Сүүлийн жилүүдэд фитнессээр хичээллэх залуусын тоо нэмэгдэх болсон. Энэ нь хүмүүсийн эрүүл мэнддээ анхаарах сэтгэлгээ тэлж, суугаа ажил нэмэгдсэнтэй ч холбоотой байх.
Бид энэ удаагийнхаа Хобби буланд фитнессээр тууштай хичээллэсний үр дүнд өөрийн илүүдэл жингээсээ салж, “Мисс Мистер”-ийн тэмцээнд хүртэл оролцсон Д.Отгонбаярыг урьж оролцууллаа.
-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Даваадоржийн Отгонбаяр гэдэг. Одоо 24 настай. ШУТИС-ийг нийтийн хоолны технологич мэргэжлээр 2012 онд төгссөн. Централ Таурын “Грийн Катеринг” ресторанд тогоочоор ажиллаад хоёр жил болж байна. Чөлөөт цагаараа фитнессээр хичээллэх хоббитой.
-Яагаад заавал фитнессээр хичээллэх болсон бэ?
-Би бага байхын л мариалаг, унаган махтай хүүхэд байсан юм. Ер нь л хэвийн жинтэй байж үзээгүй гэхэд болно. Миний санаж байгаагаар хамгийн их турсан нь арван жилийн сургууль төгсөхдөө 64 кг хүрсэн. Би чинь 1,55 метрийн өндөртэй хүн, 64 кг гэдэг чинь бас л илүүдэл жинтэйд орно шүү дээ.
Сонирхсон хувцасныхаа зүгээр л үнийг нь асуухад худалдагч “Чамд таарах размер байхгүй” гэсэн хариулт хэлдэг байсан.
Их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллахад цагаар хооллож, яалт ч үгүй хоолтой харьцаж, амссаар байгаад энэ оны эхээр нэг л мэдэхэд 81 кг хүрсэн байсан. Тэр нь бүр өөрт мэдрэгдээд, таргалалт дээд цэгтээ хүрсэн мэт мэдрэмж төрж билээ. Тэгээд фитнессээр хичээллэхээр эргэлт буцалтгүй шийдэж “Голден Жим”-д анх явж эхэлсэн юм. Харин тэнд турах бооцоот тэмцээн удахгүй явагдах гэж буйг эмч нь хэлэхэд өөрийгөө чадна гэдэгт эхэндээ эргэлзэж байлаа. Гэрийнхэндээ хэлтэл “Тэмцээн уралдаан нь дэмий, мөнгөө үрэхийн нэмэр. Зүгээр фитнессээрээ хичээллэ” гэсэн.
Харин найзууд маань намайг дэмжиж, төрсөн ах хүртэл ороод үзэхийг зөвлөсөн юм. Тэгээд л би гэдэг хүн урам ороод, дэмжсэн хүмүүстээ л хэлээд аав, ээждээ хэлээгүй оролцчихсон.
-Тууштай хичээллэхийн тулд ажил төрлөө зохицуулж, цаг зав илүү гаргах хэрэгтэй болох байх тийм үү?
-Харин тийм. Хангалттай цаг зав гаргаж байж л үр дүнд хүрнэ. Тэмцээн нэгдүгээр сараас эхэлсэн юм. Харин би хоёрдугаар сард буюу цагаан сарын дараагаас эхлээд ээлжийн амралтаа авч хамаг анхаарлаа жин хасахдаа л зарцуулж бэлтгэлээ сайн хийн, хоолны дэглэмээ ягштал барьж эхэлсэн.
Тэмцээн дуусахтай зэрэгцээд ээлжийн амралт дуусах болчихоод байдаг. Тэгээд бэлтгэлийн эмчээсээ “Ер нь түрүүлэх боломж надад хэр байгаа бол?” гээд тандаж асуусан юм. Уг нь бол бусад оролцогчид ямархуу явцтай байгаа нь нууц байх хэрэгтэй л дээ. Учир нь нэг оролцогч их жин хаясан бол нөгөө бусад нь нэгэнт гүйцэхгүйгээс хойш гээд тэмцээний дундаас шантрах тохиолдол гарах болохоор тэр. Гэтэл эмч намайг харж байснаа “Үлдсэн хугацаандаа өөрийгөө сайн дайчилж чадвал чамд боломж байгаа” гэхээр нь ээлжийн амралтаасаа залгуулаад ажлаасаа 2 долоо хоногийн чөлөө авсан юм.
Өглөө нь ажилдаа явлаа гэж гараад л өдөр нь фитнесс дээрээ 3-4 цаг хичээллэдэг байсан. Зарим өдөр сэтгэл санаа бүр урамтай байвал 6 цаг явчихдаг байсан. Фитнессээ тараад ахындаа очиж жаахан унтаж амарчихаад л дахиад фитнесс рүүгээ явдаг байсан. Орой нь ажлаа тараад нэг их ядарсан хүн ээж аавдаа очно. /инээв/
-Тэгж их хөдөлмөрлөсний үр дүн ямар байв?
