Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулууныг “Дээжис” сэтгүүлийн шинэ оны анхны дугаарын зочноор урилаа. Тэрбээр Ерөнхий сайд, Сайн Ноён Хан Т.Намнансүрэнгийн 1913-1914 оны заагт Оросын хаант улсад хийсэн айлчлалтай холбоотой түүхийн эх сурвалжуудыг судалж, айлчлалын үеийн ховор гэрэл зураг, дүрс бичлэг бүхий сонирхолтой үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейд дэлгэлээ. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 103 жилийн ой арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тохиолоо. Эх түүх, эцэг өвгөдөө мөшгин судлах эрэл хайгуулын ажилд шунан дурласан залуу түүхчтэй ярилцлаа.
-Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн эдэлж, хэрэглэж байсан ширээнд Та анх сууж байсан гэж дуулсан?
-Тийм ээ. Би их сургууль төгсөж ирээд санамсаргүй тохиолдлоор энэ ширээнд сууж таарсан. Анх Их сургууль төгсөж ирэхэд ширээ хүрэлцэхгүй, намайг энэ ширээнд суулгасан. Миний дараа манай хүрээлэнгийн хэд хэдэн залуучууд суусан. Энэ ширээнд суусан хүмүүс гадаадад сурдаг гэж манай залуучууд ярьдаг. Ийм бэлгэдэлтэй ширээ.
-Жирийн модон ширээ атал бараг 80 жил хэрэглэжээ. Их л чанартай эд байна?
-Хадаас ороогүй, углуургатай ширээ. Их зохиолч нас бартлаа л энэ ширээндээ суусан гэдэг. Донжтой ширээ байгаа биз. 1935 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд Түүхийн тасгийг албан ёсоор байгуулж анхны даргаар нь Д.Нацагдорж ажилласан. Манай хүрээлэнгийн анхны дарга гэсэн үг л дээ.
Тэр үед Орос, Германд сурч ирээд байсан. Одоо энэ ширээ хуучирч муудсан учир хүн суулгахаа больсон. Их зохиолч Д.Нацагдоржтой би нэг хошууных. Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу. Улаанбаатар хот бол энэ хошууны харьяа газар. Улаанбаатарт суух хүн 1920-иод оны дунд үе хүртэл манай хошууны ноёноос зөвшөөрөл авдаг байсан. Д.Нацагдорж, Эрдэнэ жонон ван Ширнэндамдин гээд манай хошууны олон ноёд байсан. Д.Нацагдоржийн олон гар бичмэл манай хүрээлэнд хадгалагддаг. Энэ 2015 онд Түүхийн хүрээлэнгийн 80 жилийн ой болно.
Сүүлийн арваад жил бичиж буй судалгааны ажил минь дуусдаггүй ээ. “XVII зууны Орос, Монголын харилцаа“ нэртэйгээр удахгүй хэвлэгдэнэ. Оросууд Монголын тал нутагт анх яаж ирсэн, монголчууд хэрхэн харилцаж эхэлсэн, Орос, Монгол хоёр анх яаж уулзсан бэ гэх мэт асуултад хариулах судалгаа юм.
-Та Түүхийн хүрээлэнд хэзээнээс ажиллаж байна вэ?
-Таван жил болж байна. Би 1999 онд МУИС төгсөөд ШУА-д ирсэн. Миний ажлын гараагаа эхэлсэн газар. Энд гурван жил ажиллаад докторт сурахаар Москва руу явсан. Миний багш нар Дорно дахин судлалын нэр хүндтэй судлаачид байсан. Тэр дундаа “Нүүдэлчин монголчууд” гэж ном бичсэн Н.Л.Жуковская, Г.И.Слесарчук гэж Оросын хуучин сурвалж материал уншдаг хүн байна.
Би төгсөж ирээд сүүлийн 2-3 жилд багш нарынхаа бүх бүтээлийг Монголд ном болгон гаргасан. Оросын 15 монголч эрдэмтний бүтээлийг Монголд ивээн тэтгэгч олж хэвлүүлсэн. Жуковская багш 1960-1990-ээд он хүртэл Монголд хээрийн судалгаа хийсэн хүн. Монголын соёлыг яаж харах вэ гэж судалгаа хийсэн хүн. Жишээлбэл, Монгол хүн аз жаргалыг юу гэж ойлгох вэ, монгол хүнд тоо гэдэг ойлголт юу вэ бэлггэдэл, монгол хүний орон зайн ойлголт гэж юу вэ. Монгол хүнд хоол гэж юу юэ? гэх мэтээр судалсан.
Багш “Монголчуудын хоол идэх бол зүгээр мах идэх төдий биш, энэ бол урлаг гэж үзсэн. Тувагийн архивт байгаа өмнө нь хэвлэгдээгүй, монгол бичгээр бичсэн Манж чин улсын үеэс эхлэн 1940-өөд он хүртэлх материалуудыг дөрвөн ботиор хэвлэсэн. Мөн Монголын Улсын Ерөнхий сайдын Орост хийсэн анхны айлчлалыг бүрэн бичсэн. Арванхоёрдугаар сарын 29-нд нээсэн үзэсгэлэнд шинээр олсон материалууд бий.
-“Монгол Улсын анхны Ерөнхий сайд Орос улсад” сэдэвт үзэсгэлэн Монголын үндэсний музейд нээлтээ хийлээ. Анхны Ерөнхий сайд Сайн Ноён Хан Намнансүрэнгийн Орост хийсэн төрийн анхны айлчлалын талаарх материалыг Та ямар эрэл хайгуул хийж олсон бэ?
-Оросын Петербургт Кино, дуу, дүрс, гэрэл зургийн архив гэж бий. Намнансүрэнгийн айлчлалын үеэр зурагчнаар нь ажиллаж байсан орос гэрэл зурагчны материалууд тэр архивт байсан. Тэр материалууд дунд зураг нь байсан./зураг/ Москвагийн архиваас бичлэгийг нь хувилж авсан. Улаан талбайд Монгол төрийн тэргүүн тэр үеийн шинэ технологитой танилцаж байгаа тухай зураг бий.
