Хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой ажилладаг мэргэжилтэн тааралдаад хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхлэхээр зүтгэж яваагаа ярив. Францаас сүүний чиглэлийн үнээ авчирч ферм ажиллуулахаар төсөл боловсруулсан гэнэ.
Олон арван тэрбум төгрөг эргэлддэг зах зээлд ажилладаг хүн ядмагхан ашигтай гэгддэг фермийн аж ахуй эрхлэхээр хорхойсох болсныг нь тухайн үед гайхасхийгээд өнгөрч билээ.
Сүүний ферм ашигтай бизнес болж хувирсныг нь тэгэхэд мэдсэнгүй. Үйлдвэрүүд литр сүүг фермерүүдээс 800-900 төгрөгөөр худалдаж авдаг болжээ. Энэ бол жилийн өмнөхөөсөө бараг хоёр дахин өссөн үнэ. Өөрөөр хэлбэл, сүүний ферм ажиллуулах нь өндөр ашиг өгдөг бизнес болсон гэсэн үг.
Сүүний үнэ өссөнөөр бизнесменүүд үнээний ферм байгуулахаар хошуурч эхэлснийг Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа ярив. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт 35 жил ажилласан тэрбээр “Сүүний ферм олноор байгуулагдаж, хүн бүр хошуурах нь энэ төрлийн аж ахуйг татаж унагаах аюултай” гэж болгоомжилсон аястай өгүүлж байна.
Манай орны Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн бүсэд үнээний фермүүд төвлөрдөг. Гэхдээ зах зээлээ хангахуйц олон биш. Мөн үнээний фермийн дэлхийн жишигт нийцэх стандартыг мөрддөггүй. Угаасаа ч стандарт тогтоогоогүй учраас мөрдөх шаардлага ч байхгүй биз.
Байнга “архи” уусаар байгаад улаан нүдтэй болсон үнээний сүү улаанбаатарчуудын хэрэглээний дийлэнхийг хангаж байна.
Европын орнууд үхрийн аж ахуйн эрхлэх фермерийг сертификатжуулдаг байна. Тусгай стандарт мөрдүүлдэг гэнэ. Хэдэн хэмийн дулаантай байранд маллах, хэзээ ямар вакцин тарих, ямар тэжээлээр хооллох гээд бүгдийг нь стандартдаа тусгадаг аж.
Энэ бүгд нь эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай сүү үйлдвэрүүдэд нийлүүлэх нэг л зорилготой. Ингэхдээ фермерүүдийг сургалтад хамруулдаг аж. Францад л гэхэд сургалтад суугаагүй, стандарт хангаагүй фермерт сертификат олгодоггүй. Сертификатгүй фермерээс үйлдвэрүүд сүү худалдаж авах эрхгүй. Ингэж салбараа, хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлээ эмх цэгцэнд оруулдаг аж.
Гэтэл манайд фермийн аж ахуйн стандарт гэж алга. Үнээгээ хэзээ вакцинжуулах, ямар байранд байлгах, юугаар хооллох нь бодлого боловсруулагчдад ямар ч хамаагүй бололтой. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан фермийн стандарт боловсруулах талаар дорвитой ажил хийж байгаагүйг олж мэдэв.
Дэлхийн ихэнх улс орон сүүний чиглэлийн үхрийг ногоон тэжээлээр хооллох стандарттай байдаг аж. Гэтэл манайд фермүүдийн гол тэжээл нь спирт, шар айрагны шаар. Ялангуяа Сэлэнгэ, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг фермийн үхрүүд ийм хоол амтархан “зооглодог” нь нууц биш.
Байнга “архи” уусаар байгаад улаан нүдтэй болсон үнээний сүү улаанбаатарчуудын хэрэглээний дийлэнхийг хангаж байна. Согтуу үнээний сүү чанар муутай, хялбар муудах шинжтэй байдаг аж.
Сүүний үнэ өсөж, энэ төрлийн бизнес цэцэглэх болсон үед салбарын яамныхан стандарт шаардлагаа тавьж сертификатжуулах арга хэмжээ авах хэрэгтэй баймаар л юм. Ядаж л үнээгээ спирт, шар айрагны шаараар хооллохыг хоригломоор байна. Нийт хэрэглээгээ хангах, дэлхийн стандартад нийцсэн эрчимжсэн фермүүд байгуулах бодлого үгүйлэгдсээр л байгаа.
Монгол Улс 2013 онд нийт хэрэглээнийхээ 55 хувийг хангах хуурай сүүг импортолсныг энд сануулъя. Хуурай сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэж хэрэглэгчид дургүйцдэг. Энэ нь монголчуудын сэтгэлгээнд хуурай сүүгээр хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн чанар муутай гэсэн ойлголт төрүүлсэнтэй холбоотой.
Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн дийлэнх нь хуурай сүү боловсруулах технологитойг хүнсний салбарынхан андахгүй. Тэгэхээр хуурай сүүгээ задалж, боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүн зах зээлд давамгайлдаг гэсэн үг.
Сүүний найрлагын 85 хувийг ус эзэлдэг. Өндөр температурт усыг нь ууршуулаад өтгөрсөн сүүг хатааж боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, хуурай сүү болгоно гэсэн үг. Үүнийгээ эргээд устай найруулан боловсруулахад өмнөх хэв шинжиндээ ордог байна. Тэгэхээр хуурай сүү чанаргүй, шингэн нь сайн гэсэн ойлголт нь өрөөсгөл.
Хуурай, шингэн сүү адил чанартай байдгийг хүнсний үйлдвэрийн технологичид баталдаг юм. Хуурай сүү хуудуугүй байх нь. Манай орон сүүний асар их нөөцтэй. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас нийт сүүний нөөц 575.2 сая литр гэж тооцжээ. Үүнээс үнээний сүү 380.8 сая литрийг нь эзэлдэг байна.
Монгол Улс 2013 онд 63 сая литр сүү үйлдвэрийн аргаар боловсруулжээ. Түүний 34 сая литрийг нь гадаадаас хуурайгаар импортолсон байна. Манай сүүний нөөц хангалттай байхад яагаад хуурай сүү импортолдог юм бэ гэж олон хүн асуудаг. Сүүний гарц, нийлүүлэлт улирлын шинжтэй. Зуны дулаан цагт үнээ тугалж, саалиа өгөөд намар ширгэдэг учраас өвлийн улиралд сааль авах боломжгүй. Иймээс үйлдвэрүүд өвөл хатаасан сүү импортолж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэрэг.
Тэгэхээр манайд хуурай сүүний үйлдвэр байдаггүй нь бэрхшээлийн цөм болж байна. Хэрвээ хуурай сүүний үйлдвэртэй байсан бол гадаадаас импортлох шаардлагагүй, нөөцөө бүрэн дүүрэн ашиглах бололцоотой юм.
Хуурай, шингэн сүү адил чанартай байдгийг хүнсний үйлдвэрийн технологичид баталдаг юм.
Салбарын яамнаас нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор Дархан-Уул аймагт хуурай сүүний үйлдвэр байгуулахаар ажиллаж байгааг дуулгав. Энэ үйлдвэр нь хоногт 60 тонн сүү боловсруулж хуурайшуулах хүчин чадалтай байх аж.
Хувийн хэвшлийнхэн хуурай сүү үйлдвэрлэх хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа ч хараахан үр дүн гараагүй байна. Гэхдээ сүүний зах зээлийн “цоорхойг” олж харж, нөхөхөөр ажиллаж байгаа нь сайн хэрэг. Манай улс 2013 онд 40 сая ам.доллараар хуурай сүү худалдаж авсан мэдээ бий. Хуурай сүү үйлдвэрлэвэл таны хашааны гадна талд 70 тэрбум төгрөгийн зах зээл хүлээж байна.
“Цагаан хувьсгал” төслийг санаачлагч, “Монфреш” компанийн ерөнхий захирал Т.Насанхүү “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд бодлого чиглэлийг нь тодорхой болгохоос гадна урт хугацаатай, хөнгөлөлттэй санхүүжилтээр дэмжих нь чухал байна” гэв.
Монгол орныг бүхэлд нь хамарсан сүү бэлтгэн нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний бүсчилсэн үйлдвэрлэл байгуулах зорилготой “Цагаан хувьсгал” төсөл санхүүжилтгүйгээс цар хүрээгээ тэлж чадахгүй байгаа гэнэ.
Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд бэлчээрийн малын сүүг үйлдвэрийн аргаар боловсруулах боломжгүй гэж үздэг бол Т.Насанхүү эсрэг байр суурьтай байдаг аж. Тиймээс ч эх орноо бүрэн хамарсан сүү бэлтгэн нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэхийг зорьжээ.
Тэрбээр сүүний нөөцөө бүрэн боловсруулж чадвал хуурай сүүний импортыг зогсоохоор барахгүй, Хятадын зах зээлд гарах боломжтой гэж ярилаа. Бодлоготой, боловсруулах үйлдвэртэй болчихвол сүүн, сүүн бүтээгдэхүүний салбарт ирээдүй байна.
Т.Энхбат