, судалгаа хийсэн. Ер нь гадаадын орнуудад Монголын хэл зүй болон манайхны тухай бичиж, туурвисан эрдэмтдийн бүтээл хэр олон байдаг бол?
-Би Лувсанвандан, Лувсанцэрэн багшийн номноос монгол судлалын тухай үзэж харж байснаас гадна 1960-аад оны үед Улсын номын санд олон жил сууж, ном уншиж, материал цуглуулсан. Монгол хөмрөгийн эрхлэгч Дагва гэдэг өвгөн өдрийн цайнаар намайг цоожлоод явчихна. Тэгж сууж судалгаа хийдэг байлаа. Монголын номын сангуудад судалгааны материал хангалттай ч дээд зэрэгт хүрсэн гэж хэлэхгүй. Энэтхэгт монгол судлал хөгжөөгүй болохоор энэ талын ном бүтээл бараг байдаггүй юм. Харин Япон, Герман, Тайвань, Америкийн номын санд монгол судлалын бүтээл арвин бий.
-Хэл зохиолын хүрээлэнгийн захирал байсан таныг хэл, соёлын хилийн цэргийн дарга гэж болохоор. Тиймээс монгол хэлэнд элдэв янзын ормол үг олширсноор эрлийз боллоо гэдэг талаар таны саналыг сонсъё.
-Энэ их чухал асуудал. Аль ч улс эх хэлээ цэвэр ариун байлгаж, нандигнан хадгалж, хамгаалах ёстой. Гэхдээ харилцааны хэрэглүүр болсон хэл гэдэг байнга бохирдож байдаг. Бохирдохын хажуугаар цэвэршиж байдаг амьтай зүйл. Их мөрөнд элдэв зүйл орж л байдаг. Тэрийгээ өөрөө урсгаад, хаяад, цэвэрлэдэгтэй утга нэг юм. Гадаад хэлнээс үг орж ирэхийг 100 хувь үгүйсгэж болохгүй. Өөр үндэстний үг орж ирээгүй, өөрийнхөөрөө байгаа хэл гэж байхгүй.
Гэхдээ хэмжээ хязгаар гэж бий. Гадаад үгийг өөрийн хэлээр илэрхийлэх огт боломжгүй тохиолдолд тухайн үгээр нь авч болно. Ер нь шинэ ухагдахуун, шинэ техник технологи зэрэг өмнө нь бидний амьдралд огт байгаагүй зүйлүүд гарч ирж байгаа тохиолдолд тэр бүгдийг өөрийн хэлээр буулган, орчуулна гэдэг боломжгүй. Олон улсын нэр томъёонууд байна шүү дээ. Нэг энгийн жишээ хэлье. Гуч, дөчөөд онд “больниц, сестра, стол, шприц” гэхчлэн олон орос үгийг шууд хэрэглэж байсан.
Энд тэнд хаяг янз бүр байгаагаас хэл мөхлөө гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь эх хэлээ хамгаалсан хуультай байх ёстой, зөв хэрэглэх, гутаахгүй байх, буруу хэрэглэсэн тохиолдолд ямар хариуцлага тооцох тухай.
Бичиг үсэггүй хүн ч гаргахгүй мэддэг тэдгээр үг 60, 70 жил монгол хэлний хамгийн идэвхтэй үгийн санд байсан. Харин одоо бараг хэрэглэхгүй байгаа биз дээ. Үгсийн сангаас гарсан гэж болно. Энэ бол цэвэрлэгдэж байгаа хэрэг. Орчуулах, илэрхийлэх боломж байхад гадаад үгс хэрэглээд байвал болохгүй л дээ.
-Ер нь хэлний үгийн сангийн төдөн хувьд нь гадаад үг хэрэглэж болно, болохгүй гэсэн шалгуур байдаг уу, зөвхөн манайд гэлтгүй бусад оронд ч?
