Ж.Лувсандорж: “Өөрийгөө нээ. Танд авьяас байгаа. Нүдээ нээ. Танд боломж байгаа”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Г.Одгарав

2014-11-10 08:00 GMT+8

"Бүтээлч монгол хүн- Бүтээлч үйлдвэрлэл” Монголын хөгжлийн бодлого байх ёстой гэсэн үзэл баримтлалтай, монгол хүний авьяас ур чадварыг нээж, бүтээлч монгол хүнийг олон болгох зорилготой Ж.Лувсандоржтой сонирхолтой ярилцлага өрнүүлснээ танд хүргэж байна. Тэрбээр нийгмийн асуудлыг бүтээлч байдлаар шийдэж нийгмийн хөгжилд эерэг өөрчлөлтийг авчрах зорилготой бүтээлч төслийг хэрэгжүүлдэг "Яруу сэтгэгч" хүний хөгжлийн нэгдлийг үүсгэн байгуулагч юм.

МОНГОЛЫН НЭГ АВЬЯАСЛАГ БҮТЭЭЛЧ ХҮН ГЭДЭГ БОЛ
ШАВХАГДАШГҮЙ НЭГ УУРХАЙ Л ГЭСЭН ҮГ

-Таны хувь хүний хөгжлийн сэдвээр бичсэн цуврал зөвлөгөөг тань уншиж байсан. Бас таныг хүний хөгжлийн зөвлөх гэж тодорхойлсон байдаг. Энэ ажлынхаа онцлогийн тухай сонирхуулж яривал?
-Би уран бүтээлч хүн. Кино хийж бүх хүнийг өөрчилж чадна гэсэн хүүхэд насны дэврүүн мөрөөдлөөр кино урлагийн чиглэлээр суралцсан. Тэгээд сургуулиа төгсөөд том кино бүтээж чадахгүйгээ мэдээд, бас л хүнийг өөрчилж нөөлөлдөг салбар болох сонин эрхлэх ажлыг сонгож 2006 оноос “Яруу сэтгэгч” танин мэдэхүйн сонин эрхлэн гаргаж эхэлсэн. Энэ үеэс л хүний хөгжлийн салбартай холбогдсон.

Сониндоо тулгуурлаж “Яруу сэтгэгч” хүний хүний хөгжлийн клубыг байгуулж, олон судлаач, сэтгэлгээний хүмүүстэй танилцаж, олон ТББ-тай хамтарч ажиллаж эхэлсэн дээ. Сүүлдээ өөрөө хүний хөгжлийн чиглэлээр сургалт, зөвлөгөө өгдөг болсон. Сонирхлоо дагаж явсаар байгаад орчихсон салбар гэх юм уу даа. (Инээв)

2010 оноос хойш бизнесийн байгууллага, компаниудад голчлон зөвлөгөө өгч хамтран ажилласан. Байгууллага хүн дээр л тогтож байгаа шүү дээ. Бидэнтэй нэгдсэн судлаач, багш нартайгаа хамтран тухайн байгууллагын сургалт, хөгжлийн бодлогыг нь тодорхойлж, хэрэгжүүлдэг болсон. Энэ хүрээнд олон залуустай ажиллаж байсны хувьд чадлын хэрээр цуврал зөвлөгөө бичиж нийтлүүлсэн юм.

2013 онд хүний хөгжлийн төрийн бус байгууллагатай нэгдээд “Яруу сэтгэгч” нэгдлийг байгуулсан. Энэ үеэс манайх салбартаа мэргэшсэн судлаач, багш, бүтээлч хүмүүсийг дэмжих, тэднийгээ менежмент, маркетингийн бодлогоор хангаж бодлогын зөвлөгөө өгөх чиглэлд илүүтэй ажиллах болсон.

Бидний гол үзэл баримтлал бол Монголынхоо авьяаслаг, гоц бүтээлч хүмүүсийг илрүүлэн олж тэдэнтэйгээ нэгдэж, дэмжиж ажиллахыг хичээж байна. Тэдний оюун санааны бүтээлийг монгол хүний болон монгол компаниудын хөгжилд зориулахад чиглэж байна. Монголын нэг авьяаслаг бүтээлч хүн гэдэг бол Монголын шавхагдашгүй нэг уурхай л гэсэн үг. Энэ хүмүүс маань Монголын хөгжлийн тулгуур юм. “Бүтээлч монгол хүн- Бүтээлч үйлдвэрлэл” Монголын хөгжлийн бодлого байх ёстой.

