Аалзны торон дахь алдартай хэргүүдийн түүхийг хөвөрдөхүй

Өнөөдөр сонин

2007-12-26 12:34 GMT+8

Манай цагдаа нар “маш сайн” ажилладаг шиг байгаа юм. Хэрэг илрүүлэлт ямагт 90-ээс дээш хувьтай гардаг. Статистикийн тоо баримтаас нь ийнхүү дүгнэж болно. Зарим жил бүр 98 хувьтай гардаг гээд бод доо. Өөрөөр хэлбэл, тухайн жилд 100 гэмт хэрэг гарсан байхад 98-ыг нь манай “Деррикүүд” илрүүлээд ердөө хоёрхон нь тэдний хурц хараанаас мултарч үлдээд байсан байгаа биз.  Энэ бол маргахын аргагүй өндөр ур чадвар төдийгүй мөрдөн байцаах урлагт үнэмлэхүйд тооцогдохоор амжилт болох билээ.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Английн Скотланд-Ярд, Оросын цагдаа тагнуулынхан аль нь ч тэр манай цагдаа нарын мундаг чадварыг нотлох энэхүү тоон үзүүлэлтийг харвал атаархаж дуусах нь гарцаагүй. Харин илэрч өгдөггүй, мултарч үлдээд байдаг тэр хоёрхон хувьд нь үндсэндээ ихэс дээдэстэй холбоотой хэрэг биш, “асуудлууд” байдаг авай.

Учир нь иймэрхүү “асуудлуудыг” хууль хяналтынхан аяндаа хэрэг биш болгоод өнгө хувиргадаг болохоор илрүүлэлт бараг 100 хувьтай болж байна гэсэн үг. Хоосон ходоодны эрхээр хажуу айлын хотноос хурга туучихсан нөхрийг сарвайтал нь шүүрч, тэр дор нь 5-10 жилийн ялд унагах атлаа тав зургаан зуун сая, тэрбум, тэрбумаар нь төр, төсвийн халаасыг тэмтэрч хуурайлсан  “хүнд гаруудад” сайшаал, шагнал болох нь холгүй шийдвэрлэдэг нь л манай улсын мэргэн шударга хуулийнхны онцлог оршино. Аалзны торонд орооцолдсон шумуул, авлига хахуульд хэрэгдсэн хууль цааз адилхан авай. Аль аль нь мөхлөөр дуусах магадлалтай гэлцэнэ.

Манай цагдаа, шүүхийнхний мөхөсдөж, мартсан “асуудлуудыг” дурьдахын учир Монголд ямар нөхцөлд, хэнбугайн, яаж үйлдсэн хэрэг амар тайвандаа жаргадаг болохыг сануулах гэсэн билээ.

      Алт дилерийн хэрэг буюу улс төрийн тоглоом болон замхрагсад
Эцэст нь таван хүн буруутнаар тодорч хоёр нь ял сонсож хожимдоо тэнсэн болж хувирснаар уг хэрэг шувтарсныг санах хүн олон байдаг байх аа. Лангуу хоосон, хэтэвч нимгэн, хүнд хэцүү үед банкны нөөцийн алтыг  барьцаалж дилерийн арилжаанд  алдсан эрхмүүд болох Д.Сүх-Эрдэнэ, Г.Хүдэрчулуун, Н.Жаргалсайхан, Д.Саран, Хүрэлбаатар нар тухайн үед эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн улс төрийнхний тоглоом болоод дууссан. Тэдний алдсан алдагдал тэрбумаар тооцогдож байлаа.

      17 Чингэлэг спиртээс алдарших эхлэлээ тавьсан үндэсний хөрөнгөтнүүд
”Наран трейд”, “Женко” ... гээд спирттэй холбоотой компаниудын дуулиан шуугиан тэгэсхийгээд л намддаг байлаа.

