Энэ хорвоод дуулах гэж л ирсэн заяа тусдаа байдаг бол тэрийг яах аргагүй ардын жүжигчин Б.Зангад хүртсэн гэлтэй. Бүтэн жаран дуулчихаад түүнийгээ нэг их юманд тоодоггүй энэ эрхмийн болон дээхнэ үеийн ахмадуудын даруу зангаас хэдхэн кинонд тоглож, болсон болоогүй дуу хийчихээд уран бүтээлч, мисс, дуучин, жүжигчин нэр авсан залуус суралцах хэрэгтэй болов уу.
“Жаргаах зүрхэн”, “Сүлд модны наадам”, “Алтан намар”, “Тунгалаг буянт” гээд үе, үеийнхний одоо ч аялдаг “өвгөн” дуунуудын эзэн урлагийнхаа төлөө амралтгүй зүтгэсээр, үнэтэй сургаалаа хайрласаар байгаад өөрсдийгөө бид азтайд тооцох хэрэгтэй...
-Бидний үйлдэл бүр сонголт шаарддаг. Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв хийгээд буруу сонголт юу байсан бэ?
-Өндөг шиг өөгүй хүн байхгүй гэдэг. Гэхдээ өөрийгөө хянаад, энэ миний хийх ёстой юм мөн үү, биш үү гэж алсын хараатай тунгааж шийдвэр гаргавал элдэв алдаанаас сэргийлж болно. Аливаад үргэлж хувилбартай, нөөцтэй байхад гэмгүй. Би Чайковскийн нэрэмжит Хөгжмийн сургуулиа төгсөж ирээд МУИС-ийн хуулийн ангид эчнээгээр суралцсан. Хэрвээ дуулж чадахаа больвол өөр мэргэжлээр ажиллах чадвартай байх ёстой гэж өөртөө зорилго тавьсан хэрэг.
Бидэнд асар их нөөц, бололцоо байдаг ч тэрийгээ ашигладаггүй юм билээ. Миний баруун гар салганаад юм бичиж чадахаа больсон. Албан бичгүүдэд хариу өгч, гарын үсэг зурахдаа их хичээж, баруун гараа зүүнээр нь барьж байж бичдэг байлаа. Хүн гарын үсэг авъя гэхэд их зовно. Нэг өдөр СУИС-ийн захирал байсан Д.Цэдэвтэй уулзтал баримтан дээр гарын үсэг зурах хэрэг гарлаа. Би хараад л байсан. Цэдэв сүүлдээ тэсэлгүй “Чи яагаад гарын үсгээ зурахгүй байгаа юм бэ” гэхээр нь үнэнээ хэлтэл “Тэгвэл зүүн гараараа бичиж сурахгүй юу” гэж байх юм. Нээрэн л солгойгоороо бичиж суръя гэж бодоод тэр оройноос эхэлж сургууль хийж, одоо үргэлж зүүнээрээ бичдэг болсон.
-Яагаад хуулийн сургууль сонгосон юм бэ?
-Хууль гэхээр заавал цаасан дээрх тогтоол байдаг юм биш шүү дээ. Бид өглөө босоод л нийгэмтэйгээ эрх зүйгээр харилцаж байна. Бидний ингээд ярилцаж суугаа нь ч гэсэн хуулийн үндэслэлтэй, хоёр тал зөвшилцсөний үндсэн дээр эрх зүйн харилцаа үүсгэж байгаа хэрэг. Юм бүхэн эрх зүйтэй хамааралтай учир амьдралд ойр дотно гэж үзээд эрхзүйч болсон. 15 жил Урлагийн ажилтны холбоог удирдахад эрх зүйн мэдлэг их хэрэг болсон.
1990-ээд онд даргаа огцруулах өргөх бичиг барьдаг моод дэлгэрч, Монголын зохиолч, сэтгүүлчдийн эвлэл, Урчуудын эвлэлийн хорооныхон бужигнаж байлаа. Тэр үед намайг огцруулах өргөх бичиг ганц ч ирээгүй. Миний иртэй сайтай гарамгайд биш, хамт олон минь намайг дэмждэг, итгэдэг байсных.
-Та дуурьт дуулахсан гэж бодож байв уу?
