Ц.Ганхуяг: ИЗНН сэтгэл ханасан шинжтэй болчихож

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Өнөөдөр сонин

2015-03-12 12:10 GMT+8

ИЗНН-ын дарга Ц.Ганхуягтай ярилцлаа. Түүнийг хоёр хоногийн өмнө болсон ИЗНН-ын их хурлаас намын даргаар сонгосон юм.

-Улс үндэстнийхээс нам, цаашилбал бүлэг фракцын эрх ашгийг дээгүүр тавьж, эрэмбэ нь алдагдлаа гэж ярьж байна. Ийм гажгийг хэрхэн засах вэ?
-Эрх ашгийн эрэмбийн тухай С.Зориг агсны хэлсэн үгийг байнга санаж явах ёстой юм. Тэрбээр ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, нэртэй улстөрч байсныг монголчууд мэднэ. С.Зориг агсан эн тэргүүнд улс үндэстнийхээ, удаад нь нам бүлгийнхээ, хамгийн сүүлд хувийнхаа эрх ашгийг тавьж бай гэж хэлсэн шүү дээ. Энэ үгийг улстөрчид, намууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллах ёстой.

Гэтэл өнөөдөр хамгийн сүүлд байх ёстой хувь хүний эрх ашиг тэргүүнд тавигдчихаад байна. Энэ алдааг засах, эрх ашгаа зөв эрэмбэлэх, өөрөөр хэлбэл, шударга ёсыг тогтооход улс төрийн хүчнүүд идэвхтэй ажиллах шаардлагатай. Нөгөөтэйгүүр төрийн өндөр албан тушаалд улстөрчдийг томилохдоо зөвхөн намаар дамжуулдгийг өөрчлөх цаг болсон. Иргэний нийгэм болон төрийн бус байгууллагаар дамжуулан шударга ёсны төлөө зүрх сэтгэлээрээ тэмцэж байгаа зөв хүмүүсийг төрд гаргаж ирэх цаг ирсэн. ИЗНН зөвхөн нам гэсэн өнцгөөс биш, зөв хүмүүсийг төрд гаргаж ирэхийн төлөө ажиллах ёстой гэж бодож байна.

-Тэгвэл энэ чиглэлээр танай нам ямар ажил хийсэн бэ?
-Би намынхаа их хуралд илтгэл тавихдаа энэ тал дээр хангалтгүй ажиллаж байгааг дурдсан. Анх 15 жилийн өмнө нам байгуулах үед дэвшүүлсэн зорилт, зарчмаа мартаж болохгүй. Гэтэл зарим тохиолдолд зорилт, зарчмаасаа хазайсан байна. Бидний тэмцэх чадвар 15 жилийн өмнөхөөсөө суларч, сэтгэл ханасан шинжтэй болчихож. Дэвшүүлсэн зорилт, зарчмаа хадгалж байгаа бол дуу хоолойгоо илүү хүчтэй хүргэсэн тэмцэл өрнүүлэх хэрэгтэй. Шударга ёсны төлөө ажиллах шаардлагатай. Өнөөдөр монголчуудын олонх нь амьдрал ахуй, амьжиргаа муутай байна. Энэ бол илүү идэвхтэй ажиллах шалтаг юм.

-Засаглалын хямрал төрийг доройтуулж байна гэж үзээд Үндсэн хуулиа өөрчилж, үүнийг засахаар боллоо. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэсэн нь үнэн. Засаглалаар тогтохгүй нийгэм, эдийн засаг, үнэт зүйл, ёс суртахууны гүн гүнзгий хямрал нүүрлэсэн. Аливаа зүйлийг өнгө мөнгөөр хэмжих, эсвэл эрх мэдлээр сүр далайлгах хандлага нийгэмд тогтжээ. Улс төрийн сонгуулиар жишээ татахад мөнгөөр аархсан нь ялж байна. Хатуухан хэлэхэд, сонгууль зохион байгуулалттай жүжиг болж хувирсан шүү дээ.