-“Монголын нэг авьяаслаг бүтээлч хүн гэдэг бол Монголын шавхагдашгүй нэг уурхай гэж та хэллээ. Бид монгол хүнээ баялаг болгохын тулд яах ёстой вэ?
-Хүн бүрт мундаг санаа байдаг. Гэвч тухайн санагаа ажил хэрэг болгох тал дээр бусдад хүргэх тал дээр арга барилаа тэр бүр олж чаддаггүй. Энэ бүхэн дээр бид менежментээр дэмжиж ажилладаг. Уран бүтээлчид маань уран бүтээлээ л сайн хийх хэрэгтэй. Харин тухайн бүтээлийг нь зарж борлуулах ажлыг өөр баг гүйцэтгэх хэрэгтэй. Жишээ нь бид Сайн хүүхэд хөтөлбөр, Алтай ятга төсөл, Сэтгэлийн зураг хандивын үзэсгэлэн, Монгол бэлэг хөдөлгөөн, Дээд эрүүл мэнд төсөл зэргийг Яруу сэтгэгч нэгдлийн судлаачидтайгаа хамтран хэрэгжүүлсэн. Уран бүтээлч, оюун санааны хүмүүсийн бүтээлийг бүтээлч үйлдвэрлэлийн хэлбэрт оруулж чадвал монгол хүнээ бид баялаг болгож чадах юм.

- Та өөрийнхөө уран бүтээлээс танилцуулбал?
- Миний уран бүтээл гэснээс бидний уран бүтээл гэвэл илүү тохирох байх. Ер нь аливаа уран бүтээл, үйл хэрэг үргэлж л хамтын бүтээл байдаг. “Мөнхийн тэмүүлэл”, “Сэрж буй Монгол” сэдэлжүүлэгч цомог, “Эх орны залуус”, “Интернэт маркетинг” нэвтрүүлэг, “Өнөөдрийн тэмүүлэл” цуврал зөвлөгөө бий. “Өнөөдрийн тэмүүлэл” нь хүн өөрийгөө танин мэдэж, зөв зүгээ тодорхойлоход чиглүүлэх зорилготой цуврал зөвлөгөө юм.

АМЬДРАЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧ НЬ ТУХАЙН ХҮНИЙ АМЬДРАЛД ОРОЛЦООД, ШААРДЛАГАТАЙ ҮЕД ХАМТ АМЬДАРДАГ

-Амьдралын дасгалжуулагч гэхээр сэтгэл зүйчийн мэргэжилтэй дөхөж очих юм биш үү. Юугаараа ялгаатай вэ?
-Ялгаа нь гэвэл сэтгэл зүйч тухайн хүний зөвхөн сэтгэлзүйтэй ажилладаг. Сэтгэл судлал гээд аль эртнээс үүссэн шинжлэх ухаан. Амьдралын дасгалжуулагч гэдэг нь амьдралыг нь дасгалжуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн хүний амьдралд оролцоод шаардлагатай үед хамт амьдарч үздэг.

Гэр, ажилд нь хамт явж судалсны эцэст өнөөх хүндээ амжилтад хүрэхэд саад болж буй дадал зуршлыг нь хэлж, хэрхэн амжилтад хүрэх зөвлөгөөг өгч, уналттай үед сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж оюун ухааныг нь дасгалжуулж өгнө гэсэн үг. Тэр ч байтугай бие физиологитой нь хүртэл ажиллана. “Таны хооллолт буруу байна. Тийм учраас та залхуу болоод байна” гэдэг ч юм уу.

Өөрийгөө хөгжүүлэх, амжилтын эхлэл бол ердөө л хийх ёстой зүйлээ мэдэж авах

Тэгэхээр амьдралын дасгалжуулагч маш өргөн мэдээлэлтэй хүн байх ёстой. Шаардлагатай зүйлд холбож өгөх чадвартай байх ёстой гэх юм уу даа. Хооллолтын асуудалтай байвал тухайн хүнд туслах мэргэжлийн хүн санал болгох юм уу эсвэл дагуулж очих жишээтэй. Энэ бол сүүлийн үед шинээр гарч ирсэн мэргэжил байгаа юм. Одоо оюун ухааны чадвартай авьяаслаг хүмүүсийг үнэлдэг болсон цаг.

