Энэ сарын 9-нд Индонез улсад ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат болж, өнөөдөр сонгуулийн эцсийн үр дүнг олон нийтэд зарлах аж. Урьдчилсан мэдээгээр, дэлхийн мусульман шашинтай томоохон улсын шинэ тэргүүнээр Жакартагийн захирагч Жоко Видодо сонгогдох магадлал өндөр байна.
Тус улсын Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдэл хийх гэж буй энэ мөчид улс орны нөхцөл байдал тогтворгүй байна. Жоко Видодогийн өрсөлдөгч, албан тушаалаасаа огцорсон генерал Прабово Субьянто сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ анхааруулж, саналын хуудсыг дахин тоолохыг шаарджээ. Түүнчлэн Прабово Субьянтог дэмжигчид эсэргүүцлийн жагсаал өрнүүлэхээр зэхэж байна.
Эдгээр хүмүүс Жакарта хотод эмх замбараагүй байдал үүсгэхээс сэргийлэн, нийслэлийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд 23 мянган цагдаа, 50 мянган цэрэг байршуулжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн албан ёсны үр дүнг танилцуулсны дараа ч генерал Прабово Субьянтогийн талыг баримтлагчид ялагдал хүлээхээс татгалзах нь гарцаагүй гэнэ.
"Шударга ёсны төлөө тэмцэл"-ийн дараагийн алхам нь Үндсэн хуулийн цэцэд сонгуулийн үр дүнгийн эсрэг гомдол гаргах гэнэ. Хэрэв хуулийн байгууллага асуудлыг шийдэж чадахгүй бол эсэргүүцлийн дараагийн үе шат руу шилжих юм байна.
Энэ нь улс оронд хагарал үүсгэж, "Индонезийн Майдан" үүсгэж магадгүй хэмээн шинжээчид дүгнэж байна.