Наадмын өмнөхөн Булганы Цагаан нуурын эрэг дээр хэдэн хөөрхөн бүрсийсэн дэгдээхэйтэй таарлаа.
Тэр хачин хушууг харвал Алаг ээтэнгийн дэгдээхэй нь гарцаагүй. Их цочоож үргээлгүй ойртоод зураг дарчих санаатай шавартай эрэг дээр хэвтээд тухлах гэтэл гэрэл таардаггүй.
Шувууны ангаахай дэгдээхэй их хөөрхөн бөгөөд гэнэн, бас тэр болгон таараад байдаггүй болохоор би ч нарны гэрэлтэй талаас ойртох санаатай мөлхлөө. Дэгдээхэй намайг их тоосон шинжгүй, ургаж буй өрвийсөн жаахан сөдөө их л нямбай цэвэрлэх аж. Бас овоо томроод биеэ тоож эхэлсэн бололтой.
Гэтэл эх нь хориод метрийн цаанаас анхааралтай ажигласнаа, дуугарч аюулын дохио өгч эхэллээ.
Эхийнхээ дуугаар дэгдээхэй аажуухан алхсаар усны зах руу орлоо.
Ээтгэр хушуугаараа яг л том шувуу шиг усны хорхой шавьж шүүрдэн идэшлэсээр...
Гэтэл эх нь болох нас бие гүйцсэн алаг ээтэн нисээд, ойрхон ирж буулаа.
Нугдайгаад, өндөр нарийхан дуугаар хашгирч исгэрээд л над руу ойртох нь тэр.
Нарийхан дэндгэр хөл дээрээ хөндөлсхийж зогсоод, намайг айлгаад сүрдүүлээд байгаа нь илт.
Зургийн гол баатраа хайгаад эргээд харвал нуурны эргээс холджээ. Дэгдээхэйний зураг авах ч өнгөрлөө гэж бодов.
Гэтэл алаг ээтэн маань харин намайг тойрч нисээд ойрхон эргийн эсрэг талд бууснаа хэвтээд өглөө. Сониуч зан хөдлөөд түүн рүү аажуухан дөхлөө.
Эх шувуу нойтон хамуу шиг энэ амьтныг айлгаж дийлэхгүй бол заль хэрэглэе гэж шийдэв бололтой, түрүүхэн зүгээр байснаа гэнэт л нисч чадахгүй болчихож гэнэ ээ. Намайг ойртохоор цааш далавчаа чирж мөлхөөд л, яг л дайны талбарт шархадсан баатар шиг.
Түрүүхэн чи ингэж мөлхөх гэж мунгинасан шүү ч гэж намайг даажигнаад байгаа юм уу, хөгжилтэй. Ингээд хэдэн мөч өнгөрлөө, би ч томхон хэд алхтал гүйгээд цааш нислээ.
Ээтэн маань чанга дуугаар исгэрч намайг зэмлэсээр, нуурын эргээс аль хэдийнээ холдон хөвөх дэгдээхэй рүүгээ нислээ.
Энэ шувуу үрээ хамгаалан, айлгаж нэг үзээд, арга залиар нэг үздэг самбаатай, зоригтой амьтан юм билээ. Ангир, нугас, тогоруу зэрэг шувууд амьтны зөн совингоор үр төлөө хамгаалж, дагуулаад зугтах буюу нууж байхыг харсан боловч Алаг ээтэн шиг уйгагүй мөртлөө ухаан зааж байгааг хараагүй санагдсан. Шувууны ийм гайхалтай сонин чадварыг хүнтэй жишвэл үхтэл үр харам гэдэгтэй ижил юм даа гэж бодсоор буцаж билээ.
Харингуутаа алаг ээтэн шувууны талаар олж мэдэхээр интернэт ухлаа.
Манай орны нуур ус, намгархуу газрын түгээмэл, нүүдлийн шувууны нэг болох Алаг ээтэн (Recurvirostra avosetta) их том биш боловч (41.9–45.1 cm) өөрөөсөө арай биерхүү ангир, нугас байтугай махчин шувуунаас дэгдээхэйгээ хамгаалж аймшиггүй тэмцдэгээрээ онцлог гэнэ. Учир нь эргийн болон усны бусад шувууны дэгдээхэй өндөгнөөс гарсан өдрөөсөө бие даан хооллож, явж, сэлэх чадвартай бөгөөд харин эцэг эх нь ойрхон дагуулаад байдаг билээ. Алаг ээтэн дэгдээхэйгээ дураар нь орхиод зайнаас хараад, томортол нь бусад шувуу, амьтан ойртуулахгүйг хичээж хамгаалдаг хэмээн интернэтээс уншиж мэдсэн билээ.
Жич: Та бүхэн Л.Жаргалсайханы фликр цомогт нэвтрэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.