Цахилгаан шат тавдугаар давхарт зогсоход хөдөөний байрын хоёр залуу сандчин орж ирээд:
-Нэгдүгээр давхар луу буух гэсэн юм. Дараад өгөөрэй. Ах нар нь хаана нь дарахаа мэдэхгүй шүү гэхэд нэгэн охин:
-Бид дээшээ явж байна ш дээ. Нэгдүгээр давхарт буух гэж байгаа бол доошоо сумтай товчлуурыг дарахгүй яасан юм бэ. Яарч явахад шат шал дэмий зогсоогоод түвэгтэй юм бэ.
-Ах нар нь хөдөөний улс, мэдсэнгүй.
-Хөдөөгийнхөн ингээд бүдүүлгээ гайхуулаад байдаг юм ш дээ.
-За чи яасан хар нялхаараа яншаа болчихсон хүүхэд вэ. Тэгдэг юм гээд заагаад өгөхийн оронд үглээд байх юм. Хотын та нар ч хөдөө очоод хөгөө чирдэг биз дээ. Тэглээ гээд бид элэг доог хийлгүй, заагаад л өгдөг. Ах захаа ч мэдэхгүй загнаад... Монголоо алдчихсан байж хот мот гэж гайхуулна аа бас.
Иймэрхүү маргааныг та ч бас хаа нэгтээ сонссон л байх. Хотын соёл гэх холбоо үг монголчуудыг хоёр хувааж, дундуур нь үл үзэгдэх хар хөшиг татчихаад байгааг хэн ч анзааралгүй өдий хүрлээ. Хөдөөгийнхөн соёлгүй бүдүүлэг л гэнэ, тэд л хотод орж ирээд Улаанбаатарыг гутааж байна л гэнэ. Хөдөөгийнхний хөлийг тэнд нь хорьчихвол Улаанбаатар Азийн цагаан дагина, арслан, бар... өөр юу ч юм гайхалтай хот болчих юм байх аа.
Навтгар хамар, намхан нуруу, хэл яриа, судсаар урсах цус, ген гээд юм юмаараа адилхан л монгол мөртлөө яах гэж нэгийгээ ингэж алагчилна вэ. Тэгж яривал монголчууд суурин соёлд саяхнаас шилжсэн, бүгдээрээ л нүүдэлчин удамтай улс. Улаанбаатар хот 365 жилийн түүхтэй гэх ч үнэндээ хотын төрх олоод 30, 40-хөн жил болж байгаа. Үүгээр би хотын соёлыг үгүйсгэх гэсэнгүй. Харин хөдөөгийнхнийг бүдүүлгээр нь гоочлохын оронд соёлт ертөнц рүү хамтдаа алхъя гэж уриалах гэсэн юм.
Монголчуудыг соёлжуулахгүй, цахилгаан шат хэрэглэж мэдэхгүй байлгах нь өнгөц харвал манай төрийн бодлого юм шиг ээ. Учир нь манай улс Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Чойр, Сүхбаатар гээд олон хоттой, Улаанбаатараа Сингапур, Нью-Йорк шиг, аймгийн төвүүдээ бүгдийг улсынхаа нийслэлийн дайны хот болгохоор чармайж ирснийг хүн бүр мэднэ. Тэр үед хотын иргэд өнгөлөг, байшин барилга нь ч гэрэлтэй цаанаа л сайхан байдаг байж билээ.
БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар хот байгуулж, бүтээн байгуулалт өрнүүлж байлаа. Эрдэнэт хотыг гэхэд АИХ-ын тэргүүлэгчдийн 1975 оны арванхоёрдугаар сарын 11-ний 266 дугаар зарлигаар байгуулсан түүхтэй. Ингэхдээ “Булган аймгийн Эрдэнэт хороог 1976 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын харьяалалтай хот болгож, Эрдэнэт хот гэж нэрлэсүгүй” хэмээсэн зарлиг гарган, Эрдэнэт хотод Найрамдал, Баян-Өндөр хороо шинээр байгуулан, Булган аймгийн Хялганат хороог нэмж харьяалуулсан байдаг.
Дарханы охид өнгөлөг, Эрдэнэтийн хөвгүүд цоглог хэмээн залуус ам дамжуулан ярьцгаадаг байсан нь царай зүс талаас нь харж хэлсэн үг бус, хотын соёлтой холбоотой яриа хэмээн тухайн үеийнхэн хэлдэг. Хүрээ хүүхнүүдийн алдрыг Дархан, Эрдэнэтийн залуус давж гарах хэмжээнд очсон нь шинээр байгуулсан хоттой холбоотой гэдэг нь маргах аргагүй үнэн. Төв суурин газарт суурьшсан хүн аандаа соёлждог. Ямар ч соёлын довтолгоо үүнд хэрэггүй.
Уулын мухраас сумын төвд, сумын төвөөс аймгийн төвд, аймгаас нийслэлд, улсынхаа нийслэлээс гадаад оронд очих шат бүртээ хүний нүд нээгдэж, тэр хэрээр соёлын үрийг хураасаар явдаг. Харин хотуудыг аймаг гэж нэрлэдэг болсноос хойш гэр хорооллоор дүүрч, сааралтсан утаатай, нүүгэлтсэн бараан төрхтэй суурин болж хувирсан.
