Монгол Ази тивд төдийгүй дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж буй орнуудын нэг. Манай улсын эдийн засаг 2011 онд 17.3 хувиар өсөж, дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан удаатай. Харин түүнээс хойш эдийн засгийн өсөлт уруудсаар байна. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2012 онд 12.3, өнгөрсөн жил 11.7 хувиар өслөө.
Олон улсын санхүүгийн байгууллагууд тухайн улсын худалдаа арилжаа, үйлдвэржилт, мөнгө санхүүгийн бодлого, хөрөнгө оруулалтыг шинжээд эдийн засаг нь ирээдүйд хэрхэх талаар таамаг дэвшүүлдэг жишигтэй. Дэлхийн банк Монгол Улсын эдийн засаг хоёр оронтой тоогоор өснө гэсэн таамаг дэвшүүлснээ саяхан бууруулав. Эдийн засгийн хагас жилийн тайландаа Дэлхийн банкны Ахлах эдийн засагч, орон хариуцсан менежерийн үүрэг гүйцэтгэгч Тэхюн Ли “Монголын эдийн засаг 9.5 хувиар өснө” гэж таамагласнаа дурджээ.
Дэлхийн зарим орон ДНБ-ээ 2-4 хувиар өсгөчихөөд баярлаж байхад бид нэг оронтой тоо руу “унах” нь гэж гудайж сууна
Ийнхүү Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл давхцаж ирлээ. Азийн хөгжлийн банк манай улсын эдийн засгийн эхний улирлын байдлыг шинжээд жилийн 9.5 хувиар өснө гэж таамаглаад байсан юм. Манай оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын санхүүгийн хоёр байгууллага эдийн засгийн өсөлтийг ийнхүү саарна гэж “зөгнөв”. Харин Олон улсын валютын сангийнхан тэднээс илүү өөдрөг төсөөлөлтэй байгаа. Тус байгууллагын шинжээчид Монголын эдийн засаг 12.9 хувиар өснө гэсэн төсөөллийг өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулсан. Гэхдээ тэд энэ өөдрөг төсөөллөө дахин шинэчилж, бууруулах магадлалтай. Тэгвэл манай Засгийн газар бүр ч өөдрөг төсөөлөлтэй яваа. Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ 14.7 хувиар өснө гэж тооцжээ.
Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, боломж бололцоо өнгөрсөн оныхоос ч сул буй нь илэрхий. Тиймээс эдийн засгийн өсөлт 14 хувьд хүрэхгүй байж мэднэ. Харин өнгөрсөн жилийнхээс нэлээд буурах магадлалтайг шинжээчид сануулсаар байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөөлөл бодитой байх талтай. Монголын ДНБ өгсөж, уруудахад Хятадын эдийн засаг чухал нөлөөтэй.
Хятад улс Монголын экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг худалдан авч, импортын тэн хагасыг нийлүүлдэг учраас тэр. Монголын санхүүгийн зах зээлийн холбооноос эрхлэн гаргадаг “Purple book” сэтгүүлд “Хятадын эдийн засаг 7.5 хувиар өснө” гэж бичжээ. Тус сэтгүүлээр тогтохгүй санхүүгийн олон хэвлэл, байгууллага, шинжээч Хятадын эдийн засгийг 7.5-7.7 хувиар өснө гэж таамаглаж буй юм. Өмнөд хөршийн Засгийн газар ч ийм хэмжээний эдийн засгийн өсөлт бий болгоно гэдгээ зарласан. Хятадын эдийн засаг долоо гаруй хувиар дээшилбэл Монголын эдийн засгийн өсөлт огцом саарахгүй. Манай улсын эдийн засаг өмнөд хөршийнхөөс арай өндөр хувиар өсдөг зүй тогтол ерөнхийдөө ажиглагддаг билээ.
Үндэсний статистикийн хорооноос оны эхний улиралд Монголын эдийн засаг 7.4 хувиар өссөнийг танилцуулсан. Ирэх сард эхний хагас жилд хэрхсэнийг дуулгана. Уг нь ийм хэмжээний өсөлт бол чамлахааргүй үзүүлэлт. Дэлхийн зарим орон ДНБ-ээ 2-4 хувиар өсгөчихөөд баярлаж байхад бид нэг оронтой тоо руу “унах” нь гэж гудайж сууна. Өмнөх амжилтаа хадгалж чадалгүй уруудуулж буйд баярлах учиргүй нь ойлгомжтой.
Монголын эдийн засгийн өсөлтийн хурд саарна, нэг орон тоонд шилжинэ гэж “зөгнөх” шалтгаан юу байв. Монголын эдийн засгийн өсөлтийг үндсэн хоёр зүйл сааруулж байгаа дүр зураг харагдаж буйг Монголбанкныхан тодорхойлсон. Нэг нь гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөхгүй байгаа явдал. Нөгөө нь монголчуудын худалдаалдаг уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд буурсан нь юм.
Монголын эдийн засгийн өнгө төрхөөс өсөлтийн хурд саарч, нэг оронтой тоонд “гулсах” шинж тэмдэг тодорсоор байгаа.
Монголбанкны ерөнхий эдийн засагч С.Болд “Монголчууд түүхий эдээ дэлхийн зах зээлд борлуулж жилд таван тэрбум ам.доллар олоод, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтаар таван тэрбум ам.доллар ороод байвал Монголын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос буурахгүй” гэж ярьж байв. Тэгвэл эхний таван сарын байдлаар 402.3 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт манайд оров.
Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр гэсэн экспортын түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өнгөрсөн оныхоос 13-50 хувиар буурсан байгаа. Эдгээр уул уурхайн түүхий эдийн экспортын хэмжээ оны эхний хагаст 25 хувиар өсчээ. Гэвч үнэ нь буурсан тул өмнөхөөсөө бага орлого олж буй аж. Гадаад валютын орох урсгал Монголбанкны ерөнхий эдийн засагчийн хэлсэн “босго”-ноос нэлээд бага байгаа биз.
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийн хурдыг тэтгэх хангалттай “шатахуун” байхгүй гэсэн үг. Шинэчлэлийн Засгийн газар хөгжлийн хөрөнгө оруулалт татаж, “ногоон”-ы дотогшлох урсгалыг сайжруулах гэж хичээсэн. Эрх баригчид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өөрчлөн гадаад өрийн хязгаарыг ДНБ-ий 70 хувьд хүргэх санаачилга гаргаад сөрөг хүчний эсэргүүцлийг давж чадаагүй. Одоо 40 хувь байгаа гадаад өрийн хязгаарыг нэмэгдүүлж чадсан бол Засгийн газар гурван тэрбум ам.доллар “босгох” эрхтэй болох байв.
БНХАУ-ын төрийн тэргүүн Си Зиньпинийг Монгол Улсад айлчлах үеэр олон тэрбум ам.долларын хэлэлцээрт гарын үсэг зурна гэсэн яриа дэгдээд буй. Юутай ч хоёр улс 30 тэрбум ам.долларын өртөгтэй нүүрс хийжүүлэх төсөл хамтран хэрэгжүүлэх нь тодорхой болоод байгаа. Их гүрний төрийн тэргүүний айлчлал Монголын эдийн засгийн өнийн өнгө төрхийг өөрчилж юуны магад. Өдгөө бол Монголын эдийн засгийн өнгө төрхөөс өсөлтийн хурд саарч, нэг оронтой тоонд “гулсах” шинж тэмдэг тодорсоор байгаа.
Т.Энхбат