-Эрдэмтдийн саналаар бол 10-аас илүү хувьд гадаад үг хэрэглэж болохгүй гэдэг. Сүүлийн үед хэл мөхөх талаар их ярих болсон. Дэлхийн хүн амын харилцдаг зургаа, долоон мянган хэл байснаас сүүлийн 50 жилийн дотор нэлээд нь мөхсөн гэсэн судалгаа байгаа. Яг ямар хэл мөхөж байна гэхээр гол төлөв том гүрний доторх үндэстний цөөнх, Бразилийн ширэнгэд байдаг цөөн омог, ястны хэл мөхөж байгаа. Тэр бүгдийг л хэл соёл гэж бүртгээд байсан хэрэг л дээ. Монгол хэл мөхөж байна гэдэгтэй би санал нийлдэггүй. Бие даасан хэл ямар шинжтэй байх ёстойг ЮНЕСКО-гоос гаргасан асуулгад тодорхойлсон байдаг юм. Хамгийн чухал нэг зүйл нь, мэдээллийн бүх хэрэгсэл өнөөдөр монгол хэлээр байгаа. Бүх шатны сургалт эх хэлээрээ явагдаж байна. Төр, захиргааны бүх үйл ажиллагааг монголоор хөтөлж, явуулж байна.
Түүнчлэн хамгийн өндөр шалгуур бол шинжлэх ухаан, техник технологийн бүтээлийг өөрийн хэлээр бичиж, орчуулж, сургалтад ашиглаж чадаж байна гэдэг нь хэлний хувьд хамгийн дээд түвшин. Энэ хэдэн түвшингээр үзэхэд өнөөдөр монгол хэлний хэрэглээ бүрэн дүүрэн, дархлаатай байна. Мөн хэлний чадвар гэж бий. Тэр нь алдагдаад ирэхээр тухайн зүйлийг илэрхийлэх нарийн үг хэллэг, өнгө аяс байхгүй болно. Өнөөдөр монгол хэлээр хүнийг инээлгэж, элгийг нь хөшөөж чадна. Бас уурлуулж, уйлуулж чадаж байна. Бид сайхан ном зохиол уншаад сэтгэл хөдөлж байна. Энэ бол хэл хүч чадлаа хадгалж байгаагийн илэрхийлэл.
Гэхдээ ийм байна гээд тайвширч болохгүй. Энэ чадамжийг нь хадгалах хэрэгтэй. Энд тэнд хаяг янз бүр байгаагаас хэл мөхлөө гэж ойлгож болохгүй. Ингэж санаа тавих нь зөв. Энэ бол засаж болох зүйл. Хамгийн гол нь эх хэлээ хамгаалсан хуультай байх ёстой, зөв хэрэглэх, гутаахгүй байх, буруу хэрэглэсэн тохиолдолд ямар хариуцлага тооцох тухай. 2003 онд Төрийн албан ёсны хэлний хууль гэж баталсан. Энэ хууль сайн болсон.
Гэхдээ хэлний буруу хэрэглээтэй тэмцэх арга зам, хариуцлагыг заасан хэрнээ хамгийн гол нь яаж, хэн хэрэгжүүлэхийг нь орхисон. Тэгэхээр хуулийн хэрэгжилт муу байгаа юм. М.Батчимэг тэргүүтэй эрдэмтэн, гишүүдийн санаачилсан эх хэлний хуулийн төсөлтэй би танилцсан. Өмнөх хуулийнхаа сул талыг нөхөх чадвартай, дажгүй хууль болсон гэж бодож байна. Гэхдээ хүмүүс олон янзын зүйл хэлж байсан. Бид ер нь шинэ юм гаргаж ирэхэд дандаа үгүйсгэж, өөлөөд байж болохгүй.
-Харахад, сонсоход монгол үгийн бүтэцтэй боловч сэтгэлгээ нь гадаад үг олширлоо. Дээхнэ үеийн манай ахмад зохиолч, найрагчид шиг уран яруу, баялаг сонсголонтой үгс хэрэглэхээ больжээ. Би хэл ядуурлаа гэдэгтэй холбож асуугаад байна л даа. Жишээ нь, бороог илэрхийлдэг 75 янзын үг байдаг юм билээ. Үүнийг мэдэж байгаа хүн одоо хэд байгаа бол?
