“Одоо хүртэл “Анод”, “Зоос” банкны хувьцаа миний үнэт цаасны дансанд бүртгэлтэй хэвээр байгаа. Харах бүрт уур хүрдэг” гэж хэлээд Ц.Учрал үл мэдэг инээмсэглэлээ. Монголын хөрөнгийн зах зээлд идэвхтэй ажилладаг түүнд “Анод”, “Зоос”-ын дампуурал том сургамж болжээ. “Хувьцаа “үхэх” хамгийн аюултай юм билээ. Таван төгрөгөөр ч зарчих боломж олгоогүй. Харин 2011 оны эдийн засгийн өндөр өсөлтийг даган хөрөнгийн зах зээл тэлж алдагдлаа нөхсөн” гэж тэрбээр яриагаа үргэлжлүүлэв.
Ц.Учралыг “Соёл-Эрдэнэ” дээд сургуулийн Олон улсын Эдийн засгийн ангийн хоёрдугаар дамжааны оюутан байх ахуйд хувьцааны тухай хичээл заасан нь хөрөнгийн зах зээл рүү түүнийг анх хөтөлжээ. Тэрбээр хувьцаа хэрхэн худалдаж авахыг лавлахаар хэд хэдэн брокер, дилерийн компанийн хаалгыг татсан гэнэ. Тухайн үед “Чи ямар компанийн хувьцаа сонирхож байгаа вэ” гэж асуухад нь мэдэхгүй учраас хариулт өгч чадаагүй гэдэг. Брокер залуу “За ийм компаниуд байдаг юм” гээд түүнд хүснэгт өгчээ.
Дараа жил буюу 2009 онд мөнөөх брокертойгоо дахин уулзахад хүснэгтэд жагсаасан хувьцаануудын ханш өссөн байжээ. Тухайлбал, “Мах импекс”-ийн хувьцааны ханш 200-гаас 500, “Тавантолгой”- нх 500-гаас 8000 төгрөгт хүрсэн байв. Үүнийг харьцуулж хараад ашиг олж болох юм гэсэн сэдэл түүнд төрж, хөрөнгө оруулж эхэлсэн гэсэн.
Удалгүй тэрбээр “Ард капитал” брокер, дилерийн компаниар дамжуулан Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржээс хувьцаа худалдаж авах болжээ. “Гадаадын хөрөнгийн биржүүд супермаркет л гэсэн үг. Харин манай хөрөнгийн бирж татан буулгах гэж байгаа ТҮЦ шиг санагддаг. Шинэ хувьцаа гарахгүй, хуучин компаниуд нь хасагдаад л байна. Гэхдээ би дотоодын хэд хэдэн компанийн хувьцаатай” гэв.
Ц.Учрал Монголын хөрөнгийн зах зээлийн тулгамдсан асуудлыг хөндөж ярьсан нь хөрвөх чадварын тухай байв. “Хонконгийн биржээс худалдаж авсан хувьцааг хэзээ л бол хэзээ зарчихна. Харин өөрийн биржид хувьцаа зарахад бэрхшээлтэй. Гурав хоног хүлээж ч мэднэ. Бэлэн мөнгө хэрэг болоод нэг өдөр нэлээд хувьцаагаа борлуулах хэрэг гарсан. Хоёр сая төгрөгийн хувьцаа зараад “гацсан”. Манайх ийм л хөрвөх чадваргүй зах зээлтэй. Хонконгийн биржид бол бүх хувьцаагаа дор нь зараад мөнгөө халаасалчихна” гээд толгой сэгсэрлээ.
Багцын арилжааг эс тооцвол Монголын хөрөнгийн бирж өдөрт дунджаар 10 сая төгрөгийн хувьцаа борлуулдаг. Манай хөрөнгийн зах зээл 1.4 их наяд төгрөгийн үнэлгээтэй. Үүнтэй харьцуулбал, хөрөнгийн зах зээлийг 100 мянга хуваасны нэг нь л эргэлтэд орж байна. Ингэхээр манай хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар бараг “тэг” рүү ойртдог гэсэн үг. Яагаад хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар ийм дорой байна вэ?