Намнансүрэн оросоор бага сага ярьдаг байсан гэдэг. Оросуудтай орчуулагчгүй ярилцаж байгаа маш ховор дүрс бичлэг олдсон. Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ОХУ-аас Монголд суугаа Элчин сайд И.К.Азизов нар оролцсон. Элчин сайд Азизов энэ чиглэлийн судалгааны ажилд бүх талаар тусална гэж хэлсэн. Орос орон бол Монголын түүхийн судалгааны нэлээд том голомтын нэг. Орост судалгаа хийхэд зардал өндөртэй, хоёрдугаарт ямар материал хаана байна вэ гэдгээ баримжаалж мэдэхгүй бол тэр далай шиг материал дунд ороод юу ч олохгүй.
Улаан-Үдийн архивт очоод надад тийм материал хэрэгтэй гэвэл “тэг тэг” гээд арван боть авчраад хаячихна. Тэндээс хэрэгтэйгээ олж чадахгүй хоёр хононо. Архивын хэдэн мянган материалаас өөрт хэрэгтэйг олж авахад судлаач хүнээс их хүч шаарддаг. Манайхан Орост очоод л бэлэн юм аваад ирдэг гэж амраар бодоод байх шиг. Тийм юм байхгүй. Судлаач хүн өөрөө эрэлхийлнэ. Нэг очоод хоосон буцна. Хоёр очоод мухардана. Гурав дахь удаагаа хагас олно, дөрөв дэх дээрээ олж болно, цөхрөлтгүй явах хэрэгтэй.
ХОЁР ХӨРШИЙН ХИЙН ХООЛОЙ ТАВИХ ЗАМЫГ XVII ЗУУНД МОНГОЛЧУУДЫН ТУСЛАМЖААР НЭЭСЭН
-Та Оросын архивуудад хэр их очдог байв?
-Би Орост сурч байхдаа Буриадаас эхлээд Москва, Петербургийн гээд 22 архивт суусан. Хэдийгээр хүнд үед сурч байсан ч нэг том завшаан нь тэндхийн архивт байнга сууж юм үзэх боломж байсан. Түр зуур ирсэн хүмүүс цаг хугацаандаа баригдаад л онц материал олж авч чадалгүй буцдаг, би Орост сурч байсан болохоор зав л гарвал архивт сууна.
-Тэгвэл Та анхны Ерөнхий сайдын Орост хийсэн айлчлалын талаар материалыг ямар эх сурвалжид үндэслэн архиваас олсон хэрэг вэ?
-Энэ их сонин. Хүн сонирхсон зүйлийнхээ талаар үргэлж чих тавьж, нүд унагаж явдаг бололтой. 1998 онд Намнансүрэнгийн мэндэлсний 120 жилийн ой болсон. Тэр үед оюутнуудын дунд Намнансүрэнг хэн сайн мэдэх вэ? гэдэг уралдаан зарласан.
Илтгэлийн уралдаанд би оролцож, Орост айлчлахдаа авч явсан тамганы тухай илтгэл тавьж, түрүүлсэн. Энэ тамгыг яах гэж авч явсан, тамга ямар ач холбогдолтой вэ гэх мэтээр сонирхож эхэллээ. Тэр сонирхлын үзүүрт өнөөдрийн үзэсгэлэн, түүхийн ном хоёр байсан гэж боддог. 17 жилийн өмнө тамгаар эхэлсэн бол өнөөдөр тэр айлчлалыг цогцоор нь судалж, олон нийтэд танилцууллаа.
-Анх Ерөнхий сайдын авч явсан тамганы учир холбогдол нь юу байсан бэ?
-Ерөнхий сайд Намнансүрэн 1913 онд явахдаа гурван гол зорилго тавьсан. Нэг нь дэлхийн улс орнуудаар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх, хоёр дахь нь зэр зэвсгийн тусламж болон эдийн засгийн зээл авах, гурав дахь нь Монгол Улсаас Орост байнга суух Элчин сайдыг суулгах. Монгол Улсын Бүрэн Эрхт Элчин сайдын тамга гэж хуучин монголоор бичсэн тамга л даа. Хичээнгүй сайд Цэрэндоржийг Элчин сайдаар томилохоор авч явсан байдаг.
Хятад, Оросын харилцаанаас болоод Монголын Элчин сайдыг суулгахыг зөвшөөрөөгүй юм. Гэхдээ энэ тамга Намнансүрэнгийн Японы эзэн хаанд бичсэн захидалд дараастай байдаг. Би Ерөнхий сайдын айлчлал эхлэхээс дуусах хүртэлх хугацааны үйл явдлыг өдөр тутмаар нь судалсан. Айлчлалыг Оросын өдөр тутмын сонин хэвлэлүүд их сонирхож, 30 орчим мэдээ материал хэвлүүлсэн байдаг. Оросын Николай хаантай уулзсан. Оросын арван яамных нь долоон сайдтай уулзсан өргөн цар хүрээтэй айлчлал болсон.
Мөн Төрийн думд хүндэт зочноор орсон. Төрийн Думын үйл ажиллагаатай танилцчихаад Их хурлын талаар ойлголт авсан болов уу, ирээд Богд хаант улсын Дээд, Доод хурал байгуулах санал гаргаж байгуулсан түүхтэй. 1914 онд байгуулсан Улсын Дээд, Доод хурал бол Монголын парламентат ёсны үүсэл гэж үзэж болно. Ерөнхий сайд Оросоос хэвлэлийн машин авчирсан. Удалгүй Монголын анхны тогтмол хэвлэл “Шинэ толь хэмээх сонин бичиг”-ийг гаргасан түүхтэй.
XVII зууны туршид Энх-Амгалан хааны үед Монгол, Оросын Эзэнт Улс, Манжийн эзэнт улсуудын хооронд Монгол хэл дипломат хэл байсан. Хоёрдахь нь, оросууд анх монголчуудаас цай авч уусан. 1638 онд элч ирэхэд Хотгойдын Алтан хаан Омбо-Эрдэнэ 200 боодол цай өгсөн. Оросууд хэрэглэж мэдэхгүй, аажим аажмаар хэрэглэсээр цай ууж сурсан.
-Зээл тусламж авч чадсан уу?
-Багахан зээл авсан. Тэр зээлийг 1921 онд хүчингүй болгосон л доо. 100 мянган алтан зоосны зээл, хэдэн зэвсэг авсан. Яагаад зэвсэг хэрэгтэй гэхээр тэр үед монголчууд Монголыг Өвөрмонголоос чөлөөлөх дайн хийж байсан. Гэвч Намнансүрэнг эргэж ирэхэд дайн бараг зогссон байсан.