-Үгийн санд байгаа хуучин үг хэллэгүүдээ хэрэглэхгүйгээс болж мартагдахад хүрч байгааг хэл ядуурна гэдэг юм. Нэг үгний олон утгаас бид ердөө ганц, хоёрыг л мэдэж байна. Хэрэглээ нь хумигдсаны шинж. Үүнээс гадна ойролцоо утгатай үгсийг өргөн хэрэглэж, мэддэг байх ёстой. Д.Цэгмид гуайн “Хоньчин Найдан” гэж сайхан зохиол бий.
Намайг бага байхад тэр зохиолыг багш уянгатай сайхан уншихад олонх хүүхэд мэгшээд уйлдаг байлаа. Би 1980-иад онд нэгдүгээр дунд сургуульд оюутны дадлага удирдаж байхдаа хамгийн сайн нэг оюутнаараа “Хоньчин Найдан”-г уншуулахад нэг ч хүүхэд уйлаагүй. Тэр бүү хэл утгыг нь бүрэн сайн ойлгохгүй байх шиг санагдсан. Ямар ч байсан сэтгэлийн хөдөлгөөн ажиглагдаагүй. Хотын хүүхэд тэр зохиолд гардаг орчныг мэдрээгүй, дээрээс нь хэл хуучирч, шинэчлэгдэж байдагтай холбоотой байх. Тэгвэл өнөөдөр “Хоньчин Найдан” зохиолыг сонсоод уйлах нь битгий хэл ойлгох нь хэд байгаа бол.
Зарим асуултад зүгээр л зүйр цэцэн үг хэлээд хариулах жишээтэй. Гоё уянгалуулахдаа гол биш, зөв зохистой газарт нь л хэрэглэхэд хүүхэд тэрийг ойлгоод, тогтоогоод явна.
-Өсөж, төрсөн орчны нөлөөг үгүйсгэхгүй. Гэхдээ миний асуугаад байгаа зүйл бол хүний сэтгэлийг “тон” хийлгэх сайхан зохиол гарахгүй байгаа ийм ядуурлаас яаж гарах вэ?
-Миний бодлоор үгийн сангийн хэрэглээний чанарыг сайжруулах хэрэгтэй. Бага ангиас нь, гэртээ байхад нь нөгөөх сайхан зүйр цэцэн үгсийг хэлж, ярьж, хэрэглүүлж сургах хэрэгтэй байна. Манай хөдөөгийн хөгшид ерөөл, магтаал хэлж байгаа мэт сайхан ярьдаг шүү дээ. Зарим асуултад зүгээр л зүйр цэцэн үг хэлээд хариулах жишээтэй. Гоё уянгалуулахдаа гол биш, зөв зохистой газарт нь л хэрэглэхэд хүүхэд тэрийг ойлгоод, тогтоогоод явна. Дунд сургуульд нас насных нь онцлогт таарсан зүйр үгсийг цээжлүүлж, оньсого таалгадаг хөтөлбөр байх ёстой. Аман зохиолын амт шимтийг мэдрүүлэх нь чухал байна. Үүнийг эцэг эхээс эхлэх ёстой гэж боддог. Гэтэл өнөөгийн аав, ээж нар ямар хэмжээнд, яаж ярьдаг билээ. Зөвхөн аав, ээж гэлтгүй энэ бол нийгмийн гишүүн бүрийн үүрэг. Бүх түвшинд анхаарах асуудал.
-Өнөөгийн сэтгүүлчид “хэлгүй” болжээ. Саяхан нэг залуу өдөр тутмын сонинуудын өргөн хэрэглэдэг үгийг тоолоход 600-гаас хэтрэхгүй байна гэсэн судалгаа гарчээ. Сэтгүүлч бэлтгэдэг сургуулиуд чанаргүй байна гэсэн үг үү?
-Сэтгүүлчдийн хэлний боловсролыг сайжруулах нь чухал. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн газруудад хэл, найруулгын редактортой байх хэрэгтэй. Тэгж ажлын талбар дээр бодитоор засаж, залруулахгүйгээр, зөвхөн сургалтаар ян тан бэлтгэгдсэн сэтгүүлч гаргана гэвэл юу л бол. Тэгж яривал бүр гэр бүл, цэцэрлэгийн хүмүүжлээс эхлээд дунд боловсролын хүрээг хамарсан том асуудал болно.
