Нийгмийн сэтгэл зүйд хамгийн их нөлөөтэй хүмүүс бол сэтгүүлчид юм. Мэдээллийн эрин болох өнөө үед бүр ч их нөлөөтэй болж байна. Мэдээллийн хэрэгсэл хүчирхэг бөгөөд хүртээмжтэй болох тутам мэдээлэл бүтээгч мэргэжлийн хүмүүсийн үүрэг хариуцлага улам өндөрсдөг.
Мэдээлэл нийгмийн хэрэгцээ болоход нэг талаас сонин хэвлэл, радио, телевизийн сэтгүүлчид буюу мэдээлэл бүтээгчид нөгөө талаас уншигч, сонсогч, үзэгчид буюу мэдээлэл хүртэгчид гэсэн хоёр талын харилцаа аяндаа бий болдог. Мэдээлэл хүртэгчид түргэн шуурхай, үнэн зөв бөгөөд хэлний хэрэглээний соёл хангасныг нь шилж сонгодог. Энэ нь хэлний хэрэглээний төгс байдалд ихэд анхаардаг болсныг илтгэнэ.
Гэтэл сэтгүүлчдийн хүнд хүргэж байгаа мэдээллийн хэл найруулга болон төрөлх хэлээ хэрэглэх мэдлэг, чадварын түвшин олон нийтэд чамлагдсаар байна. Сэтгүүлчид ярианы хэлэнд энгийн ойлгомжтой, зөв найруулгатай, гүйцэд өгүүлбэрээр утга санаагаа бүрэн илэрхийлж чадахгүй байна. Бичгийн хэлэнд хэл зүйн хэлбэржилт буруу, зөв бичгийн дүрмийн болон найруулгын алдаатай бичсээр байна. Залуу сэтгүүлчдийн олонх нь үгийн сангийн баялагаас хэрэглэх чадваргүй болохоор мэддэг цөөн тооны үгээ эргэлдүүлсээр заримдаа эсрэг утгаар нь хэрэглэж байна.
Сэтгүүлчид мэргэжлийн алдаа гаргахаас гадна ажлын хариуцлага сул байна. Асуудалд ул суурьтай хандахын оронд хүний үгээр хөнгөн хийсвэр мэдээлэл хийж байна. Ухаанаа шингээж, хариуцлагатай хандаагүй, зөв бодлого баримтлаагүй мэдээлэл нийгэмд уршиг тарих явдал бий. Үгийн цаана хариуцлага байдаг. Иймд үгийг ганц гэлтгүй, асуудлыг бага гэлгүй тунгаан бодож, боловсруулж байх ёстой.
...Сэтгүүлчийн ажлын зэвсэг нь үзэг гэдэг. Энэ нь харагдах талаас нь хэлсэн үг байх. Жинхэнэ мөн чанараар нь тунгаавал сэтгүүлчийн ажлын зэвсэг нь үзэг биш үг юм. Үгээ зөв хэрэглэж чадахгүй бол мянган алтан үзэгтэй байгаад ч нэмэргүй...
Даяаршлын эрин зуунд хэл, аялгуу хурдацтай мөхөж байна. Өнөөдөр дэлхийд 3000 шахам хэл бий. Зарим хэлээр хэдэн зуун саяас тэрбум хүн ярьж байхад нэг хэсгийг нь хэдэн мянгаас нэг сая хүн хэрэглэж байна. Дэлхийд ХХ зуунд 6703 хэл байв. ХХI зуунд 2917 болж, 3000 хэл мөхөж үгүй болжээ. Гадаад орноос буу зэвсэгтэй хүмүүс ирж, тухайн улсын хэл, соёл руу буудаж сөнөөгөөгүй. Харин хэл тээгчид өөрсдөө эх хэлээ буруу хэрэглэснээс мөхөх аюулд хүргэж байна.
Үүнийг засахын тулд юуны өмнө нийгмийн сэтгэл зүйд онцгой нөлөөлдөг сэтгүүлчдийн хэлний хэрэглээний соёлыг дээшлүүлэх шаардлага тулгарч байна. Улс, үндэстний хэл соёлын хөгжилд сэтгүүлчийн үүрэг их. Үүргээ сайн биелүүлэхийн тулд хэлний хэрэглээнд гаргаж байгаа алдаагаа засах хэрэгтэй. Алдаагаа засахын тулд чухам юун дээр ямар алдаа гаргаж байгаагаа ухаарч мэдэх нь чухал. Алдаагаа ухаарч чадвал засахад хялбар байдаг. Манай сэтгүүлчдийн ихэвчлэн гаргадаг алдааг ажиглавал;
Нэгдүгээрт, санаагаа илэрхийлэхдээ үг зөв байх чанарт алдаа гаргаад байна. Энэ нь ярих, бичихэд найруулга болхи, хэл зүйн дүрмийн алдаа ихтэй байдгаас илт харагддаг. Телевизийн дэлгэцээр урсдаг мэдээллээр “багшын” гэж бичдэг хүн сэтгүүлчдийн эгнээнд баймааргүй санагдавч байсаар байна.
