Монголын нутагт цан хүүрэг татуулсаар жавартай өвлийн улирал ирдгээрээ ирж, дэлхий даяар өвлийн спортынхон шинэ улирлаа хэдийнэ эхлүүлээд тун ч завгүй байна.
Ийм л үед шоовдорлогдсон өвлийн спортынхоо талаар хэдэн үг тэрлэхээр бодсон юм.
НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж дэлхийн хамтын нийгэмлэгт нэгдэн орсон 1961 оноос хойш л манай тамирчдад олимпийн наадмын үүд хаалга нээлттэй болсон түүхтэй.
Монголын тамирчид одоогоос хагас 100 жилийн тэртээ, 1964 оны нэгдүгээр сарын 29-нд Австрийн Инсбрук хотноо алтан соёмбот төрийн далбаагаа мандуулан жагсч, анх удаа олимпийн наадамд хөл тавьсан билээ.
50 жилийн тэртээх анхны олимпдоо манай баг тамирчид тэшүүрийн дөрөв, цанын ес, нийт 13 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон байдаг.Тэр цагаас хойш манай баг тамирчид 1976 онд Инсбрукт дахин болсон өвлийн олимпоос бусдад нь оролцсон ч одоо хэр медальд хүрч чадаагүйг түмэн олон мэднэ.
АНУ-ын Солт-Лейк-Ситид 2002 онд болсон XIX наадмын үеэр тухайн үед ОУОХ-ын Ерөнхийлөгч байсан Ж.Рогге МҮОХ-г он удаан жил удирдсан Ш.Магван гуайтай уулзаж, “Ази тивд өвлийн улиралтай, цас үздэг хуруу дарам цөөн улсын нэг байж Монголд өвлийн спорт хөгждөггүй нь хачирхалтай” гээд толгойгоо сэгсэрч байсан тухай дуулсан. Шинэ зуун гараад манай өвлийн спорт улам л уналтад орсон нь нууц биш.
Анхныхаа өвлийн олимпод 13 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байсан манай улс 50 жилийн дараа Сочид ердөө хоёр тамирчнаа илгээсэн нь дээрх үгийн баталгаа.
Уг нь өвлийн спортын зарим төрлөөр дэлхийд биш юм аа гэхэд “шар” тивдээ тэргүүлэгчдийн эгнээнд орох боломж манайд байгаа юу гэвэл бий.Ж.Роггегийн тэмдэглэснээр манайх өвлийн улиралтай, цас үздэг Азийн цөөн хэдэн орны нэг. Үүнээс гадна төрөөс ямар ч дэмжлэггүй хэрнээ манай өвлийн спортынхон санаанд оромгүй амжилт гаргасан тохиолдол цөөнгүй.
Наад захын жишээ гэвэл манай хоккейчид. Бөмбөгтэй хоккейгоор манай баг дэлхийд тэргүүлдэг орныхонтой ач тач өрсөлдсөн нь саяхан шүү дээ.
Дөрөвдүгээр хорооллын гадаах талбайдаа л тэмцээнээ зохион байгуулдаг манай шайбтай хоккейн шигшээ баг Ази тивдээ өрсөлдөх чадвартайгаа ч удаа дараа харуулаад байна.Цаначид, тэшүүрчид маань ч бор зүрхээрээ яваад Азидаа юм дуулгах чадалтайгаа нэг бус удаа нотолсон.
Дутагдаж байгаа зүйл нь техникийн баазгүй, ядаж дээвэртэй ганц ордонгүй нь өвлийн спортынхны амжилтаас хойш татаад буйг дээр доргүй нь мэднэ.Уг нь “Скай ресорт” шиг цанын бааз, өвлийн бусад объект олноор босвол өвлийн спорт хөгжөөд зогсохгүй өвлийн гадаад, дотоодын аялал жуулчлал ч хөгжих нь дамжиггүй. Үүнийг төр, засгаас, бизнесийнхнээс бодлогоор дэмжээд өгөхсөн.
Тэгвэл олимп, ДАШТ-ээс медаль түүдэг топ спортын төрлүүдийн сүүдэрт дарагдан шоовдорлогдсон өвлийн спортынхноо бид хэзээ улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндрөөр өргөнө гэдэгт итгэх юм.
Ядаж л дээвэртэй ганц ордон барьчихвал өвлийн спортын хөгжилд асар том ахиц гарна даа.
Түүнчлэн тамирчдын амжилтыг зун, өвлийн спортын төрлүүдэд ялгавартай авч үзэн урамшуулж яагаад болохгүй гэж.Цана, тэшүүрээр манайхан жүдо, бокс, буудлага шиг амжилт гаргана гэдэг хол шүү дээ.
Юутай ч шоовдорлогдсон өвлийн спортоо өөд татах ямар арга чарга байгааг манай спортын удирдлагууд сайтар ярилцаж, дөрвөн жилийн дараа Монголоос холгүй, БНСУ-ын Пёнчанд болох цагаан олимпийн ээлжит наадамд бэлтгэх ажлын төлөвлөгөөг цаг алдалгүй гарган хэрэгжүүлж эхэлбэл зүгээрсэн.
Б.Барс