Далайд гарцгүй хэдий ч манай улс ийм сүлжээнд нэгджээ. Дээрэмчдийн “тонуул” хийх далай нь улс төрийн ертөнц. Үнэндээ энэ бол намын нэр. Далайн дээрэмчдийн хэмээх сүржин, бас сонирхолтой нэртэй нам байгуулахаар хэсэг залуус нэгдсэн юм билээ. Тэд энэ сарын 21-нд нам байгуулах их хурлаа хийх юм байна. Үүнээс гадна Монголын залуучуудын нэгдсэн нам бий болж буйгаа зарласан.
Залуусын хүрээнд шинээр үүсгэх эдгээр намаас гадна УИХ дотроос Монгол хүний төлөө хэмээх нам байгуулах сураг сонсогдсоор удлаа. Энэ бүхэн сонгууль дөхсөний дохио. Хүмүүсийн амбийц сэргэжээ. Гэхдээ одоохондоо эхлэл төдий л байна. Улсын дээд шүүх албан ёсоор нам гэж бүртгэх хүртэл бас багагүй шат дамжлага бий. Одоогоор бүртгэлтэй 22 намын жагсаалт сонгуулиас өмнө 2-3-аар тогтохгүй арвижих магадлалтай байгаа юм.
ШИНЭ НАМУУДАД ШИНГЭХ ОРОН ЗАЙ БИЙ ЮҮ
Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрх чөлөө монгол хүн бүрт нээлттэй. Хуульд заасан шаардлагыг биелүүлчихвэл хэн ч нам байгуулж болно. Гагцхүү шинээр мэндлэх намд шингэх орон зай байна уу гэдэг нь асуудал. Төрийн эрхийг ээлжлэн барьдаг хоёр намаасаа монголчууд үндсэндээ залхчихсан. Аль нэгийг нь давамгайлж сонголоо гээд улс орны хөгжилд үсрэнгүй ахиц гардаггүй, идсэн уусан, будлиантуулсан яриа тасардаггүй. Улс төрийн намуудыг үндсээр нь өөрчлөх тухай яриа ч ийм л шалтгаанаар гарсан. Эдүгээ УИХ хуулиа өөрчилж, тогтолцоог шинэчлэхээр ажиллаж байна.
Аль нэгийг нь давамгайлж сонголоо гээд улс орны хөгжилд үсрэнгүй ахиц гардаггүй, идсэн уусан, будлиантуулсан яриа тасардаггүй.
Гэвч нам хатуу гишүүнчлэлтэй байх, эсэх, төрөөс санхүүжүүлэх нь зөв, буруу гэсэн явцуухан хүрээнд л төслийн өөрчлөлтийг яриад буй юм. Нэг л явцгүй байгаа намуудыг татан буулгаж, “дахин боловсруулаад” байгуулах саналыг Төрийн тэргүүн хүртэл гаргасан. Гэвч ингэтэл өдий. Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчилэн найруулсан төсөл боловсруулахын тулд л УИХ хоёр жил гаруй хугацаа зарцуулчихаад гараас гаргаж завдаагүй явна. АН, МАН-аас илүү дээр сонголт үгүй учраас сонгогчид сүүлийн хоёр сонгуулиар тэдэнд саналаа хуваасан. Нэг хэсэгтээ л үр дүн ийм байх болов уу.
Тэгэхээр эрх барих байтугай Бүлэг байгуулах хэмжээнд суудал авч түвддэггүй гуравдагч хүчний эгнээг нэмээд хэрэг байна уу. Монголын залуучуудын нэгдсэн намын залуус улс орноо хөгжүүлэх өөдрөг бодол өвөртлөн нэгджээ. Гэвч ямар үзэл баримтлалтай байхаа ч сонгож амжаагүй шавилхан залууст ард түмэн итгэх үү. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар Монгол хүний төлөө нам байгуулах сураг гараад жил гаруйн хугацаа өнгөрсөн. Г.Уянга болон МАХН-ын зарим гишүүн нэгдэх яриа ч гарсан. Хэдийгээр тэд нам байгуулах тухай мэдээллийг үгүйсгэж байгаа ч олны үг ортой гэдэг. Огт санаагүй зүйлийг нь хэвлэлээр цацчихаагүй нь лавтай. Тэд нам байгууллаа гээд л улс орныг хөгжүүлчихгүй. Үнэндээ “Шударга ёс” эвслийн амжилтыг эвдэж ч чадахгүй байх. Тэгэхээр хуучин арга барил дээр суурилсан шинэ дээлтэй намын ирээдүй бүрхэг.