-Сургуулиа төгсөж ирэхдээ тийм бодол өвөртөлж байсан. Гэхдээ тэр үед захирах, захирагдах ёс дээд цэгтээ хүрсэн, удирдлагынхаа хий гэснийг л гүйцэтгэдэг зарчмаар ажилладаг байсан юм. Тиймээс төгсөөд Ховд аймгийн Хөгжимт драмын театрт найрал дууны багшаар жил ажиллаад ХБК-д багшилсан. Заавал дуурьт тоглож, Балган болж байж л дүр бүтээдэг юм биш, энгийн дуу ч гэсэн дүрээр бүтдэгийг хожим ойлгоод тэр бодлоосоо хагацсан.
-Ардын жүжигчин Б.Зангад 300 мянгаар, Төрийн шагналт, дуучин Д.Болд таван сая төгрөгөөр дуулж байна гэх мэдээлэл шинэ жилийн үеэр цахим мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Таны хөлс бага байна уу, эсвэл Болдынх их байв уу. Яагаад тийм их ялгаатай байсан юм бэ?
-Орчин цагийн хэллэгээр яривал би од биш, жирийн л нэг уран бүтээлч. Өнөө үеийн, зах зээлийн үеийн уран бүтээлчид хөдөлмөрөө үнэлж сурсныг буруутгах аргагүй. Мундгуудын зохиож, миний дуулсан бүтээлүүдийн үнэ цэнийг ярих болбол өндөр ханштай ч миний амнаас их тоо гарах үндэслэлгүй. Яагаад гэвэл би аливааг мөнгөөр хэмжиж, тооцдог үед төрөөгүй юм. Манай үеийнхэн уран бүтээлээ мөнгөөр үнэлж сураагүй, сэтгэлээрээ хийдэг байсан.
-Бага балчир насандаа эхээсээ хагацаж, даржин өссөн тухай дуулсан. Тэр үед ирээдүйгээ хэрхэн төсөөлж, өөрийгөө зоригжуулдаг байсан бэ?
-Цатгалан хүн юм сурдаггүй. Ходоод дундуур байх ой тогтоолтод сайн гэж шинжлэх ухаанаар батлаад байна. Орчин цагийн хүүхдүүд хангалуун амьдралд сайн, сайхан өсөж байна л даа. Гэхдээ тарчигдуухан амьдрал хэрсүү ухаанд эрт сургадаг. Хүүхэд байхдаа хаа байсан 1500 км-ийн зайтай Ховдоос Улаанбаатарт ирж, дараа нь Орост суралцахад хүмүүс халамжлаад л, ам руу хоол хийгээд байсан нь юу л бол.
Хүний аягатай хоолыг “булааж” идэх, халаасанд байгаа чихрийг нь гаргаж ирэх увидаст багаасаа суралцаж, бусдын ая эвийг эрт олж сурсан. Дээхнэ үед багш нар залуу авьяастныг төрүүлж, дэмжихдээ мундаг байж. Л.Ванган, Д.Лувсаншарав багш 1954 онд Ховдын соёл урлагийн өдрүүдийг Улаанбаатарт зохион байгуулахдаа намайг “Зангад ядуу амьдралтай хэрэггүй” гэж гололгүй, “Ирээдүйд улсдаа хэрэгтэй” гэж сонгосон нь билгийн нүдтэйнх нь шинж байх.
-Таны дүүг бага байхад өргүүлсэн юм билээ. Дахин уулзсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Дээхнэ үеийн хүмүүсийн хүн чанар, ёс жудаг агуу байжээ. Хэдийгээр дүүг минь өргөж авсан ч аав, ээж нь Цагаан сараар бидэнтэй золгуулдаг байсан. Манай Ховд аймгийн төв модноосоо хол учир түлээ түлшээр тааруухан, нүүрсгүй, айлууд аргал, харгана түлдэг байлаа. Дүүг манайд золгуулах гэж Мянгат сумаас ирэхдээ өргөж авсан аав ээж нь хоёр тэмээ хатсан бургас, улиас, бутлаг ургамал ачиж ирдэг байсан.