Тиймээс хүн өөрийгөө нээж сэтгэлгээгээ задлах ёстой. Өнөөгийн боловсролын систем хайрцаглагдаад оюун ухааны хувьд ижилхэн цутгамал хүмүүс бэлтгээд байна. Өөрөөр хэлбэл аливааг өөр өнцгөөс харах хүмүүс бий болж чаддаггүй гэсэн үг. Тэгэхээр энэ мэргэжлийн хэрэгцээ их байгаа юм.

-Тэгвэл хувь хүмүүс танайхаар дасгалжуулах саналыг хэр тавьж байна?
-Зөндөө ханддаг.

-Тэгэхээр түрүүн таны ярьсан шиг тухайн хүний амьдралаар амьдраад байх уу?
-Бидний хамтарч ажиллаж байгаа компаниудын эзэд чинь хувь хүн шүү дээ. Бид тэдэнтэй ажиллаж, гэр орноор нь орж гарч, компанийнх нь бодлогыг ярьдаг. Тэр нь тухайн хүнийг хөгжүүлэхэд байнга нөлөөлнө гэсэн үг.

Өөрөөр хэлбэл тэдний ажилчдадаа хандах хандлагыг өөрчилж байдаг. Түүнээс гадна оюутан, залуучууд бидэнд хандаж байна. Бидний зүгээс тэдэнд шалгуур тавьж хамгийн тэргүүнд алсын зайны даалгавар өгдөг. Дараа нь шалгалт авч тэнцсэн тохиолдолд хамтарч ажилладаг. Гэвч хувь хүмүүс шалгалтдаа бүдэрдэг, залхуурдаг. Лувсандорж гэдэг хүн хажууд нь ирмэгц л амжилтад хүрчих юм шиг эндүүрдэг.

-Тухайн хувийн дасгалжуулагч хийхэд хэчнээн хугацааг зарцуулах бол?
- Хамгийн багадаа зургаан сар зарцуулдаг.

БИ ЗАЛУУЧУУДАД ХҮССЭН АЖЛАА ХИЙХИЙН ТУЛД ГЭРЭЭСЭЭ Ч ХАМААГҮЙ ЯВ ГЭЖ ЗӨВЛӨДӨГ

-Хувь хүний хөгжил юунаас эхэлдэг гэж та боддог вэ?
-
Хүн анх энэ хорвоод ямар нэгэн зорилготой ирдэг гэж бид боддог. Хэрвээ тохироо бүрдээгүй бол бид бүрдэхгүй шүү дээ. Тиймээс өөрийгөө таних нь хамгаас чухал. Өөрийгөө танина гэдэг нь юуг хэлээд байна гэхээр хийх ёстой зүйлээ л мэдэж авна гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлэх, амжилтын эхлэл бол ердөө л энэ. Гэхдээ амжилтыг хүмүүс өөрсдийнхөөрөө л ойлгоно. Энэтхэгийн нэг хүн хүүгээ сургуулиас нь хоцроохгүй гэж замд нь саад болж буй уулыг 30 жил нүхэлсэн байдаг. Энэ бол массын хувьд амжилт бус тэнэг үйлдэл. Харин залуугийн хувьд амжилт.

Энэтхэгийн нэг хүн хүүгээ сургуулиас нь хоцроохгүй гэж замд нь саад болж буй уулыг 30 жил нүхэлсэн байдаг. Энэ бол массын хувьд амжилт бус тэнэг үйлдэл. Харин залуугийн хувьд амжилт.

Тэр хийх ажлаа олсон байна. Ажил нь түүнд утга учир өгч, хүүдээ зориулж уулыг нүхэлсэн ч тосгоны бүх хүнд үнэтэй цаг хугацааг хэмнэх бололцоо олгосон байна шүү дээ. Тэгэхээр миний үзэл бодол бол яг тийм. Хүн өөрийнхөө хийх ёстой зүйлийг олох, таних нь хамгийн чухал. Зөвхөн их мөнгө олно гээд бусдыг дагаж туйлширч болохгүй. Тухайн хүний хийх ёстой ажил хонь маллах, шүлэг бичих гээд юу ч байж болно. Зарим хүн шүлэг бичээд та нар улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна гэж юу байдаг юм гэдэг. Би бол үүний эсрэг байдаг. Тухайн хүн шүлэг бичихээсээ таашаал авч тэр нь бусдад сайнаар нөлөөлж болно. Бүх зүйл материаллаг биш.

