Бокс, марафон гүйлт, уулын спортоор хичээллэдэг гээд түүнд чадахгүй зүйл үгүй. Тэрбээр эх орныхоо нэрийг бахархалтайгаар гарган, эр зориг, тэсвэр тэвчээрийн шалгуур болсон Дэлхийн зулайд хөл тавьсан Монголын зургаан уулчдын нэг.
Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийг "GoGo Cafe" буландаа урин ярилцаж суухдаа бараг гурван цаг өнгөрсөн байсныг үл анзаарчээ. Учир нь түүний яриа ихэд сонирхолтой, харин миний асуулт дуусахгүй байсных биз ээ.
2012 онд тэрбээр бүтэн хоёр сарын хугацаанд Гималайн ууланд бэлтгэл сургуулилтаа хийж, хүнд бэрхийг туулжээ. Харин бэлтгэл хийсэн хугацаагаа хасвал Эверест рүү авираад буухад 8-10 хоног, кэмпүүд рүү авирахад гурав, буухад хоёр хоног гээд нийт 17-18 хоног зарцуулсан гэдэг.
Одоо Б.Цэвээндаш ирэх дөрөвдүгээр сарын 5-нд замдаа гарч, Эверестийн оргил руу Төвдийн талаас авиран, дахин алтан соёмбот тугаа мандуулахаар зориг шулууджээ.
-Таны 2012 онд өгсөн ярилцлагыг уншиж байхад “Дахиж Эверест рүү авирахгүй. Одоо хангалттай, ар гэрээ бодъё” гэж ярьсан байдаг. Яагаад дахиж гарахаар шийдчихэв ээ?
-Тийм ээ, тухайн үедээ тэгж ярьж байсан. Гэхдээ нөгөө талаас нь авиръя гэсэн хүсэл мөрөөдөл, зорилго байсан. Эверестэд авирна гэдэг маш эрсдэлтэй алхам. Ард үлдэж байгаа ар гэр, ах дүү хамаатан саданд ч бас маш хэцүү байдаг. Тэр утгаараа тэдэндээ хамаагүй хэлээд байж болохгүй. Оны өмнө Уулын ОУХМ гавьяат тамирчин, одоо 73 настай Т.Гүррагчаа ах маань намайг хамт явъя гэж санал тавьсан. Би чимээгүй байж байгаад саяхнаас л хүмүүст хэлж байна. Хоёр долоо хоногийн өмнөөс Уулын холбоондоо албан бичгээ өгч мэдэгдлээ.
-Эверестэд авирах болсон шалтгаан тань их сонирхолтой санагдсан. Уншигчид маань бас сонирхох байх?
-1997 оны арваннэгдүгээр сард хөгшчүүлтэйгээ Утай Гүмбэн, Лхас, Балба, Энэтхэг зэрэг бурхны орноор явж, 1998 оны нэгдүгээр сард ирсэн. Буцахдаа Непалаас Төвдийн хил рүү орж, цаашаа унаанд суугаад явах байв. Гэтэл Гималайн уулаас цас нураад, засмал замыг уул овоо шиг цасаар дараад явах аргагүй болчихсон байсан. Хэрвээ тэрийг цэвэрлэхийг хүлээнэ гэвэл хоёр сар гаруйн хугацаа шаардагдана гээд.
Олон хоног газраар хүнд нөхцөлд явцгаасан хөгшчүүл маань их ядарсан байсан. Буцаад Непалын хилээр ороод, тэндээсээ онгоцоор явах уу эсвэл хүлээх үү гэхэд нөгөө хэд маань “үгүй. Явдаг бол алхаад ч болтугай явцгаая” гэлээ. Ингээд бүгдээрээ алхахаар шийдсэн. Ихэнх нь 70-80 настай хөгшчүүл байлаа. Тэгэхэд л манай монгол эмэгтэйчүүд ямар зоригтой гэдэг нь харагдаж байсан.
1997 он бол наймааны үе. Хямдхан байсан учраас би Энэтхэгээс баахан каракул дээл авчихсан, чемодан сав хүнд ачаа ихтэй. Тэгээд тангадуудыг хөлслөөд ачаа бараагаа үүрүүлэн, бид яг хоёр өдөр нэг шөнө Гималайн уулаар алхаж явсан.
Дээшлэх тусмаа л Эверест өөр ертөнц. Дээшлэх тусам ямар ч амьд амьтан байхгүй болж, цас мөс, хадан хавцал, мөсөн ангалууд угтаж эхэлдэг. Хүйтрээд, салхи сэвэлзээд хүнд болдог.
Тэгж явахдаа янз бүрийн адал явдалтай учирч, шөнөжингөө алхаад үүр цайхад Гималайн цас мөс, уулс, өндөр сайхан оргилуудыг хараад сэтгэл их хөдөлж билээ. Тэгж явсан маань надад “хэзээ нэгэн цагт авирна даа” гэсэн бодол төрүүлсэн.
Ингээд 15 жилийн дараа буюу 2012 оны тавдугаар сарын 19-ний өдөр Дэлхийн ноён оргил Эверестэд эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан даа.
-Эверестэд авирахын өмнө бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангаж байв?
-Эверестэд авирахын тулд тухайн хүн их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулдаг. Миний хувьд урьд нь архи уудаг, тамхи татдаг байлаа. Архи тамхиа хаяж, биеийн тамир, спортоор хичээллэж эхэлсэн. Архи тамхи хэрэглэж байхдаа өөрийнхөө биеийг хүний бие шиг хайрлахгүй явлаа. Тэгээд спортоор хичээллэснээс хойш дахин төрсөн юм шиг сайхан мэдрэмж төрсөн.
За, тэгээд нөгөө хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэж эхэллээ дээ. Хэнд ч хэлэлгүйгээр өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд өдөр шөнөгүй, баяр ёслолыг ч үл хайхран, янз бүрийн ажил төрөл байсан ч тэрийгээ хаяад зөвхөн бэлтгэл сургуулилтандаа анхаарч, марафон гүйлтээр хичээллэн, Монголд зохиогдсон тэмцээнүүдэд орж, марафонд 42 км-ийн замаа дуусгаж, хэт холын буюу 100 км-ийн гүйлтийн тэмцээнд ч оролцож байлаа.
Биеэ чийрэгжүүлэхийн тулд харзны усанд орох, цасаар биеэ угаах, цасан шуургыг сөрж гүйх, уул руу гүйх, авирах зэрэг бэлтгэл сургуулилтыг уйгагүй тасралтгүй хийж байв.
2008 оноос эхлээд 2012 онд явтлаа бэлтгэлээ эрчимтэй хийсэн. Зарим хүнд гүйж харайх, уул руу авирахад хэцүү байдаг бол би маш аз жаргалтай байдаг. Байгалийн гоо сайхныг хараад стресс ядаргаа тайлагдаж, тэр бүхнээс би эрч хүчийг авдаг.
Хүүхэд залуучууддаа хэлэхэд архи тамхинаас хол, биеийн тамираар хичээллэж байхыг зөвлөж байна. Хүн байгаль хоёр хоорондоо хүйн холбоотой байдаг. Байгальтайгаа ойр байснаар хүн эрүүл байх болно. Явган алхаж, хөдөлгөөнтэй байгаарай гэж хэлмээр байна. Би өдөрт 30 гаруй км явган алхаж, ажил төрлөө амжуулдаг. Сүүлийн хоёр гурван жил машин унаагүй. Сайхан машин уначихаад замын түгжрэлд стресстэж явснаас машинаа тавьчихаад инээгээд ажлаа амжуулаач ээ гэж уриалмаар байна.