ЦАХИМ ЕРТӨНЦИЙН БАЙЛДАН ДАГУУЛАЛ
Техник технологи хөгжихийн хэрээр улс төрийн намуудын зохион байгуулалт, ажиллах арга барил ч өөрчлөгдөж эхэлжээ. Интернэт орчинд, кибер ертөнцөд ажилладаг, тэндхийн “оршин суугчдаар” дамжуулан үйл ажиллагаа явуулдаг намууд олон улсад хүчээ авч байна. Үүний нэг нь Далайн дээрэмчдийн намын “сүлжээ”. Улс орон бүрт Ногоон нам байдагтай ижил. Ялгаатай нь дээрэмчид зохиогчийн эрхийн болон патентын салбар дахь хууль тогтоомжийг өөрчлөх, хүний хувийн амьдрал, ялангуяа цахим орчин дахь эрхийг хамгаалах, ийм замаар хамгийн гол нь төрийн аппаратын “тунгалаг шинж”-ийг хангахын төлөө тэмцдэг аж. Манай улсад цахим орон зай атраараа байна.
Монголын далайн дээрэмчдийн нам байгуулахыг зорьсон залуус уг орон зайг олж харсан биз ээ. Сонгуульд оролцох иргэдийн тоо жилээс жилд буурч байгаа. Тэр тусмаа 18-25 насны залуус “Аль ч намд өгсөн ялгаа байх биш” гэсэн үл итгэсэн байдлаар хандаж, идэвхгүй болсон нь нууц биш. Тэгвэл тэднийг өдөр тутмынх нь амьдралын нэг болсон, хамгийн ойр дотно цахим ертөнцөд нь байлдан дагуулах боломжтой. Эцгийнхээ гарт амиа алдсан бяцхан охины тухай мэдээлэл энэ л ертөнцөөр дамжуулан олон нийтэд хүрч, монголчууд хүчирхийллийн эсрэг нэгдсэн шүү дээ. Ийм л хүчтэй “зэвсэг” гэсэн үг.
Орон зайгаа мэдэрч, зөв ажиллаж чадвал удахгүй мэндлэх Монголын далайн дээрэмчдийн намд том боломж байна гэсэн үг
Piratpartiet нэртэй ийм нам 2006 оны нэгдүгээр сарын 1-нд Шведэд оюуны өмч, патент, зохиогчийн эрхийг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг өөрчлөх, интернет сүлжээн дэх хувь хүний эрхийг хамгаалах чиглэлээр анх үүссэн түүхтэй юм билээ. Уг намыг үүсгэн байгуулагч Анна Троберг, Рикард Фальквинг нарын хэдэн залуу орон нутгийн сонгуульд оролцохоор шийдэж, сайтаа нээгээд зар тавьтал 24 цагийн дотор л 2000 хүн дэмжиж, гарын үсэг зурсан байна. Аливаа нам байгуулахын тулд дэмжсэн тодорхой тооны хүний гарын үсэг хэрэгтэй байдаг. Манай улсад бол 800 хүний гарын үсэг цуглуулдаг юм. Содон нэр нь залуусыг татсан ч байх, залууст хүрч ажиллах нэгэн дутагдаж байсан биз. Ингээд тэд тавдугаар сард нь сонгуульд оролцоод Шведийн сонгогчдын 3.1 хувийн санал авчээ.
Улмаар мөн оныхоо есдүгээр сард парламентын сонгуульд хүч үзэв. Үр дүнд нь 22 настай залуу бүсгүй парламентын гишүүн болсон байгаа юм. Одоо Далайн дээрэмчдийн намууд дэлхийгээр нэг байгуулагдаж, сонгуульд ч амжилттай оролцож байна. Монгол Улс энэ давалгаанд есөн жилийн дараа л нэгдэх гэж буй хэрэг. Орон зайгаа мэдэрч, зөв ажиллаж чадвал удахгүй мэндлэх Монголын далайн дээрэмчдийн намд том боломж байна гэсэн үг. Зөвхөн энэ намд ч биш, цахим орон зайг ашиглаж чадвал хэний ч аавын хүү, ээжийн охинд боломж бий.
Учир нь цахим ертөнц уян хатан олон сувгаар гишүүд, дэмжигчид сонгогчидтойгоо холбогдох боломж олгоно. Сонгуулийн кампанит ажил, сурталчилгааны өртөг ч хамаагүй хямд тусна. Гэвч өнөөдрийн нөхцөлд намууд фэйсбүүк, твиттерийг нөгөө талаа “мяалах” зорилгоор ашиглаж, хэрүүл талцлын талбар болгочихсон. Твиттерт аль нэг намын захиалгаар пост оруулдаг, сэтгэгдэл бичдэг бүлэг байдаг нь ч нууц биш болсон шүү дээ. Ийм том боломж, орон зайг хэрүүл, талцалд зориулахын оронд улс орны болж бүтэхгүй бүхнийг цэгцлэх, залруулах, саад болсон олигархиудыг түлхэн унагах “зэвсэг” болгож эерэг талаас нь ашиглах боломж бүгдэд нь бий.
С.ТУУЛ