Хүн сэтгэлээрээ өлсч, цангана. Хүнд оюун санааны амьдрал байх ёстой. Хүүхэд байхдаа хүн маш том мөрөөдөлтэй байдаг. Би ерөнхийлөгч болно гэдэг ч юм уу. Томрох тусмаа тэр мөрөөдөл сарнидаг. Дунд сургуулиа төгсөөд их сургуульд орчих юмсан. Их сургуулиа төгсөхийнхөө үед ажилтай болчих юмсан. Ажилд ормогцоо энэ ажлаа алдчихгүй юмсан гэж эмээдэг. Энэ мэт хүний амьдрал тойрогт орж эхэлдэг. Тав тух үүсэж хайрцаглагддаг.

Цалин авахгүй ч гэсэн дуртай зүйлээ хийгээсэй гэж би боддог. Хүн бүхэн аялах дуртай гэдэг хэрнээ яагаад аялдаггүйд нь гайхдаг. Шалтгаан нь мөнгө байхгүй гэдэг. Мөнгөгүй ч гэсэн аялах боломжтой. Надад бол тийм ч их мөнгө байхгүй. Гэсэн хэдий ч зун болгон аялдаг. Баруун аймаг уруу 30-40 мянган төгрөгөөр л явчихна. Гэтэл хүмүүс дараа зун л яг явъя гэнэ. Дараа зун гэж байхгүй. Тэр зунаа аял л даа. Амай дэлхийг тойрчихлоо. Баяндаа тойроогүй үүргэвчээ үүрээд аялчихсан л байна. Өөрийгөө олсон амьдрал хамгийн утга учиртай. Амьдралд мөнгө чухал ч мөнгөөр худалдаж авч чадахгүй зүйл гэж байна.

-Тэгэхээр танд залуучуудад өгөх хамгийн эхний зөвлөгөө юу вэ?
-Залуучууддаа хамгийн түрүүнд хэлдэг зөвлөгөө бол зоригтойгоор эрсдэлтэй зүйл их хий гэдэг. Шаардлагатай бол дурласан ажлаа хийхийн тулд гэрээсээ ч хамаагүй яв гэж хэлдэг. Би өчнөөн хүмүүсийг гэр орноос нь явуулж байсан. Өнөөдөр 20-30 хүрчихээд аав ээжийнхээ хажууд амьдраад л тэднийхээ өврөөс гараагүй хүн олон байдаг. Тэдний зарим нь “амьдралдаа өөрчлөлт хиймээр байна” гэдэг.

Залуучууддаа хамгийн түрүүнд хэлдэг зөвлөгөө бол зоригтойгоор эрсдэлтэй зүйл их хий гэдэг.

Түрүүн би өөрийгөө хөгжүүлэхийн хамгийн эхний алхам өөрийгөө таних гэж хэлсэн. Харин хоёр дахь алхам бол ямар нэгэн үйлдэл хийх юм. Ашгийн бус хүмүүнлэгийн гээд өөрийнхөө хийхийг хүссэн ажлаа л хий. Энэ бүхэн сэтгэл зүрхийг чинь хүчтэй болгоно. Ямар ч сургалтаас үүнийг авах боломжгүй. Эмээ, өвөө нарт туслах гэх мэт нийгмийн тустай үйл хийдэг “Халуун сэтгэл” гэдэг групп байдаг. Тэнд нэгдэж болно шүү дээ. Сайн үйлс хийснээр хүний сэтгэл зүрх хүчтэй болдог. Янз бүрийн саад бэрхшээлд нугарахгүй сэтгэлийн хаттай болдог. Энэ бол цэвэр дасгалжуулалт.

СУРГАЛТАД СУУХААС ИЛҮҮТЭЙ ДУРЛАЖ БАЙГАА АЖЛЫНХАА ТӨЛӨӨ ЯМАРВАА ҮЙЛДЭЛ ХИЙ

-Хүмүүс өөрийгөө хөгжүүлэхийн тулд маш их сургалтуудад хамрагддаг. Олон сургалтад сууснаар хүн утгаараа хөгжиж чадах болов уу?
-Хараад байхад хүмүүс өөрийгөө хөгжүүлнэ гэхээр хүний хөгжлийн элдэв сургалтуудад суудаг. Тэр бол нэг алхам мөн. Гэхдээ юун түрүүнд хийх алхам бол дурлаж байгаа ажлынхаа төлөө ямарваа үйлдэл хийх юм.

