Монголчууд ер нь их барьцамхай улс юм. Доржийнх байртай байхад манайх яагаад үгүй гэж, Дулмаа алтан ээмэгтэй байхад надад байхгүй гэж ирээд л... Уг нь зөв зүйл дээр цагаан атаархалтай байвал зүгээр.
Гэвч утга учиргүй өөр хоорондоо барьцаж суух нь улсын хөгжлөөс хойш татахаас биш урагш зүтгүүлэхгүй нь лавтай. Яг ийм дүр төрх хөдөөд харагдаж байна. Тухайлбал, хөдөөгийнхөн нийслэлчүүдтэй “барьцаад” төслийн зуухнаас нэжгээдийг авчихаж.
Улаанбаатарын утааг бууруулах зорилго бүхий төслийн зуух Монгол орны дөрвөн зүг, найман зовхист тархжээ. Хэдийгээр зарим аймгийн төвүүд утаатай болж байгаа тухай орон нутгийн иргэд ярьж байгаа ч Улаанбаатарынх шиг гамшгийн хэмжээнд хүрээгүй байгаа.
Гэвч хөдөөгийнхөн нийслэлчүүдтэй “барьцаад” төслийн зуухыг гэр, сургууль, дотуур байр, цэцэрлэг, эмнэлэг гээд тавьж болох бүх газраа нэг биш нэлээд хэдийг суурилуулчихаж. “Дулаахан, түлш бага хэрэглэдэг амар эд юм” хэмээн хэнэггүй ярьж сууна, малчид маань.
Тэд ч яах вэ, Улаанбаатарт утаагүй зуух дэлгэрсэн сургаар хотынхноос дутахгүй гэсэндээ авч орхисон биз. Улаанбаатараас 1000 гаруй км-ийн цаана орших Завхан аймгийн сумдад төслийн зуухгүй айл, өрх, албан байгууллага үлдээгүй байхад хотын ойролцоох хэд нь ч аргагүй биз.
Улаанбаатарын утаа буурахгүй байгаад гайхах зүйл алга. Утааг бууруулах гэж тараасан төслийн зуух нь “хөдөөг зорьчихоод” байгаа юм чинь. Ганцхан жишээ дурьдахад, Улаанбаатарыг агаарын бохирдлоос ангижруулахын тулд сүүлийн хоёр жилд 60 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Үүний ихэнх нь иргэдэд хүрсэн гэж “Цэвэр агаар” сангийнхан мэдэгдэж буй. Нийслэлийн гэр хороололд бүртгэлтэй 185 мянган өрхийн 100 мянгад нь бүрэн шаталттай утаа бага гаргадаг зуух, гэрийн дулаалгаар хангах, хийн болон үртсэн түлш хэрэглэсний хөнгөлөлт, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны зөрүү зэрэгт зориулсан мөнгөний хэмжээ ийн 60 тэрбумд хүрсэн гэдгийг албаны хүмүүс тайлбарлаж байна.
Харин нийслэлчүүдийн зүгээс агаарын бохирдол яг хэдэн хувиар буурсан бэ, нийслэлд агаар цэвэршүүлэхээр тараасан зуухыг хөдөө орон нутгийн айл өрхүүд хэрэглэж байгаагийн учир зэргийг тодруулж, мэдэхийг хүсч байгаа юм. Хагас сая төгрөгийн үнэ бүхий зуухыг иргэдэд хөнгөлөлттэй үнээр буюу 30 гаруйхан мянган төгрөгөөр олгож буй.
Харин иргэд хөнгөлөлттэй үнээр авсан зуухаа идэшний үхэр болгож байна. Хотынхон хөдөөгийн малчдад зуухаа нэг дахин өндөр үнээр арилжихаас эхлээд идэшний үхрээр сольсон тохиолдол байгааг ч ярьж буй.
Энэ бүхнээс харахад утаагүй зуухны араас тавих хараа хяналт, ажиг, сураг дутагдаж байна. Цаасан дээрх мэдээллээс харвал утаа үйлдвэрлэдэг хэмээн ад үзэгддэг гэр хорооллынхонд утаагүй зуухаар хангагдсан гэх. Гэвч үнэн хэрэгтээ тараасан зуух нь зорилтот бүлэгтээ үнэхээр хүрч чадсан эсэх нь эргэлзээтэй.
Утааг бууруулах гэж тараасан зуухыг нь хонь, малаар арилжихгүй, хөдөөгийнхөн ч утаагүй зуухтай болох гэж зүтгэхгүй багахан ухамсартай хандчихвал асуудал уг нь цэгцэрмээр.
Заавал хатуу хяналтын дор, торгуулийн мөнгө төлж байж сая сэхээрдэг сонин зуршлаасаа салчихвал Улаанбаатарын утааг бууруулах гэж цацсан олон тэрбум төгрөг “салхинд хийсэхгүй” байхсан. Нөгөөтэйгүүр тараасан зуух нь хаагуур “тэнүүчилж” яваад хяналт тавьж, хийсэн ажил нь үр дүнгүй зүйл болоод байна уу эсвэл асуудал юундаа байгааг эргээд харчихдаг байвал сайнсан.
Олон тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан тухай дарга, удирдлагууд амаа чилтэл ярих. Утаагүй зуух, гэрийн дулаалга, эрчим хүчний хөнгөлөлт зэрэг олон арга хэмжээг авч байгаагаа албаны хүмүүс хэлэх. Ар хударгаар нь иргэд авсан зуухаа хөдөөгийнхөнд арилжиж, зорилгыг нь бусниулах.
Утааг онилсон зуух утаагүй хээр талд малчны гэрт байх. Зуухны асуудал ийм л байна. Улаанбаатарын утаа буурахгүй байгаад гайхаад байх зүйл алга. Утаагүй газарт утаагүй зуухны хэрэг юун. Угтаа бол утааг бууруулах ажил зөвхөн төрийн бус түмэн олны хийх ажил гэдгийг санаасай.
Х.Өнөржаргал