-Таныг эртний Монголын түүхийг судалдаг гэж дуулсан. Түүхийн аль цаг үе таны судалгаанд хамаарагдах вэ?
-Би XVII зууны Орос, Монголын харилцааг судалдаг. Оросууд анх яаж Сибирт Манж, Монголтой харилцаж эхэлсэн тухай эртний материалуудыг ашигладаг. Энэ судалгаа Монголд огт орж ирээгүй. Сүүлийн арваад жил бичиж буй судалгааны ажил минь дуусдаггүй ээ. “XVII зууны Орос, Монголын харилцаа“ нэртэйгээр удахгүй хэвлэгдэнэ. Оросууд Монголын тал нутагт анх яаж ирсэн, монголчууд хэрхэн харилцаж эхэлсэн, Орос, Монгол хоёр анх яаж уулзсан бэ гэх мэт асуултад хариулах судалгаа юм.
-Сонирхолтой судалгаа байна. Монголчууд орос “ах нар”-тай анх хэрхэн харилцаа холбоо тогтоосон хэрэг вэ?
-Оросоос Монголд ирсэн, Монголоос Орост очсон монгол, орос элч нарын өдрийн тэмдэглэл бий. Лигдэн хаанаас зугтаж ирсэн хүнээс авсан ярилцлага, Галдангийн хатантай уулзсан өдрийн тэмдэглэл, замын тэмдэглэл бүх зүйл судалгаанд орж байгаа. Энэ номын агуулгын 70 орчим хувь нь Монголын түүхэнд шинээр орж ирж буй материал. Би Японд хоёр жил зочин профессороор ажиллахдаа энэ ажлаа хийсэн. Тэр цаг үеийн түүхийн эх сурвалжууд Орос, Бээжин, Тайванийн архивт хадгалагддаг. Энэ гурван улсын архивын материалуудыг харьцуулж үзэж байгаа.
-XVII зууны үеийн монголчуудын сонирхолтой түүхээс сонирхуулаач?
-Судалгааны үр дүн олон байна л даа. Гурван энгийн баримт хэлэхэд, XVII зууны туршид Энх-Амгалан хааны үед Монгол, Оросын Эзэнт Улс, Манжийн эзэнт улсуудын хооронд Монгол хэл дипломат хэл байсан. Хоёрдахь нь, оросууд анх монголчуудаас цай авч уусан. 1638 онд элч ирэхэд Хотгойдын Алтан хаан Омбо-Эрдэнэ 200 боодол цай өгсөн.
Оросууд хэрэглэж мэдэхгүй, аажим аажмаар хэрэглэсээр цай ууж сурсан. Гурав дахь нь, оросууд Хятад руу явах замыг монголчуудын хүчээр нээсэн. Үүнээс өмнө хоёр хөршийг холбосон зам байгаагүй. Одоо Шинжаан Уйгар Казахын нутгаар дамжаад Бээжин явах зам, Тувагийн нутгаар дамжин Монголоор дайран явах зам, Сэлэнгээр дайран явах одоогийн Транс Сибирийн замыг анх монголчууд дагуулан явж нээсэн түүхтэй. Энэ гурван зам одоо Орос, Хятадын харилцааны стратегийн хамгийн том зам болоод байна.
Хоёр хөрш хийн хоолойг хаагуур тавих вэ гэж яриад байгаа замыг XVII зуунд нээсэн. ХVII зуун Монгол болоод хөрш орнуудын түүхэнд ийм их ач холбогдолтой. 1670-аад оны үед Өндөр гэгээн Занабазар одоогийнхоор Гачууртын цаахна зусаж байсан. Тэр үед Оросоос элч ирээд “Би Сэлбэ голыг уруудаад Хан уулын ард ирлээ. Дээшээ Улиас гэдэг голыг өгслөө. Өндөр гэгээнтэй уулзах гэтэл намайг хүлээж авсангүй. Өндөр гэгээн “Чи надтай уулзах гэж байгаа бол миний өмнө сөгд” гэж хэлсэн тухай өдрийг тэмдэглэлдээ бичсэнийг олж үзсэн.
-Яагаад сөгд гэсэн хэрэг вэ?
-Монголчууд оросуудтай эрх тэгш гэж үзэж байгаа нь тэр. Биднийг хүндэтгэ гэсэн санаа. Би сөгдөхгүй гэхэд нь “Тэгвэл би чамтай уулзахгүй” гээд буцаасан тухай элчийн өдрийн тэмдэглэлд бий. Өндөр гэгээний хот Туул голоос дээхнэ бий гэсэн байдаг.
ҮЕ ҮЕИЙН ХААД ЯЗГУУРТНУУД ТҮҮХЧЭЭС Л АЙДАГ БАЙСАН
-Танай судлаачид Өндөр гэгээний чулуун хотыг малтаж, нээсэн шүү дээ. Энэ эх сурвалжид үндэслэн малтлага хийсэн байх нь ээ?
-Тийм ээ. Эх сурвалжид өгүүлснээр тэр чулуун хотыг малтаж, Сарьдагийн хийдийг нээсэн. Хоёр жил малтлага хийгээд Өндөр гэгээний уран бүтээлийн ордонг оллоо. Өндөр гэгээний хийцийн 500 орчим шавар бурхан, том хэмжээний бурхад, XVII зууны монгол цэргийн бүрэн хувцас, хэрэгсэл зэрэг эд өлгийн зүйлсийг олсон. Энэ бол өндөр гэгээний судалгаанд Монголд төдийгүй дэлхийд үнэлэгдэх ажил болсон гэж боддог. Судалгаагаа ирэх жил үргэлжлүүлнэ. Үр дүнг нь нэг мөр олон нийтэд танилцуулна.
-Түүхийн шинжлэх ухаан яагаад Таны сонирхлыг татсан бэ?
-Яршигтай ухаан шүү дээ. Зарим хүн түүх бичих амархан мэтээр сэтгэдэг. Түүхч, ялангуяа суурь судалгаа хийж байгаа хүнд нэгдүгээрт, хамгийн өндөр хариуцлага ногддог. Түүхч хүн баримтгүй зүйл ярьж болдоггүй. Хоёрдугаарт, түүхч улстөрийн, онолын, намын, шүтэн бишрэх шашны зэрэг хөндлөнгийн үзэл санаанд автаж болдоггүй. “Изм” гэдэг зүйлээс хол байх ёстой.
