“Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзоригтой ярилцлаа.
-Энэ жил “Хөсөгтөн” хамтлагийнхан олон газраар аялан тоглож, уралдаанд оролцож амжилт гаргалаа. Бас таныг саяхан Холливудын кинонд тоглосон гэж дуулсан. Уран бүтээлийн олз омог арвин байна уу?
-Манай хамтлагийн таван жилийн ой энэ жил тохиож байгаа. Байгуулагдсанаасаа хойш жил бүр л амжилтын буухиагаа ахиулж явна. Энэ онд миний хувийн уран бүтээл ч арвин байлаа.
Өнгөрсөн хавар надад анх удаа кинонд тоглох завшаан тохиож, Баабар, Цэнддоо нарын шилдэг нийтлэлч, зохиолчийн уран бүтээлд тоглолоо. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Баатар “Хамба” студитэй хамтран “Гэрэг” хэмээх киног хийсэн юм. Тулуй хааны дөрвөн хүүгийн тухай өгүүлдэг энэ кинонд би Хүлэг хааны дүрд тоглосон. Анх удаа түүхэн кинонд, тэр ч бүү хэл хаан хүний дүрд тоглосноо олзуурхаж байгаа.
-“Гэрэг” кино нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болоогүй байх аа?
-Энэ киног арилжааны зорилгоор биш фестивальд зориулан хийж байгаа юм билээ. Тиймээс кино театруудаар гараагүй болов уу. Анх удаа кинонд тоглоод сэтгэл хангалуун байгаа шүү. Дараа нь буюу долдугаар сард манай хамтлагийнхан ОХУ-ын Красноярск хотод болсон “Мир Сибири 2014” олон улсын хөгжмийн наадамд оролцож, тэргүүн дээд шагналыг нь хүртсэн.
-Бас хөгжимчид тус тусдаа шилдгээр шалгарсан байсан.
-Тийм ээ. Гоцлол хөгжмийн төрөлд манай ятгачин Амарбаясгалан хоёрдугаар байр, дуулаачтай, хөгжмийн төрөлд Чулуунбаатар нэг, би хоёрдугаар байрт шалгарсан. Энэ наадамд оролцож ирэнгүүтээ миний төрсөн нутаг Баянхонгор аймгийг зорьж, Ламын гэгээний мэндэлсний 375 жилийн ойд хамтлагаараа оролцлоо.
Би нутгийнхаа уран бүтээлчидтэй хамтарч “Баянхонгорын магтаал оршмуй” гэж шинэ уран бүтээл хийсэн. Дараа нь дэлхийн кино урлагийн ертөнцтэй танилцаж, өөрийнхөө уран бүтээлээр оролцох хувь тохиож “Марко Поло” киноны нэг хэсэгт тоглолоо.
Холливудын энэ оны хамгийн өндөр өртөгтэй кино хэмээн нэрлэгдэж буй “Марко Поло” киноны нэг, хоёрдугаар ангид манай жүжигчин Амраа тоглосныг хүмүүс мэдсэн байх. Телевизийн, 10 ангитай энэ кино 126 сая ам.доллараар бүтэж буй.
Кино “Марко Поло” гэдэг нэртэй ч үйл явдал нь тэр чигтээ Хубилай хааны аж амьдралыг харуулдаг. Энэ кинонд Монголын хөөмийчид тоглох хэрэгтэй болоод ССАЖЯ-нд хүсэлт ирүүлснээр жүжигчин Оргил, “Алтайн оргил” хамтлагийн хөгжимчин Зоригоо бид гурав явсан юм. Бид Хубилай хааны хүү Чингүүнийг нэгэн тулаанд оролцохоос нь өмнөх оройн үйл явдлыг харуулсан хэсэгт тоглосон.
Чингүүн Хятадад төрсөн учраас Хятад хэв маягтай нэгэн. Гэтэл тэр орой Монгол баатрууд эх нутаг, гэр бүлээ санагалзан тойрч суугаад дуулж, хуурдан хөөмийлж байхад Чингүүн ирээд хамт дуулж суудаг. Чухам тэр үед Чингүүн Монгол хүн гэдгээ илүү мэдэрч, маргааш нь тулаанд оролцохдоо Монгол баатар шиг хувцаслан, тулалддаг. Найруулагчийн онцгой шийдэл шиг санагдсан.
Кино зураг авч байгаа Малайзад очсоны дараа тэд намайг хөөмийлж үзүүлэхийг хүссэн. Би хамтлагийнхантайгаа тоглодог уран бүтээлээсээ сонирхуулахад тэд “Болж байна. Энийгээ л тоглочих” гэсэн. Гэхдээ XIII зууны үеийн үйл явдлыг харуулсан кинонд орчин үеийн магтаал эгшиглэх нь зохимжгүй санагдаад би саналаа хэлж “Тал сайхан нутаг” гэж шинэ магтаал зохиосон. Маш сайхан уран бүтээл болж, хамт ажиллаж байсан хүмүүст маань ч таалагдсан.