Бие биенээ мэдэлцэж өссөн учир би томилолтоор нутагтаа очихдоо тэднийд хонодог, дүү миний тоглолтыг үздэг байсан. 10 хүүхэдтэй, өнөр өтгөн айлын эзэн болсон байсан юм. Даанч 1981 онд Улаанбаатарт нүүж ирээд, удалгүй өөд болсон доо.
-Зарим хүн үр хүүхдээ гэрлүүлэхдээ бэр, хүргэнийхээ удам угсааг судалж, эцэг эхийнх нь байр байдлыг чухалчилдаг. Хэнээс төрсөн нь биш, хэн болсон нь чухал гэж үздэг хүмүүс ч бий. Та алинтай нь санал нийлдэг вэ?
-Сайн, муу удам гэж байхгүй, хувь хүнээсээ л шалтгаална. Шашин шүтлэг, арьс өнгө, гарал угсаа, нас хүйсээр ялгаварлахгүй гээд Хүний эрхийн түгээмэл тунхаг, манай Үндсэн хуульд заасан байдаг шүү дээ. Төр засаг энэ асуудалд хатуу байр суурьтай, зөв бодлоготой хандсаар ирсэн. Гарал үүсэл, шашин шүтлэг, арьс өнгөөр нэгнийгээ ялгаварласнаас л болж олон улсад дайн дажин болж байна шүү дээ.
-Авьяас хүн бүрт заяадаг ч зарим нь л түүнийгээ илрүүлдэг юм болов уу, эсвэл бурхан “ялгаварлаж” бэлэглэдэг үү?
-Өдий насалж, олон зүйл үзэж туулсан ажиглалтаас үзэхэд авьяасгүй хүн гэж байхгүй. Гагцхүү хүн бүр түүнийгээ нээж, илрүүлж чаддаггүй байх. Зарим хүн юмсын эвийг амархан олдог. Хүн бүр дуулах дуртай ч зааж өгөөд байхад дуулах эв, хоолойгоо гаргах аргаа олохгүй нь байдаг.
-Тэгвэл танд дуулахаас өөр авьяас бий юү?
-Авьяас гэх нь юу юм, би ном унших дуртай. “Уншдаг хүнд л ном өгнө үү гэхээс хадгалдагт нь өгдөггүй юм” гэж Ш.Сүрэнжав их зөв хэлж. Надад хүмүүсийн дурсгаж өгсөн 200 гаруй ном бий. Сүүлийн үед хараа муудаж байгаа ч ном ушихгүй байж чаддаггүй. Хамгийн сүүлд өчигдөр Ж.Саруулбуянгийн “Хэрлэн тэнүүн” романыг уншиж дуусгалаа. Даншиг наадамд түрүүлж байсан аварга, дуучин, харваач Майдарын Мөрренчин болон түүний дүү Жунай зааны бодит амьдралаас түшиглэн уран сайхны аргаар бичсэн сайхан ном байна.
Мөнренчин гуайн тухай үлгэр домог шиг яриа дуулж байснаас нарийн амьдралыг нь мэддэггүй байсан. Ном уншихаараа дотроо ургуулж бодно, сэтгэлээ ариусгана. Агуу улсын түүх намтрыг мэдэж байхад гэмгүй.
-Хүүхэд төрүүлэх, хүний амь аврах, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулахын аль нь илүү чухал вэ. Магадгүй үүнээс илүү чухлыг та хэлж болох юм.
-Үнэн, худлыг мэдэхгүй ч нэг ийм яриа байдаг юм. Гал түймэр гарч нэг хүн дүү, хүүхэд хоёрынхоо аль нэгийг аврах ёстой болж. Тэр хүн хүүхэд надад дахиж олдоно гээд дүүгээ аварсан гэдэг. Би оронд нь байсан бол хүүхдээ авч гарахыг сонгох байсан ч яг нарийн бодоход тэр хүний сонголт зөв санагддаг. Хүүхэд төрүүлэх, хүний амь аврах, эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгах... Ээ дээ, хүний амь аврах нь чухал байх. Нэгэнт эрдэнэт хүний биеийг олж төрсөн учир тэр амийг аврах чухал байх. Хүний амь аварсны дараа хорвоогийн жамаар хүүхэдтэй болно.
-Хүний зан чанаруудаас таны хамгийн үнэлдэг бас дур гутаадаг нь аль вэ?
