С.Эрдэнэцэцэг: Саарал морь минь шандас сайтай

"НИЙГМИЙН ТОЛЬ"

2008-01-14 10:56 GMT+8

Заяаны ханиа танин уулзвал даа
Замбуулин хорвоод төрөх ч үгүй дээ хө хэмээн эвлэг намуухан дуулах энэ бүсгүйг Сугарын Эрдэнэцэцэг гэдэг. Түүнийг ардын богино дуу дуулаачдын улсын уралдаанд оролцоход нь ирээдүйтэй, сайн дуучин болно гэж таньсан багш нар нь одоогийн Ардын дуу бүжгийн үндэсний чуулгад дагалдан дуучнаар авснаас хойш 20 гаруй жил өнгөрчээ. Сонин сэтгүүл хэвлэлд нэг их гараад байдаггүй дуучинтай. Дасгалд орохынх нь өмнө уулзаж ярилцлаа.

-Гавьяат маань яагаад урлагийг сонгох болоо вэ. Хэн энэ ертөнц рүү хөтлөө бол?
-Сургуульд байхдаа урлагийн үзлэг, шинэ жилийн концертонд дуулдаг байсан. Намайг нээж өгсөн хүн бол дуу хөгжмийн Цэнджав багшийгаа гэж хэлж болно оо. Би чинь хар нялхаараа л энэ чуулгад ирсэн. Одоо 20 жил болжээ.

-Авьяас удамшсан юм болов уу?
-Манай хоёр өвөө хоёулаа уртын дуу сайхан дуулдаг хүн байсан.

-Ямар дуундаа илүү хайртай вэ?
-Ардын богино дуу дуулаачдын улсын анхдугаар уралдаанд “Саарал морь”, “Зуны нар”, “Хүүхэн нанаа” дуугаар оролцож байсан. “Саарал морь” дуундаа хайртай. Монголчууд мориндоо хайртай байдаг шүү дээ. Анхны дуугаа Монгол түмний шүтээн морины тухай дуугаар эхэлсэн болохоор би өдий зэрэгтэй яваа. Өөрөөр хэлбэл, “Саарал морь” минь шандастай байна.

-Таны багын мөрөөдөл?
-Дуучин болохыг мөрөөддөг байлаа. Нэг их урт даашинз өмсчихөөд микрофон бариад дуулж байна гэж зүүдэлдэг байлаа. Хүмүүс сайхан зүүдийг хүнд хэлэхээр биелдэггүй гэдэг болохоор нь ердөө хүнд хэлээгүй. Дуучин болсон хойноо гэрийхэндээ хэлсэн чинь ямар олон жил нуусан юм бэ. Яасан гүргэр юм гээд бөөн инээдэм болсон. Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй шүү дээ. Бас кинонд тоглохыг хүсдэг байсан маань биелэсэн. Б.Лхагвасүрэн гуайн найруулсан “Хүн чулууны нулимс” кинонд Сүххуягийн эхнэрийн дүрд, Нямгаваа найруулагчийн “Догшин хутагт”, Нагнайдоржийн “Өв” зэрэг кинонд жижихэн дүр бүтээсэн. Алдартай том жүжигчдийн хүчинд тэр дүрүүдийг бүтээсэн.

-Хүнд нэг оргил үе гэж байдаг таны оргил үе…?
-Одоо ч бас бүтээж туурвиж л явна. Гэхдээ “Сэтгэлийн үг”, “Учирах тавилан” дуунууд байна хит болж байсан тэр үе маань л юмуу даа. “Учирах тавилан” дууг дуулсаны дараа хөгжмийн зохиолч, дуучид үзэгчид гээд олон хүн сэтгэлийн үгээ илгээж байсан.

-Энхзул гавьяат, Болормаа дуучин та гуравын хамтарсан тоглолтын үеэр үзэгчид таныг монгол хувцсаа өмсөхгүй, илүү зохидог юм гэж ярьж байсан. Таны хувьд ямар хувцас нь илүү зохимжтой санагддаг вэ. Урлагийн хүний нэг илэрхийлэл бол хувцас байдаг шүү дээ?
-Тийм шүү үнэхээр хувцас бол илэрхийлэл. Надад үндэсний хувцас маань илүү зохьдог гэдэгтэй санал нэг байна. Тоглолтынхоо хувцасыг орчин үеийн загвартай хэрнээ үндэсний хэв маягтай хийлгэнэ ээ. Та бүхнийхээ хүсэлт саналыг хүлээж авлаа. Бас дуулж байгаа дуундаа тохируулах хэрэгтэй.

-Гавьяат, хувийн амьдралаасаа сонирхуулахгүй юу. 5-6 жилийн өмнө таныг шар сонин дээр гурван хүүхэдтэй гэж бичсэн байсан?
-Тэр чинь одоо илбэдчихдэг юм болов уу? Би ганц хүүтэй. Хүү маань одоо 16 настай, миний амьдралын баяр баясгалан болсон хүн.

-Хүүд авьяас байна уу?
-Дуулж байхыг нь хараагүй. Одоогоор мэдэгдсэн юм алга.

-Автобусны радиогоор таны дуулахыг сонсоод явж байсан хоёр залуугийн нэг нь 40, нөгөө нь 30 настай гэж ярьж байхыг сонссон. Эмэгтэй хүн насаа хэлдэггүй гэдэг ч жилээр нь хэлж болох уу?
- Жилээр нь хэлчихээр мэдчихнэ ээ. Ер нь эмэгтэй хүн насаа нууж байх сайн байдаг гэсэн. Ордоор нь хэлчихье л дээ. Жинлүүрийн ордных.

-Магадгүй таны асуугаасай гэсэн зүйлийг чинь асууж чадаагүй байж мэднэ?
-Ахмад уран бүтээлчидгүй бид хэн ч биш шүү дээ. Биднийг өдий зэрэгт хүргэж өгсөн та нартаа, багш нартаа маш их баярлаж явдаг шүү гээд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна вэ. Бие даасан тоглолт хийх үү?
- Чуулга бол миний албан ажил. Сая оны өмнө “Монгол нутаг мину” гээд говь, хангай, тайга, хээрийг харуулсан бүтээл хийсэн. Үүнд би хангай талруугаа тухай дуулж байгаа. Одоо цагаан сарын өмнө Монгол улсын гавьяат жүжигчин Хоролсүрэн, Нансалмаа, Надмид, Баттөмөр гээд олон сайхан ахмад дуучидтайгаа хамтран ард түмний сэтгэлд хоногшсон дуугаар тоглолт хийж үзэгчиддээ барих гэж байна. Өөрийн хувьд яг одоохондоо тийм, ийм юм хийнэ гэж төлөвлөсөн юм алга.

С.Туул  

 

GoGo Facebook Хуудас
 
 
Та хувийн эмнэлэгт хүүхдээ үзүүлэхдээ сэтгэл хангалуун байдаг уу?
Нийт 2563 санал өгсөн байна.

Дээшээ