-Өөрийгөө танина гэж ярилаа. Өөрийгөө олох, таних хоёр адилхан ойлголт уу?
-Адилхан. Олно гэж ярих нь надад оновчгүй мэт санагддаг. Олно гэхээр гаднаас юм олох гээд байгаа ч юм шиг. Танина гэхээр өөртөө байгаа бүхнээ хайж таних тухай асуудал юм болов уу гэж бодож байна. Би чамтай анх уулзаад чамайг сайн мэдэхгүй учраас итгэл тэр бүр төрөхгүй. Харин ярилцах тусам чамайг улам таньж байгаа учраас итгэл нэмэгдсээр байна. Түүнтэй адил өөрийгөө таниагүй цагт өөртөө итгэх итгэл маш бага байдаг. Тиймээс өөртөө эргэлзсээр л байх болно. Харин өөрийгөө таних тусам улам өөртөө итгэх итгэлээр дүүрэн болно. Тэгэхээр өөрийгөө танина, нээнэ гэж ярих нь илүү оновчтой.

ӨӨРИЙГӨӨ НЭЭ. ТАНД АВЬЯАС БАЙГАА. НҮДЭЭ НЭЭ. ТАНД БОЛОМЖ БАЙГАА”

-Хүн бүрт өөрийн гэсэн амьдралдаа баримталдаг афоризм байдаг байх. Таны хувьд?
-
Өөрийгөө нээ. Таны дотор авьяас байгаа. Нүдээ нээ. Таны гадна талд бүх боломж байгаа. Энэ бол миний хэлсэн афоризм. Өөрөөр хэлбэл миний үзэл бодол. Ер нь авьяас хэн бүхэнд л бий. Чи л гэхэд шүлэг бичиж чадна. Гоё дуу дуулж чадна даа. Тэгэхээр авьяас бий гэсэн үг. Хамгийн гол нь чиний зөн совин чамайг юунд дуудаж байна, түүнийгээ нээлттэй байлгаад авьяасаа нээх ёстой.

Нүдээ нээ гэдэг нь сохор юм шиг битгий амьдар гэсэн санаа.

Нүдээ нээ гэдэг нь сохор юм шиг битгий амьдар гэсэн санаа. Бүх боломжуудыг хар. Сэтгэлгээний мундаг хүмүүс байхад тэдэнтэй хамтар. Надаас “Чи яаж ийм гоё төсөл хийгээд явдаг юм бэ” гэж хүмүүс асуудаг. “Би хийгээгүй энэ мундаг хүмүүс хийдэг юм. Тэд надтай ажиллахыг хүсдэг болохоор би хамтардаг юм” гэж л хэлдэг. Ер нь би төслүүдийнхээ ард талд нь л байдаг. Төсөл болгон дээрээ харагдвал утгаа алдана биз дээ.

-Харин ч сүүлийн үед хүмүүс олонд танигдахын тулд их хичээдэг болсон юм биш үү. Өөрийгөө дөвийлгөх дуртай байдаг ч юм уу. Амбийц гэж ярьдаг даа.
-Надад бол таалагддаггүй. Тэр амбийц чинь дараа дараагийн ажлуудаа балладаг байхгүй юу. Би нэг хүнтэй төсөл хэрэгжүүлчихээд өөрийгөө л дөвийлгөх гээд байвал нөгөө хүн маань дургүйцнэ биз дээ. Нэг удаа өөрийгөө харуулахаас илүү тухайн хүнтэйгээ түүнээс том төсөл хэрэгжүүлэх нь чухал биз дээ. Тийм болохоор би хүмүүсийг сэтгэлээр өргөх дуртай. Ер нь аливаа зүйлд багаар тоглох хэрэгтэй. Баг бутраад байвал том зүйлд хүрч чадахгүй.

-Надад бол өөрийгөө хоосон дөвийлгөх биш хийж бүтээснээрээ бусдад танигдах нь чухал гэж боддог.
-Яг зөв. Хийсэн юм хийснээрээ л үлддэг. Жижиг зүйл дээр битгий амбийц гарга гэсэн санааг л хэлэх гээд байна. Манай үеийнхэн бол тэр асуудал дээр л их алддаг. Хүмүүст өөрийгөө хурдан харуулахыг хичээдэг.

