Японы мэргэжлийн сүмогийн ертөнцөд өнгөрсөн жил шуугиан тарьж, “Араатан” мэт үлэмж бие, хүч чадал, эв хаваа гайхуулан, зиндаа дээш бөхчүүдээ ээлж дараалан өвдөг шороодуулж, жилийн дотор макүшита зиндаанаас макүүчи хүртэл дэвшсэн бөх бол А.Ичинноров буюу Ичиножёо билээ.
Өдгөө 21 настай тэрбээр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, эгэл жирийн малчин Ш.Алтанхуягийн ууган хүү юм.
2009 оны өвөл Улаанбаатар хотод сүмо бөхөөр Японд суралцуулах сонгон шалгаруулалтад 60 гаруй хүүхдүүд бүртгүүлсний нэг нь А.Ичинноров байв.
Тухайн шалгаруулалтад сайн байсан Ичиножёод сүмогийн хүчит бөхчүүдийг төгсгөсөн Тоттори аймгийн Жёохокү ахлах сургууль санал тавьсан байна.
Энэ талаар тус сургуулийн сүмо бөхийн дугуйлангийн ахлах дасгалжуулагч Ишиүра “Ичиножёог анх харахад хүнд лагс биетэй, уян зөөлөн хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Хамгийн их гайхаш төрүүлсэн нь түүний хүчирхэг гуя байлаа. Яг л манай сургуулийг төгссөн Тамия (Экс озэки Котомицүки) шиг л хүүхэд байсан болохоор сонгосон юм.
Бид нар санал тавих үедээ санаа зовнисон. Учир нь тэр малчин айлын ууган хүү шүү дээ. Мал харж, гэр орны ажилд дэм болж байсан том хүүг нь аваад явчихаар ар гэр нь яах бол л гэж их бодсон.
Аав нь дэмжиж байсан ч ээж нь нааштай хариу хэлээгүй. Эцсийн шийдвэр Ичиножёо дээр ирж, өөрөө зөвшөөрснөөр далай гаталсан даа” гэж ярив.
А.Ичинноров тухайн үеийн шийдвэрийн талаар “Япон явах хүртлээ аргал түүж, түлээ модонд тусалсаар өдрийг өнгөрөөж байсан. Их наран улсад очоод барилдаанаараа амжилт гаргадагүй юм аа гэхэд ажил хийх боломжтой.
Японд очоод ахлах сургуулиа төгсөөд их сургуульд элсэх, ажил хийх, мэргэжлийн сүмод барилдах гэсэн гурван л сонголт байсан. Гэвч гэр бүлийнхнээ малын захад орхиод ирсэн гол зорилго бол сүмо барилдаж, “Япон мөрөөдөл”-өө биелүүлэх явдал байлаа” гэж ярьсан. Байдал тийм амар байсангүй.
189 см өндөр, 135 кг жинтэй Ичиножёо дугуйлангийн эмэгтэй бөхчүүдэд өвдөг шороодож, хамгийн муу бөхөөр цоллуулаад зогсохгүй үндсэн техникгүй учир бэртэх аюултай тулгарав.
Иймд дугуйлангийн дасгалжуулагч Ишиүра түүнээр сүмогийн үндсэн техникийн бэлтгэлийг бүтэн жилийн турш хийлгэсэн. Гэвч нэмэр болсонгүй. Учир нь бэлтгэлийн үеэр баруун өвдгөө бэртээж, гурван сар бэлтгэлд гараагүй юм.
Ичиножёо энэ хүнд үеийнхээ тухай “Бэртэлтэй байх хамгийн хэцүү. Надаас бусад нь бэлтгэл хийгээд, сургуульдаа яваад л. Гэтэл би өрөөндөө ганцаараа зүгээр сууна гэдэг хэцүү. Тэр үед гар, цээж, мөрний дасгалаа л сайн хийсэн дээ” гэв.
Рэнцэндоржийн Гантөгс хэмээх монгол залуу тухайн үеэс өдийг хүртэл тус сургуульд туслах дасгалжуулагчийн албанд ажиллаж буй.
Тэрбээр бэртэлтэй байх үеийн Ичиножёог дурсч, “Ойр тойрны хүмүүс нь бэлтгэлээ хийгээд л ... Манай хүн гунигтай нь аргагүй харж зогсдог байлаа. Анх ирэхдээ л даруухан, эелдэг хүүхэд байсан. Бэлтгэлээ хурдхан шиг л хиймээр байгаагаа ярьдагсан. Магадгүй бэртээгүй байсан бол амжилтад хүрээгүй ч байж магад. Бэртсэн нь хүсэл зоригийг нь илүү их өдөөсөн гэж боддог” хэмээв.
Ахлах сургуулийн хоёрдугаар дамжаанд дэвшин орсон А.Ичинноров өмнөх жилээс хэд дахин хүчтэй болсон байв. Жин нь ч, өндөр нь ч нэмэгдэж, сургуулийн шигшээ багт тэнцэв.
Жёохокү ахлах сургуулийнхан 2011 онд улсын хэмжээний зургаан ч тэмцээнд ганцаарчилсан болон багийн төрөлд цом хүртэхэд түүний хувь нэмэр өндөр байлаа.