-Энэ удаад Эверестэд ямар зорилготой авирах гэж байна вэ?
-2015 онд Эверестэд авирахдаа Эверестийн бодит амьдралыг харуулсан баримтат кино, нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байна. Дээр нь Эверестийн талаар фото зургийн үзэсгэлэн гаргана. 2012 онд явж байхдаа би хоёр сарын хугацаанд өдрийн тэмдэглэл хөтөлж байсан. Одоо явахдаа ч гэсэн өдрийн тэмдэглэл хөтөлнө. Эдгээрийг нийлүүлээд Эверестэд авирсан хүмүүс, ахмад уулчид, монголчуудынхаа сэтгэгдлийг оруулаад ном хийх сонирхол байна.
-Эверестэд авирахад их хэмжээний зардал гардаг гэж сонссон юм байна. Тэр бүхэн юунд зарцуулагддаг юм бэ?
-Би өдөр болгон бэлтгэл сургуулилтаа хийж байна. Дээр нь ажил төрлөө амжуулна. Эверестэд авирна гэдэг маш их зардал гардаг. Дээд зэрэглэлийн үйлчилгээ аваад явъя гэвэл 57 мянган ам.доллар төлнө. Миний авч байгаа үйлчилгээ зардал бол хамгийн хямдхан буюу 36 мянган ам.долларын үнэтэй. Эверестийн хураамж нь 24 мянган ам.доллар, дээр нь нааш цааш явах унаа, онгоцны зардал, шерпа, өндрийн тогооч, намын тогооч нартаа өгөх гарын мөнгө нэмэгдэнэ. Мөн энд тусгагдаагүй зардал гарахаас гадна уулын хувцас хэрэглэл худалдаж авна.
2012 онд өмсч байсан уулын хувцасны маань зарим нь муудсан. Уулын хувцас дандаа 1000 доллараас дээш үнэтэй байдаг. Зардал мөнгө их гарна, хамгийн хэцүү нь энэ. 2012 онд явахдаа би ихэнх зардлаа өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө даагаад явсан. Байгууллагын сүр сүлд тугандаа байдаг. Тиймээс дэлхийн ноён оргилд тугаа мандуулж надтай хамтарч ажиллаач ээ гэж хүсч байна. Энэ авиралт, энэ кино, үзэсгэлэн, номоороо та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна.
2012 онд нэлээн олон туг, хийморийн дарцаг, найз нөхөд танил хүмүүс, байгууллагуудын тугийг авч явсан. Тэр өндөр ууланд 25-35 кг ачаа үүрээд явна. Дээр нь зургийн аппарат, камер, хөнжил, гудас, мешок бүх юмаа үүрдэг. Мөн хүчилтөрөгчийн аппаратаа авч явна. Хүчилтөрөгчийн аппарат бараг 10 кг хүнд байсан бол одоо жижгэрээд болосвронгуй болсон ч багадаа л тав зургаан кг жинтэй байдаг. Ингээд маш хүнд хэцүү үед бичлэг хийнгээ авиралт хийдэг. Болдогсон бол сэтгүүлч та бүхэн хамт яваад Эверестийн тэр хүнд нөхцлийн бичлэгийг хийгээд явдаг бол мундаг л даа. Ганц нэг сэтгүүлчид би хандсан. “Тэгж үхээд яах вэ?” гэж байсан. (инээв)
Үнэхээр хүнд л дээ. Маш олон сар жил хөдөлмөрлөж, биеэ дасгаж, бэлтгэл сургуулилт хийсний үр дүнд л ингэж явна. Би мэргэжлийн хүн биш ч гэсэн өөрөө бичлэгээ хийж, зургаа авна гэж зорьсон. Надад мэдэхгүй чадахгүй юм зөндөө байгаа. Өнөөдрийг хүртэл би суралцаад явж байна.
-36 мянган ам.долларын үйлчилгээ авдаг гэлээ. Тэр үйлчилгээнд нь юу юу багтдаг юм бэ?
-Энэ авиралтыг хийхэд маш олон хүн үүнд оролцдог. Олон хүний хөдөлмөр шингэж, маш олон тээврийн хэрэгсэл, унаа шаарддаг. Биднийг хүлээж авах Эверестийн бааз лагер бий. Тэрний өчнөөн тонн ачаа байдаг. Дээшээ машин, онгоц явна гэж байхгүй. Тэгэхээр зөвхөн сарлагт ачаагаа тээвэрлээд явдаг. 100-гаад сарлаг авч явдаг юм билээ. Тэнд бидний хоол ундыг хийдэг мэргэжлийн бэлтгэгдсэн тогооч нар бий. Өндөрт дасан зохицох чадвартай хүмүүс бидэнд үйлчилдэг учраас өндрийн тогооч гэдэг. Энэ амжилт бол маш олон хүмүүсээс шалтгаалж гардаг юм.
-Өндөрт байгаа хүмүүс тусгай хоол иднэ гэж байдаг уу? Ямар хоолтой байдаг вэ?
-Непалд Энэтхэг хүмүүс их байдаг учраас энэтхэг маягийн хоол ихтэй. Карри, сарлагийн мах өгдөг. Сарлагийн мах нь нэлээн хатуу. Сүүтэй цай нь чихэрлэг амттай юм билээ. Тэдгээрийг зөндөө идэж уусан даа.
-Их өндөрт гарахаар хоолны дуршил буурах, толгой эргэж бие муудах тохиолдол бишгүй л гардаг байх?
-Хамгийн чухал юм энэ шүү дээ. 3500 метрээс дээш хүн хүчилтөрөгчийн дутагдалд орж эхэлдэг. Хүн болгонд янз бүрээр мэдрэгдэж эхэлнэ. Тархи толгой задрах гэж байгаа юм шиг өвдөнө, нойр хүрнэ, ам цангана, бие нь сулбайж ядраад, ханиалгана. Доороос гарахад маш сайхан цэцэг ургамалтай байхад, дээшлэх тусам нөгөө цэцэг ургамал, мод бут байхгүй болж, гол урсаж байсан бол гол нь мөс болоод, ан амьтан ч үгүй болж, дээшээгээ бүр шувуу ч нисэхээ больдог.
Өөрөөр хэлбэл, чи надад байгууллагынхаа тугийг өгч явуулж, Эверестийн оргилд мандуулахын тулд надад 10 мянган ам.доллар төлөх нь л дээ. Гадаадууд тэгдэг юм билээ. Гэтэл бид монгол хүмүүс учраас монгол хүний сайхан сэтгэлээр хүмүүсийн өгч явуулсан туг далбааг аваад Эверестийн оргилд мандуулсан.
Дээшлэх тусмаа л Эверест өөр ертөнц. Дээшлэх тусам ямар ч амьд амьтан байхгүй болж, цас мөс, хадан хавцал, мөсөн ангалууд угтаж эхэлдэг. Тэгээд хүйтрээд, салхи сэвэлзээд хүнд болдог. Салхилж байгаа хүйтэн агаар уушги руу шууд орохоор хүн ханиалгадаг. Тэрнээсээ болоод хүн хатгаа авч, халуурах, өвчин тусах, янз бүрийн өндрийн өөрчлөлтүүд хүнд мэдрэгдэж эхэлдэг.
Монголчууд дөрвөн улиралтай, хатуу ширүүн уур амьсгалтай хэдий ч хүн болгонд өөр өөрөөр нөлөөлж байдаг. Бид 2012 онд "Хөх тэнгэр" нэртэйгээр тавуулаа нэг баг болоод явцгаасан. Дээр нь бидэнтэй Монгол Хайкинг клубын ах эгч, аялагч нар цуг явсан. Тэд Эверестийн бааз лагер хүртэл цуг яваад, тэрийг үзээд нэг хоночихоод буцсан. Биднийг тавуулаа явж байхад таван хүнд тавууланд нь өөр өөр шинж тэмдэг илэрч байсан. Зарим нь ханиалгаж, заримынх нь тархи толгой нь өвдөж байсан. Таван хүний гурав нь Эверестийн оргилд гараад хоёр нь гарч чадаагүй.