Ингэхээр монголчуудад хүсээгүй хүнээ сонгох тогтолцоо үйлчилж байна гэсэн үг. Хүссэн хүнээс сонгодог тогтолцоог бий болгохын тулд Үндсэн хуулийг өөрчлөхөөс өөр аргагүй. Монгол Улс Манжийн дарлалаас улбаатай засаг захиргааны нэгжээ шинэчлээгүй. Тэгээд түүндээ тулгуурлаж, хөрөнгө оруулалтын бодлогоо хэрэгжүүлж байна. Үр ашиггүй бодлого 25 жил явууллаа. Юуны түрүүнд Монгол орноо засах хэрэгтэй. Хэдэн аймаг, сумтай байх, хүн амаа хаана төвлөрүүлэх, хааш нь замаа тавих вэ гэсэн бодлогоо боловсруулахгүй бол өнөөгийн нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарилалт маш их үргүй зардал гаргадаг.

-Засаг захиргааны нэгжийг шинэчлэх санаачилга гардаг ч дэмждэггүй шүү дээ.
-Сонгуулийн мажоритар тогтолцооноос үүдэлтэйгээр улстөрчид тойргийн амбийц хадгалах гэж засаг захиргааны шинэчлэлийг дэмждэггүй юм. Сонгуульд улс төрийн намаас гадна иргэний нийгэм, төрийн бус байгууллага оролцох эрхийг Үндсэн хуулиар нээх хэрэгтэй. Орон нутгийг бие даалгахын тулд нийслэл, аймаг, сумын Засаг даргыг иргэд сонгодог тогтолцоог бий болгох шаардлагатай.

Орон нутгийн улс төржилтийг зогсоох хэрэгтэй. Үндсэн хуульд парламентыг Монгол Улсын эрх барих дээд байгууллага гэж буруу томъёолсон. Уг нь парламент бол зөвхөн хууль тогтоох дээд байгууллага юм. Нөгөө талд нь гүйцэтгэх, шүүх засаглал гэсэн тэнцүү эрх мэдэлтэй салаа мөчир байх ёстой. УИХ бүх эрхийг атгасан, хууль шүүхийн байгууллага нь бие даасан байдлаа алдсан тул зөв засаглал төлөвшиж байна гэж хэлэх үндэсгүй.

-Сонгуулийн хуулийн төслийг боловсруулж дууссан. Ямар тогтолцоотой байх талаар намууд санал зөрөлдөж байгаа. АН холимог, МАН мажоритар тогтолцоогоор явуулна гэсэн байр суурь илэрхийлсэн. Таныг мажоритар тогтолцоог дэмждэггүй гэж ойлгож болох уу?
-Хэрэв парламентат ёсыг хөгжүүлье гэвэл сонгуулиа 100 хувь пропорциональ тогтолцоогоор явуулах ёстой. Нөгөө талд нь мажоритар тогтолцоог агуулсан АИХ ч юм уу, иймэрхүү том танхим бүрэлдэх шаардлагатай гэж бодож байна. Ерөнхийлөгчийг ард нийтээс биш, том танхимыг бүрдүүлдэг сум бүрээс илгээсэн бүрэн эрхт төлөөлөгчдийн хурлаас сонгодог болгох хэрэгтэй. Том танхим нь УИХ-ын зарим шийдвэрт хориг тавьдаг байх харилцан тэнцвэрийг баримталсан зохицуулалт хийх шаардлагатай. Өнөөдөр намын нэр барьж, хувийн эрх ашгаа хамгаалсан шийдвэр олноор гаргаж байгаа.

-Намуудыг төсвөөс санхүүжүүлэхээр ярьж байгаа. Үүнийг зөв гэж бодож байна уу?
-Барууны намуудын жишгээс санаа авах нь зүйтэй. Тэнд гишүүдийнх нь хэдэн хувь намдаа мөнгө хандивласан байна гэдгийг харгалзаж төсвөөс санхүүжилт олгодог. Намынх нь дотоод ардчилал, хариуцлагыг харгалздаг гэсэн үг. Өнөөдөр манай намууд төсвөөс мөнгө авч, бас олигархиудаас санхүүжиж байгаа. Ер нь олигархиудын санхүүжилтэд тулгуурладаг. Тэгэхээр гишүүдээсээ санхүүжилт татдаг, дотоод ардчилалтай намд төсвөөс санхүүжилт олгодог байдлаар зохицуулалт хийх хэрэгтэй.

Т.Энхбат

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 488 санал өгсөн байна.

Дээшээ