Энэ асуултад хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд “Хувьцаа төвлөрсөн учраас хөрвөх чадварыг хязгаарладаг” гэсэн бэлэн хариулт хэлдэг. Хөрөнгийн биржид бүртгэлтэй 200 гаруй компанийн дийлэнх нь 90-ээс дээш хувийн төвлөрөлтэй гэсэн судалгааг Монголын хөрөнгийн биржийнхэн танилцуулж байв. Өөрөөр хэлбэл, нэг компанийн хувьцааны 90 хувийг 2-3 хүн гартаа төвлөрүүлсэн байдаг аж. Засгийн газар “Багануур” компанийн 75, “Шивээ- Овоо”-гийн 90 хувийг дангаар атгаад сууж байх жишээтэй.
Мөн Монголын хөрөнгийн зах зээлийг гутаадаг нэг зүйл нь нээлттэй компаниуд мэдээллээ ил тод тайлагнадаггүй явдал юм. Энэ тухай олон жил ярьж буй ч засахгүй явсаар байгаа. Зохицуулах байгууллага буюу Санхүүгийн зохицуулах хороо муу ажилладгаас ийм жишиг тогтсон гэж үзэх нь бий. Манай компаниуд улирал бүр санхүүгийн тайлангаа хөрөнгийн бирж зэрэг мэргэжлийн байгууллагад хүргүүлэх үүрэгтэй ч биелүүлдэггүй. Цөөхөн нь жилийн тайлангаа алдаг оног хүргүүлж ам хаадаг.
Тэгвэл Нью-Йорк, Торонто, Лондон, Хонконг, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын санхүүгийн тайлан, хөрөнгө оруулалт, худалдааны гэрээ хэлцлийн эх баримт зохицуулах байгууллагынх нь цахим хуудаст цаг тухайд нь нийтлэгддэг жишигтэй. Улмаар тухайн компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг даруй хөрөнгө оруулагчдадаа хүргэдэг жаягтай. “ACE and T” брокерийн компанийн захирал Н.Мянганбаяр “Мэдээлэл нь хаалттай учраас Монголын хөрөнгийн зах зээлээс хувьцаа худалдаж авах гэж буй хүн нүдээ боочихоод дэлгүүрийн лангуунаас сайн бүтээгдэхүүн сонгохоор тэмтчиж байгаатай адил” хэмээн зүйрлэсэн удаатай.
Хүмүүсийн сонирхлыг татах хөрөнгийн зах зээлийн онцгой чанарыг хөрвөх чадвар, мэдээллийн ил тод байдал агуулдаг жамтай. Монголын хөрөнгийн зах зээл энэ шалгуурт тэнцэхгүй нь илэрхий. Тиймээс Ц.Учрал нарын англи хэлтэй, хөрөнгө, санхүүгийн мэдлэг хуримтлуулсан залуус Монголын хөрөнгийн биржээс гадаадынхыг илүүд үзэж, шагших болсон нь зүйн хэрэг биз. Тэднийг өдгөө “Голомт секюритиз”, MICC, “Ард капитал” зэрэг брокер, дилерийн компани гадаадын хөрөнгийн зах зээлд зуучилж байна.
Монгол залуус зөвхөн хөрөнгийн биржээр зогсохгүй АНУ-ын биржийн бус зах зээл дээр нойр хугаслан “тоглодог” болсон дуулдана. “Голомт секюритиз” компаниар дамжуулан гадаадын зах зээлд хөрөнгө оруулдаг, банкны эдийн засагч А.Мөнхөөтэй уулзав. Тэрбээр “Ойрын үед Тавантолгойн ордын Ухаахудагийн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг, Хонконгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining corporation” компанийн хувьцааны ханш анхаарал татаж байна. Монгол хүн учраас гадаадын зах зээлд гарсан, дотоодынхоо компанийн хувьцааг илүүтэй анхаарах хандлагатай байдаг” гэв.