ХАЙРЦАГЛАГДСАН ДҮРЭМ ЖУРМААР СЭТГЭВЭЛ БҮХ ЗҮЙЛ БОЛОМЖГҮЙ МЭТ САНАГДДАГ

-Та түрүүнээс хойш хүн өөрийгөө танихын ач холбогдлын тухай ярилаа. Тэгвэл та хэзээнээс өөрийгөө таньж эхэлсэн бэ. Ер нь хүн өөрийгөө бүрэн танина гэж байх уу?
-Энэ асуултыг надаас хүмүүс их асуудаг. Би өөрийгөө таньчихсан гэж хариулбал их тэнэг хариулт болно. Өөрийгөө бүрэн танина гэдэг боломжгүй зүйл. Тэгэхээр гол аргачлал түлхүүр нь гэвэл сэтгэлийн дуудлага гэж хэлж болно. Хүнд зөн совин гэж байна. Зургаа дахь мэдрэхүй ч гэж ярьдаг. Ялангуяа эх хүнд илүүтэй байдаг. Хүүхэд нь өвдөхөд өөрөө өвддөг, хөх нь чинэхэд хүүхэд нь уйлна. Миний хувьд анхнаасаа хүмүүсийг л өөрчлөхийг хүсдэг байсан.

-Тухайлбал?
-Би Сүхбаатар аймагт дунд сургуулиа төгсч байлаа. Тэр үедээ юу хийвэл надад тохирох бол гэж бодсон. Миний хувьд математик, физикийн хичээлдээ маш сайн хүүхэд байв. Хүмүүсийн хэлдгээр номын талдаа хүүхэд байж. Манай аав механик инженер мэргэжилтэй байсан учир намайг инженер болгох сонирхолтой. Багш нар ч тэр чиглэлээр явна гэж боддог байлаа. Тухайн үеийн миний бяцхан ойлголтоор кино урлаг хүнийг бүхлээр нь өөрчилнө гэдэгт итгэдэг байв.

Гэвч сургуулиа төгсөх үед урлагийн мэргэжлээр хуваарь ирсэнгүй, ТИС-ийн Цахилгаан системийн ангид орлоо. Аав ээжийнхээ урмыг хугалахгүйн тулд энэ ангийг сонгосон ч хагас жил л сурсан. Аав өвчтэй байсан учир би төлбөрөө төлөхийн тулд Монгол телевизийн хашаанд байрлах тортны цехэд ажилласан. Манай гэр Дарь-Эхэд учир шөнө зурагтаас гэр рүүгээ алхдаг байлаа. Сүүлдээ ТИС надад таалагдахаа больж гэрийнхнээсээ нууцаар КУДС-д шалгалт өгч тэнд суралцах болсон. Сургуулиа төгсөөд сонин гаргах хүсэл төрж “Оршил” нэртэй сонин гаргахаар боллоо. Нэрийн хувьд аливаа бүхний эхлэл, сэтгэлгээний өөрчлөлтийг бэлгэдсэн юм.

Эндээс би хүний өөрийгөө таних алхам бол дотрох хүнээ сонсоод нээлттэй хандах ёстой гэдгийг ойлгосон.

“О” үсгэн дотор өндөг хагараад далавч цухуйж байгаа юм шиг тийм логотой байсан. Сонингийн нэрээ авахаар очиход давхцал үүссэн учраас “Яруу сэтгэгч” гэх нэрийг өгсөн. Хүний хөгжлийн, сэтгэлгээний сониноо гаргаж эхэлсэн. Ингээд л хүний хөгжлийн ажилтай холбогдож ирсэн дээ. Эндээс би хүний өөрийгөө таних алхам бол дотрох хүнээ сонсоод нээлттэй хандах ёстой гэдгийг ойлгосон. Зөн төрөх үед түүнийг хүлээж авах ёстой гэдэг ч юм уу. Ихэнх хүн тэр зөнгөө үгүй хийдэг.