Тухайн үед “17 чингэлэг спиртийн” хэмээн алдаршсан нэгэн хэрэг буух эзэн буцах мөр нь тодорхой атлаа замхарсан хачирхалтай түүхийг одоо ч мартсан хүн үгүй биз ээ. 1997 оны аравдугаар сарын 5-ны шөнө тухайн үед УИХ-ын гишүүн байсан С.Билэгсайханы хувийн “Билэг” гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд байсан 17 чингэлэг спирт гэнэт алдагдсанаар энэ түүх эхэлдэг. Тэрхүү 17 чингэлэг спиртийг жижиглэнд шилжүүлэн тооцвол нэг сая 300 мянган шил архи болох байсан гэдэг. Энэ нь монголчуудын хэдэн жилийн мансуурлын “хэрэгцээг” хангаж чадах хэмжээний спирт байсан гэсэн үг.

Тухайн үед ийм их хэмжээтэй спиртийг гааль, хил, цагдаа бүгд хуйвалдсан, урьдчилан бэлтгэсэн тохиолдолд л оруулж ирж чадах байсан. Орж ирсэн 17 чингэлэг спиртийг ариутгалын бодисоор сольж гаалийн бүртгэлд бүртгэсэн баримтыг Монгол телевизийн сэтгүүлчид хальсанд буулгасан нь дээрх хэргийн дуулианыг хоёрдугаар шатанд өрнүүлэх болсон. 17 чингэлэг спиртийн эзэн нь “Женко” компанийн захирал Х.Баттулгын дүү эдүгээ “Талх чихэр” хувьцаат компанийн захирал Х.Баттуул байсан гэлцдэг.

Тэр 17 чингэлэг спиртээ нэг шөнийн дотор алга болгоод зогсохгүй хүн хөлсөлж Монгол телевизээс баримт болох хуурцгийг хулгайлуулсан нь барууны адал явдалтай киноны сюжетаас ч давж гарсан. Эцэст нь хэн ч үл мэдэх хоёр залуу хэргийг үүрснээр энэ адал явдал намжсан билээ.
 Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхаарлыг хүртэл татсан уг хэрэгт хуулийнхан яагаад ийм өгөөмөр сэтгэл гаргасныг ойлгох хүн байдаггүй гэлцдэг.

      Казиногийн хэрэг буюу хэлмэгдэгсэд
“Алт дилерийн” шуугиан намдаагүй байтал залгаад алдарт казиногийн гэх хэрэг дэгдсэн. Энэ хэрэг тухайн үедээ нийгмийг хөөрөл сандралд автуулж байлаа. 1999 онд “Мон-Макао” нэртэй Хятадын хөрөнгө оруулалттай компани манай улсад анх удаа казино нээх эрх авч үйл ажиллагаагаа эхэлсэн нь энэ хэргийн эхлэлийг тавьсан юм. УИХ-аар дэмжүүлэхийн тулд Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нарын гурван гишүүн тухайн үед идэвхийлснээр эцэст нь казиногийн гэх хэргийн гол баатруудаар тодорсон.

“Мон-Макаогийн” эзэн Л.Байгаль дээрх гурван гишүүнд их хэмжээний авлига өгсөн нь одоогийн идсэн уусан гэх зах замбараагүй хэргүүдийн эхлэл байсан юм болов уу. Аль аль нь авлига авснаа нуугаагүй бөгөөд гагцхүү аанай л ашиг хонжоо эрэлхийлсэн улстөрчдийнхөө золиос болж тэд тодорхой хугацаагаар “дээлээ нөмрөөд” үзсэн билээ. Эдүгээ тэднийг хэлмэгдсэнд тооцож болохоор үйл явдлыг өрнүүлж буй эрхтэнүүд үнэхээр хатуу яа!