-Зөв, буруу хэлэх нь хамаа алга, бодсоноо шууд хэлдэг, шударга хүнд дуртай. Би ч хэрдээ шударга. Дарга хүнд ингээд ярьчихвал яах бол, ийх бол гэж хулчийлгүй хэлэх гэснээ хэнбугайгаас ч айлгүй хэлээд л орхидог. Э.Оюун багштай өчнөөн муудаж, С.Гончигсумлаа гуайд бодсоноо хэлчихдэг л байсан. Болд сайдтай ана мана муудсан удаа ч бий. Ховд руу явуулах гэхээр нь дургүйцсэн, залуу насны ааг юм байгаа биз.
Нөхрөө муулдаг хүнд их дургүй. Үгийг нь тэвчээртэй сонсож байгаад дүгнэлт хийдэг. Тэр тухай нь дараагийн хүнд хэлэхгүй, өөрөө л мэдэж авсан бол боллоо. Бусдыг муулдаг хүн өөрөө муу хүн л байж таараа. Гэхдээ энэ тухайгаа өөрт нь хэлдэггүй, дайсан хураахын нэмэр. Зарим нь нэг их мундаг, сайхан ааштай болж жүжиглэж, улсуудын хооронд элдэв шалдав юм ярьдаг. Муухай ааштай ч дүр эсгэдэггүй байсан нь худлаа сайн хүн болохоос хамаагүй дээр.
Монголын хөгжмийн ноён оргилуудын нөмөр нөөлөгт залуу халуун насаа өнгөрүүлсэндээ бахархаж, омогшдог. Мөрдорж, Дамдинсүрэн, Гончигсумлаа гуайг ид хийж бүтээж байхад амьдарч байсан, тэднийг таних хүн одоо ховордож. Би дандаа танихгүй улсын дунд амьдарч байна. Миний танилын хүрээнд залуучууд байгаа ч алтан үеийнхэнтэй харьцуулахад монгол хүн жудаггүй болжээ. Ажиглаад байх нь ээ, амиа бодсон бэртэгчин, биенээ муулдаг хүн олширч.
-Энэ нь юутай холбоотой вэ?
-Ханагар уужим нутагт амьдардаг хүмүүс уул, хангай шигээ тэнүүн сэтгэлтэй байдаг. Муу зүйлийг хүмүүс их хурдан сурдаг хэрнээ сайн юмны нөлөө удаан хүртдэг. Бүгд нэг газраа төвлөрөөд эхлэхээр сайн, муу хоорондоо хутгалдаж байна. Замын түгжрээ, утаа униараас эхлээд л биднийг бухимдуулах юм хотод их байна. Намайг багад айл нүүж байвал цай, идээ будаа барьж тосдог, тэмээнийх нь нурууг тэнийлгэдэг, араг доторх хүүхдийг бие засуулж тусалдаг байлаа.
Одоо хөдөө явж байхад замын хажуугаар дүүрэн айлууд айраг сүүгээ зараад л... Бөхчүүд барилдахаараа би ялсан, чи булхайцсан гээд л муудаж сайндах юм. Дээхнэ үед бол чи хаясан, үгүй ээ чи дийлсэн гэж маргалдан дахиж барилддаг, сайхан сэтгэлээр бие биенээ хүндэлдэг байсан. Түрүүчийн ярьсан “Хэрлэн тэнүүн” номд ч монгол хүний сайхан сэтгэлийн тухай өгүүлдэг.
Мөрренчин гуай нэг аваргатай барилдахдаа их эвгүй унагаажээ. Дүүдээ “Хавирганых нь яс мултраа болов уу, ороод гаръя” гэхэд өнөөх нь “Та хүнийг эвгүй байдлаар унагасан, орох хэрэггүй” гэж. “Болохгүй хүү минь, монгол жудгаа умартаж болохгүй” гээд аваргынд очжээ. “Чи их айхтар хүчтэй байна шүү. Сайн байна” гээд аварга цээжиндээ илэг нааж эмчлээд сууж байж. Одоо бол тэгж хүлээж авах нь юу л бол. Бид монгол уламжлалаа, монгол хүн чанараа гээж болохгүй.