Хоёрдугаарт, үг оновчтой байх чанарт алдаатай баримт олон байна. Үг оновчгүй бол мэдээлэл, бодит байдал хоёр зөрчигддөг. Эндээс уншигч, сонсогчид мэдээлэлд эргэлзэх, үл итгэх байдал үүсдэг. Тодруулж хэлэхэд ойролцоо утгат үг, олон утгат үг, холбоос үгийг буруу сонгож хэрэглээд байна. Тухайлбал, “Бөмбөгдөлтөнд өртөж, нас барлаа” гэхэд үг сонголт оновчгүй байна. Монгол хэлэнд утга нэмэх холбоос үг өөр байдаггүй юм шиг ганцхан “харин” гэх холбоосыг ихэвчлэн хэрэглээд байна. Урд хэлсэн санаанаасаа өөр утга санаа илэрхийлвэл “харин”-ыг хэрэглэх ёстой атал урдах санаагаа бататгахад хэрэглээд байгаа нь оновчгүй юм.
Гуравдугаарт, утга зүйтэй байж, хэл сэтгэхүй хоёр нэгдэж байх чанарт алдаа их гарч байна. Ийм алдаанд манай сэтгүүлчдэд буруугаар нөлөөлөн уруу татаж байгаа хүмүүс бол дарга нар. Тэд албан ажлын нэрээр өдөр бүр ярилцлага өгдөг бөгөөд харь сэтгэлгээтэй үгээр их ярих юм. Түүнийг нь сэтгүүлч, сурвалжлагчид дуурайн ярьж, бичээд байна. Үг нь монгол боловч сэтгэлгээ нь харь байгааг анзаарахгүй байна. Жишээ нь, тэмээн поло тэмцээнээс хийсэн сурвалжлагыг телевизээр үзүүлэхэд нэг том дарга “Бидний энд ирсэн зорилго бол үүнийг ямар байрлалаар, яаж хийхийг шийдэх гэж ирсэн юм” гэж хэлэв. Тэр даргын “ямар байрлалаар” гэдэг нь “хаана”, “яаж хийх” гэдэг нь “хэзээ” гэсэн санаа илэрхийлж байгаа юм байна. Түүнийг нь монгол сэтгэхүйд буулгавал “Тэмээн поло тэмцээнийг хаана, хэзээ хийхийг шийдэх гэж ирлээ” болно.
Дөрөвдүгээрт, үг цэвэр байх чанар алдагдаж байна. Үгийн цэвэр байдал нь албаны үг хэллэгт ахуйн ярианы үг, ахуйн ярианд албаны үг хольж хэрэглэхгүй байхыг шаардана. Аман ярианд ахуйн яриа, нийтийн харилцааны яриаг ялгаж чаддаг байхыг, бичгийн хэлэнд төрөлх хэлний хэл зүйн хэлбэржилтийг харь хэлний хэл зүйн хэлбэржилттэй хольж хутгахгүй байхыг үгийн цэвэр байх чанар шаарддаг. Хэлний хэрэглээний олон чанар алдагдаж байгаагаас голлох дөрвийг нь цухас дурдахад ийм байна. Эдгээрийг бага гэлтгүй хичээнгүйлэн засаж чадвал төрөлх хэлээ яруу тунгалаг найруулгатай, үгийн оновчтой сонголттой, хэл зүйн зөв бичлэгтэй бөгөөд бусдад үлгэр болохоор ухаалаг хэрэглэж хэвшинэ.
Сэтгүүлчийн ажлын зэвсэг нь үзэг гэдэг. Энэ нь харагдах талаас нь хэлсэн үг байх. Жинхэнэ мөн чанараар нь тунгаавал сэтгүүлчийн ажлын зэвсэг нь үзэг биш үг юм. Үгээ зөв хэрэглэж чадахгүй бол мянган алтан үзэгтэй байгаад ч нэмэргүй.
Манай сэтгүүлчид эх хэлнийхээ үгийг хир буртаггүй, ариун тунгалаг байлгаж, үгийн хэрэглээний соёлоороо үлгэрлэж чадахгүй бол олон нийтийн итгэлийг алдана. Сэтгүүлч хүн уншигч, сонсогч, үзэгчийнхээ итгэлийг алдах нь шүүхийн тогтоол уншуулахаас дутахааргүй хүнд шийтгэл юм. Үгийн утгыг эвдсэн гаж хэллэгтэй зар сурталчилгаа хэт олширч байгаад хувийн хэвлэл мэдээллийн удирдлагууд үгийг дээдлэх үүднээс анхаарууштай. Үүнээс гадна төрийн албан бичгийн үгийн сонголт дэндүү ядуу хомс, хэл найруулга жилээс жилд улам болхи болсоор байна. Эндээс үзэхэд дарга түшээдийн дунд монгол хэлний зүй тогтол, хэл найруулгын онцлогийг мэддэг, мэдэрдэг нь ховор юм шиг санагдана.
Хэлний гажуудлыг засаж, залруулж болох үр өгөөжтэй арга замын нэг нь хэвлэл мэдээллийн шүүмж судлалыг хөгжүүлэх явдал юм. Шүүмж судлал нь хурц ширүүндээ бус нотолгоо баримттай бөгөөд жинхэнэ судалгааны шинжтэй байж, засаж, залруулах боломжуудыг зааж, олон нийтийн хэл сэтгэхүй, ухамсарт нөлөөлж байвал үр өгөөжөө өгнө. Мөн Хэлний хяналтын зөвлөл байгуулан ажиллуулбал хэл найруулгын алдаатай үг хэллэг хэвлэл мэдээллээр цацагдахгүй болж, бүх нийтийн оюун сэтгэхүйд зүй ёсоор нөлөөлнө. Ер нь төрөлх хэлний талаар Монгол Улсын төрөөс шинжлэх ухааны үндэслэлтэй ухаалаг бодлого явуулахыг нийгэм шаардаж байна.
Сэтгүүлч, хэл шинжлэлийн ухааны доктор Б.Нацагдорж