-Жүжигчин Н.Оргил, хөөмийч Б.Зоригоо та гурав яг ижил хэсэгт тоглосон уу?
-Гурвуулаа яг тэр хэсэгт тоглосон. Н.Оргил ах судалгаа хийх сонирхолтой явсан. Хэрэв энэ киног үргэлжлүүлбэл Монголд зураг авалт хийх боломж байгаа, эсэхийг тодруулахаар явсан юм билээ.
-Арван анги хийгээд зогсохгүй, үргэлжлүүлэх төлөвтэй байгаа юм уу?
-Тийм ээ. Энэ бол “Нет фликс” компанийн бүтээл. Энэ суваг Монголд гардаггүй л дээ. Киног үргэлжлүүлэх боломжтой билээ.
-Кинонд тоглож байгаа жүжигчид зөвхөн англиар ярьдаг уу?
-Тийм ээ. Манай Монгол жүжигчид хэлний бэрхшээлээсээ болж л ийм уран бүтээлд тоглож чадахгүй байгаа болов уу. Түүнээс биш чадвартай шүү дээ. Энэ кинонд л гэхэд Хубилай хааны дүрд Англид төрж өссөн Хятад хүн тоглож байна. Түүний хүүд нь Австрали, Хятадын эрлийз залуу тоглож байгаа.
-Кино багийнхан таныг богино хугацаанд шинэ уран бүтээл гаргасанд баярласан байх даа. Тэдний жишгээр бол нэг дуу бүтээхийн тулд багагүй хугацаа зориулдаг байх.
-Бидний тоглосон тэр хэсгийг тэд “Энэ киноны хамгийн гоё хэсэг” гэж яриад байгаа юм. Киноны төгсгөлд уран бүтээлчдийн нэрс гардаг шүү дээ, түүний ард энэ магтаалыг явуулна гэсэн.
-Энэ жил Хонконгод болсон Монголын соёлын өдрүүдэд танай хамтлаг оролцсон. Удахгүй бас аялан тоглолтоор явна гэсэн. Энэ талаараа мэдээлэл хүргээч.
-Биднийг Хонконгод тоглохын өмнөх жил тэнд Монголын ардын урлагийн тоглолт болсон юм билээ. Гэхдээ тэр тоглолтыг Хятад голдуу хүмүүс үзүүлсэн гэсэн. Мэдээж бид Монгол урлаг ямар байдгийг харуулахыг хичээж тоглосон. Олон хүнийг хамарч, үзүүлж чадаагүй ч тоглолт амжилттай болсон.
Аравдугаар сарын 4-нөөс эхлэн манай хамтлагийнхан Японд тоглох гэж байна. Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам ах энэ аялан тоглолтыг ахалж, “Домог”, “Хөсөгтөн”, “Увертюра” хамтлаг, “Улаанбаатар” чуулгын бүжигчид, уран нугараач Г.Нямгэрэл нар оролцоно.
-Ардын урлагийн олон улсын хэмжээний наадам, уралдаан сүүлийн жилүүдэд түгээмэл зохион байгуулагдах болов уу, манайхан харилцаа холбоогоо илүү өргөжүүлж чадаж байна уу?
-Интернэтийн олон нийтийн сүлжээ хүмүүсийг холбож, харилцааг өргөжүүлж байна. Мөн уралдаан, наадмын тоо ч нэмэгдсэн байх. Хамгийн сүүлд оролцсон олон улсын наадмын мэдээллийг ч бас нэгэн залуу бидэнд олон нийтийн сүлжээгээр санал болгосон.
Судлаад үзтэл наадамд оролцох зардлаа өөрсдөө гаргадаг хэдий ч шагналын сан нь өндөр байсан. Хөрш оронд болж байгаа учраас бидэнд ойр санагдаж оролцохоор шийдсэн юм. Үнэхээр өрсөлдөөнтэй уралдаан болсон.
-Хөөмий, морин хуурыг хэн гэдэг багшид шавилан суралцсан бэ?
-Би багаасаа л ардын урлагт дуртай хүүхэд байсан. Намайг жаахан байхад ФМ, энэ олон телевиз байсангүй, бид Монголын радио сонсож, үндэсний телевиз л үздэг байлаа. Багаасаа морин хуурт дурлаж, ээж минь надад анх заасан даа. Миний ээж хөгжмийн багш хүн.
Дараа нь аймгийнхаа театрын Банзрагч багш, Соёлын дээд сургуульд ороод Баатархүү багшийн шавь болсон. Намайг оюутан байхад Ховдын хөөмийлдөг залуус ирж суралцсан нь нөлөөлж, хөөмий сурсан. Хадаг барьж шавь орсон багш маань Монголын шилдэг хөөмийчдийн нэг Зулсар. Саяхан залуугаараа бурхан боллоо доо. Би одоо ч суралцсаар яваа.