Би үргэлж автобусаар зорчдог юм. 1990-ээд онд автобусанд суухад хүүхдүүд жишим ч үгүй цонхоор хараад ахмадуудад суудал тавьдаггүй байсан бол нийгэм хөгжөөд залуусын сэтгэлгээ өөр болж, одоо годос гэж босоод сандал тавьдаг, тохойноос түшдэг болсон. Настай хүн яльгүй зүйлд ч жигтэйхэн их баярладаг юм шүү.
-Танд хөдөө амьдрах хүсэл байдаг уу?
...Халуун ус Хананаас аваад Цахилгаан зууханд Цайгаа чанаад... гээд “Сэгс цагаан Богд” найраглалд гардагчлан хөдөөний борог амьдралаас бүх юм бэлэн нөхцөлд шилжих амархан ч тохь тухтай амьдралаас хөдөөгийнхөд очих хэцүү. Хөдөө суурьшиж чадахгүй ч нутаг руугаа гүйдэлтэй. Багадаа нутгийнхаа хоёр улаан уулыг хараад “Эднээс өндөр уул энэ дэлхийд байдаг болов уу” гэж боддог байлаа. Час улаан байсан уул надтай хамт өвгөрөх шиг, тэднийг хорвоо илээж хүрэн цайвар болгожээ.
Бага залууд “Тэнд төрөө л биз, очоогүй удаж байна” гэх зэргээр ханддаг байсан бол нас ахихаар нутгаа улам их санадаг юм байна. Хөдөөгийн амьдрал ч сайхан шүү. Тавдугаар сар гарахаар гутлаа тайлаад хөл нүцгэн гүйдэгсэн. Зуны наранд халсан чулуу дороос хайрч гишгэх аргагүй болгож, намар хүйтэнд хөл даарвал үхэр шээсэн газар дулаацуулдагсан. Хүн байгаль тэгж хоорондоо зохицож, хоолой ч өвддөггүй байлаа.
-Хоёулаа хүний ааш зангийн тухай түрүүхэн ярилцсан. Хүн ямар үед үнэн төрхөө харуулдаг юм бол?
-Их баярласан үедээ үнэн төрхөө харуулж, хүмүүсийг мартдаг. Хүнд мартагдах амархан шүү дээ. Тэгж их найзалж явсан, бүхэл бүтэн хүнийг мартана гэдэг бидний муу чанар юм даа. Би нэг телевизэд ярилцлага өгөх үеэрээ алтан үеийн домгуудтай ажиллаж байсан тухайгаа ярьж, сэтгэл хөдлөөд тэсэлгүй нулимс унагачихсан. “Тэр хэсгийг хасчихаарай” гэж захисан ч эфирээр гаргачихсан байсан. Нэг өдөр яруу найрагч Цэрэнчимэдтэй гудамжинд тааралдахад уйлаад байх юм. Үгүй, чи яав гэхэд “Чиний нэвтрүүлгийг үзээд уйллаа. Одоо нэгнийхээ төлөө уйлдаг улс ч үгүй болж дээ” гэж байсан.
-Бидний үргэлж дурсдаг алтан үеийнхнээс гадна огт яригддаггүй алдартан ч өчнөөн байдаг.
-“Монгол морь”, “Амрагийн дуу”, “Эрхмийн дээд”, “Монголын залуучуудын марш”, “Энгийн биш хар нүд”-ийг зохиосон Лхавааны Дорж, “Монголын сайхан эх орон”, “Болзоо”, “Хавар” зэрэг мундаг дуу бичсэн Дарамзагд нар ямар ч цол гавьяа авч чадалгүй өөд болсонд харамсдаг. ...Цэнхэр дурдан алчуурыг Цэцэг навчаар гоёлоо доо... гээд л ямар агуу дуу вэ. Үүнийг дуулаагүй өнгөрсөн цэрэг байна уу, цаашдаа ч олон жил насална. Дарамзагд гуайн “Монголын сайхан эх орон” бол монголчуудын бараг л сүлд дуу. Базарваань, бид гавьяатнуудаа мартаж болохгүй. Ялангуяа монголчуудын оюун санаанд хөрөнгө оруулалт хийж, тэр нь мөнхийн бүтээл болсон хүмүүсээ мартах учиргүй.
