Зөвшилцөл эхэллээ. Шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ярьсан ёсоороо УИХ-д суудалтай бүх намд урилга хүргүүлэв. УИХ дахь бүлгүүдийн өчигдрийн хуралдааны гол сэдэв энэ байсан юм.
Бие даагч гишүүд, “Шударга ёс” эвслийн эцсийн шийдвэрийг МАН-ын хийх алхам тодорхойлох нөхцөл үүсчихээд байна. Учир нь бие даагч гишүүд болон “Шударга ёс” эвслийнхэн АН-аас өөр байр суурьтай байгаа юм. Тэд МАН-тай “найзлах”-ыг хүссэнгүй. “Засгийн газарт тэд орвол бид сөрөг хүчин болно” гэсэн байр сууриа бие даагч гурван гишүүн бататгалаа.
“Шударга ёс” эвслийн бүлгийнхэн ширүүхэн хуралдсан сурагтай. Бие даагчидтай ижил байр суурьтай гишүүн эвсэлд цөөнгүй байсан гэнэ. Эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг “Засгийн газарт МАН орвол сонгуулийн дараа АН-тай байгуулсан гэрээ дуусгавар болно. Орохгүй гэвэл хүчинтэй байна” гэсэн “барьцаа” хариулт өгсөн. Эцсийн шийдлийг МАХН, МҮАН-ын удирдах байгууллага гаргах юм. Тэр хүртэл МАН-ын шийдвэрийг харна. Сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд “гол тоглогч” болоод буй УИХ дахь МАН-ын бүлгийнхэн энэ асуудлаар хоёр хуваагдчихсан учраас тоймтой шийдвэр гаргаж чадсангүй.
Өнгөрсөн баасан гаригт тус Бүлгийн дарга С.Бямбацогт “Бид Засгийн газарт орохгүй. Олонхийг бүрдүүлсэн намууд ажлаа дуусгаж, хариуцлагаа хүлээг” хэмээн мэдэгдсэн. МАН-ынхан өнгөн дээрээ ийнхүү сүржин ярьж буй ч дотроо Засгийн газарт орохыг, эрх мэдэлтэй байхыг хүсэж буй. Тиймээс л ярьдаг шигээ эв найртайгаар саналаа нэгтгээд “Үгүй” гээд хэлчихэж чадсангүй. Энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулахаар болжээ.
МАН-ЫГ ГУЙХ УУ, ХУУЧИН АНДУУДДАА НАЙДАХ УУ
Улс төрийн нөхцөл байдал ийм салаа зам дээр АН-ыг аваад ирэв. Уг нь УИХ-д суудалтай бүх нам хамтарчихвал Үндсэн хууль, Улс төрийн намуудын болон Сонгуулийн хуулиас эхлээд гацсан олон асуудлыг шийдэх боломж бүрдэнэ. Тогтвортой төр үүснэ. Гэвч саад мундахгүй нь.
Өрх тусгаарласан цагаасаа МАН, МАХН-ынхан хонь, чоно болсон. Засгийн газарт орохын тулд МАН-ынхан “Шударга ёс” эвслийг шахахаас ажлаа эхэлсэн юм. Н.Алтанхуяг Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийх тухай мэдэгдмэгц МАН-ынхан өөрсдийн хувилбараа боловсруулж, хэвлэлээр цацсан. Түүнд нь эвслийнхнийг илт шахсан байдаг юм. Энэ мэтээр тэд санаагаа хэлж иржээ. Нөгөөдүүл нь ч мэдээж эрх баригчийн байр сууриа алдахыг хүсэхгүй.
Одоо МАН Засгийн газарт орох юм бол эвслийн авах квотоос хуваана. МАН-д гурван яам санал болгосны дотор Сангийн яам бий гэх яриа ч дуулдаж байна лээ. Тиймээс тэд “хоол”-оо өрсөлдөгчтэйгөө хуваахын оронд сөрөг хүчин болохыг илүүд үзэж мэднэ. Н.Энхбаяр дарга нь тэндээс ямар тушаал өгөхийг бас хүлээх биз ээ.
ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙГ ӨӨРЧИЛНӨ
Аль намтай хамтарч Засгийн газар байгуулах вэ гэдгээс ямар бүтэцтэй ажиллахаа Ч.Сайханбилэг шийдэх юм. Н.Алтанхуягийн батлуулсан 13 яам, 17 сайдтай байх хувилбарыг өөрчлөх байх хэмээн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр ярьсан. Бүх намтай хамтарч Засгийн газраа байгуулна гэвэл “бялуу”-г хүртээмжтэй хуваах болно. Данхар бүтцийг цомхтгох тухай яриа ч хэцүүдэж мэдэх юм. Гэхдээ бүгдээрээ “бялуу” хүртчихвэл “Төрийн бүтэц данхар, зардал их байна” гэх мэтээр “цэцэрхэх” хүн гарахгүй.
Харин хуучнаараа “Шударга ёс” эвсэл ИЗНН, бие даагчидтай хамтарвал Н.Алтанхуягийн хэрэгжүүлж амжаагүй бүтцийг авч болзошгүй. Гэхдээ АН-ынхан “АН ба МАН”, эсвэл “АН ба хуучин андууд” гэсэн хоёр хувилбарын аль нэгийг биш, “Бүгд” гэсэн зам сонгохыг хүсэж байгаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ч итгэл алдраагүй байгаагаа хэлсэн. Тэрбээр “Би МАН-ынхан Засгийн газарт орохгүй гэж хэлснийг сонсоогүй. Хариуцлагаа үүрэг гэсэн байна лээ. Гэхдээ асуудлыг хамтраад шийдэх саналыг эрүүлээр харах боломж МАН-д нээлттэй байна” гэсэн юм.
Шинэ Ерөнхий сайдыг томилсон учраас сайд нар хэн болох вэ гэсэн таамаглал зүй ёсоор хөвөрнө. Улс төрийн хүчин, фракц, бараг улстөрч бүхэн л мөрөөдлийнхөө талаар “бор шувуу” нисгэж эхэлжээ. Цахим ертөнцөөр нисэж, хэвлэлийн хуудаснаа гарч буй зүйлс бол одоохондоо таамаглал. АН, МАН-ын удирдлагууд өнгөрсөн амралтын өдрүүдээр Их тэнгэрт уулзсан гэх мэдээ дуулдав.
М.Энхболд намаа төлөөлөн уулзалтад оролцоод нэлээд нааштай хариу өгсөн сурагтай. Хөшигний ард яриа хэлэлцээ өрнөж, хэнийг сайд болгох үгүйгээ улс төрийн нам, түүн доторх фракцууд хэлэлцэж байгаа. Гэвч бодитой нэр тодрох болоогүй байна. Үүнээс өмнө Засгийн газрыг хэнтэй хамтарч байгуулахаа шийдэж, бүтцээ батлах ёстой. Яг өнөөдрийн байдлаар бол МАН Засгийн газарт орчихвол бие даагчид болон эвслийнхэн сөрөг хүчин болж мэдэх нь. Ингэх юм бол 26 хүнтэй сөрөг хүчнийг 14 хүнээр сольсноос өөр ялгаа гарахгүй.
Эвслийнхэн МАН-ын сайд нарт дэгээ тавих нь мэдээж. АН-ын хүсэж буй тогтвортой байдал энэ тэр ч үгүй болно. Тэгэхээр тэднийг эвлүүлэх, хэн хэнийх нь санааг дүүргэж эс чадах ч, дундуур байлгах хувилбар бодож олох хэрэг гарна. Энэ бол зөвшилцөл сунжирна гэсэн үг. АН аргадаж, бусад нь гуйлгасан өдрүүд үргэлжлэх нь.
С.Туул