-Хүмүүсийн дунд нэг буруу ойлголт байна. Доктор л бол мундаг, агуу гэж боддог. Гэтэл ямар ч цол, гуншингүй жирийн нэг инженер Моондой хүний яриаг цахим хэрэгсэлд бичлэг болгоод буулгачихдаг программ бүтээчихэж. Гэтэл дэмжих хүн алга гээд үгээ барчихсан явж байна. Мөнгө байтугай үгийн санг дижиталаар өгчих хүн олдохгүй байна гэсэн. Манайд ийм хүмүүсийг дэмжих механизм алга.
-Миний бодлоор тухайн зүйлийг хийсэн хүн өөрөө бүх сувгаар гарц эрж, хайх ёстой. Нөгөөтэйгүүр тийм зүйлийг ажиглаж, олж мэдсэн тань шиг хүмүүс бас мэдээллийг түгээж, дэмжиж, туслах ёстой. Төсөл гэж нээлттэй сайхан зүйл байдаг. Хэрэгтэй төсөл бичээд, танилцуулж чадвал хүн бүрт оролцох боломж бий. Төсөлд заавал эрдмийн цол, боловсрол энэ тэр хэрэггүй шүү дээ.
-Та сурган хүмүүжүүлэх салбарт насаараа ажилласан. Зургаан настнуудыг ширээний ард суулгадаг болсныг юу гэж үздэг вэ. Бас гадаад хэлийг багаас нь сургана гэдэг зөв үү. Эрдэмтэн мэргэд 13 наснаас нь гадаад хэл сургах хэрэгтэй гэх юм билээ?
-Төрөлх хэлээ сураад, тэрүүгээр сэтгээд сурсны дараа гадаад хэл сургах нь зөв гэж боддог. 13 нас бол эх хэлээрээ сэтгэж чаддаг болсон үе. Өөрийн болон гадаад хэлийг харьцуулж, төстэй, ялгаатай тал нь юу байна гэж барьцаж, харьцах юмтай байж л хүний хэл соёлыг сурна. Бүр багад нь хэл заахаар хүүхэд ухамсартайгаар сурахгүй. Гэхдээ монгол хэлээ сайн мэдэхгүй, өөр олон орны хэлээр нэвтэрхий байгаад яах юм бэ, Монгол Улсад хэрэггүй шүү дээ. Зургаан настай хүүхдийг сурагч болгохыг буруу гэхэд хэцүү. Таван настайгаас нь сургадаг газар ч бий.
Сургалтын арга барилдаа анхаарах нь чухал. Тэгэхгүйгээр шууд л үсэг, ном заагаад эхэлбэл хүүхдэд хүнддэх тал байхыг үгүйсгэхгүй. Ер нь хүүхдийн оюуны нөөцийг эвдэлгүй, зөв залуурдаж чадвал асар их чадамж байгаа. Гуравхан настай хүүхэд гар утасны товчлуурыг зөв дараад, харааныхаа тогтоолтоор хаана, ямар юм байдгийг мэддэг. Энэ бол их нөөц байгаагийн илрэл. Ер нь хүүхэд ухамсраар, биш сонирхлоор л сурдаг шүү дээ. Гэхдээ заавал зургаатай сургуульд орох ёстой гэж хуульчлах буруу.
-Монголчууд соёл иргэншлийн их онцлогтой ард түмэн шүү дээ. Тэгэхээр хүүхдээ дагаад нэг хэсэг нь малаа хаяж, нүүдлийн иргэншил маань эзгүйдэх гээд байх шиг. Гэр бүлийн хоёрын нэг нь хүүхдээ дагаад төв суурин газар бараадаж, нөгөөх нь малаа хараад үлдэж байгаа. Үүнээс болж гэр бүлийн амьдрал бутрахад хүрч байна. Дээрх асуудлыг хамтран судалдаг байгууллага манайд байна уу?