-Би тэмцээнд гуравдугаар байрт орсон. Энэ бол чамлалтгүй амжилт гэж би боддог. Нийт 15 кг хасаж 66 кг болсон. Яг тэр үеэр манай гэрийнхэн намайг зурагтаар харж тэмцээнд орсныг мэдсэн. Аав ээжтэйгээ утсаар яриад, “Охин нь очиж байгаад тайлбарлая” л гэсэн /инээв/.
-“Мисс, Мистер”-ийн тэмцээнд орсноо сонирхуулаач. Энэхүү тэмцээнд ортлоо явсан гэхээр нэлээд их хөдөлмөрлөжээ?
-Нэрэмжит тэмцээнийг үйлчлүүлэгчдийн дунд зохион байгуулдаг юм. Гэхдээ би энэ тэмцээнд анх орох бодолгүй байсан. Бас л хүмүүсийн урам, дэмжлэгээр орчихсон. Хоёр багш маань “Чиний цээж, мөр их гоё болсон байна. Тэмцээнд орооч” гэж надад зөвлөсөн. Дахиад л гэрийнхэндээ хэлтэл “Ингэж их турчхаад дахиад турж хэрэггүй” гэсэн. Харин ах өөрөө фитнессээр хичээллэдэг болохоор намайг ойлгож “Бие чинь бүр гоё болно. Миний гаргаагүй амжилтыг чи хэдхэн сарын дотор гаргасан хүн шүү дээ. Дахиад л үзээд алд” гээд надад их урам өгсөн. Хүн гэдэг чинь ерөөсөө урмаар л тэтгэгддэг амьтан юм байна лээ. Тэгээд дахиад гурван сар хичээллэж, өмнөхөөсөө илүү их бэлтгэл хийж, хоолны дэглэм барьсан.
-Тэгэхээр дахиад нэмж турсан гэсэн үг үү?
-Тийм. 47 кг болтлоо турсан. Хэдий тэмцээнд шагналт байр эзлээгүй ч эрүүл аргаар өөрийнхөө хүссэн хэмжээнд хүртлээ жингээ хасаж чадсан минь надад хангалттай.
-Илүүдэл жинтэй хүмүүс, ялангуяа бүсгүйчүүд турах гэж эхлээд л хэд хоног хоолны дэглэм барьж, дасгал хийгээд үр дүнг нь үзэлгүй хаячихдаг. Харин чиний хувьд түүнийг давж гарахад нөлөөлсөн зүйл юу байв?
-Өмнөө тавьсан зорилготой, бусадтай өрсөлдсөн минь бас турахад их нөлөөлсөн болов уу. Мөн тэр их хөлс хөдөлмөр, гаргасан зардал, цаг хугацааг салхинд хийсгэчихмээргүй санагдаад би шантралгүй хичээсэн. Өөрөөсөө гарч болохоор бүхнийг л хийх хэрэгтэй. Эхэндээ мэдээж хэцүү байлгүй л яахав. Өөрийгөө шийтгээд ч байгаа юм шиг санагдаад, хамаг бие булгараад, маш их ядардаг. “Ер нь яах гэж чи намайг ингэж зовооно вэ” гэж өөрөө өөрөөсөө асуух үе хүртэл байдаг байлаа. Тэр үеэ л даваад гарчих юм бол дараа нь бие махбод дасгал хүлээж авч дасаад эхлэхээр улам их хиймээр санагдаад, өөрчлөлт гарахын хэрээр урам ордог юм.
-Туръя гэж эргэлт буцалтгүй шийдэхэд нөлөөлсөн зүйл байгаа л байх?
-Намайг тарган байхад хүмүүс “бондойчоод” гээд л өхөөрддөг байсан ч би эмэгтэй хүнийхээ хувьд гоё даашинз өмсөөд өөртөө итгэлтэйгээр харц дээгүүр алхмаар санагдах үе байлгүй л яах вэ. Сургуулиа төгсөөд ажил, амьдрал дээр гараад ирэхээр хүмүүсийн хандлага, харьцаа арай ондоо ч юм шиг санагддаг байсан. Хувцас авах гээд дэлгүүр хэсэхээр таарах хувцас олдохгүй, олдож байгаа нь настай хүний гэмээр нэлэмгэр, сул загвартайг л сонгодог байсан. Эсвэл сонирхсон хувцасныхаа зүгээр л үнийг нь асуухад худалдагч “Чамд таарах размер байхгүй” гэсэн хариулт хэлдэг байсан. Сүүлдээ хувцас авахаас ч дургүй хүрэх болсон.