Өндрийн өөрчлөлтөөс болоод бие нь хавагнаад, тархины хаван гэсэн онош тавьж байсан Ж.Элбэгжаргал, Б.Ганбаатар гээд туршлагатай уулчид маань Эверестэд хоёр дахь удаагаа яваад гарч чадаагүй. Харахад зүв зүгээр хэрнээ бие нь сулбайгаад, өндрийн өөрчлөлтөнд болохгүй байсан. Ингээд кэмп-2 хүртэл бидэнтэй цуг яваад бараг 7000 метрийн өндөрт гараад буцсан. Маш харамсалтай. Маш их зардал гаргаж, бэлтгэл сургуулилт хийчихээд гарч чадалгүй буцна гэдэг уулчин хүнд үнэхээр харамсалтай байдаг. Би үнэхээр мундаг уулчидтай хамт явсан. Л.Баярсайхан эмч, Ц.Цогзолмаа эгч нөхөр нь Б.Ганбаатар ах. Ц.Цогзолмаа эгч маань Эверестийн оргилд гарч, монгол эмэгтэй ямар агуу, тэсвэр тэвчээртэй болохыг харуулж чадсан.
-Таны биед өндрийн өөрчлөлтүүд мэдрэгдэж байсан байх. Тэрийг хэрхэн даван туулж байв?
-Тийм. Би тэнд байхдаа бас маш их өвдсөн. Өглөө босоод ирэхэд бие хөлөрчихсөн, тэр чигтээ норчихсон байдаг байлаа. Тэгж нэлээн хэд хоносон. Гэтэл санаандгүй гудсаа сөхөөд үзтэл мөс нь хайлаад ус болчихсон, би усан дээр унтаад байсан юм билээ. Өдөр нь бэлтгэл сургуулилт хийгээд, орой нь ядраад тэр чигтээ унтаад өгчихдөг байсан. Тэрнээсээ болоод би халуураад, ханиалгаад. Тэгэх тусам би бэлтгэлээ үргэлжлүүлж, Гималайн булгийн ус, цасаар биеэ угааж улам л чийрэгжүүлж, эсрэг юм хийгээд л, “би зүгээр болох ёстой” гээд өөрийгөө их хурцалж байсан. Тамирчин хүний сэтгэлзүй маш бэлтгэлтэй байх хэрэгтэй. “Би заавал гарна. Заавал чадна” гэсэн бэлтгэлтэй, зүтгэлтэй байсан.
Намайг өмнө нь өндөр ууланд гарч байгаагүй хэрнээ шууд Эверестэд авирахад бидэнтэй хамт нэг баг болсон Канад, Норвегийн уулчид маш их гайхаж байсан. “Марафон гүйлтээр гүйх нь хэцүү байна уу? Ууланд авирах нь хэцүү байна уу?” гэж шоглон асууж байв.
Эверестэд авирна гэдэг уулчдын сүүлийн мөрөөдөл байдаг. Олимпын аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн л гэсэн үг. Тэгэхэд өндөр ууланд гарч үзээгүй хүн Эверестэд гарна гэхээр гадаадынхны санаанд бууж өгөхгүй байсан байх.
-Та тэр их ачааг үүрч явахдаа нэлээн олон туг далбаа авч явсан гэлээ. Ачаа тань улам хүндэрсэн нь мэдээж?
-Би өчнөөн туг далбаа, хийморийн дарцаг авч явсан. Хамт явсан канад уулчин маань миний тугнуудыг тоолчихоод өөрийнхөө гар утсан дээр тооны машинаа гаргаж ирээд бодоод суулаа.
Тэгснээ “Чи их баян хүн юм” гэсэн. “Яагаад?” гэж асуутал “байгууллагын 40x60 хэмжээтэй тугийг авч явж мандуулахад Канад, Европт 10 мянган ам.долларын ханштай байдаг юм” гэж хэлсэн.
Өөрөөр хэлбэл, чи надад байгууллагынхаа тугийг өгч явуулж, Эверестийн оргилд мандуулахын тулд надад 10 мянган ам.доллар төлөх нь л дээ. Гадаадууд тэгдэг юм билээ. Гэтэл бид монгол хүмүүс учраас монгол хүний сайхан сэтгэлээр хүмүүсийн өгч явуулсан туг далбааг аваад Эверестийн оргилд мандуулсан. Европ хүн, Монгол хүний сэтгэхүй өөр шүү дээ. Тэгээд намайг “үгүй” гээд байхад итгэхгүй, огт үнэмшихгүй байсан.
Тэдний өөрсдийнх нь авч явсан нь ширээн дээр тавьдаг жижигхээн туг байсан, их аминдаа хайртай (инээв). Аргагүй л дээ. Харин Норвеги уулчин маань огт туггүй явсан. Бид туг далбаагаа гаргаад цөмөөрөө зургаа авахуулъя гэсэн чинь Норвегийн туг нь байхгүй. Гадаадын хүмүүс зөвхөн өөрийгөө боддог. Тэгэхэд бид цүнхэнд багтахгүй шахуу их тугтай явж байлаа.
Гэхдээ тэр нь маш зөв л дөө. Учир нь шүдэнзний ганц хайрцаг нэмэхэд л ачаа хүндэрч байгаа нь тэр хүнд нөхцөлд мэдрэгддэг юм билээ. Тийм учраас л гадаадын хүмүүс авч явдаггүй юм байна, тийм үнэ цэнэтэй байдаг юм байна. Тэрийг би дараа нь ойлгосон. Энэ удаад би цөөхнийг авч явна гэж бодож байна.
-Шөнө унтахад маш их дуу чимээтэй байдаг гэсэн?
-Тэнд хоёр сар байх хугацаанд цас мөсөн дээр дан майхнаа бариад нимгэхэн гудас дэвсээд мешокондоо ороод унтдаг. Тэгээд шөнө унтана гэдэг хэцүү. Салхилаад, майхан сэвэлзээд, шөнө цас нурж, юм дэлбэрч байгаа мэт маш чимээтэй байдаг. Эхний бааз лагер 5300 метрийн өндөрт байдаг. Тэнд маш хүйтэн, шөнө халгаж байгаад мешок руугаа орж, унтахдаа малгайнуудаа давхарлаж өмсөнө, толгойгоо огт дааруулж болохгүй. Хоёр гурван юм давхарлаж, мешокныхоо малгайг хүртэл өмсөж унтдаг байлаа.
-Унтаж чаддаг байсан уу?
- Эверестэд хамгийн чухал зүйл бол нойр, хоол. Өндрийн өөрчлөлтөд гарахаар хүн ямар ч хоол идэх дуршилгүй болж, нойргүйддэг юм билээ. Шөнө унтаж байхад энд тэндгүй хүмүүс зогсоо зайгүй ханиалгана. Манай хажууд Малайз, Япон, Солонгосын уулчид байсан. Малайзын арав гаруй уулчид ирсэн байсан. Тэд шөнөжин ханиалгасаар байгаад бааз лагер дээр сар гаран тэссэн үү үгүй юу. Дөрөв тавхан малайз уулчин үлдээд, бусад нь Эверестийн хатуу нөхцөлд дасан зохицож чадалгүй бүгд явцгаасан.