-Таны зөвлөхөөр нь ажиллаж буй Урлагийн ажилтны холбоогоор сонин сайхан их биз?
-Энэ жил манай холбооны тэмдэглэлт ой тохиож байна. Уран бүтээлчдийн ур чадварыг хөгжүүлж, үйл ажиллагааг нь дэмжин, эрхийг нь хамгаалж, монгол урлагаа олон түмэнд сурталчлах зорилгоор 1975 оны долдугаар сарын 2-нд байгуулагдаж, УДЭТ-т анхдугаар их хурлаа хийсэн. Урлагийн ноён оргил Э.Оюун багш зохион байгуулж хуралдуулан, төр засгаас дэмжиж, Ю.Цэдэнбал дарга баярын үг хэлж байлаа. Тэр хурлаар Э.Оюун багш, морьтны гайхамшигт үзүүлбэрээрээ алдаршсан Д.Норовцэрэн, найруулагч Р.Доржпалам, Лхасүрэн, хөгжмийн зохиолч Д.Бадарч, урлаг судлаач Б.Зориг, миний бие уран бүтээлчдийн итгэлийг хүлээж найман нарийн бичгээр сонгогдсон.
Түүнээс хойш 40 жил өнгөрсөн нь ахар богино хугацаа боловч тодорхой зорилготой, хийж бүтээх хүсэлтэй хүний амьдралаар тооцвол урт хугацаа. Энэ ойгоо баяр ёслолын байдлаар идэж уугаад тэмдэглэхдээ гол нь биш. Хоёрдугаар сарын эхээр 1500 гишүүнтэй 40 гаруй салбарынхаа эрхлэгчийг цуглуулж, хамтарсан тоглолт зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд хийснээ олон түмэнд сурталчлах зэргээр өргөн хүрээтэй ажил хийнэ.
-Ой гэснээс “Тунгалаг буянт”, “Алтан намар”, “Жаргаах зүрхэн”, “Сүлд модны наадам” гээд л таны амилуулсан олон сайхан дуу 50, 60 насныхаа ойтой золгоод буй. Урт наслах ганц сайхан дуу дахиад хийчих юмсан гэж боддог уу?
-30 настайсан бол ийм, тиймийг хийхсэн гэж бодох үе бий. “Залуу байгаа дээрээ хий, бүтээ. Нас өтлөхөөр ам санаа хоёр л үлддэг” гэж хүмүүст захидаг. Гэхдээ миний хийх ажил дууслаа, одоо боллоо гэж өөрийгөө тайвшруулж боддоггүй. Тэр сайхан дуу энэ дуучны хоолойд тохирох болов уу, зааж өгөхсөн, өвлүүлэхсэн гэж боддог. Нас өндөр болохоор хоолой чичирдэг. Сонсогчдыг үргээж, эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд өөрийнхөө хэмжээг мэддэг, мэдэрдэг байх хэрэгтэй. “Цагтаа дуулж явсан юм хөөрхий. Одоо ч больж дээ” гэж хэлүүлэх онц биш.
-Завгүй байхад цаг хугацаа хурдан өнгөрдөг хэрнээ хүн хүлээхэд цаг явж өгдөггүй. Танд цаг хугацаа ямар хурдаар үйлчилж байна вэ?
-Өтлөхөөр хийх ёстой зүйл жигтэйхэн их болж, өдөр хоног яах ийхийн зуургүй өнгөрч байна. Бодож санаснаа хийж амжихгүй байна. Ярих, сэтгэх хурд ч саардаг бололтой. Урлагийн ажилтны холбоог үүсгэхэд оролцсон хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаж, холбооныхоо үүх, түүх, есөн их хурлын үеэр хэлэлцсэн асуудал, тогтоол шийдвэр, материалыг цуглуулж дөрвөн ном гаргасан. Түүхийг нь надаас өөр сайн мэддэг хүн одоо үлдсэнгүй. Үр хойчдоо хэрэг болох материал өөрийн хэмжээгээр үлдээе гэж оролдож, тав дахийг нь гаргах гэж байна.
-Амьдрал богино юм уу?