Фитнессээр хичээллэхээр бие бялдар хөгжихөөс илүү стрессийг үгүй болгодог. Заримдаа ажил дээрээ бухимддаг ч бэлтгэлээ хийгээд шүршүүрт ороод гараад ирэхээр тайвширч, сэтгэл санаа хүртэл өөдрөг болчихдог.
Турсан чинь хуучин хувцаснууд маань томдоод өөртөө шинэ хувцас авах шаардлагатай болсон. Хэдэн размер өмсдөгөө ч худалдагчид хэлж чадахгүй байх үед “Чамд M эсвэл S л таарах байх” гэхэд нь урам ороод л. Мөн хүмүүсийн харьцаа, хандлага эрс өөрчлөгддөг юм билээ. Би ч өөртөө итгэх итгэлтэй болж, ер нь л бүх зүйл гоё болсон. /инээв/ Их хүч хөдөлмөр, цаг хугацаа, мөнгө үрсэндээ би огтхон ч харамсдаггүй. Харин ч их баярладаг.
-Фитнессээр хичээллэнэ гэхээр багагүй зардал гардаг болохоор хүсэл нь байв ч зарим нь тэр болгон хичээллээд байж чаддаггүй юм шиг ээ?
-Үнэхээр эрүүл мэнддээ анхаарч, туръя гэж шийдсэн бол заавал фитнессээр хичээллэх албагүй. Youtube дээрх төрөл бүрийн дасгалаас гэртээ хийж болно. Хүн үнэхээр чин хүсэл эрмэлзэлтэй, зорилготой түүнийхээ төлөө тууштай байх сэтгэл байвал болохгүй зүйл гэж байхгүй шүү дээ.
Намайг хичээллэж байхад зарим хүн “дэмий зүйлд мөнгө үрлээ, хайран цаг зав” гэж хэлдэг байлаа. Гэхдээ тэд миний оронд хэзээ ч байж үзээгүй, зовлонг минь мэдэхгүй болохоор тэгдэг байх. Би боддог юм. Нас ахисан цагт миний бие махбод дасгал хүлээж авах нь муудаад бүр оройтчихсон, магадгүй одоо гаргасан зардлаасаа илүүг ч зарцуулах юм бил үү. Хүн ганц л амьдарна, залуу байгаа дээрээ эртхэн шиг л өөрийгөө өөрчилж гоё болохыг хүссэн юм.
Мөн фитнессээр хичээллэхээр бие бялдар хөгжихөөс илүү стрессийг үгүй болгодог. Заримдаа ажил дээрээ бухимддаг ч бэлтгэлээ хийгээд шүршүүрт ороод гараад ирэхээр тайвширч, сэтгэл санаа хүртэл өөдрөг болчихдог.
-Нэг төрлийн бас донтолт болчихдог гэдэг юм билээ.
-Харин тийм. Амтанд нь ороод ирэхээр салж чадахаа байчихдаг. Тэмцээн дуусаад өөрийгөө хэсэг амрая гэж бодоод хэд хоног гэртээ байсан юм. Гэтэл “яг одоо тийм хичээл орж байгаа байхдаа” гээд л фитнесс бодогдоно. Тэгээд тэсэхгүй бэлтгэлийн цүнхээ үүрээд гэрээсээ гардаг. /инээв/ Яг нэг донтдог үе байдаг юм шиг байгаа юм. Түүнийгээ давчихвал бас арай гайгүй болчихдог ч юм шиг. Одоо би гэрийнхэндээ болон найз залуудаа цаг зав гаргах, шинэ жилийн захиалга их байгаа учир ажилдаа илүү анхаарах гээд түр завсарласан байгаа.
-Найз залуу гэснээс турахаасаа өмнө нь үерхдэг байсан уу?
-Үгүй. Турсныхаа дараа, бид есдүгээр сард танилцсан. Миний гадаад төрхийн өөрчлөлт амьдралд минь олон эерэг өөрчлөлтийг ч дагуулсан гэж хэлж болно. /инээв/
-Бэлтгэл хийхэд уураг заавал уух шаардлагатай байдаг уу. Гадуур янз бүрийн уураг худалдаалагддаг. Энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөггүй юу?
-Уураг дотроо их олон төрөл байдаг. Би эмчийн зөвлөсний дагуу шар сүүний уураг гээд ганц л төрлийнхийг хэрэглэдэг. Хоолны дэглэм барихаар хоолноос авах шим тэжээлийг энэхүү уураг нөхөж өгдөг юм. Өөх нэмдэггүй, зөвхөн булчингийн массыг нэмдэг учир шингэц сайтай байдаг. Булчингийн массыг хасахгүй байлгаснаар өөхийг сайн шатаадаг онцлогтой юм.