-Үндэсний урлагийг залуу үедээ ойртуулсан хөтөч нь ардын урлагийн хамтлагууд болж байгаа нь талархууштай. Энэ цаг үед байх ёстой нэгэн өнгө гарцаагүй мөн юм аа.
-Ардын урлагийн тоглолт цагаан сар, наадмаар л болдог хэвшмэл ойлголт байлаа. Одоо өөрчлөгдсөн. Манай хамтлагийн сонсогчдын олонх нь залуус. Өмнө нь уртын дууг хөгшчүүд л сонсдог гэж боддог байсан бол одоо манай хуудсаар дандаа залуус зочилж, тоглолтыг маань талархан үздэг болжээ. Мөн бид ч гэсэн уран бүтээлээ залуусын сонирхож байгаа хэв маягт ойртуулан тоглохыг хичээдэг.
-Бүгд ижилхэн хэв маягаар тоглоод л байвал хүмүүс залхана. Тэгэхээр өөрчлөлт хэрэгтэй. “Хөсөгтөн” тэдэн дундаас юугаараа ялгарах бол?
-ҮДБЭЧ-д ажиллаж байхдаа хуваарилсан тоглолтдоо оролцож, өгсөн ноотыг нь тоглодог байлаа. Хамтлаг болоод ажиллахаар бүх зүйл толгой дээр бууж байгаа юм. Шинэ зүйл сэтгэж, илүү их хөдөлмөрлөх ёстой болсон.
Манай хамтлагийн хөгжимчид мэргэжлийн ур чадвараараа бусдаас ялгардаг. Мөн тавуулаа хөөмийлдөг. Монголын хөөмийн урлагт олон хоолойн хөөмийн дуугаралтыг хөгжүүлэхээр зорьж явна.
-Анх хэний санаачилгаар хамтлаг болон нэгдсэн бэ?
-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад байхад “Хөөмийн түрлэгтэй эх орон” гэж тоглолт болсон юм. Дараа жил нь Монголд Олон улсын хөөмийн наадам болох байсан учраас түүний урьтал болгон том уран бүтээл хийсэн нь энэ. Үндэсний хөгжмийн их найрлын хөгжимчид дунд олон хөөмийч байсан учраас нэгдэж, энэ тоглолтод оролцсон. Санаандгүй тохиолдлоор санаа нийлсэн хүмүүс хамтарч, дараа жил нь Олон улсын хөөмийн наадамд хамтлаг болон оролцож түрүүлж байлаа.
-Хамтлаг дотроо хэн нь ямар үүрэг хүлээдэг вэ?
-Ариунболд ахалж, удирддаг. Аливаа шийдвэрийг хамтдаа ярилцаж гаргана. Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа гэх мэт ажлаа Адъяадорж, данс тооцоог нь манай хамтлагийн ганц бүсгүй Амарбаясгалан хариуцна. Хөөцөлдөх ажлаа хэн боломжтой нь хуваагаад хийнэ. Энд тэнд юм аваачиж өгөх ажлыг Уламбаяр хариуцна. Насаар хамгийн бага нь юм л даа. Гэхдээ тэр нь энийг хийнэ ээ гэсэн оноолт байхгүй ээ. Бүгдээрээ л зүтгэнэ дээ.
-Шинэ гишүүн нэмэгдсэн байсан. Одоо харагдахгүй юм. Больчихсон юм уу?
-ХБК-ийн оюутан охин шүү дээ. Түр больсон байгаа. Сургуулиа төгсөхөөр нь хамтарч ажиллана. Хичээл, сургууль, харьяалагддаг чуулгын ажил, хамтлаг гээд энэ их ажлыг амжуулахыг хичээгээд байгаа ч арай л боломгүй байсан учраас түр чөлөөлөгдөөд байгаа.
-Ардын хөгжим тоглодог болохоороо гэзэг тавьчихсан уу. Хэдэн жил ургуулж байна вэ?
-Үсээ ургуулаад 7-8 жил болж байна. Манай чуулгын бүжигчид, хөгжимчид үсээ их ургуулна аа. Энэ чинь Монгол хэв маяг шүү дээ. Монгол дээлтэй илүү нийцтэй байдаг. Манай хамтлагийнхан бүгд урт үстэй байгаад, зарим нь больж, одоо гурав нь гэзэгтэйгээ байна даа.
Сая кинонд тоглоход ч жүжигчид бүгд л хиймэл үс хийлгэж байхад надад тийм шаардлага гараагүй. “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээл тэдний хамтын урам зориг, урагшлах хүсэл, тэмүүлэл, авьяас дээр тогтдог. Таван жилийн турш тасралтгүй бүтээн туурвисан энэ хамт олон арваннэгдүгээр сард үзэгчдэдээ бие даасан тоглолтоо хүргэж, шинэ цомгоо танилцуулна.
Ж.Солонго