Сүүлийн үед түүхт ойнуудыг тэмдэглэж байна. Ой бол баяр биш, ой санамжаа сэргээж буй хэрэг. Ой санамж гэж судалгаа шинжилгээнд тулгуурласан түүхээ бичихийг л хэлж байгаа юм. Түүнээс уран сайхны түүх биш л дээ.
Гуравдугаарт, түүхч хүн уйгагүй эрэл хайгуулч байх ёстой. Тултал нь хайх хэрэгтэй. Энэ бол маш их хөдөлмөр, их цаг шүү. Олсон баримтаа нотлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл түүх бол шүүх байхгүй юү. Тиймээс маш их анхаарал тавьж судлах ёстой. Сүүлийн дөрвөн жилд манай хүрээлэнгээс гарсан 100 гаруй бүтээл гарсан. Энэ бүхэнд ямар нэг үзэл суртлын санаа гарч ирвэл түүхч байгаад хэрэггүй гэж би шавь нартаа байнга хэлдэг. Тийм зүйлээс нэлээд зайлсан даа.
-Түүхийг үзэл сурталтай хутгах гэсэн сонирхол байдаг гэж үү?
-Үе үеийн улс төр, үзэл санаанууд түүхийг ийш тийш нь хөтөлчих гээд байдаг. Ялангуяа Манж чин улсын үед шашны нөлөөгөөр түүхийг бичих, Чингис хааны гарал үүсэл Энэтхэг, Түвдээс болж хувирдаг ч юм уу, ийм зүйл байсан. Социализмын үед марксизм, 1990-ээд оны үед үндэсний үзэл сэргэж баахан националист үндэсний түүхчид төрөх зэргээр ганхах үе байна.
Үүнээс холдох хэрэгтэй. Холдох хоёр арга бий. Нэг нь онолын мэдлэгтэй байх ёстой. Хоёр дахь нь өөрөө материалтай байх ёстой. Бидний гаргаад тавьсан үзэсгэлэн, ном зэрэг шиг эхлээд материалаа дэвсэж өгөх хэрэгтэй. Хангалттай материалыг нь тавиад өгөхөд түүн дээр хэчнээн ч хүн ажиллаж, ашиглаж болно. Энэ материалыг үзээд чаддаг нь дахиад Намнансүрэнгийн тухай түүх бичиж болно. Дэвсгэрээ сайн дэвсэж чадвал түүх сайн болно.
-Сүүлийн жилүүдэд монголчууд түүхээр амьсгалж байна. Хүмүүс түүхээ сонирхож судалдаг болсон нь Та бүхэнд мэдрэгдэж байгаа биз дээ?
-Түүхт ойнууд тэмдэглэж байна. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ой, Хүннүгийн 2220 жилийн ой, Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой энэ бүхнийг манай хүрээлэнгээс дэвшүүлсний үр дүнд төр засаг анхаарал тавьж тэмдэглэдэг боллоо.
Нэгдүгээрт, олон түмэнд энэ асуудлыг ойлгуулах чухал. Хоёрдугаарт, ой бол баяр биш, ой санамжаа сэргээж буй хэрэг. Ой санамж гэж судалгаа шинжилгээнд тулгуурласан түүхээ бичихийг л хэлж байгаа юм. Түүнээс уран сайхны түүх биш л дээ. Жишээ нь, Хүннүгийн ойгоор тухайн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг дэлхийд байгаа 58 эрдэмтэн Монголд чуулаад Хүннү бол монголчуудын өвөг дээдэс, Монгол Улс бол Хүннүгийн түүх соёлын голомт мөн гэдгийг баталсан.
1911 оны хувьсгалын түүхийг бас гадаадын энэ талаар судалдаг 20 гаруй эрдэмтнийг Монголд урьж хуралдуулаад, “1911 оны хувьсгал бол ХХ зууны Монголын сэргэн мандлын үүд мөн” гэж үзсэн. Асуудлыг олон улсын стандартаар гаргаж тавьсан. Түүнээс биш Дорж, Дондог эндээ цэцэрхээд нэмэргүй. Түүхчдийн үзэл баримтлал, чиг хандлагыг тогтоох гэж л ажиллаж байгаа.
-Монголд улстөрждөггүй хүн ховор. Түүхчид ч илүү ул суурьтайгаар улс төржинө биз?
-Шинжлэх ухааны академийн энэ байшинд ямар ч улс төр байхгүй. Хэн ч тоож ярихгүй. Миний улс төр бол түүх. Энэ бол эрүүл уур амьсгалтай эрдмийн газар. Хүмүүс эрдмийн ажлаа хийгээд сууж байна. Дэлхийд юу гарч байгааг үзэж харж байна. Олон улсад номоо гаргахыг хичээж байна.
-Судалгаа шинжилгээний ажил эдийн засгийн хөшүүрэг муутай гэдэг ойлголт өөрчлөгдсөн үү?
-Нэг үеэ бодвол судалгааны ажил руу орох, судлаач болох сонирхол залуучуудад илүү байна. Яагаад гэвэл цалин хөлс нь өмнөхөөсөө арай дээрдсэн байх. Хоёрдугаарт, сайн судалгаа хийсэн хүн үнэлэгдэж чадаж байна. Манай түүхийн чиглэлийн Өвөрмонгол залуу Кэмбрижид суралцаад, тус сургуулийн профессор багшаар ажиллаж байна.
Сүүлийн дөрвөн жилд Түүхийн хүрээлэнгээс 10 гаруй залуу улсын тэтгэлгээр гадаадын 6-7 оронд докторт сурч байгаа. Манай хүрээлэнгээс тэдэнд 50 хувийн цалин өгдөг. Суралцахын хажуугаар хүрээлэнтэй гэрээ хийгээд судалгааны ажлаа давхар хийнэ. Дэмжлэг үзүүлж буй хэрэг л дээ. Яагаад гэвэл мөнгөгүй хүн юу ч хийж чадахгүйн зовлонг бий өөрөө мэдэх юм чинь.
-Тэр жаргалтай “зовлонгоосоо” яривал?