-70, 80 гэхээр их л урт нас шиг санагддаг ч эргээд бодоход богино оо. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрнө гэдэг яг онож хэлсэн үг санж, дэндүү хурдан юм. Залуу байхад дэгж дэрвээд үнэ цэнийг нь мэддэггүй байж. Би саяхан л хөдсөн дээлтэй гүйж байснаа одоо өтөл нас өвөрлөөд сууж байх юм.
-Юм бүхэн өөрийн гоо сайхантай гэдэг. Тэгвэл хөгшрөхийн сайхан тал нь юу вэ?
-Бүх амьдралаа эрэгцүүлж бодох нь сайхан даа. Хийж бүтээсэн юмтай хүн хожим сэтгэлээрээ цатгалан байдаг. Сүйд болж, өөрийгөө дөвийлгөж ярих нь юу л бол. Би хүний хийдгийг л хийсэн гэж боддог юм аа. Гэхдээ нэг юмыг л даруу биш зангаар хэлье. Хэт онгирох муухай ч зарим үед өөрөөрөө бахархаж байх хэрэгтэй юм шиг байна билээ.
Бидний үеийнхэнд онгироо зан байхгүй ч өнөөгийн нийгэмд онгирох нь хэрэгтэй юм билээ. Би хойч үедээ, Монголын радиод 108 дуу бичүүлж үлдээсэн дээ гэж хожим бодно. “Тунгалаг буянт” дууныхаа 60 жилийн ойд зориулж хэвлүүлсэн номдоо “Би Монголын дууны урлагт 60 жил зүтгэхдээ Тунгалаг буянтаа мөрөн болтол, Хар ус нуураа далай болтол дуулахсан гэсэн хүслээ сэтгэлдээ тээсээр ирсэн” гэж онгирч бичсэн.
1500 дуу дуулсан гэж би бахархах юу л бол. Өөртөө л зориулж дуулсангүй, ард түмний сэтгэл зүрхэнд хүрсэн цөөхөн ч гэсэн чамбай юм үлдээж чадаж уу гэдгээ бодож, бахархах байх. Тэр номдоо олон сайхан дуу бүтсэн түүх, зохиосон урлагийн бурхдуудынх нь тухай бичсэн. Үүх, түүхийг нь аваад бурхны оронд явж болмооргүй санагдсан хэрэг. Зүгээр нэг урт насалж, дээлийн гол болж явахгүй шүү, өөрийгөө үнэгүйдүүлж болохгүй.
Номдоо радиогийн сан хөмрөгт оруулсан уран бүтээлийнхээ жагсаалтыг зохиогчдын нэр, бичүүлсэн өдөр, архиваас хайх дугаартай нь бичсэн. Хожим “Дээхнэ үеийн хөгжмийн зохиолчид ямар дуу хийж байсан юм нэг чагная” гэх судлаачдад хэрэг болно шүү дээ.
-Таны гурван настай байхад ээж тань өөд болсон юм билээ. Царайг нь санадаг уу. Ээжийгээ ямар үед боддог вэ?
-Заримдаа цонхоороо хараад юм бодож суухдаа ээжийгээ санана. Миний ээж амьд сэрүүн байсан бол ямархуу янзтай байх бол, би ижийгээ баярлуулж чадах байсан болов уу, үгэнд нь оролгүй гомдоох байсан уу гээд л бодно. Ээжийг амьд сэрүүнд хөдөө гэрэл зураг дарах нь ховор байсан учир царайг нь мэддэггүй. Ээжийг нас барахад ах минь зургаан настай байсан. Ах хожим ээжтэй төстэй хүн хайгаад л байсан юм шиг байна билээ.
Нэг өдөр Төмөр замд үйлчлэгч хийдэг эгчийг надад харуулж “Манай ээж нэг иймэрхүү хүн байсан юм шүү” гэж билээ. Өндөр нуруутай, дөлгөөхөн эгч байсан. Их хурлын дарга асан Уртнасангийн ээж Цэрмаа манай ээжийг таньдаг, түүний ахтай тоглож наадаж өссөн гэдэг. Дээхнэ үеийн эрэгтэйчүүд урт гэзэгтэй байсан даа. Цэрмаа гуайн ах хаяагаа шуугаад хэвтэж байхад ээж үсийг нь хананд холбоод сүлжчихсэн байсан гэсэн. Уур, уцааргүй, сааль үнэртсэн дээлтэй, хэдэн хүүхэдтэйгээ зууралдсан дөлгөөхөн хүн байсан гэж ээжийн тухай тэр эгч дурссан.