Тэнд хоёр сар тэсэж үлдэнэ гэдэг маш хэцүү. Бид майхандаа зүгээр хэвтээд байдаггүй. Биеэ дасгахын тулд 5500 метрийн өндөртэй Кала Патар ууланд хоёр удаа авирч буусан. Бас Эверест бааз лагерийн 6000 метрийн өндөрт байдаг кэмп-1, 2 руу авирч буун бэлтгэл хийсэн. Мөн 7000 метрийн өндөрт байдаг кэмп-3 руу авирч хүчилтөрөгчийн аппаратгүй хонож үзсэн.
Тэр өдөр гэхэд л бидэнтэй хамт авирч байсан хүмүүсээс 11 хүн нас барсан. Хөл гараа хөлдөөгөөгүй, нүүрээ хайруулаагүй хүн гэж байхгүй.
Тэнд салхитай, цасан шуургатай нөхцөлд авиралтаа хийж байлаа. Тэрийг тэснэ гэдэг маш хэцүү учир уулчин хүний тэсвэр хатуужил харагддаг. Тэрийг даахын тулд бүтэн нойртой хонож, хоол ундаа сайн иддэг байх хэрэгтэй.Бас авирахаас өмнө миний бие дээр том хүндүүртэй юм гараад явж чадахаа больчихлоо. Тэр нь их ядарч, дархлаа муудахаар гардаг юм билээ.
Ингээд доошоогоо явган алхаад эмнэлэгт очиж 150 ам.доллараар антибиотик ууж, тос аваад буцсан. Тэгээд хоёр гурав хоноод л зүгээр болчихсон. Би тэнд байхдаа өвдөхөөрөө маш хурдан сэргэдэг байлаа. Энэ нь миний сэтгэл санаатай холбоотой байсан юм болов уу гэж боддог.
-Бааз лагер нь ямархуу тохижилттой байдаг вэ?
-Бааз лагер нь ердөөсөө майхан. Майхнаар гал тогоогоо хийчихсэн. Жорлонгийн асуудлыг мөн л өндөр майхан босгоод шийдчихсэн байдаг. Тэгээд доор нь хуванцар поошиг тавиад, өтгөн шингэнээр дүүрэхээр нь битүүлээд сарлагтай хүмүүст зардаг юм билээ. Тэрийг худалдаж авдаг учир нь дараа нь тэрийг төрөл бүрийн зүйлд, ялангуяа газар тариаланд бордоо болгон ашигладаг юм билээ. Тэнд сарлагийг эцэст нь тултал ашигладаг юм билээ. Гадаадынхан маш их сонирхдог.
-Жаахан эвгүй асуулт байж магадгүй. Тэр өндөрт, тэр хүйтэнд хүн яаж бие засдаг юм бэ?
-Яг үнэн. Энэ нь уулчдын хувьд маш чухал бөгөөд хэцүү асуудал байдаг. Уулчдын өндрийн хувцас хэрэглэл бий. Тэр хувцас хойд талаараа цахилгаанаар онгойчихдог, тэрийгээ онгойлгоод бие засдаг. Дээр нь бид шээлтүүрээ авч явдаг. Шээлтүүр гэдэг нь нэгээс хоёр литрийн багтаамжтай сав байдаг юм. Тэр савандаа бид майхан дотроо бие засаад тэрийгээ асгадаг.
Шөнө орой бие засах гээд майхнаасаа нойрмог гараад доошоо хөл алдаж унаад амиа алдчихсан уулчид их байдаг юм билээ. Тэгэхээр маш осолтой. Ялангуяа эмэгтэй хүн бол бүр хэцүү. Өдрийн цагаар бид гараад бие засна. Нэг удаа Канадын уулчин эмэгтэй миний хажууд зогсчихсон бие засч байна. Миний нүд орой дээрээ гараад, цочлоо. (инээв) Нэг гуурс байдаг юм билээ, эмэгтэй хүн хүнд нөхцөлд хэрэглэх тэрүүгээрээ бие засдаг юм билээ.
-Уул руу авирсан ч Эверестийн оргил дээр гарсан нь харьцангуй цөөхөн байдаг гэсэн. Таныг явж байхад хэчнээн уулчин оргил дээр гарсан бэ?
-Непалын аялал жуулчлалын мэдэээгээр 2012 оны тавдугаар сарын 19-ний тэр өдөр 640 уулчин авирсан байдаг. Тэдний дөнгөж 140 нь Эверестийн оргилд гарсан. Бусад нь авирч чадалгүй буцсан. Маш харамсалтай. Нэг бодлын маш зөв шийдвэр. Их ядарч сульдаад зүтгэсээр байгаад оргил дээр гарсан ч буцаад буух үедээ энддэг тохиолдол их бий. Тэр өдөр гэхэд л бидэнтэй хамт авирч байсан хүмүүсээс 11 хүн нас барсан. Хөл гараа хөлдөөгөөгүй, нүүрээ хайруулаагүй хүн гэж байхгүй. Миний хамрын үзүүр хөлдсөн. Одоо хүйтэнд салхи авахаар улаачихдаг. Нүд нь сохорсон хүмүүс бас байна.
-Нүд яагаад сохордог юм бэ?
Би сэтгэлзүйгээ их бэлдсэн байсан учраас надад буцна гэсэн бодол огт байгаагүй. Гэхдээ тэр бол маш эрсдэлтэй тэнэг алхам байсан. Тэгж бэхэлгээгээ тайлж яваад доошоо уначихвал яах вэ? Намайг дээш нь гаргах гэж байгаад нөгөө уулчин маань эрсдвэл яах вэ?
-7000-8000 метрээс дээш өндөрлөгт нар тусаад цас мөсөн дээр ойгоод хурц хортой цацраг туяа гаргадаг юм билээ. Тийм нөхцөлд нүдний шилгүй явбал нүд сохордог. Уулчин хүний зайлшгүй цүнхэнд нь байх ёстой зүйлийн нэг бол нүдний шил. Дотуур хувцас, дотуур өмд, запас комбинзон, цамц, шүдэнз, хутга, эм хэрэгсэл, хоол хүнс, цэвэр спирт, гар чийдэн гээд бүх л хэрэгслүүд байх ёстой. Мөн хөнжил гудас, мешок зэрэг бүх юмаа үүрээд явдаг. Өндөрлөг газар нүдний шилээ унагах, эсвэл нүдний шил нь цантдаг. Бид хүчилтөрөгчийн баг зүүчихсэн явж байгаа шдэ. Их амьсгаадаад ирэхээр цантаад баллон битүүрчихдэг. Тэрийгээ салгаж байнга цэвэрлэж байхгүй бол нус, нулимс, шүлс нь холилдоод хөлдөөд бөөгнөрчихдөг.
Тэгэхээр уулчин хүн зөвхөн өөртөө найдах хэрэгтэй. Хамт явж байгаа шерпа тэр хүнийг үүрээд явна гэж байхгүй. Хүмүүс хүчилтөрөгчийн баллоноо бөглөрсөн байгааг мэдэхгүй хүчилтөрөгчийн дутагдалд ороод нас бардаг. Зарим нь хүчилтөрөгчөө гээд ихэсгэж багасгадаг заалтынх нь хамгийн их дээр нь тавьчихсан байдаг. Их аахилдаг хүмүүс их дээр нь тавьдаг бол миний хувьд амьсгаа багатай учраас нэг дээр нь тавьж, хүчилтөрөгчөө бас гамнаж явдаг байсан. Тэрийгээ бас цэвэрлэснийхээ дараа ажиллаж байна уу гэдгийг сонсох ёстой. Гэхдээ их хүчтэй салхи шуургатай байдаг учраас тэр бүр сонсох хэцүү.