-Тэрийг тэтгэвэрт гарахдаа л ярья. Ер нь асар их тэвчээр шаардсан. Москвад 15 долларын стипендээр сар амьдарна гээд л төсөөл дөө. Миний оюутан байх 2001-2004 он Оросын нийгэм, эдийн засгийн хамгийн хүнд үе байсан. Орост сурахаар очсон маш олон оюутан буцаж байсан. Би вагоны үйлчлэгчийг гуйгаад Монголоос мах, будаагаа авна. За тэгээд крантны усаар гэдсээ дүүргээд, дөрвөн жил амьдарсан даа.
-Бусад оюутны адилаар бизнес хийхгүй яасан юм бэ?
-Бизнес хийдэг хүмүүс байсан байх аа. Бизнес хийвэл судалгаа хийхгүй шүү дээ. Тэр үед хамт сурч байсан бүх оюутнууд намайг номын сангаас салдаггүй байсныг мэднэ дээ.
-Оюутан байхдаа тамганаас эхэлсэн судалгаа Таныг анхны Ерөнхий сайдын Орост хийсэн айлчлалын бүрэн судлах эхлэлийг тавьжээ?
-Намайг эрдэм шинжилгээний ажилд дурлуулсан судалгаа бол энэ. Тухайн үедээ хүүхэд нэг хачин юм яриад, тэгэхдээ л түрүүлээд. 5000 төгрөгийн шагнал авсан, оюутан хүнд боломжийн мөнгө. Би Москвад төгсөж ирээд, Их сургуульд таван жил багшилсан. Тэнд байхдаа нэг анги дааж авсан. 20 орчим хүүхэд төгссөнөөс, одоо 14 нь докторт сурч байна. Тэдний 7-8 нь гадаадад сурдаг. Эргээд энд л ажиллах боловсон хүчин.
-Түүхийн шинжлэх ухаан бол хэзээ ч судлагдаж дуусахгүй арвин их баялаг уу?
-Барагдахгүй. Яахав, асуудлыг шийдвэрлэж болно. Жишээлбэл, Чингис хааны байлдан дагууллын асуудлыг шийдвэрлэж болно. Намнансүрэнгийн айлчлалыг тодорхой шийдэж болж байгаа юм. Үүнээс хойш сайн баримт гарч ирвэл дахин бичнэ биз. Одоо байгаагийн тухайд үүнээс илүү баримт олдохгүй. Түүх үргэлж л бичигдэж байгаа.
-Өнөөгийн бидний амьдрал ч түүх үү?
-Тийм. Өнгөрснийг судалдаг боловч түүх бол ирээдүйн толь. Түүхчид улстөрчдийн гаргаж буй шийдвэр, үйлдлийг харахад түүхийн өмнөх цаг үеүдтэй төстэй байдаг. 1940, 1960-аад онд нэг ийм шийдвэр гарч байсан гэх мэтээр холбож үзэж болдог. Удаад нь түүхчид их хянамгай болдог юм болов уу.
Хүмүүс өнөөдрөөрөө амьдарч байна. Өнөөдрөөрөө амьдрахад маргааш осол гараад байгаа юм. Нөгөөдрөөр амьдарвал ядаж маргааш осол гаргахгүй, маргаашийг бодож нөгөөдрийг тооцоолно биз дээ. Тэр тусмаа шийдвэр гаргадаг хүмүүс үүнийг бодмоор шүү.
Албан бичиг төлөвлөж, гарын үсэг зурахдаа хожим хэн нэгэн үүнийг үзэж, судална гэж бодож би асуудалд ханддаг. Өнөөгийн нийгмийн үйл явцыг хожим хэн нэгэн судалж л таараа. Тэгэхдээ бидний ярьсан хэлсэн болон гаргасан шийдвэр гэх мэтээр бүх л юмыг үзнэ, ашиглана. Тиймээс аливаад хожмыг бодож хандах ёстой. Холыг харж ажилдаа хандвал их зөв шийдвэр болно.
-Та тэгэхээр өнөөгийн улстөрчид богино зайн тоглолт хийдгийг л шүүмжлэх гээд байна аа даа?
-Хүмүүс өнөөдрөөрөө амьдарч байна. Өнөөдрөөрөө амьдрахад маргааш осол гараад байгаа юм. Нөгөөдрөөр амьдарвал ядаж маргааш осол гаргахгүй, маргаашийг бодож нөгөөдрийг тооцоолно биз дээ. Тэр тусмаа шийдвэр гаргадаг хүмүүс үүнийг бодмоор шүү.
Өнөөдрийн эрх ашгаа бодон, за яахав гээд гарын үсэг зурчихлаа гэхэд тэр нь хойч үедээ асар хортой хууль байвал яах вэ. Хожим тэр хүн өөрөө л зүхүүлнэ. Тэр алдаа, оноог түүхчид л шүүнэ. Үе үеийн хаад, язгууртнууд түүхчээс л айдаг байсан. Өнөөгийн үйл явдлыг ч түүхчид л бичиж үлдээнэ. Хэчнээн сонины материал байгаад энэ бол эх сурвалж. Нэгтгээд түүхийн бүтээл болгоно гэдэг тэр үе, нийгмийн алдаа, оноог дэнсэлж байгаа хэрэг. Тиймээс түүхчид эвгүй шүү гэж бодох хэрэгтэй.
МОНГОЛЫНХОО ТҮҮХИЙГ БИЧИХ ГЭЖ БУСДЫГ ГУЙСААР ЦӨХРӨНГӨӨ БАРЖ БАЙНА
-Түүхийн ховор сонин 3000 гаруй зураг цуглуулснаа ном болгон олны хүртээл болгоно гэж Та мэдээлсэн. Тэр олон зургийг яаж цуглуулсан хэрэг вэ?
-Би зураг цуглуулдаг. Энд тэндхийн архив, номын сан зэргээс ховор зураг олбол гэрээ хийнэ. Хэвлэн нийтлэх эрхийг нь авна.
-Үүний тулд мөнгө төлөх үү?
-Төлнө.
-Тийм мөнгө академид байгаа гэж үү?
-Байхгүй шүү дээ.
-Тэгэхээр яах вэ, Та тийм их мөнгөтэй хүн үү?
-Зээлнэ. Бидэнтэй хамтран ажилладаг гадна, дотнын байгууллагууд байна. Оросууд шинжлэх ухаан соёлын судалгаагаар дэлхийд тэргүүлнэ. Ялангуяа түүхийн судалгааны салбарт. Бид оросуудтай найз, эрдэмтний харилцаа холбоотой. Бие биеийнхээ бүтээлийг мэддэг учир ийм судалгаа хийе, хамтаръя гэхэд надаас юу ч авахгүй.