Гэрэлтэй, цэмцгэр хотуудыг саарал суурин болгож хувиргах эхлэлийг 1994 оны тавдугаар сарын 6-нд УИХ-ын “Аймаг, сум байгуулах тухай” 32 дугаар тогтоолоор тавьжээ. Энэхүү тогтоолоор Эрдэнэт хотыг гэхэд тухайн үеийнх нь хилийн цэсээр Орхон аймаг болгон, Найрамдал, Баян-Өндөр хороог нь Баян-Өндөр сум хэмээж, хоёрхон сумтай аймаг үүсгэсэн байна. Өмнө нь хот байсан аймгуудыг буцаагаад хот болгож яагаад болохгүй гэж.
Улаанбаатар луу зүглэх иргэдийн нүүдлийг сааруулах хамгийн чухал хөшүүрэг нь аймгуудыг хот болгох ч байж мэднэ. “Википедиа”-д хүн олноор хуран цугларч, барилга байшин цогцлоон суурьшсан томоохон хэмжээний суурин газрыг хот гэж тодорхойлжээ. Хүн ам ихтэй суурин газрыг ерөнхийд нь гацаа, тосгоноос ялган хот хэмээх боловч захирах, хууль зүйн тусгай эрх, түүхэн тохиолдлуудаас хамааран хот гэж болдгийг энэхүү нэвтэрхий тольд тайлбарлажээ.
Тэгвэл Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн гуравдугаар зүйлийн нэгд “Хот нь 15.000-аас доошгүй оршин суугчтай, тэдгээрийн дийлэнх хувь нь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдлага бүхий төвлөрсөн суурин газар мөн” гэж заажээ. Үүн дээр нэмээд хотод дэд бүтэц, газар ашиглалт, барилга байгууламж, тээвэр хөгжсөн байх ёстой. Энэ бүх үзүүлэлтийг аваад үзвэл манай аймгийн төвүүдийг буцаагаад хот болгоход болохгүй юм огт алга. Харин ч хүн амын тоо нь шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор улам өсөн нэмэгдэж, тэр хэрээр дэд бүтэц, барилга, үйлдвэрлэл шаардаж байна.
Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбож, заримд нь “Гудамж” төсөл хэрэгжүүлэн, төв доторх зам, уулзварыг нь өргөтгөн шинэчилж байна. Дулааны станц аймаг бүрт байгуулан, төвлөрсөн эрчим хүчинд холбогдоогүйг нь холбож, иргэдэд үйлдвэр байгуулах, юм хийх нөхцөл бүрдүүлж өгч байна. Энэ бол хотод байх ёстой бүхэн нэг үеэ бодвол бий болсныг, бий болж байгаагийн илрэл. Орон нутгийн иргэд ч аймгийн төвөө хот болгохыг хүсэж, далдуурхан шаардах болов. Үүний илрэл нь Чингис, Ардчилал хот.
Хэнтий аймгийн удирдлагууд иргэдийнхээ дунд санал асуулга явуулан, төвөө Чингис хот хэмээн нэрлэхээр болсноо 2013 оны долдугаар сард аймгийнхаа 90 жилийн ойгоор зарласан. Нутгийн удирдлагын ордон дээрээ Чингис хот хэмээн томоос том, тодоос тод биччихсэн нь тэнд хөл тавьсан хүн бүрийн нүдэнд хамгийн түрүүнд тусдаг. “Аймгийн ИТХ үүнийг дангаараа шийдэх эрхгүй, Засгийн газарт мэдэгдэн, УИХ-аар хэлэлцүүлэх ёстой” хэмээн тухайн үед ярьж байсан ч аймгаа Чингис хот гэж нэрлэлээ хэмээн хэн ч тэднийг буруутгаагүй, ямар ч хууль дүрэм яриагүй, хамгийн гол нь болиулаагүй.
Хөвсгөлийнхөн ч Мөрөн сумаа Ардчилал хот хэмээн нэрийдэхээр ярилцаж эхэлсэн. Монголын хамгийн анхны ардчилсан цуглаан 1989 онд Мөрөнд болсон хэмээх тайлбар Ардчилал хотын араас дагалдаж байгаа юм. Аймаг, сум бүрт салбартай болоод байгаа Монголын залуучуудын холбоо хүртэл аймгийн төвүүдийг хот гэж нэрлэх санал гаргаад буй. Үүнийгээ ч бодит ажил болгож, Дархан-Уул аймаг биш Дархан хот, Сэлэнгэ аймаг бус Сүхбаатар хот хэмээн ярьж, бичихийг залууст уриалдаг боллоо.
Гишүүд нь бол аль хэдийнэ ингэж ярьж, бичээд хэвшиж байна. Нийслэл хүртэл дүүргүүдээ дагуул хот болгон хөгжүүлэхээр зорьж байна. Тэгэхээр аймгийн төвүүдийг албан ёсоор хот болгох шийдвэр л дутаад байгаа биз.
Х.Болормаа