-Тийм судалгаа байдаг, эсэхийг би мэдэхгүй. Боловсролын хүрээлэн зэрэг газарт судалдаг байхыг үгүйсгэхгүй. Миний ажлаас тэс өөр зүйл болохоор мэдээлэл алга. Боловсон орнуудад нийгмийн асуудал гэдгийг онцгойлон авч, судалдаг. Жишээ нь, боловсрол эзэмшүүлэхдээ хүйсийн тэнцвэрийг хүртэл харгалздаг. Энэ бол ирээдүйд гэр бүл төлөвлөлт, боловсролтой эрэгтэй, эмэгтэй хүний хувийг ойртуулах зэрэг олон зүйлд нөлөөтэй. Өмнөх нийгмийн үед манайд энэ бодлого бас байсан. Нэг ангид эмэгтэй, эрэгтэй оюутны тоо тэнцвэргүй байна гэдэг өнгөц харахад тоон үзүүлэлт мэт боловч цаанаа нийгмийн том асуудал юм.
Энэ далимд би саналаа хэлье. Үсгийн дүрмийг боловсронгуй болгох шаардлагатай. Энэ бол Ажлын хэсгийн хэдэн хүний санал биш.
-Журамласан толийн ажил юу болж байгаа вэ. Эцэслэсэн шийдвэр гарсан уу?
-Би уг нь Ажлын хэсгийн гишүүн байсан. Одоо мөн, бишээ ч мэдэхээ байсан. Яагаад гэхээр ажил зогсчихсон. Миний бодлоор үүнд хоёр шалтгаан нөлөөлсөн. Цахимаар баахан шуугиж, янз бүрийн сэтгэгдэл бичсэн нь болгоомжлох нэг шалтгаан болсон. Нөгөөтэйгүүр үсгийн дүрмээ сольчихоор сургалт энэ тэр гэсэн бөөн асуудал гарна, боловсролыг шинэчлэх биш, унагаасан хэрэгт орохоос болгоомжилсон байх.
Ерөнхий сайд уг нь ажлыг энэ ондоо багтаах үүрэг өгсөн. Хэрэгжүүлж байгаа нь Боловсролын яам. Яамны сайдын даалгавраар хэл шинжлэлийн эрдэмтдийг цуглуулж, кирилл үсгийн дүрмийг боловсронгуй болгох нь зөв, эсэх, онол, практик хэрэглээний хувьд ашигтай, эсэх талаар санал бодлыг нь сонссон. Тэр үед улайм цайм эсэргүүцсэн хүн байгаагүй. Нэлээд хэсэг нь дэмжсэн. Зарим нь ингэж ажил болгохоор нэг мөсөн монгол бичиг рүүгээ шилжих санал гаргасан.
Энэ далимд би саналаа хэлье. Үсгийн дүрмийг боловсронгуй болгох шаардлагатай. Энэ бол Ажлын хэсгийн хэдэн хүний санал биш. Бүр 1950-иад оноос эхлээд гадаад, дотоодын монголч эрдэмтэд, тэр дундаа кирилл үсгийн дүрэм зохиосон Дамдинсүрэн багш, Ренчин гуай, Лувсанвандан багш нарын ахмад эрдэмтэн ийм санал гаргасан байдаг.
-Дөрвөн үсгийг хасахгүйгээр асуудлыг шийдээд өг гэсэн хүлээлт байна. Хэзээ энэ ажил цэгцрэх юм бол?
-Дөрвөн үсгийг цагаан толгойноос хасна гэж хэн ч хэлээгүй шүү дээ. Хэрэглээг нь хязгаарлаж, монгол үгийн бичлэгт хэрэглэхгүй гэсэн юм. Гадаад үгэнд гарцаагүй хэрэгтэй бол тэр үсгийг бичихээс яах юм бэ.
-Тэгэхээр “жиргэдэг” улсууд буруу ойлголт төрүүлж, нийгэмд төөрөгдөл үүсгэсэн байх нь ээ. Япон хоёр цагаан толгойтой. Гадаад үгийг катаганагаар бичиж, тэмдэглэдэг. Үүнтэй адил манайд ч гадаад үгийн цагаан толгой зохиох боломжтой юу?