Гол нь материал хаана байгааг зааж өгнө. Эх сурвалжийг өөр тийш дамжуулахгүй, материалыг заавал бүтээгдэхүүн болгох ёстой гэх мэт заалт бүхий гэрээ хийнэ. Дэлхийд өнөөдөр бүх зүйл нээлттэй болсон. Ядууд нь тааруулаад дэмжлэг үзүүлнэ. Судалгаа,ны ач холбогдолтой материалыг арилжаа гэж үзэхээ больсон цаг. Монголд л арилжаа гэж хардаг. Надад ийм ховор материал байгаа, би үүнийг ингэнэ гээд дараад байдаг.
Хааяа найзуудтай уулзаад суухаар түүх яриулах гээд байдаг. Сүүлдээ найзуудтайгаа “Түүх ярихгүй шүү” гэж тохирдог болсон.
Харин гадаадад бол чи үүнийг сонирхож байгаа бол аваад судал, тусалъя гэдэг. Сэтгэхүйн хувьд тэс өөр байгаа биз. Манайд эрдэм шинжилгээний ажил явахгүй байгаа нь үүнтэй л холбоотой. Мөнгө төлөх нөхцөлтэй гэрээ байвал бидэнд мөнгө байхгүй юм чинь оронд Монгол судлалтай холбоотой шинээр хэвлэгдсэн номнуудыг өгье гэх мэтээр тохирно. Жишээлбэл, Унгарын Үндэсний музейтэй гэрээ хийж, авсан зургуудын хариуд ном л зүйл өгч байгаа. Энэ чинь болж л байгаа хувилбар байхгүй юү.
-Та Монгол, Оросын түүхийг судалсан хүний хувьд хоёр орны хооронд бий болсон шинэ харилцааг хэрхэн харж байна вэ?
-Мэдээж анзааралгүй яах вэ. Орос орон Азитай яаж харьцаж байна. Монголтой ямар бодлого явуулж байна гэх мэтээр маш анхаардаг. Өдөртөө нэг удаа Оросын сайт руу ордог. Оросууд Азид явуулах бодлогоо эрчимжүүлж, XVII зуунд нээсэн гурван замыг Хятадтай харилцах худалдааны гол чиглэлүүд гэж үзэж байна. “Талын зам” төслийг хэрэгжүүлэх тухай ярьж байна.
Хүн төрөлхтөний түүхэнд Ази, Европыг холбосон хоёрхон зам байдаг. Торгоны зам, Цайны зам. Орос Хятадыг холбосон Цайны замын хамгийн том орон зай дээр Монгол байна. Монголчууд үүн дээр ямар үүрэгтэй байв, одоо ч тэр үүрэг оролцоогоо гаргах хэрэгтэй. Монгол хэл дипломат хэлний үүрэг гүйцэтгэж байсан. Худалдааны анхны хэрэглэгдэхүүн цайг зөөж байсан. Тэгэхээр монголчууд энэ байршлаараа дамжуулан өөрийн үүрэг, оролцоог өндөр болгох хэрэгтэй. Монгол Улс Оросын хувьд стратегийн маш том чиглэл. Гэхдээ Оросууд бол монголчуудын мөнхийн хөрш гэдгийг монгол хүн бүр бодох хэрэгтэй.
Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэдэг дээ. Харилцан ойлголцож, харилцан бие биеэ хүндэтгэх хэрэгтэй. Оросуудыг сургаар муу хэлдгээ болих хэрэгтэй. Бид тэднийг шүүмжилж, доош нь хийдэг яриа байж болохгүй. Энэ нь оросуудыг магт гэсэн үг биш. Бусдыг ойлгож, хүндэлж байж л өөрийгөө хүндүүлнэ гэдгийг мэдэж байх ёстой. Манай улсад юу болоод байгааг хоёр хөрш их гүрэн алган дээр тавьсан мэт мэдэж байгаа. Одоо хашгирдаг үндэсний үзэл өнгөрч, ухаалаг үндэсний үзлийн үе рүү орсон.
-ШУА-иас хоёр жилд нэг удаа академич цол олгодог. Тэр сонгон шалгаруулалтад өнгөрсөн жил Та орсон байх аа?
-Тийм ээ. Шинжлэх ухааны академи гэдэг ХХ зууны монголчуудын босгож бий болгосон хамгийн том өв, оюун ухааны төв. Сансарт хүн нисгэж чадсан л газар шүү дээ. Одоогоос 90 жилийн өмнө байгуулагдаад таван жилийн дотор дэлхийн эрдэмтэд Монголыг хүлээн зөвшөөрч байсан түүхтэй байгууллага.
Монголын брэнд болоод байгаа Лувсанданзангийн ”Алтантовч”, “Ганжуур Данжуур”-ыг манай академийнхан цуглуулсан. Та бидний сууж байгаа энэ ширээ Монголын ШУА-ийг дэлхийн эрдэмтдэд хүлээн зөвшөөрүүлж байсан Базарын Ширэндэв гуайн хэрэглэж байсан эд. Ийм түүхтэй газар.
/Түүхийн хүрээлэнгийнхэн Шинжлэх ухааны академийн үндэс суурийг тавьсан Монгол Улсын нэрт эрдэмтэн, түүхч, төр нийгмийн зүтгэлтэн Базарын Ширэндэвийн нэрэмжит өрөө нээж, түүний эрдэм шинжилгээний ажил, гар бичмэлүүд, эдэлж хэрэглэж байсан ширээ, номын шүүгээ сэлтийг байрлуулжээ. Монгол эрдэмтнийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрснийг илтгэх Польш, Варшав, Чех, Унгар, .... ..ын их сургуулийн хүндэт доктор болсон үнэмлэхийг хананд нь өлгөжээ. Ширэндэв гуайн хэрэглэж байсан бичгийн ширээ, номын сан, бүх ном, бусадтай харилцаж байсан 450 орчим захидлыг нь түүний үр хүүхдүүд Түүхийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна./
Үүний дээд хэргэм нь академич. Миний хувьд би дуртайдаа ч нэрээ дэвшүүлсэн юм биш. 45 хүртэлх насны залуу эрдэмтнийг квотоор академид нэр дэвших эрхийг хоёр жилийн өмнө олгосон. Хоёр дахь нь гадаадад судалгаа хийж байгаа залуу судлаачийг оруулах бас нэг эрх өгсөн. Би эхнийх нь квотод нийгмийн ухааныг салбарыг төлөөлж нэр дэвшсэн. Намайг миний санаагүйгээр дэмжсэн. Нэг санал дутсан, гэхдээ надад академич болох, эсэх нь гол биш. Тэр үед маш олон эрдэмтэдтэй уулзаж, өөрийнхөө бүтээлийг танилцуулах боломж олдсон.