-Хүчилтөрөгчийн аппаратаа салгалаа гэхэд дээд тал нь хэдий хэр хугацаанд байх боломжтой вэ?
-Хүний биеийн онцлогоос шалтгаална. Дэлхийн мундаг уулчид авиралтаа хүчилтөрөгчийн аппаратгүй хийсэн байдаг. Буухдаа хэрэглэдэг. Тийм рекордууд бий. Тухайн хүний уушгийн багтаамж хэр байна, биеийн эсэргүүцэл хэр сайн байна тэрнээсээ л шалтгаална.
-Уулнаас буух нь авирахаасаа ч хүнд байдаг шүү дээ. Гэтэл тэр өндөр оргилоос буцаад бууна гэдэг бас л амь өрссөн хүнд даваа байсан нь мэдээж. Буухад ямар асуудлууд гарч байв?
-Тэр үнэн. Уул руу авирахдаа хүн маш хатуу сахилга баттай байх хэрэгтэй. Тухайн хүн хамт яваа хөтөч, экспедицийнхээ яг гишгэсэн мөр дээр гишгэж явах ёстой. Хэнэггүйтээд ямар ч мөргүй газар өөрөө алхаж, бие засах гэж явж байгаад мөсөн ангалууд руу уначихсан хүн байдаг. Яагаад гэвэл харахад зүгээр нэг цас мөс байгаа юм шиг хэрнээ гишгэнгүүт доороо хязгааргүй мөсөн ангалууд байдаг.
Хүн дээшээ авирахдаа ямар хурдаар гарсан тэр хурдаараа уруудах хэрэгтэй. Тэнд сэтгэлийн хөөрөл байх ёсгүй. Хүн оргил дээр гараад өөрийнхөө зорилгыг биелүүлчихлээ гээд буухдаа сэтгэлийн хөөрлөөр доошоо хяналт байхгүй буудаг. Зарим хүмүүсийн дунд шерпа нь үүрээд явчихдаг эсвэл олсоор татагдаад явчихдаг юм шиг, эсвэл лифтэнд суугаад явчихдаг гэсэн ойлголтууд байдаг. Олсонд уулчин хүн найдаж болохгүй. Яг л чигчий хурууны чинээтэй олсонд уулчид бэхлэгдээд явдаг. Гэвч тэр олс цас мөсөнд элэгдээд үрэгдэх, дээр нь гишгэх, мөн уулчдын хамгаалалтанд үрэгдээд сэмэрчихсэн байх тохиолдол бий. Тиймээс тэрэнд найдаж огт болохгүй.
Буцаад буухдаа би Кэмп-4 дээрээ ирж амарлаа. Тэгэхэд үнэхээр хүнд байсан. Миний хүзүү татаад хөшчихсөн. Хаашаа ч харж болохгүй. Хэтэрхий их ядарсан байсан. Урд өдрийнхөө 21 цагт гараад, хэлэн дээрээ юу ч тавиагүй шөнөжингөө алхаад, маргааш өглөө нь 11 цагт оргил дээр гарч байсан. Зогсолтгүй 22 цаг амралтгүй явсан. Би халуун савандаа халуун чацаргана хийчихсэн байлаа. Тэгээд уух гэтэл юу ч үгүй хөлдчихсөн байв. Маш их ядарчихсан, дээр нь хүнд ачаа, хүчилтөрөгчийн хоёр баллон үүрээд явж байсан. Нэгийг нь шерпадаа өгч болно л доо.
Шерпа гэдэг нь нутгийн хөтөч хүнийг хэлдэг. Тухайн уулчиндаа үйлчилж, ачааг нь үүрч явдаг юм. Гэхдээ ууланд хүний чанар танигддаг. Бид хоёр адилхан тус бүр хоёр баллон үүрээд явсан. Шерпа гэдэг бидэнтэй ижил амьдрах гэж, ар гэрээ тэжээх гэж 1500-хан долларын төлөө амь насаа дэнчин тавьж яваа хүн шүү дээ. Би тэднийг монгол гаралтай хүмүүс гэж үздэг. Тэдэндээ би ээлтэй ханддаг. Тийм учраас миний ачаа маш хүнд байлаа. Олон цаг явсны эцэст арайхийн Кэмп-2 дээр ирээд шерпагаараа нэг мөс авчруулаад, халуун шүүс уугаад унтаад өгсөн. Өглөө босоод иртэл зүгээр болчихсон байв.
-Эверест рүү авирах гэж яваад янз бүрийн байдлаар амиа алдчихсан хүмүүсийн зураг их байдаг. Тийм зүйлтэй тааралдаж байсан уу?
-Дээшээ авирчихаад буугаад явж байхад тийм хүмүүстэй тааралдаж байсан. Замд муужраад амь насаа алдчихсан тийм хүмүүс байдаг. Нэг олсонд бэхлэгддэг учраас замдаа бэхэлгээгээ тайлаад маань уншаад л гарч байсан. Бид үнэхээр тусалж чадахгүй байдаг.
Гэхдээ манай экспедицийнхэн Солонгосын уулчны хүчилтөрөгч дуусаад биднээс нэг баллон гуйхад өгсөн. Тэнд хүчилтөрөгчийн баллон хамгаас илүү үнэтэй. Тэгэхэд монгол хүмүүс бид сайхан сэтгэлээр хандаж өгч байсан. Гадныхан байхгүй гэдэг юм билээ. Хүний амь бол юугаар ч үнэлэшгүй.
-Дээшээ гарахад түгжрэл үүсдэг гэсэн. Яагаад тэгдэг юм бэ?
-640 уулчин авираад нэг замаар нэг олсонд бэхлэгдээд дээшээ авирч байгаа шүү дээ. Үүр цайж байхад эхнээсээ Эверестийн оргилд уулчид гарна. Тэнд зургаа авахуулж, туг далбаагаа мандуулаад ихдээ л хэдхэн минут болдог. Тэгээд буцаад буухаад доороос өгсөж яваа уулчидтай Хиларигийн хана гэж нэрлэдэг маш эвгүй хадан хавцалд гацсан.
Тэр хавцал дээр маш их түгжрэл үүссэн. Маш эвгүй, хүн хөлөө тавих ч газаргүй болдог. Тэнд бид эхлээд 30 минут түгжирлээ. Нэг цаг, хоёр, гурван цаг түгжирлээ. Тэгээд л хүмүүс байж ядаж эхэлнэ. Тэндээс бууж байгаа хүмүүс уурлаад, дээшээ авирах гэж байгаа хүмүүсийг түлхээд “Та нар буу. Буц” гээд л... Аргагүй л дээ. Эхний нэг хоёр цаг тэслээ. Ихэнх уулчид тэндээс буцсан. Маш харамсалтай.
-Хэчнээн метрийн өндөрт тэгж түгжирдэг юм бэ?
-8500-8600 метр хавьцаа. Оргилд маш ойртсон, орой нь харагдаж байдаг. Тийм юмнаас буцна гэдэг маш харамсалтай л даа. Гэхдээ яалт ч үгүй хөл гар нь даараад, хоёр гурван цаг тийм эвгүй нөхцөлд зогсохоор хөл гар нь хөшөөд хэцүү л дээ. Гэтэл Даваа гээд надтай хамт явж байсан шерпа маань “Одоо цаг байхгүй, буцъя” гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би шууд л “Үгүй. Тийм юм байхгүй” гээд нуруун дээр нь алгадаад, бэхэлгээгээ тайлаад замгүй газраар дээшээ зүтгээд авирсан.