Тэрбээр ханшийн зөрүүнээс ашиг олох зорилгоор богино хугацаатай хөрөнгө оруулдаг аж. “Монголын хөрөнгийн биржээс хувьцаа авчихаад хурдан борлуулаад мөнгөө гаргаж аван өөр хувьцаанд хөрвүүлэх боломж байхгүй. Тиймээс Монголын хөрөнгийн биржийн арилжаа, түүнтэй холбоотой мэдээллийг анзаардаггүй” гэлээ. А.Мөнхөө мөнөөх л хөрвөх чадваргүй гэсэн шалтгаанаар дотоодынхоо зах зээлийг тоодоггүй аж.
“Голомт секюритиз” компани гадаадын биржид арилжаа хийхэд дансаа хамгийн доод тал нь 5000 ам.доллараар цэнэглэх шалгуур тавьдаг. Тэгэхээр нэг хүн Монголын хөрөнгийн биржийн өдрийн арилжааны дүнтэй дүйх мөнгөөр холын айлаас хувьцаа худалдан авч байна гэсэн үг. Ц.Учрал, А.Мөнхөө нараас гадна хэдэн хүн гадаадын хөрөнгийн биржид хөл тавьж, хэдий хэмжээний мөнгөөр хувьцаа худалдаж авсан бол.
Брокерууд харилцагчийнхаа мэдээллийг чанад нууцалдаг тул энэ тухай мэдэх боломжгүй. Харин хандлагыг нь тодорхойлж болно. “Ард капитал” компани арилжааныхаа 80 хувийг гадаад, 20-ийг нь дотоодын зах зээлд хийж байгаа аж. Уг компани монголчуудад “Mongolian mining corporation”-ын хувьцааг худалдаж авахад “гүүр” болох зорилгоор анх гадаад арилжааны үйлчилгээ нээжээ. Түүнээс хойш гадаад арилжааны идэвх дөрөв дахин нэмэгдсэн гэнэ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр “Монголчууд анх “Mongolian mining corporation” компанийн хувьцааг худалдаж авдаг байсан. Одоо Хятад, Америкийн компаниудын хувьцааг худалдаж авдаг болсон” гэлээ. Тэрбээр дотоодын арилжааны дийлэнхийг гадаадын хөрөнгө оруулагч хийдэг гэсэн сонирхолтой мэдээлэл дуулгав. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн зах зээл 10 жилийн дараа өндөр өсөлттэй, хөрвөх чадвартай болно гэсэн итгэл найдвар тээн хувьцаа цуглуулдаг гэнэ. Энэ нь ерөөл мэт сонсогдох аж.
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Д.Ангар томилогдсоноос хойш нэлээд шийдмэг алхмаа хийж байна. Тэрбээр зах зээлийн хандлагыг бүрэн тодорхойлох чадвартай МSE ALL индексийг ажиллагаанд оруулсан бол саяхан хувьцаат компаниудыг ангиллаа. Компанийн засаглалын зарчмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мөрдлөг болгон ажилладаг, зах зээлийн үнэлгээ нь 10 тэрбум төгрөгөөс, олон нийтийн эзэмшлийн хувь нь 25-аас дээш, хөрвөх чадвар сайтай, нэр хүндтэй, ашигт ажиллагаатай байх гэсэн шалгуур тавьсан нэгдүгээр ангилалд ганц ч компани багтсангүй.
10 тэрбум төгрөгөөс дээш зах зээлийн үнэлгээтэй, ашигтай ажилладаг олон компани биржид бүртгэлтэй. Харин тэд компанийн засаглал, олон нийт хувьцааных 25 хувийг эзэмшдэг гэсэн шалгуурыг даваагүйд гайхах зүйлгүй. Хоёрдугаар ангилалд 0.5 тэрбум төгрөгөөс дээш зах зээлийн үнэлгээтэй, хоёр жил тогтвортой ажилласан 89 компанийг багтаажээ. Тэгвэл гуравдугаар ангилалд өндөр эрсдэлтэй 148 компанийг багтаасан юм.