-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Чөлөөт цаг гэж байхгүй. Хааяа найзуудтай уулзаад суухаар түүх яриулах гээд байдаг. Сүүлдээ найзуудтайгаа уулзахдаа “Түүх ярихгүй шүү” гэж тохирдог болсон. Жаахан ярьж байтал түүх рүү орчихдог. Жаахан буруу ойлголттой хүн байна ш дээ, түүнийг нь залруулах гэсээр миний ажил руу орчихож байгаа юм. Гэрт очоод ч номоо л харна. Миний үүрэгт ажлын хугацаа тийм ч удаан биш. Байгаа үедээ харамсахгүйгээр судалгаа шинжилгээний нэг дэвшлийг би болгох хэрэгтэй гэсэн зарчмаар ажилладаг.
-Тэгвэл та ямар хообийтой вэ?
-Миний нэг сонирхол бол түүхийн холбогдолтой хуучин номын цуглуулгатай. Ийм сонирхолтой 4-5 хүн байдаг. Шог зураач Цогтбаяр ах, саяхан гавьяат болсон “Гама” агентлагийн гэрэл зурагчин Цацралт ах бид нар баг болоод гадаадын музей, архивуудад байгаа Монголын түүх, соёлын холбогдолтой материалуудыг эрж хайх, хуучин ном, материалуудыг үзэх аялал хийдэг.
Сүүлийн хоёр жилд Петербургийн угсаатны музей Кунсткамерт очсон. Энэ ажилд дэмжлэг үзүүлдэг төрийн бус байгууллагууд бий. Жилдээ арваад хоног Арт аяллаар явдаг. Намнансүрэнгийн айлчлалын үеийн зарим материалыг арт аяллын хүрээнд олсон юм ч байгаа.
ТҮҮХЭЭ МЭДЭХГҮЙ ХҮН ОЙД ТӨХӨӨРСӨН САРАВЧ АДИЛ
-Хэр их цуглуулгатай болсон бэ?
-Байна аа, байна. Хоёр сонирхол бий. Нэг нь хувийн цуглуулга, нөгөө нь ажил төрөлдөө зориулж хүрээлэндээ авчрах материалууд.
-Ер нь цуглуулга их байхдаа үнэ цэнэтэй юу, утга агуулгадаа үнэ цэнэ нь байна уу?
-Ховор байхдаа л үнэ цэнэтэй. Их байгаад яах вэ, хог шүү дээ. Чанартай, агууламжтай байх хэрэгтэй. Бид алт мөнгө хайгаагүй, оюун ухааны эрдэнэс хайж байгаа. Монголынхоо түүхийн шүр сувдыг хайж байгаа. Монголд соён гэгээрлийн орчин үгүйлэгдэж байна.
-Та ер нь цуцалтгүй хайгуулчин юм аа даа?
-Би багаасаа геологич болохыг хүсэж байсан, “болсон”. Заавал хайгуулчин болох ёстой байж. Гэхдээ би азтай, газар дэлхийгээ биш, өв соёлоо уудлах хувь тавилан надад ногдсон. Би геологичоор сурах гэж химийн анги төгссөн. Тэгснээ яг элсэлтийн шалгалтын өмнө шийдээд түүх рүү орчихсон юм.
Монголчууд бол онцгой уншигч ард түмэн. Эндээс монголчууд би хэн юм бэ гэж өөрийгөө хайх сонирхол асар их байгаа юм байна гэж ойлгосон.
-Түүхийн ангид орчихоод харамсаагүй юү?
-Дөнгөж орсны дараа нэлээд эргэлзсэн. Түүхийн ухаанд дурлатал цаг хэрэгтэй юм билээ. Сайхан багш нар минь байна. Өлзийдолгор багш өөрөө зав муутай байсан байх. Намайг архивт суулгадаг, тэгж суухдаа би архивт дуртай болсон. Гурван жил зуны амралтаар явуулахгүй намайг архивт суулгасан. Тэр үед би олон сонирхолтой материал үзэж авсан. Багш намайг зунжин архивт суулгаад, цалин болгож гурван жил миний сургалтын төлбөрийг төлдөг байлаа.
-Тэгэхээр Та түүхийн салбар руу эргэлт буцалтгүй орсон уу?
-Өөр ямар ч зам байхгүй. Судалгаа шинжилгээ хийгээд явах нь жинхэнэ аз жаргал. Их дур бол юуг ч умартуулдаг. Бид энэ ажилдаа шунан дурлаж ажиллахаас өөр арга байхгүй. Хэнд ч худлаа хэлж болохгүй. Би ер нь нэг зарчим баримталж ажилладаг. Чаддаг юмаа амла, амласнаа биелүүл.
-Түүхийн хүрээлэнгийн захирлаар залуудаа томилогдож, нэлээд хэл ам болж байсан санагдана?
-33-тайдаа томилогдсон. Олон ахмадууд ажилладаг байсан тэр үед 33-хан настай залууг томилоход дургүйцэж байсан хүн асар олон. “Монголын түүхийн салбарыг тавиад туучихлаа даа” гэж халаглацгааж байсан. Тэр хандлага нь надад юм хийх ёстой шүү гэсэн ухамсрыг гүн бат суулгаж өгсөн. Би өнөөг хүртэл ямар ч нам, эвсэлд элсэж, цүнх барьж хүн дагаж, навсганаж үзээгүй. Тийм шаардлага ч байхгүй.
Би Орост сурч байхдаа, гадаадад ажиллаж байхдаа миний явах судалгааны салбар Монголд яагаад ийм дорой байгаа юм бэ? гэж үргэлж боддог байлаа. Яагаад оросууд шиг байж чаддаггүй юм бэ? гэж боддог байсан. Энэ амбийц хүрээлэнгийн захирал болсны дараа их ажил хийх үүдийг нээсэн. Монголчууд социализмын үед Орост номоо хэвлүүлдэг байлаа. Одоо бид оросуудын номыг хэвлэж өгч байна.
