“Нам, фракцын биш, улс орны эрх ашиг чухал”. Энэ бол ойрын өдрүүдэд улс төрд ноёрхож буй зарчим. УИХ-ын, удахгүй байгуулах Засгийн газрын бүрэн эрх дуусахад жил гаруйн л хугацаа үлдсэн. Одоо улстөржих биш, ажиллах цаг. Үүнийг УИХ-д суудалтай бүх намынхан ухамсарлаж байгаа. Тиймээс өнгөн дээрээ бяцхан туньж, эсэргүүцэж байгаа ч бүгд “Засгийн газраа хамтран байгуулсан нь зөв” гэсэн ерөнхий шийдэлд хүрчихээд байна.
Засгийн газрыг байгуулах асуудлаар зөвшилцөх үүрэг бүхий АН-ын Ажлын хэсгийнхэн өчигдөр урилга өгсөн бүх намынхантайгаа уулзлаа. 2012 оны сонгуулиас хойш хамтарч, олонхийг бүрдүүлэн ажилласан МАХН, МҮАН, ИЗНН-ынхантай М.Батчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг түрүүлж уулзжээ.
“Гэрээгээ үргэлжлүүлье” гэсэн хүсэлтээ албан ёсоор дээрх намуудад тавьсан байна. УИХ-д суудалтай бүх нам энэ асуудлаар зөвшилцөх Ажлын хэсгийг тус тусдаа байгуулсан юм. Хамгийн сүүлд Су.Батболдоор ахлуулсан МАН-ын Ажлын хэсгийнхэнтэй уулзав. Хоёр жилийн турш сөрж явсан МАН-ын албан ёсны шийдвэр шинэ Засгийн газар ямар байхыг тодорхойлно. Тиймээс АН, МАН-ын багийнхны уулзалт илүү анхаарал татаж байлаа. Гэхдээ эндээс биш, МАН-ын Бага хурлаас эцсийн шийдэл гарна.
МАХН-ЫН ТУНИРХАЛ
МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Н.Алтанхуягийн танхимд дөрвөн сайдтай байсан. Үүний гурав нь МАХН, үлдсэн нь МҮАН-д ногдож байлаа. Харин МАН шинэ танхимд орвол тэдний авах квот хоёр дахин буурна. Ингэвэл нам бүрт нэг квот ногдох юм. Энэ нь МАХН-ынхны тунирхлын шалтгаан. “МАН-ынхан Засгийн газарт орвол бид сөрөг хүчин болно” гэсэн хандлага тэнд дуулдаж байгаа нь ердөө шалтаг.
АН-ын Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг үүнд “Зарим гишүүний хувийн байр суурь байж болно. Ажлын хэсгүүдийн уулзалтын үеэр ийм асуудал яриагүй” гэсэн тайлбар өгсөн нь шалтаг гэдгийг баталж буй юм. МАН, МАХН-ынхан бие биедээ дургүй байж болно. Гэхдээ улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэх, Монголоо хөгжүүлэх зорилго нь нэг. Тэгээд ч улс төрд мөнхийн дайсан гэж байх биш. Уржигдар МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй тарсан.
Намын дарга Н.Энхбаяр нь “тэндээс” нэг чиглэл өгч байгаа нь мэдээж. АН-тай 2020 он хүртэл хамтын ажиллагааны гэрээ “байгуулах шахсан” шийдвэрээ МАХН нэг намаас болоод өөрчилчихгүй байх. Зөвшилцөх Ажлын хэсгүүд ойрын өдрүүдэд хэд ч уулзаж мэднэ. Тэгэхдээ энэ бүхнээ шийдэх биз ээ. МҮАН-ын тухайд өмнө нь ч нэг сайдтай байсан, одоо ч тэр нь өөрчлөгдөхгүй. Тиймээс хамтраад ажиллах боломжоос татгалзахгүй болов уу.
“МАН-ЫН ҮНЭТ ЗҮЙЛ БОЛ УЛС ОРНЫ ЭРХ АШИГ”
Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан тэргүүтэй хэсэг гишүүн намаа Засгийн газарт орохыг эрс эсэргүүцэж байгаа. Бусад нь өөрөөр бодож байгаа гэсэн үг. АН, МАН-ынхны ажлын хэсгийнхэн уулзсаны дараа хоёр ахлагч нь сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. М.Батчимэг гишүүн “Улс төрийн тогтвортой байдлыг хангах нь эдийн засаг гэх мэт олон тулгамдсан асуудлаа шийдэх зорилготой” хэмээн тодотгов.
МАН-ын Ажлын хэсгийн ахлагч Су.Батболд “МАН-ын хувьд хамгийн үнэтэй зүйл бол улс орны эрх ашиг. Тиймээс тулгамдсан асуудлуудыг давах талаарх АН-ын саналыг сая сонслоо. Манай Ажлын хэсгийнхэн баасан гаригт болох Бага хурал дээрээ энэ талаар мэдээлэл хийнэ. Мөн АН-ынхан ийм, бид тийм саналтай байна гэдгээ ярилцана” хэмээн мэдэгдсэн.
Улс орны эрх ашгаа эрхэмлэнэ гэдгийг “МАН Засгийн газарт орно” хэмээн ойлгож болмоор байгаа юм. Ажлын хэсгийнхэн намын удирдлагуудтайгаа уулзаад эргэж орно, өдөрт хэд ч уулзаж магад хэмээн тэр нэмнэ лээ. Эцэст нь зөвшилцөлд хүрсэн асуудал бүрээрээ санамж бичиг байгуулж, гарын үсэг зурах гэнэ. Үүнээс өмнө МАН-ынхан өөрсдийн болзлоо танилцуулна. АН хувилбараа хэлнэ. Тэгэхээр үндсэн шийдэл тодорхой, одоо бас л хуваарилах эрх мэдэл, квот, нэр дэвшигчдээ л тохирох үлдсэн бололтой. Зөвшилцөл нэг иймэрхүү, эерэг дүр зурагтай өрнөж байна.
Манай төрийн тогтворгүй байдлаас бол хөрөнгө оруулагчид хаширч, залхсаар, сонирхол нь буурсаар байгаа. АН, МАН-ын Ажлын хэсгийн ахлагч нарын онцолсноор эдийн засаг эмзэг болчихсон энэ цаг үед танай, манай нам гэж талцан, жижиг эрх ашиг хөөцөлдөн хуваагдахын оронд хамтраад гарц хайж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах нь бидэнд хэрэгтэй.
Эвтэй байхдаа Монголчууд хүчтэй явснаас талцаж, зөрчилдсөнөөрөө хэзээ ч хожиж байгаагүй. Харин тогоон дотроо талцвал харийнхны өгөөш л болно. Тиймээс УИХ-д суудалтай бүх нам хамтарч, ирц бүрэн Засгийн газар байгуулж, сандал суудал тойрсон хэрүүлээ зогсоогоод үндсэн ажлаа хийе. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шүү дээ.
С.Туул