Би сэтгэлзүйгээ их бэлдсэн байсан учраас надад буцна гэсэн бодол огт байгаагүй. Гэхдээ тэр бол маш эрсдэлтэй тэнэг алхам байсан. Тэгж бэхэлгээгээ тайлж яваад доошоо уначихвал яах вэ? Намайг дээш нь гаргах гэж байгаад нөгөө уулчин маань эрсдвэл яах вэ? Би тийм алхам хийсэн ч одоо бодоход тэгээгүй байсан бол өнөөдөр би авирч чадаагүй, магадгүй 2013 онд дахиад авирах гээд явж байх байсан болов уу гэж боддог юм. Тэнэг ч гэсэн зоригтой алхам хийсэн юм болов уу гэж боддог юм.
-Та дахиад тийм нөхцөл байдалд орвол тийм алхам хийх үү?
-Би одоо хамаагүй тийм юм яримааргүй байна. Яагаад гэвэл энэ ярилцлагыг олон хүн уншина. Ар гэрийнхэн, настай ээж маань, эхнэр хүүхдүүд маань унших учраас айна шүү дээ. Тийм учраас би тийм юм яримааргүй байна. Уул авах хүнээ авна, авахгүй хүнээ авахгүй. Тийм учраас надад тийм зүйл тохиолдохгүй байх. Уул, байгаль дэлхий маань намайг сайхан хүлээж авна гэсэн өөдрөг сэтгэлтэй явж байгаа.
-Гэхдээ танд айдас байна уу?
-Байхгүй. Жаахан ч гэсэн айдас байвал мэдээж яваад хэрэггүй.
-Яг оргил дээр гарахад ямар мэдрэмж төрж байв? Сэтгэл их хөдөлсөн байх?
-Хамгийн гоё мөч надад оргил дээр гарах байсан. Оргил дээр гараад Эверестийн овоонд мөргөсөн. Мөргөж байхад өөрийн эрхгүй нүднээс нулимс асгарсан. Үнэхээр сайхан байсан. Эргэн тойрноо харахад үгээр хэлэхийн аргагүй тэр байгалийн үзэсгэлэн гоо, тэр өндөр шовх аймшигтай мөсөн уулууд тээр доор харагдаж байлаа. Үүл бас тээр доор... Ердөөсөө би тэнгэрт байгаа юм шиг, жингүйдээд зүүдлээд байгаа ч юм шиг, надад маш гоё мэдрэмж төрсөн. Энийг үгээр хэлэхийн аргагүй. Сэтгэл сэргэж маш их эрч хүч авсан. Урамшсан. Ээждээ, эх орон, ард түмэндээ маш их баярласан. Хамгийн сайхан зүйл бол ээжийгээ баярлуулах юм болов уу даа гэж боддог юм. Ээжтэйгээ гүн холбоотой байсан.
-Эверестийн оргил хэр том талбайтай вэ?
-Эверест гэдэг маань өөрөө агуу том хайрхан. Дэлхийн ноён оргил гэдэг утгаараа маш том хайрхан учраас талбайг нь хүмүүс жижигхэн нарийхан шовх гэж ойлгодог байх. Нэлээн том талбайтай. Арван ханатай гэр бол элбэг багтчихаар, саарал хад асга ихтэй цас мөсөөр хучигдсан байдаг.
Бас манай уул болгон дээр байдаг шиг чулуугаар босгосон овоо байдаг юм билээ. Тэгээд хадаг яндар, улс орон, байгууллагуудын туг далбаа салхинд хийсээд байж байдаг юм билээ. Олон уулчид цувраад гарч ирээд байдаг. Дэлхийн шилдэг уулчдын цугларалт гэж хэлж болно.
-Зарим хүмүүс оргилд гарсан гэдэгт тэр бүр итгэхгүй байх тохиолдол гардаг байх. Харин Эверестийн оргил дээр гарсан гэдгийг баталгаажуулах гэрчилгээ олгодог гэж байсан. Энэ тухай ярихгүй юу?
Намайг Эверестэд явж байхад 17 удаа авирсан шерпа байсан
-Уулын спорт бол өөрийгөө ялах спорт. Тийм учраас энэ хүнд хэцүү нөхцөлд өөрийгөө яаая даа гэж байж би яагаад нэвтрүүлэг, баримтат кино хийж, ном гаргах гээд яваад байгаа юм бэ гэхээр уул бол үзэгчгүй спорт юм. Нэг талаасаа Монголын хүүхэд залуус, үр хойчдоо үлдээх миний өчүүхэн хувь нэмэр болно. Эверестийн оргилд гарна гэдэг хэдэн жил сарын хүч хөдөлмөр, эр зориг, амь настай холбоотой тэсвэр тэвчээр шаардсан спорт.
Бусад спортын хувьд бидний нүдэн дээр хэдэн секунд, хэдэн минутанд ялагч тодордог бол уулын хувьд хүмүүс гарсан эсэхэд нь итгэхэд бэрх гэж үздэг. Гэхдээ уулчдыг ямар хүнд хэцүү бэрхийг туулчихаад ирэхэд нь тийм юм ярина гэдэг сэтгэлийн хүнд байдалд ордог. Сэтгэлзүй муутай хүн тэрийг хүндээр хүлээж авч маш их гомддог. Тийм учраас би авирч байхдаа тэрийгээ баталгаажуулж, үзэгчидтэй хамт авиралт хийх гэж байна.
Энэ авиралтад Непалын Аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын яамны төлөөлөгч экспедиц болгонд нэг хүн хяналтаа тавиад ажилладаг. Тэд хэн нь гарсан, хэн нь гараагүйг хянадаг. Мөн бидэнтэй хамт экспедицийн ахлагч яамтай гэрээ хийсэн байдаг. Дээр нь шерпа нар маш хариуцлагатай ханддаг. Гараагүй хүнийг гарсан гэж мэдэгдсэн шерпа нар хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээдэг. Тиймээс хуурамч гэрчилгээ авна гэсэн боломж байдаг гэж боддог бол тийм ойлголт огт байхгүй.
Тийм учраас Эверестийн оргил дээр цуг зургаа авахуулаад, камераар бичлэг хийгээд бүх юмаа баталгаажуулдаг юм.
Дээр нь манай төр захиргаа, хариуцсан яам, Уулын холбоо нь энэ яриаг цэгцлэх хэрэгтэй. Хариуцсан яам нь бичиг явуулаад Монгол улсын хэчнээн уулчин Эверестийн оргилд гарсан бэ гэдгийг албан ёсоор шалгаж болно.
Ингээд амь насаараа дэнчин тавиад, хүнд хүчрийг туулж, Монгол улсаа сурталчилаад ирж байхад ийм яриа гаргах утгагүй, таслан зогсоох хэрэгтэй. Миний хувьд тийм яриа сонсоход огт хамаагүй. Намайг яваад ирэхэд ч тийм яриа гараагүй.
-Төр засгийн зүгээс хэр дэмжиж ажилладаг вэ?
-Тийм юм огт байхгүй. Өөрөө бүгдийг хөөцөлдөөд явж байна. Манай “Эрүүл Монгол” хайкинг клубынхан ажлын хэсэг гаргаад миний ажилд тусалж байна.
-Непал руу гарахад визний зөвшөөрөлд асуудалд гарч байв уу?
-Асуудал байхгүй. Непалын хил дээр очоод, 50 билүү 100 ам.доллар төлдөг. Манайхан ч гэсэн гадны уулчдыг уулынхаа хувцас хэрэглэлтэйгээ ирэхэд элдэв янзын асуудал гаргалгүй шууд зөвшөөрлийг нь өгөөд оруулдаг байх хэрэгтэй.