Тэрбээр улсын хэмжээний тэмцээний ганцаарчилсан төрөлд хоёрдугаар дамжаанаасаа нийт тав түрүүлснээр ахлах сургуулиа дүүргэв. Түүний дараагийн зогсоол нь мэргэжлийн сүмод хүч үзэх байсан ч дасгалжуулагч Ишиүрад бодсон бодол байв.
Тэр талаараа “А.Ичинноров бол зан ааш зөөлөн, хүрээлэн буй хүмүүсийнхээ хайрыг татаж байдаг нэгэн. Манай сургуулиас шилдэг сүмочид төрдөг агуу уламжлалтай.
Гэвч А.Ичинноров бэлэн бус байсан. Иймд түүнийг бэлэн болсон цагт мэргэжлийн сүмод оруулахаар шийдсэн юм. Тухайн үед өөрт нь таагүй байсан байж магадгүй ч одоо бол ойлгож, ухаарсан гэж найдаж байна.
Би түүнд хандаж “Чи ахлах сургуулийн ёкозүна болж чадаагүй учир шууд мэргэжлийн сүмод хүч үзэх нь эрсдэлтэй. Харин сонирхогч, ард түмний спартакиад, сонирхогчдын сүмогийн тэмцээнд хүч үз. Тэнд чамд сурах юм их бий”» гэж хэлсэн юм. Япон хэлний хувьд ч болоогүй байсан. Одоо бодоход хүрэх газраа холуур тойрч очсон ч хамгийн зөв шийдвэр байсан” хэмээн ярив.
А.Ичинноров 2013 онд ажилчдын сүмод түрүүлж, ёкозүна нь болсноор мэргэжлийн сүмод хөл тавих эрхтэй болов.
Тухайн үед дасгалжуулж байсан Р.Гантөгс “Ичиножёо сонирхогчдын сүмогийн шигшээ барилдаанд бүхнээ гаргасан. Анх Японд ирж байхдаа эмэгтэй бөхөд өвдөг шороодож, бэртэл гэмтлээс болж мэргэжлийн сүмод хөл тавих нь хойшлогдсон ч эцсийн үр дүнд сонирхогчдын сүмод түрүүлж, ёкозүна болсноор хүсэн хүлээсэн мэргэжлийн сүмод орох болсон. Тэр их л уйлсан даа” гэж дурсав.
А.Ичинноров 2013 оны аравдугаар сард “Минато” дэвжээнд харьяалагдах болов. Анх дэвжээнд орж буй гадаадын иргэн гурван сар дагалдан хийх шаардлагатай.
Тэрбээр дэвжээнд гарах бөхчүүдээ үдэж, хувийн бэлтгэлээ базаасаар 2014 оны нэгдүгээр сард хүсэн хүлээсэн анхны башётойгоо золгох нь тэр. Дээрээс гурав дахь буюу макүшита зиндаанд барилдахдаа зургаа давж, нэг унав.
Энэ амжилтаа гуравдугаар сард мөн үзүүлснээр жүрёо зиндаад дэвшин барилдав.
Тавдугаар сард нь жюүрёо зиндаанд түрүүлж, дараа башёд ч амжилттай барилдаснаар Макүүчи зиндаанд дэвшсэн. Энэ үед сүмо сонирхогч болон үзэгчдийн анхаарал Ичиножёо буюу А.Ичинноровт хандаж, Аки башё тун сонирхолтой болов.
Ичиножёо ч олны итгэлийг алдсангүй. Макүүчи зиндаанд барилдсан анхны башёдаа 13 давж, хоёр унасан.
Хамгийн гайхалтай нь сүүлийн өдөр хүртэл их аварга Хакүхотой түрүү булаалдаж, 100 жилийн тэртээх, шинэ бөх эхний башёдоо түрүүлсэн амжилтыг дахин давтах шахсан юм.
Үүнийхээ хүчээр арваннэгдүгээр сарын Кюүшюү башёд сэкивакэ цолтойгоор барилдаж, 50 хувийн амжилтаа үзүүлсэн нь мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ хүртсэн юм.
Ичиножёо нэгхэн жилийн дотор энэ мэт том амжилтад хүрсэн талаараа “Үнэхээр гайхалтай жил өнгөрлөө. Санаснаасаа илүү амжилт гаргалаа” гэсэн бол Ишиүра “Ичиножёогийн мэргэжлийн сүмо дахь эхний жил гайхалтай өнгөрлөө. Сүмочдын хувьд эхний жил туршлага хуримтлуулдаг.
Түүнийг 2015 онд илүү таатай амжилт хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Харин А.Ичинноровоос 2015 оны зорилгыг нь асуувал “Даваа бүрийг чухалчилж, ялалт байгуулна. Түүндээ итгэлтэй ч байна.
Би 2015 онд 22 нас хүрнэ. Их аварга Хакүхо миний мөрөөдлийн бөх байсаар ирсэн. Тэр 22 настайдаа ёкозүна цол хүртсэн. Би өөртөө том зорилго тавьж, том барилдана” хэмээн итгэл дүүрэн хариулсан юм.
Б.Арвис