      Хоёр банкийг үгүй хийсэн операц
Монгол дахь банк санхүүгийн шинэчлэлийг тухайн үед хамгийн том банк болох “Ард”-ыг татан буулгаж, өр зээлийн хамт  Голомт банкинд тухайн үеийн ханшаар таван тэрбум гаруй төгрөгөөр хувьчлахыг оролдсон хэрэг явдлаар эхэлсэн түүхтэй. Энэ ажиллагааг Сангийн сайдаар ажиллаж байсан Баабар нар зохион байгуулж байсан хэдий ч сөрөг хүчин, ард олны эсэргүүцэлтэй тулгаран арга буюу буцаасан юм.

Тэдний өөрсдийнх нь нэрлэснээр “Х өдөр” ажиллагаа нь Монголын банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэхэд томоохон алхам болох байсан ч сөрөг хүчин хийгээд олон түмний зах зээлийн ойлголт тааруу байснаас энэ ажил тасарсан. Нөгөө талаас улс төрийн шалтгаан  байсан нь лавтай. Гэхдээ л хорь шахам тэрбум төгрөгийн хөрөнгөтэй банкийг тавхан тэрбумаар өгөх гэж байсан нь энэ цагийн идэж уусан явдлуудаас ч “зиндаа дээгүүр” дуулиан билээ. Тэгээд үүнийгээ хэдхэн хүний хүрээнд ярьж байгаад шийдсэн нь нийгэмд хардлага дагуулсан.

Нууц гэмээр дээрх ажиллагааг тухайн үед “Ардын банкны амьсгаа давхцуулсан операц” хэмээн хэвлэлд анх мэдээлж томоохон дуулиан дэгдээсэн юм. Энэ операцийг хэрэгжүүлэх гэж оролдсон хүмүүсийн өгүүлж байснаар “Дампуурлын ирмэг дээр байсан банкийг төрд ямар нэг ачаа үүрүүлэлгүйгээр хувьчлах гэж байсан” гэдэг. “Х өдөр” ажиллагаа амжилтгүй болсны дараа Засгийн газраас “Ард” банкийг Сэргээн босголтын, “Хадгаламж”-ийн гэх хоёр банк болгон шинээр зохин байгуулсан юм. Энэ хоёр банк хэрхэн ажилласныг хүмүүс мартаагүй нь лавтай.

Төрийн өмчит Сэргээн босголтын банк нь ганц хоёрхон жилийн дотор дампуурч улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан. УИХ-ын гишүүд, сайд дарга нар банкны захирлуудыг  дээр дороос нь элдвээр дарамтлах, тал тохой татан богино хугацаанд чанаргүй ихээхэн хэмжээний зээл олгосноос тус банк хаалгаа барьсан. Зээл олгохыг нь хориглочихоод байхад л хоёр гуравхан сарын дотор 10 шахам тэрбум төгрөг гаргасан байх жишээтэй. Чанаргүй зээл олгож улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан хэргээр тус банкны удирдлагуудыг эрүүгийн хэрэгт татсан. Сэргээн босголт банкны захирал

Ганбат шүүхээс арав гаруй жилийн хорих ялаар шийтгүүлэн шоронд цөөн жил суугаад гарсан. Зээлдэгчдээс хариуцлага хүлээсэн хүн лав дуулдаагүй. Ялангуяа эрх мэдэлдээ дулдуйдан банкны захирлуудыг танил тал, ах дүүдээ зээл өгүүлж байсан УИХ-ын гишүүд, сайд дарга нар ямар ч гэм зэмгүй өнгөрсөн. Угтаа бол тэд төрийн өмчит банкийг дампууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ.
 Зээлдэгчдийн хэрэг Банкны өр барагдуулах албанд шилжсэн. Эл алба нэг хэсэг идэвхтэй ажиллаж дарга цэрэг нь хэдэн арван саяар шагнуулж байсан юмдаг. Харин банкны өрөөс хэчнээнийг нь барагдуулсан нь тодорхойгүй.  Тэгэхээр улсын хөрөнгө завших явдлыг тэр цагаас бараг бодлоготой өөгшүүлсэн юм биш үү.