-Эверест рүү Непал болон Төвдөөс хоёр талаас нь гардаг гэсэн. Та өмнө нь Непал талаас гарсан байдаг. Тухайн хоёр зам хоорондоо ямар ялгаатай вэ?
-2012 онд урд талаас нь буюу Непал талаас нь гарсан. Одоо Төвдийн талаас хойд талаас нь гарна. Энэ хоёр зам нь хоёулаа ондоо. Ямар ч уулын хойд тал маш хүчтэй салхитай байдаг. Тийм учраас Төвдийн талаас авирахад их хүчтэй ширүүн салхитай, хад чулуу, хавцал, хадан хана ихтэй. Харин урд талдаа цас мөсөн ангалууд их бий. Цасан нуранги ихтэй. Би Непалд байхдаа бэлтгэл сургуулилт хийж, эгц хана шиг мөсөн хад руу авирч байсан.
-Төвдийн талаас авирахад хятадууд 5000 метрийн өндөрт хүртэл зам тавьчихсан байна гэсэн. Та тэр хүртэл машинаар явах уу?
Алтай Таван Богдод авирсан хүмүүст яам гэрчилгээ, медаль олгодог байх хэрэгтэй. Уулчин хүнд хамгийн чухал зүйл энэ байдаг. Авирсан уул болгоноороо бахархаж явдаг.
-Би Төвдийн талаас яваагүй болохоор сайн мэдэхгүй байна. Хүмүүсийн ярианаас сонсоход хятадууд зам тавьсан гэж сонссон. Боломжтой бол машинаар явах байх. Тэндээсээ дээшээ авирах болов уу гэж бодож байна. Машинаар явбал таваас зургаан цаг зарцуулах болов уу гэж бодож байна.
-Түүхэнд хамгийн анх Эверестийн оргил дээр 1950-иад онд гарсан гэдэг. Эверестийн талаар сонирхолтой баримтаас хувцаалцахгүй юу?
-Хамгийн анх Эвересийн оргил дээр Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари шерпа Дэнзэн Норгайн хамтаар 1953 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан байдаг. Шерпа Дэнзэн Норгайн бичсэн ном бий. Тэрбээр номондоо “Би Монгол гаралтай” гэж хэлсэн байдаг. Хөтөч хийгээд байгаа нутгийн шерпанууд маань өөрсдийгөө Монгол гаралтай гэж ярьцгаадаг Монголоор их бахархдаг хүмүүс юм. Дэлхийд хамгийн анх Эверестэд гарсан хүн бол Монгол хүн байдаг гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй.
Төвдүүд Эверестийг Жомолунгма буюу Тэнгэр ээж гэж нэрлэдэг. Тийм учраас Эверестийн оргилд гарсан хүнийг тэнгэрт гараад ирсэн бурхан гэж их хүндэлдэг юм билээ. Непалууд Сагарматха гэж нэрлэдэг. Бас л ээж гэсэн утгатай. Английн байрзүйч Жорж Эверест судалгаа хийж яваад дэлхийн хамгийн ноён оргил гэдгийг тогтоосон байдаг. Тийм учраас 1865 онд түүний нэрээр нэрлэсэн.
Мөн намайг Эверестэд явж байхад 17 удаа авирсан шерпа байсан. Жилд нэг удаа авираад тэр орлогоор бүтэн жилийнхээ хэрэгцээг залгуулдаг. Тэр хүн насаараа бол надтай ойролцоо.
-Гималайн уулсын ойр орчимд аялал жуулчлал хэр хөгжсөн байна вэ?
-Аялал жуулчлал маш сайн хөгжсөн. Непал орлогын ихэнх хувиа аялал жуулчлал, уулаараа олж авдаг. Манай монголчууд ч бас уулаараа мөнгө олж болно. Тэнд уулын явган аялал хийж байгаа хүмүүс маш их байна. Дээшээ явж чадах нэг нь Эверест бааз лагер хүртэл явж үздэг. Ийм чиглэлээр их хөгжсөн байдаг. Тэрэндээ улс нь их мөнгө хаядаг юм билээ. Уулын аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа газруудаа их дэмжиж, тэдэндээ давуу эрх олгож ажилладаг юм билээ.
-Таны хувьд Монголд энэ төрлийн аялал жуулчлалыг ямар арга замаар хөгжүүлбэл тохиромжтой гэж боддог вэ?
-Гималайн ууланд мөрдөгддөг дүрэм журмыг тэр хэвээр нь хуулаад мөрдөгддөг болговол манайд болохгүй юм байхгүй. Монголчууд маань босоод л ирнэ. Тэнд уулчдынхаа хүч хөдөлмөрийг үнэлж, Алтай Таван Богдод авирсан хүмүүст яам гэрчилгээ, медаль олгодог байх хэрэгтэй. Уулчин хүнд хамгийн чухал зүйл энэ байдаг. Авирсан уул болгоноороо бахархаж явдаг.
Гадаадын уулчдыг татахын тулд ITB гээд Берлин хотноо болсон аялал жуулчлалын үзэсгэлэнд уулаа сурталчлах хэрэгтэй. Монголыг тэгж л сонирхож ирнэ. Тэмээн жингээр ачаа тээж, уртын гоё аяллууд хийх сонирхол гадныханд байгаа. Тэр маршрутаа дагаад хоолны газар, зочид буудлууд гарч ирнэ. Ингээд бүх зүйл хөгждөг.
-Та Монголынхоо ямар ууланд авирч байв?
-Уулын спортын салбарын хаалгыг тогшилгүйгээр ороод ирчихсэн хүн шүү дээ, би чинь. Шууд л Эверест рүү авирсан. Тийм учраас би өнөөдрийг хүртэл ахмад уулчдаасаа суралцаад, зөвлөгөөг нь дагаад явдаг. Тэднийгээ их хүндэлдэг. Өнөөдрийг хүртэл миний гарч үзээгүй уул зөндөө бий. Юуг нь нуух вэ. Би Алтай Таван Богд, Сутай Хайрхан, Асралт Хайрхан, Бурхан Халдун гээд эхнээс нь гарч байна.
-Таны амьдрал хэзээнээс уултай холбогдож эхэлсэн бэ?
-Монгол хүн бүр уулчин байдаг. Уултайгаа байнга холбоотой, сүсэг бишрэлтэй байдаг. Миний хувьд ч бас адилхан. Би Дархан-Уул аймгийнх. Манай байрны хажууд уул байдаг. Хүүхэд байхаасаа л тэр уулнаас өвөл чаргаар гулгаж, дээш доош гүйж, тоглож өссөн. Би хүүхэд байхаасаа л биеийн тамир, спортод их хайртай, чин сэтгэлээсээ дуртай байсан.
-“Эрүүл Монгол” клубынхээ талаар ярихгүй юу? Хэзээ байгуулсан бэ?
-Би 2013 онд монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө “Эрүүл Монгол” хайкинг клуб байгуулаад монгол хүний эрүүл мэндэд хөрөнгө оруулахаар зүтгээд явж байна. Хүн ууланд авираад, оргил дээр гарахаараа зорилгоо биелүүлээд хамгийн агуу байдаг юм байна. Хүн болгон зорилготой мөрөөдөлтэй байдаг. Тэр зорилгоо биелүүлнэ гэдэг хүнд асар их сэтгэлийн тэнхээ, эрч хүч өгдөг юм билээ. Хүн байгальд алхах их сайхан.
Хүн ууланд авирахаар хүний таван мэдрэхүй ажиллаж байдаг. Дээр нь цусан дахь хүчилтөрөгч нэмэгдэж байдаг. Өндөр ууланд авирахаар хүний цусан дахь улаан эс нэмэгддэг гэх мэт маш их давуу талтай. Хүний бүх л булчин ажилладаг. Эмэгтэй хүнийг их гоё тураадаг. Ууланд явснаар дархлаа сайжирна, ханиад хүрэхгүй, стресс тайлагдана. Хүн өөрийгөө хайрлах хэрэгтэй. Долоон хоногийн нэг өдрийг заавал өөртөө зарцуулдаг байх хэрэгтэй.