-Ээжийн хайрыг өгсөн хүн байдаг уу?
-Миний хойд ээж намайг өдий зэрэгтэй хүн болгосон юм шүү. Ховдод хэвлэх үйлдвэр байгуулагдахад зарлага, галч, цэвэрлэгч хийдэг байсан. Бид ч ажлаас нь хамжиж, гал түлж, албан байгууллагуудад бичиг ном хүргэдэг байлаа. Би дотогшоо маажгий гишгэж явдаг хүүхэд байсан юм. Ээж намайг маажгий гишгүүлэхгүйн тулд түрийтэй гуталны гадуур савхан мод хадаж өгч билээ. Тэр үед ичиж зовно ч гэж мэдэхгүй харайдагсан. Ах бас миний алхааг засах гэж оролдоно.
Бид өвөл хичээлд явах замд ах гишгэсэн тэгшхэн мөрийнхөө дагуу намайг алхуулна. Би ч хичээж байснаа мартаад загнуулна. Хожим тайзнаа олны өмнө гардаг хүн маажиг гишгэлтэй биш гээд засарсан. Гэхдээ багын хэвшил салдаггүй юм билээ. Хааяа харахаар маажгий зогсож байдаг. Тайз гэснээс страдын дуучин хүүхдүүдэд нэг юм захих гэсэн юм. Моод байх л даа, гэхдээ тайзнаа малгайтай, хар шилтэй, үс гэзгээ задгай хаячихсан, пүүзтэй дуулж байгаа харагдах юм. Сайхан хувцаслаж, ёслоод дуулах нь үзэгчдээ, нийгмээ хүндэтгэж байгаагийн илэрхийлэл, асар өндөр соёл.
-Таны эхнэрийг балетчин гэж дуулсан. Анх танилцсан түүхээсээ хуваалцана уу?
-Миний самган Монголын анхны дипломтой балетчдын нэг. Улсын бодлогоор Ташкентад 24 балетчин бэлтгэсэн юм. Оюундэлгэр гэдэг ч үеийнх нь “охид” Нина гэж дууддаг. Биднийг залууд албан байгууллагууд амралтын өдрүүдэд үдэшлэг зохион байгуулж, урлагийнхныг дуулуулж, бүжиглүүлнэ. Тэгэхдээ мөнгө өгөхгүй, баярын бичгээр урамшуулдаг байлаа. Гэр ойрхон болохоор тоглолт тараад хамт харина. Тэр үед гуанзанд оруулж дайлна, чихэр боов өгнө гэж байхгүй. Нэгнээ эд зүйлээр хуурч, биедээ татаж болохгүй, үнэнхүү сэтгэлээр хайрлаж хүндэлж чаддаг байсан юм. Тэгж явсаар 1964 онд ханилж 50 жил болжээ.
-Гэр бүл бат бэх оршин тогтнохын нууц нь юундаа байна вэ?
-50 жил гэдэг хэдэн ч эхнэр сольж болохоор хугацаа байгаа биз. Анхнаасаа биенээ хайрлаж, хүндэтгэж, ойлгож байх хэрэгтэй. Олон жил хамт амьдрахаар сүүлдээ харцаараа ойлголцдог. Өнөөдөр ийм, тийм юм яриад хэрэггүй юм байна гэж мэдэрдэг. Тэр хүний буянаар хоолоо хамаагүй чихэлгүй тааруулж идэж, энх тунх байна. Оройн хоол аягалахдаа хүртэл өнөөдөр хэдий хэмжээтэйг өгөх вэ гэдгээ мэддэг, мэдэрдэг хүн. Хоолоо идчихээд нэммээр санагдвал эхнэр рүүгээ харна. Өгөх янзгүй бол халбагаа долоогоод тавьдаг. Дахиад идэх үү гэсэн янзтай байвал нэмүүлье гэнэ. Нэг хүн мэт ойлголцтолоо дасна гэдэг мөн айхтар аа, тийм ээ.
Б.Дөлгөөн
mongolnews.mn