      Онцгой байдлын ерөнхий газар дахь луйвар
Төрийн өмчийг хэрхэн луйварддаг хийгээд төрийн тусгай албыг хувийн компани мэт санаж дураараа аашилж болдгийн бодит жишээ бол Онцгой байдлын ерөнхий газар. Тус газрын харьяанд Улсын нөөцийн газар багтдаг. Энэ нь олон хүний шуналыг хөдөлгөдөг. Тус газрын даргаар ажиллаж байсан хэдэн хүн шаардлагатай үед хэрэглэхээр нөөцөлсөн ард түмний хөрөнгөөр гараа угааж, хувьдаа завшиж ирсэн. Улсын нөөцийн газрын дарга Ж.Бямбаноров, А.Моёор нарыг энд нэрлэж болно. Тэд тухайн үед 1-2 тэрбум төгрөгийн хөрөнгө завшсан нь дор дурдах хүмүүсийн хажууд жараахай л гэсэн үг.

УИХ-ын дэд дарга Д.Идэвхтэний багын найз, түүний оролцоотойгоор ОБЕГ-ын даргаар томилогдсон П.Даш төрийн онцгой албаар тоглох шиг болов. Даш генералын даварсан явдал шинэ цагийн авлигачдын намтарчилсан түүх болоод байна. П.Даш дарга Л.Алтангэрэл, И.Бямбарагчаа, Т.Бадрал нарын энгийн хүмүүсийг хурандаа болгоод сарын дараа хошууч генералтай дүйцэх хэмжээний комиссар цол олгосон байна. Тэр хэрээр дээрх хүмүүсийн эрх мэдэл нэмэгдэж, улсын хөрөнгийг завших шиг болжээ. Нөөцийн шатахуун бүрдүүлэх, хуваарилах явцад тэд 10 гаруй тэрбум төгрөг тоншчихоод сууж байгаа гэсэн.

Тендер зарлан хатуу хяналтын дор гүйцэтгэх учиртай энэ ажлыг хувийн компаниараа дамжуулан гүйцэтгэж байсан гэдэг. Төрийн бүхэл бүтэн онцгой алба, улсын нөөцийн хөрөнгийг завшсан хэрэгт шалгуулж байгаа тэд одоогоор 15 тэрбум гаруй төгрөгийн асуудалд холбогдоод байна. УИХ-ын дэд дарга Д.Идэвхтэн комиссар П.Дашийг цээжээрээ хамгаалаагүй бол түүнд ийм их хэмжээний хөрөнгө луйвардах боломж олгохгүй байхсан билээ.
 
      Төрийн албан хаагчийн аминд хүрсэн хоршоодын дампуурал
Дуу дуугаа авалцан дампуурсан банкуудын орыг залгаж банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж  зээлийн хоршоо борооны дараах мөөг шиг олширсон нь саяхан. Банкинд итгэх ард олны итгэл алдарсан тэр үед иргэдийн гар дээр ихээхэн хэмжээний мөнгө төвлөрөөд байлаа. Тэр их хөрөнгийг эргэлтэд оруулах үүднээс хадгаламж зээлийн хоршоо байгуулсан нь мафийн үйл ажиллагаа байсан гэх хүн бий.
 Зөвхөн хоршооныхоо гишүүдийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэстэй байсан. Гэтэл Хоршооны тухай хуульд хоёр ч удаа өөрчлөлт оруулан хоршоодыг хадгаламж татдаг, зээл олгодог болгосон. Ингэснээр хадгаламж зээлийн хоршоод банкны үйл ажиллагаа  эрхлэх эрхтэй боллоо. Тэд өндөр хүү амлан ихээхэн хэмжээний мөнгө төвлөрүүлж чадсан билээ.

Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаанд хяналт тавих байгууллага тодорхой бус, Монголбанк хэлж анхааруулж байсан гэхээс хэтрээгүй нь хоршоодын эздийг дураараа дургихад хүргэсэн. Хадгаламж эзэмшигчдын 20 шахам тэрбум төгрөгөөр  мөрийтэй тоглосон луйварчид бий. Шүүхээс тогтоогоод байгаагаар хадгаламж зээлийн хоршоодын иргэдэд учруулсан хохирол өнөөдөр 70 шахам тэрбумд дөхөөд байгаа. Хохирогчдын шаардлагаар энэ мөнгөний 50 хувийг төр татвар төлөгчдийн халааснаас “суйлж” тэдэнд олгохоор болсон. Эргэн төлөгдөх нөхцөлөөр олгож буй гэж байгаа боловч буцаж олдоно гэх баталгаагүй. Энэ хоршоод чинь биш болоод байна шүү гэдгийг анхааруулсаар атал яаралтай арга хэмжээ авахгүй байсаар асуудал тун ч ноцтойгоор эргэсэн хойно Санхүүгийн зохицуулах хороо байгуулж хоршоодод хяналт тавьж эхэлсэн.

Дураараа дургиж байсан явдал нь хумигдаад ирэхээр бачимдсан зарим нь тус хорооны даргын аминд гэгээн цагаан өдөр хүрсэн билээ. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Ж.Бадрааг хөнөөсөн “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны захирал С.Түмэнгэрэл үнэндээ бол золиос байсан гэхэд болохоор. Ингэснээрээ түүнийг зөвтгөж байгаа юм биш ээ. Түүний цаана хууль боловсруулах хүрээний эрх мэдэлтнүүд гэм зэмгүй өнгөрч байгаа. Угтаа бол алдаатай, хийтэй  хууль гаргасан тэд  буруутай бөлгөө.

Авлигын алдарт хэргүүд үргэлжилсээр байна. Улсын хөрөнгийг тэрбум тэрбумаар нь цохиж хөлжигсдөд төрийн хууль шийтгэл бус, бараг сайшаал хүртээж ирснийг дээрх явдлууд нотолно. Албан тушаалтнуудын авлигын “асуудлыг” ард олонд дахин дахин дэлгэхийн учир ийм. Аалзны торонд орооцолдсон явдлуудын жагсаалт үргэлжилнэ.

Спиртийн наймаатай тэмцсэн хууль хяналтынхны түүх урт бөгөөд сонирхолтой. Ганц хоёр литрээр хөдөлдөг жижиг гарууд бараг л бүгдээрээ нарсан гэртээ морилцгоосон. Гэтэл хэдэн зуун тонноор нь спиртийн наймаа эрхэлсэн том гарууд эдүгээ үндэсний хөрөнгөтнүүд болтлоо бэлжин, алдаршив. Зарим нь бүр хууль тогтоогч болоод амжив. Их, багын ялгаа гэж ийм л байдаг ажээ.
1996 онд бослого гаргах шахуу монголчуудыг бухимдуулж,  уурлуулсан хэрэг гарлаа. Банкны ажилтнууд албан үүргээ гүйцэтгэх үедээ валютын арбитражийн гүйлгээгээр ихээхэн алдагдалд орсныхоо дараа гадаадад 4.4 тонн алт барьцаалан алдагдлаа нөхөх гэж оролдсон байдаг юм. Энэ хэрэг тухайн үедээ “алт дилерийн” хэмээн алдаршиж байсан шигээ одоо таг мартагдсан. Шүүх цагдаа, прокурор тэгээд улс төрчдийн гэх дөрвөлсөн зөрчилдөөн энэ хэргийг хэрэг бус “асуудал” болгон хувиргасан бөгөөд тодорхой нөхцөлд болсон хэргийг шүүх хурал таван жил үргэлжилснийг бодохул томчуудын нөлөө чанга авай.

Ш.Даваадорж, Д.Заяабат

GoGo Facebook Хуудас
 
 
Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3171 санал өгсөн байна.

Дээшээ