-Ер нь кирилл үсэг гадаадын ямар ч үгийг тэмдэглэх бүрэн боломжтой. Тийм байтал шинэ үсэг зохиох шаардлага байхгүй. Кирилл үсгийнхээ боломжийг л ашиглах ёстой.
-Дээхнэ үед дэлхийн нэр хүндтэй монголч эрдэмтэн, судлаач олон байсан. Насны эрх, цагийн саалтаар олонх нь явчихсан. Одоо монгол судлаач гадаадын эрдэмтэд хэр байдаг вэ?
-Жам ёсоор явсаар ахмад судлаачдын үе дуусаад байна. Дараа үеийнх нь гарсан ч ахмадуудынхаа байр сууринд хүрч чадаагүй. Хийсэн, бүтээсэн нь сайн ч гэсэн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд гэдэг талаараа гүйцэхгүй байгаа. Нэг талаараа хийсвэр гэмээр ч нөгөө талаар бурханчлагдан, хүндлэгддэг зүйл л дээ.
Одоо үед монгол судлалаар хамгийн нэртэй нь Австралийн Үндэсний их сургуулийн Рахевилц байна. 80 гарсан эрдэмтэн бий. Юан гүрний түүх соёлыг судалж байгаад Монголтой холбогдсон юм билээ. “Монголын нууц товчоо”, Монгол, Хятадын соёлын харилцаа, монгол бичгийн дурсгалуудын талаар судалгаа хийсэн хүн. Хамгийн сүүлд МНТ-ны гурван боть номыг Брюсельд хэвлүүлсэн. Америкт Хар Дорж буюу Кара Дьердь гэж эрдэмтэн байна. Ренчин гуайн хүргэн. Мөн Халимагт амьдардаг В.И.Рассадин байна.
Өдгөө манай холбооны ерөнхийлөгчийн алба хашдаг К.Загастер гэдэг эрдэмтэн Германд бий. Монголын утга зохиол, соёлын түүх судалдаг. Манай холбооны ерөнхийлөгч асан Японы эрдэмтэн Ш.Озава гэж мундаг хүн өдгөө нас сүүдэр 87 шүргэж явна. Гэх мэтээр монгол судлаач эрдэмтэн цөөн ч гэсэн байгаа.
-Монгол судлалын холбоог гаднын хүн толгойлдог юм уу. Тэгэхээр олон улсаас эдийн засгийн дэмжлэг авахад амар юм биш үү?
-Таван жил тутмын сонгуулиар ерөнхийлөгчийг гадаадын эрдэмтдээс сонгодог юм. Ерөнхий нарийн бичгийн дарга нь өдөр тутмын ажлаа хийдэг. Хөрөнгө татах асуудал дээр тухайн ерөнхийлөгчөөс л шалтгаална. Ш.Озава ерөнхийлөгч байхдаа хувийн мөнгөөрөө Залуу эрдэмтдийг дэмжих сан байгуулж өгч байсан. Бас олон улсын монголч эрдэмтдийн хуралд Японы сангаас удаа дараа мөнгө олж өгч байсан шүү.
Ер нь хүн нас дээр гарахаар нийгэм дэх нэр нөлөө нь буурдаг. Тэрийг дагаад мөнгө санхүүгээр дэмжлэг авна гэж горьдох юм биш. Загастерийн багш Хейсиг гуай “Урьд би “Benz” рүү утасдаад л хэрэгцээтэй мөнгөө гаргуулдаг байсан. Тэтгэвэрт гарсан хойноо биеэр очоод ч мөнгө олдохоо больжээ” гэж байсан.
-Тэгвэл монгол судлалд хүч хөдөлмөрөө зориулж байгаа судлаач, эрдэмтдэд манай Засгийн газар хэр мөнгө зарцуулдаг вэ?
-Энэ бол маш чухал асуулт. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Европ, Америкт үйл ажиллагаа явуулж байсан Монгол судлалын 10-аад төв хаалгаа барьчихлаа. Ажиллаж байгаа төвүүдийн хувьд ч санхүүгийн бэрхшээлтэй. Бичсэн ном, бүтээл, эрхлэн гаргадаг сэтгүүлээ ч хэвлүүлэх мөнгөгүй байна гэдэг.