Адилхан ажиллаж болно гэж тэдэнд харуулах гэсэн хэрэг. Одоо гадаадын орнуудаас олон эрдэмтэд түүхийн чиглэлээр ямар л асуудал байна манайд хандаж байна. Бид сан байгуулж, жаахан мөнгө босгоод гадаадаас 16-17 залуу судлаачийг байрлуулж, цалин өгөөд гурав хүртэлх сараар Монголдоо суулгаж байна.
“Залуу монгол судлаач түүхчийг дэмжих хөтөлбөр” гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Гадаадын нэртэй эрдэмтдийн бүтээлийг Монголд хэвлүүлэх ажил амжилттай явж байгаа. Энэ жил манай судлаачдын 90 хувь нь гадаадад эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөнд явсан. Ирснээс хойш 10 мянга гаруй ном нэмж цуглуулсан.
-Яаж цуглуулсан хэрэг вэ?
-Дандаа л гуйлга шүү дээ. Улсаас ном авах, эрдэм шинжилгээний хурал зөвлөлгөөнд явуулахад зориулж мөнгө төсөвлөдөггүй.
Хүн болгон заавал түүхээ мэдэх албатай гэж номлох нь хаашаа юм. Түүхчдийн судалгаа, хийж байгаа ажил нь бусдын сонирхлыг татдаг байх хэрэгтэй.
-Тэгээд яаж зохицуулж байна даа?
-Олно ш дээ. Гуйна түүнэ, ийм тийш нь төсөл хөтөлбөр бичнэ. Гадаад дахь Монгол судлалын газраас гуйна. Гэхдээ одоо цөхрөнгөө барж байна, ичиж байна. Алийн болгон Монголын түүхээ судлахын тулд бусдыг гуйх вэ. Харин Ерөнхий сайд Намнансүрэнгийн үзэсгэлэнг зохион байгуулах саналыг Ерөнхийлөгчийн тамгын газарт тавьсныг дэмжсэн нь их урам өгсөн.
Сарьдагийн хийдийн малтлага хийхэд Ц.Оюунгэрэл сайд санхүүжилт гэж 10 сая төгрөг өгсөн. Хийгээд байхад хүмүүс ойлгодог, дэмждэг юм байна. Ер нь Монголынхоо түүх, археологийн судалгааг бусдыг гуйлгүй хийдэг болчихмоор байна. Перс, араб, хятадаас эхлээд бүх хэлнээс унших боловсон хүчин манайд байна. Бэлтгэгдээд ирсэн энэ хүмүүсээ ашиглах хэрэгтэй биз дээ. Улс мөхөхөд түүх үлдэнэ.
-Дарга хийх, судалгааны ажлаа хийгээд архивт суухын аль нь дээр байна?
-Яг үнэндээ надад нэг харамсмаар юм байдаг. Би энд захиргааны өдөр тутмын ажилтай зууралдсаар бичих цаггүй болчихоод байна. Би удирдах ажил хийснээрээ өөрийгөө хаяж л байгаа юм. Жирийн судлаач байсан бол хэчнээн юм бичих хугацаа өнгөрлөө. Тэгэхээр би амралтын хоёр өдөр, эсвэл шөнийн цагаар сууж бичих ажлаа амжуулдаг.
Манай хүрээлэнгийн судлаачдын дундаж нас 35, шижигнэсэн залуучууд. Түшиг тулгуур болсон сайхан ахмадууд байна. Одоо бол ихэнх залуус маань гадаадад төгсөөд ирлээ, судалгааны талбарт жинхэнэ ажилладаг цаг. Би одоо төр засгаас ганц л юм хүснэ. Мөнгө гуйгаад өгөхгүй юм чинь амар тайван ажлыг минь хийлгэ. Нэг бол нийлүүлнэ, нэг бол салгана гээд л. Тэгэхээр энд ажиллаж байгаа хүмүүс ганхдаг байхгүй юү. Эрдэмтэд бухимдахгүй байгаа.
Эрдэмтэд ч хүн юм байгаа биз дээ. Уурлавал аюултай шүү. Бид гол эрдэмтдээ гадагш нь алдчихвал яах вэ, Орос шиг. 1990 оноос хойш бужигнуулаад та нар хуучин коммунистууд гээд академиа татан буулгаад, Европыг дагана гэсэн чинь гол эрдэмтэд нь гараад явчихсан. Одоо эргээд Европын холбоо дампуурсан академиудаа дэмжиж байна. Тэгэхээр энэ чухал гэдгээ бодож, зөв шийдвэр гаргавал зүгээр байх даа гэж боддог.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ШУА-ийн хүрээлэнгүүдийг Их сургуулиудтай нэгтгэнэ гэж мэдэгдсэн. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Шинэчлэл хийх ёстой гэдэгтэй би санал нэг байна. Гэхдээ хэзээ вэ гэдэг нь чухал. Их сургууль дотроо бужигнаж байна шүү дээ.
-Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг байх аа?
-Сармагчин ойд төөрдөг ч юм уу, үгүй юү мэдэхгүй юм. Ямар ч байсан Далай ламын номлолд байдаг утгачилж орчуулбал “Түүхээ мэдэхгүй хүн ойд төхөөрсөн саравч адил” гэсэн утгатай үг бий. Хүн болгон заавал түүхээ мэдэх албатай гэж номлох нь хаашаа юм. Түүхчдийн судалгаа, хийж байгаа ажил нь бусдын сонирхлыг татдаг байх хэрэгтэй.
Тэгвэл хүн уншина, сонсоно. Өлзийбаатар гуай “Монголчууд“ сонсдог ном, сая “Манж Чин улсын үеийн монголчууд” нэртэй номыг би хийлээ. 1500 хувь хэвлэгдсэн, бас ч багагүй үнэтэй ном гурван сарын дотор зарагдаад дууссан. Монголчууд бол онцгой уншигч ард түмэн. Эндээс монголчууд би хэн юм бэ гэж өөрийгөө хайх сонирхол асар их байгаа юм байна гэж ойлгосон. Ийм үед түүхчид өндөр хариуцлагатай ажиллах хэрэгтэй.