Өнөөдөр хүмүүс маань 30, 40 гараад л өөрсдийгөө хөгширчихлөө гэдэг. Энэ бол буруу, 40 нас бол эд нас. 70 ч бас эд нас шүү дээ. Хамт явах гэж байгаа Гүрээ ахыг маань зарим нь Фэйсбүүк дээр "Энэ өвгөн гэртээ сууж байхгүй яасан юм" гэж бичсэн байсан. Би уншаад их эмзэглэсэн. 73 нас бол сайхан нас. Гүрээ ах маань гүйлтийн спортоор хичээллэдэг, уулчин хүн учраас маш их эрч хүчтэй.
Тийм учраас биологийн нас нь 20 насаар залуу байдаг юм. Монголчууд маань авирах гэж байгаа хүнээ дэмжихийн оронд тийм муу муухай зүйл бичихээ болиорой, нэг нэгнээ дэмждэг байх хэрэгтэй. Гүрээ ах бид хоёрыг Японд тэмцээнд оролцоод явж байхад 101 настай хүн тэмцээнд оролцоод гүйж байсан.Тэр хүнийг дөнгөж 70 нас гарч байгаа болов уу гэмээр тийм залуухан харагддаг. Хүмүүс намайг хөгшин гэж магадгүй. Би өөрөө өөртөө хөгшин санагддаггүй. 47 нас гэдэг бол бас л ид нас гэж боддог.
-Уулчин хүн заримдаа тушаал авч, заримдаа хагас цэрэгжилтийн байдалд ордог гэсэн?
-Ууланд явна гэдэг тоглоом биш. Зүгээр Богд ууланд явахад манай уулчид бие засчихаад эргэж харахад төөрчихдөг. Явган цас шуураад зам мөр нь арилчихсан байдаг учраас маш аюултай. Хүмүүс эрдэж болохгүй. Маш зохион байгуулалттай явах хэрэгтэй.
-Та ууланд авирахаас гадна гүйлтээр хичээллэдэг гэсэн. Өмнө нь эндээс Лондон хүртэл гүйхээр төлөвлөж байсан гэдэг. Яагаад цуцлагдчихсан юм бэ?
-2012 онд би Улаанбаатараас Лондон хүртэл 12 мянган км газар гүйхээр төлөвлөж байсан юм. Энэ нь бүтэн нэг жилийн гүйлт байсан. Дэлхий нийтийг халдварт бус өвчнөөс сэргийлье гэсэн уриатай энэ гүйлтээр бид гурвуулаа гүйх гэж байсан. Ерөнхийлөгчийн ивээл дор гүйх гэж байсан ч гурван шалтгааны улмаас гүйлтээ зогсоосонд миний сэтгэл маш их эмзэглэж байсан.
Гэхдээ дараа заавал энэ хүслээ гүйцэлдүүлэх болно. Заавал гадаад орон гэлтгүй Монгол орноо тойрон гүйх бодол байна. Харин дараагийн зорилго маань Эверест байсан. Тэгэхээр хүн агуу мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Тэрнийхээ төлөө зүтгэдэг байх хэрэгтэй. Эверестэд авирахын төлөө би 15 жил бэлтгэл сургуулилтаа хийж явсан байна.
Тэгээд дөрвөн жил тасралтгүй, өдөр шөнөгүй, ямар ч баяр ёслолыг үл хайхран бэлтгэлээ хийж, нойр хоолоо тааруулан нарийн цагийн хуваарийн дагуу сургуулилт хийж байсан. Дээр нь муу зуршлуудаа хаяж, өөрийгөө өөрчилж өөрийгөө ялахын төлөө зүтгэсэн.
-Эверестийн дараа ямар нэг төлөвлөгөө байгаа юу?
-Эверестийн дараа дахиж өндөр уул гэж ярихгүй ээ. Монгол орондоо хэт холын гүйлтүүд хийнэ.
-Уучлаарай, энэ асуултыг асуухгүй байж чадсангүй. Маш их зардал гардаг хэрнээ уулчин хүн тэр зардлаа нөхөж чаддаг уу?
-Би дан уулаар яваад байдаггүй хажуугаар нь бизнес хийдэг. Одоо эхнэр маань бизнесээ авч явж байгаа. Энэ маань манай гэр бүлийн хэрэгцээнд зориулагдаад дуусдаг. Би өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байлаа. Бага нас маань Дарханд өнгөрсөн. Дарханы уулчин гэж явдаг.
-Гадаадын уулчдаас суралцах зүйл юу байна? Монгол уулчдын давуу тал нь юундаа байдаг вэ?
-Гадны уулчид өдөр тутам бэлтгэл сургуулилтаа хийдэг, байнгын бэлтгэлтэй байдаг юм билээ. Уулчдаа их дэмжиж ажилладаг. Ганц нэгхэн компани ивээн тэтгэдэг юм билээ. Тэгээд нэг ууланд авираад буухад дараагийн ууланд авирах санхүүжилт нь босчихсон байдаг юм билээ.
Монгол хүний хувьд давуу тал их бий. Дөрвөн улирал гэдэг маш том давуу тал. Хавар шороогоор шуурна, шороо нь хүртэл сайхан үнэртэй байдаг. Манай өндөр уулнууд байна. Монгол хүний хүчирхэг дайчин зан чанар яах аргагүй давуу тал маань шүү.
Дашрамд хэлэхэд, Ээж маань Говь-Алтай аймгийн Тонхил сумынх. Сутай Хайрханы буян хишиг байдаг болов уу гэж боддог юм. Аав маань Хэнтий аймгийн Дадал сумынх. Бас л Бурхан Халдун Хайрханы нөмөр нөөлөг байдаг байх. Миний багш нар болох ахмад уулчид маань надад үнэтэй зөвлөгөөний ачаар би өнөөдрийг хүртэл ингэж яваа. 2012 онд намайг явахад дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа.
Бас уучлалт гуймаар байна. Учир нь гэр бүл, ах дүү хамаатан, найз нөхөд, намайг таньдаг мэддэг хүмүүсээс бүгдээс нь уучлалт гуйж байна. Уучлаарай, та бүхнийг дахин ингэж шоконд оруулж явах гэж байгаадаа уучлалт гуйж байна. Зөвөөр ойлгоорой. Миний хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй байдаг.
Эверестийн тухай хамгийн түрүүнд сөрөг муу мэдээлэл нь ирж байдаг учраас ар гэрийнхэн маань их санаа зовцгоодог. Гэхдээ ямартай ч миний бэлтгэл маш сайн байгаа. Дарханчууддаа, Говь-Алтай, Хэнтийчүүддээ хандаад амжилттай авираад ирнэ ээ гэж хэлмээр байна.
Мөн надад зөвлөгөө өгч байсан уулын багш нартаа, хамт явсан Хөх тэнгэр клуб, Эверестэд авирсан Б.Гангаамаа, хоёр удаа Эверестэд авирсан ОУХМ Г.Өсөхбаяр, Уулын холбооныхондоо болон уулчиддаа маш их баярлалаа. Надтай ярилцлага хийсэн чамд болон танай хамт олонд маш их баярлалаа. Ажлын өндрөөс өндөр амжилт хүсье!
-Баярлалаа. Танд ч мөн адил Эверестийн оргилд амжилттай гарахын ерөөл дэвшүүлье!