Уг нь тэд эцсийн бүлэгт монголчуудын төлөө, биднийг дэлхийд таниулахын тулд ажиллаж байгаа шүү дээ. 2012 онд Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газар баталсан. Энэ талаараа бид гадаадын Монгол судлалын төвүүддээ мэдээлсэн. Үүнээс хойш гадаадын 10 шахам их, дээд сургууль санхүүгийн дэмжлэг авахыг хүссэн саналаа ирүүлсэн. Дээд тал нь 3.8 сая, доод тал нь 30-40 мянган ам.доллар хүссэн байна. Үүнийг бид судалж байгаа. Боннын их сургуулийн Монгол судлалын төв хаагдсан байсан.
Үйл ажиллагааг нь сэргээхийн тулд тэнд ажиллах багшийн цалингийн тодорхой хувийг манай талаас дааж байна. Удахгүй Монгол судлалын Үндэсний зөвлөл хуралдаж, Унгарын Будапештэд шинээр байгуулсан Монгол судлалын төв, Австралийн үндэсний их сургууль, Индианагийн их сургуулийн дэргэхэд Монголын нийгэмлэг зэрэг хэд хэдэн байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн.
-Монгол судлалын үндэсний зөвлөлийг хэн удирддаг юм бэ?
-УИХ-аас саяхан гаргасан тогтоолоор Ерөнхий сайд Үндэсний зөвлөлийг удирдах болсон. Өмнө нь БШУ-ны сайд ахалдаг байсан юм. Үндэсний зөвлөл монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд жил бүр төсөв, төлөвлөгөө батлаад, санхүүжүүлдэг болно. Одоогоор ажил дөнгөж эхэлж байна.
Уншигч-сурвалжлагчийн тодорхойлсноор соёлын талаасаа “Гадаад яамны сайд”-тай хийсэн ярилцлага энэ хүрээд өндөрлөв. “Өнөөдөр” сонины даалгаврыг сайн биелүүлснээ мэдэгдээд Ж.Нэргүй буурал эрдэмтэнд эрүүл энх, урт удаан насалж, Монголын залуу үеийнхний оюуныг үргэлж мялааж байхыг ерөөлөө.
Зочин эрдэмтэн маань “Зохиолч, орчуулагч Нэргүйгийн бүтээлүүдийг мэднэ. Сүүлд гаргасан Далай ламын тухай номноос тань сонирхолтой олон зүйл мэдэж авсан, баярлалаа. Төрийн хэлний зөвлөл тун чухал алба. Тангадын Галсан танай албаны цэрэг болсон гэж дуулсан. Хүнээ маш зөв сонгожээ. Галсангаас гадаад үг нэг ч гарахгүй дээ. Монгол бичиг, хэлний цэвэр ариун байдлын төлөө эрдэмтдээс илүүтэйгээр жинхэнэ фронт дээр ганцаараа байлдаж яваа хүн. Хоол идэж байхдаа ч эх хэлнийхээ тухай ярьж л байдаг хүн дээ, манай Галсан. Гэхдээ жин банг нь хэтрүүлээд, сул тавив” гээд “Ингэж хэлсэн гэвэл Галсан намайг “зодно” шүү” гэж хошигнов.
“Өнөөдөр” бол Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн нэр хүндтэй, оюунлаг, соёлтой сонин. Хэвлэл өөрийн соёлтой, ийш тийш савчихгүй бодлого, чиг хандлагаа үргэлж баримталдаг байх ёстой. Ц.Балдорж гэдэг хүний үүсгэн байгуулсан ажлыг үр хүүхэд, хамт олон, найз нөхөд нь үргэлжлүүлэн авч явж, хэвлэлийн соёлын хэм хэмжээг барьж байгаад талархъя. “Өнөөдөр” сонин өнөөг хүртэл мөн ч их зам туулсан шүү. Өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн онцлогийг гээгээгүй шигээ үргэлж энэ хэвээр байгаарай” гэсэн сайхан ерөөлөөр яриагаа өндөрлөлөө.
Тэмдэглэсэн Ж.Эрдэнэцэцэг