Тархи бол логикоор сэтгэдэг. Харин хүний зөн бол хайрцаглагдаагүй гэнэт санаа байдлаар орж ирдэг. Тэр үед дэлхийг өөрчилмөөр ч санагддаг. Анзаараад байхад ихэнх оюуны чадвартай хүмүүс зөнгөө дагасан байдаг. Стив Жобс гэхэд л буддист хүн байсан. Тэрбээр цэвэр буддын хоосон чанар, төгс зохицохуйг илэрхийлсэн харахад нүцгэн, гэрэлтдэг мэт дизайнтай анхны компьютераа хийж байсан. Тэр бол арга билэг буюу төгс зохицохуйг илэрхийлсэн байдаг. Тэр утгаараа амжилтанд хүрсэн. Утсыг ганцхан товчлууртай хийж болох юм гэсэн зөн түүнд төрсөн байна. Хайрцаглагдсан дүрэм журмаар сэтгэвэл бүх зүйл боломжгүй мэт санагддаг. Стив Жобс хэзээ ч 100 мянган хүнтэй компани байгуулна гэж тухайн үедээ төсөөлөөгүй байх. Залуучуудын хувьд бизнес хийхийнхээ өмнө “мөнгө байхгүй, зээл яаж авах вэ” гэдэг. Тэд бүхнийг бэрхшээл гэж хардаг.

ТАВ ТУХАД АВТАЖ, ХҮСЧ БАЙСАН БҮХЭН НЬ ҮГҮЙ БОЛОХЫН ЦАГТ ХҮН БҮТЭЭЛЧ БАЙДЛАА АЛДДАГ

-Ямар үед хүн сэтгэхээ болих вэ?
-Тав тухад автаад хүсч мөрөөдөж байсан бүхэн нь үгүй болоод эрсдэлээс айж эхлэхээрээ хүн бүтээлч байдлаа алддаг. Үүнийг сэтгэхээ болино гэж хэлж болохгүй. Хэдий тав тухад автсан ч хүн бага ч гэсэн сэтгэнэ. Өөрөөр хэлбэл тархиа нэг л хэлбэрээр ашигладаг болно. Өглөө бүр нэг замаар ирж, нэг л зүйлийг хийгээд байвал тархинд зам үүсдэг. Ингээд ирэхээрээ хүний бүтээлч сэтгэлгээ муудаж эхэлнэ. Нэг хэвийн амьдралаар амьдарч байгаа хүний амьдрал ирээдүйд гуниг авчирдаг. Өөртөө сэтгэл хангалуун бус болно.

40-50 насанд бий болдог бие физиологийн хямрал нь өнөөх сэтгэхүйн хямралтай давхцдаг. Үүнээс болж хүн амиа хорлох, сэтгэлзүйн гүн дарамтанд орох, архичин болох нь бий.

40-50 насанд бий болдог бие физиологийн хямрал нь өнөөх сэтгэхүйн хямралтай давхцдаг. Үүнээс болж хүн амиа хорлох, сэтгэлзүйн гүн дарамтанд орох, архичин болох нь бий. Тиймээс нэгэн хэвийн байдалд орохоос зайлсхийх хэрэгтэй. Жишээ нь чи дандаа энэ өрөөндөө ярилцлага авах бус цэцэрлэгийн сандал, гудамж, гэр хороололд ч юм уу ярилцлага авбал өөр мэдрэмж төрж магадгүй. Эрнест Хэмингуэй гэхэд л зохиолоо олон хүн бужигнасан газарт бичдэг байж. Толгой нь илүү их ажилладаг байж л дээ. Харин уйтгар гинигтай хэсгээ бичихдээ ширээнийхээ ард суудаг байж.

Ленин бол бичих дургүй өрөөнийхөө ширээг тойрч ярьдаг байсан бөгөөд бичээч нь түүнийг буулгадаг байжээ. Бүр ширээ тойроод хивс нь халцарчихсан байсан гэнэ. Би ч бас тэгдэг. Утсандаа санаануудаа яриад дараа нь буулгаж, зохиолоо гарган авдаг.

Тэрнээс гадна би компанидаа хүмүүсийн цаг бүртгэхийг дэмждэггүй. Хүний бүтээлч сэтгэлгээнд суурилсан ажил хийж байгаа юм чинь цаг бүртгэж яах юм. Дуртай газраасаа ажлаа хий. Гол нь үр дүнгээ л гарга гэдэг. Энэ мэт хүмүүст ажил хийх бүтээлч байх бүх боломжийг нь олгох хэрэгтэй. Би компанидаа тэр соёлыг нэвтрүүлэхийг дэмжиж ажилладаг. Хүнийг автоматчилах боломжгүй шүү дээ.

Хэрэв та "Дээжис" дижитал сэтгүүлийг анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс үнэ төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.

iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz

Android утас, таблет-нд татаж авах: http://goo.gl/0TRRDL

Facebook: https://www.facebook.com/DeejisDM

Twitter: https://twitter.com/DeejisDM

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