Австралийн хөрөнгийн бирж хувьцааны 90 хувийн төвлөрөлтэй компанийг биржийн бүртгэлээс хасдаг журамтай. Монголын хөрөнгийн биржийнхэн дийлэнх нь “хусагдах” учраас 90 хувийн төвлөрөлтэй компанийг биржийн бүртгэлээс хасаж төвдөхгүй гэдгээ дуулгаж байна. Тэднийхэн үйл ажиллагааныхаа хүрээг тэлэхийн тулд 500 сая төгрөгийн санхүүжилттэй жижиг, дунд үйлдвэрийн хувьцааг ч бүртгэхээ зарлалаа. Жижиг компаниудад зориулж, шалгуураа ч хялбарчлаад байгаа аж.
Монголын хөрөнгийн биржийг 1991 онд 450 компанийн хөрөнгийг иргэдэд тэгш хуваарилахаар байгуулсан. Хувьцаа төвлөрөх үйл явцыг тооцоолж чадахгүйг эс тооцвол энэ үүргээ амжилттай хэрэгжүүлсэн гэж судлаачид үздэг. Хөрөнгийн бирж 2005 оноос хойш 13 компанийн хувьцааг анх удаа олон нийтэд арилжиж, 58.6 тэрбум төгрөг босгосон. Эдгээрээс “Анод”, “Зоос” банк дампуурч хөрөнгө оруулагчдыг хохироосон бол сүүлийн үед “Хөх ган” компанийн үйл ажиллагаа бүрхэг болоод байна.
Зохицуулалт төгс биш, хариуцсан байгууллага нь үүргээ ухамсартайгаар гүйцэтгэж чадахгүй учраас шинэ компаниуд ил тод, хувьцаа нь хөрвөх чадвартай байж чадаагүй. Тиймээс нэг нь ч нэгдүгээр ангилалд торсонгүй. Үүнийг хөрөнгийн зах зээлийн хөгжлийн амжилтгүй хэрэгжсэн үе шат гэж үзэх үндэстэй. Ирэх жилүүдэд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн гурав дахь давалгаа эхлэх нь ойлгомжтой боллоо. Хөрөнгийн бирж нь арилжааны шинэ программтай, зах зээл нь дэлхийн жишигт дөхсөн эрх зүйн зохицуулалттай давалгаа түрнэ. Мэдээж хөрвөх чадвартай хувьцааг гаргаж байж Монголын хөрөнгийн зах зээл өнгө засах учиртай.
Одоо хөрөнгийн биржийнхэн нэгдүгээр ангилалд багтах компани төрүүлэхийн төлөө мэрийх хэрэгтэй байна. Ингэх боломж бий. Стратегийн ордуудын 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжих эрх зүйн акт хүчинтэй байгаа. Үнэт цаасны тухай хуулийг шинэчилснээр Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын биржид хувьцаагаа гаргасан компанийг давхар бүртгэх боломж бүрдсэн. 888 гэх мэт үйлдвэржилтийн төслийг татаж болно. Төр хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулахад өмөг түшиг болох үүрэгтэй нь дамжиггүй. Ядаж мэдлийнхээ компаниудын хувьцааг хөрвөх чадвартай болгож, олон нийтэд арилжих шаардлага бий. Үндэсний томоохон компаниудаа ч хөрөнгийн зах зээлд урихад буруудахгүй.
Ц.Учрал “MCS ч юм уу, эсвэл “Таванбогд” групп хувьцаа гаргавал хүн сонирхохгүй байхын аргагүй. Хэрвээ Монголдоо танигдсан үндэсний компаниуд хувьцаагаа биржид гаргавал хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар идэвхжинэ. Би ч хувьцааг нь худалдаж авна” гэснээр бидний уулзалт жаргасан юм.
Т.Энхбат