Мөн уураг нь шоколад, элдэв жимсний амттай учир дэглэм барьж элдэв чихэр шоколад хорьчихсон байх үед бэлтгэлийн дараа уургаа уух ч маш кайфтай шүү дээ. Зарим үед бэлтгэлээ хурдхан дуусгачхаад л уургаа уумаар санагддаг юм. Уураг худалдаж авах гэж байгаа бол худалдагчаас болон фитнессийн эмч, багшаасаа сайн асууж тохирох уургаа уух хэрэгтэй. Харин уураг хүний биед элдэв сөрөг нөлөө үзүүлдэг гэж би сонсоогүй.
-Та дасгалынхаа хажуугаар хоолны дэглэм барьсан гэлээ. Яг ямар төрлийн дэглэм барьсан бэ?
-Хоолны дэглэм гэхээр хүмүүс их л өлсдөг юм шиг санаад байдаг. Гэтэл үнэндээ яг эсрэгээрээ ерөөсөө өлсөж болохгүй. Энэ нь гэхдээ цадталаа ид гэсэн үг биш. Бага багаар, ойр ойрхон ид гэсэн зарчимтай.
Харин хориглох хүнсний бүтээгдэхүүнд малын гаралтай өөх тос, ургамлын тос, төмс, майонез, согтууруулах төрлийн ундаа, цагаар гурилан талх нарийн боов, чихэр шоколад зэрэг орно. Давсны хэрэглээг огт хасахгүй юмаа гэхэд багасгана. Гэхдээ хасвал бүр сайн. Учир нь давс өөхийг нягтаршуулж шатахад нь саад болдог.
Өглөөд гурвалжин будаа, ногооны салат, өндөгний цагаан эсвэл хоёр зүсэм хар талх ч юм уу идчихдэг, үдээс хойш тахианы цээж мах, дүфү, ногооны салат, өргөст хэмх, улаан лооль, төмснөөс бусад бүх төрлийн ногоог идэж болно. Орой нь 18 цагаас өмнө хоолловол сайн. Түүнээс хойш юм идмээр санагдвал жимс идэж, тараг ууж болно.
-Хүмүүс ялангуяа бүсгүйчүүд амар хялбар аргаар буюу элдэв янзын цай, эм бэлдмэл хэрэглэж жин хасах гээд байдаг. Энэ тал дээрх чиний бодол?
-Мэдээж хэрэг би дэмждэггүй. Гадуур худалдаалагддаг тураах цай, эм ихэвчлэн Хятадынх байдаг нь анзаарагддаг. Тэмцээнд орж байхад өрсөлдөгчид маань тураах нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан. Эмч маань хүртэл “Чамаас бусад нь ямар нэгэн зүйл хэрэглээд байна” гэж хэлэхийг сонсоод би өөртөө уураг л авч байсан. Учир нь би залуу хүн, хүүхэд ч төрүүлээгүй учраас юуг нь ч мэдэхгүй эм бэлдмэл, цай хэрэглэж биеэ эрсдэлд оруулахыг хүсээгүй юм.
Ер нь тэгээд эрүүл аргаар турвал хамгийн үр дүнтэй мөн биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй шүү дээ. Чи хэдий чинээ хөлс хүч урсгана, чамд төдий чинээ шагнал нь ирнэ. Энэ миний зарчим болсон.
-Фитнессээр хичээллээгүй Отгонбаяр гэх бүсгүй одоо ямар байх байсан бол?
-Мэдээж тарган хэвээрээ, өөртөө итгэлгүй, элдэв зүйлд хойрго тэр хэвээрээ л байх байсан. Одоо бол бүх зүйл эсрэгээрээ өөрчлөгдсөн. Заримдаа хуучин зургуудаа харахаас ч санаа зовмоор санагддаг. /инээв/
-Өөрийгөө өөрчлөхийг хүсдэг нийт охид бүсгүйчүүддээ хандаж хэлэх үг байна уу?
-Унаган мах арилдаггүй гэж хүмүүс их боддог. Би ч мөн анх тэгж боддог байлаа. Өөрийгөө ийм хэмжээнд хүртлээ явна ч гэж төсөөлөөгүй. Гэхдээ хүн зорилгоо тодорхойлоод, түүндээ хүрэх арга замыг сайн мэдээд, хүч хөдөлмөрөө зарцуулж чадвал бүтэхгүй зүйл гэж байдаггүй шүү.
Мөн бүсгүйчүүд үр дүнг нь хэдхэн хоногийн дотор л үзчих юм шиг санадаг. Гэтэл энэ чинь хэдэн сарын магадгүй жилийн үр дүнд бий болох зүйл юм. Тэгэхээр тэвчээртэй хөдөлмөрлөх хэрэгтэй. Чи хэдий чинээ хөлс хүч урсгана, чамд төдий чинээ шагнал нь ирнэ гэдгийг дахин хэлье.
-Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.