Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлнэ хэмээн Шинэчлэлийн Засгийн газар хуруугаа “гозойлгоодохов”. Санхүүжилтын эх үүсвэр нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл байх гэнэ. Төрийн данс улайхдаа тулсан, валютын нөөц шавхагдахдаа хүрээд байгаа энэ үед шүү дээ. Тэрчлэн асар өндөр өртгөөр босох Эгийн голын УЦС нь Монгол Улсын эдийн засагт үр ашиг өгөх, эсэх нь хүртэл эргэлзээтэй. Угаас дэд бүтцийн чанартай төслүүд урт хугацаанд хэрэгждэг, өгөөж багатай хөрөнгө оруулалт байдаг.
Хэтдээ, энэ Засгийн газрын шийдвэр буруутсан ч хариуцлага тооцон хэрэг үүсгэх, зарга хийн шүүхэд дуудах хууль байхгүй учир тэд хуруугаа “огтлуулахгүй” гэсэн үг. Тэр ч утгаараа эрсдэлийг үл ойшоон шийдвэр гаргасан нь энэ.
Засгийн газар яагаад ийм зоригтой шийдвэр гаргасан нь тун сонин. Учир нь Эгийн голын УЦС-ын төсөл 2008 онд яг хэрэгждэг дээрээ унаж байсан удаатай. Тодорхой хэлбэл, манай улсын эдийн засаг одоогийнхоос харьцангуй тогтвортой, өндөр өсөлтийн өнгө орсон жил байсан юм. Юутай ч түүхээ дахин сөхье.
2008 оны хоёрдугаар сарын 13. Сангийн сайд Ч.Улааны гарын үсэгтэй албан тоот Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ж.Сүхбаатарт ирээд байв. Энэ нь Эгийн голын УЦС-ыг барих төслийг зогсоохоор шийдвэрлэсэн үндэслэлийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариу байсан юм. Сангийн яамнаас бэлтгэн хүргүүлсэн уг хариунд Эгийн голын УЦС-ын төслөөс татгалзсан шалтгаануудыг маш тодорхой жагсаан бичжээ. Гэхдээ эхлээд танд төсөл хэрэгжих явц хэрхэн өрнөсөн түүхээс гол үйл явдлыг товч сануулъя.
“ЭГИЙН ГОЛ УЦС” ТӨСӨЛ ЭХЭЛСЭН НЬ
1992 оны тавдугаар сар. Азийн хөгжлийн банкны 1.4 сая ам.долларын буцалтгүй тусламж, 3.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Швейцарь, Италийн зөвлөх инженерийн баг Эгийн голын УЦС-ын техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төслийн судалгаа, тендерийн баримт бичгийг 1992-1995 онд боловсруулсан байна. Тухайн үед жилд 480 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, 220 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Эгийн голын УЦС-ын төслийн баримт бичиг бэлэн болсон гэсэн үг. Тэр үеийн үнэ ханш, зах зээлийн нөхцөл, байгаль орчны байдлыг үндэслэн судалж боловсруулсан бөгөөд тухайн үедээ эдийн засгийн хувьд ашигтай гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Иймд Эгийн голын УЦС-ыг барих хөрөнгийн эх үүсвэрийг олох талаар нэлээд ажилласан боловч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Улс төрийн намуудын хэт оролцоо үүнд саад болсон гэж үздэг.
2006 оны арванхоёрдугаар сар. Арванхоёр жилийн өмнө ашигтай гэж тооцож байсан тус УЦС-ын төслийг одоогийн байдалтай харьцуулж тайлбарлахад нэн түвэгтэй нөхцөл байдал үүссэн байна. Гэсэн хэдий ч Засгийн газраас төслийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллажээ. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж Эгийн голын УЦС-ыг барих асуудлаар яриа хэлэлцээ үүсгэсэн түүхтэй. Үүний дүнд Засгийн газрын 2006 оны арванхоёрдугаар сарын 13-ны хуралдаанаас Эгийн голын УЦС-ыг Хятадын талын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Түлш, эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат нарт даалгасан шийдвэр гарч байв. Гэвч эдийн засгийн үр ашиг нь “харагдсангүй”.
Зээлийн хүү хоёр хувь, зээл төлөх хугацаа 20 жил байхаар байжээ. Ийм нөхцөлд, хөрөнгө оруулалт 400 сая ам.доллар болсон байна. Үүгээр тооцоход нэг кВт цахилгаан эрчим хүчний үнэ 85.33 төгрөг болж, тухайн үед мөрдөж байгаа үнээс даруй 66 хувиар өндөр гарлаа. Иймд Эгийн голын УЦС-ын төсөл эдийн засгийн хувьд ашиггүй гэдэг нь нотлогдсон байна.
2007 оны наймдугаар сар. Эгийн голын усан цахилгаан станцын барилга байгууламж, тоног төхөөрөмж (цахилгаан дамжуулах шугам, дэд станц, замын ажлыг оруулахгүйгээр)- ийн төсөвт өртгийг Швейцарийн “Пойри” зөвлөх инженерийн компани энэ онд шинэчлэн хийжээ. Шинэ тооцоогоор төслийн өртгийг 327.8 сая ам.доллар хэмээн гаргаадахав. Харин БНХАУ-ын “Экспорт Импорт банк”-ны судалгааны баг 380 сая ам.доллараар барих урьдчилсан тооцоо хийсэн байна. Чухам энэ үеэс Эгийн голын УЦС-ын төсөл бодит ажил болох шийдвэрүүд гарч эхэлсэн гэж болно.
“ЭГИЙН ГОЛ УЦС” ТӨСӨЛ НУРСАН НЬ
Харин одоо 2008 онд Эгийн голын УЦС-ын төслөөс тухайн үеийн Засгийн газар татгалзах болсон гол баримтыг сөхъе.
Баримт 1. Түлш, эрчим хүчний яам 2007 оны дөрөвдүгээр сард гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлав. Оролцогч компаниуд төслийг 398-466 сая ам.доллараар хэрэгжүүлэх санал ирүүлсэн нь төслийн анхны төсөвт өртгөөс 98-166 сая ам.доллараар давсан тул тендер хүчингүй болсон. Иймд зарим зардлыг хасаж, дахин хязгаарлагдмал тендер зарласан. Тендерт гурван компани оролцож 313 сая ам.долларын санал ирүүлсэн "Синомач- Камке" консерциумтай хэлэлцээр хийжээ. Гэвч гүйцэтгэгч компанитай хийсэн хэлэлцээрийн явцад бэрхшээлтэй асуудлууд гарч, тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Баримт 2. Тухайн үед зээлийн хүү хоёр хувь, зээл төлөх хугацаа 20 жил байхаар байжээ. Ийм нөхцөлд, хөрөнгө оруулалт 400 сая ам.доллар болсон байна. Үүгээр тооцоход нэг кВт цахилгаан эрчим хүчний үнэ 85.33 төгрөг болж, тухайн үед мөрдөж байгаа үнээс даруй 66 хувиар өндөр гарлаа. (“Дөргөний УЦС гэхэд өнөөдрийг хүртэл анх тооцож байсан хямд үнээр эрчим хүч нийлүүлж чадахгүй байгаа бөгөөд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д гэхэд нэг кВтц-аа 32.11 төгрөгөөр худалддаг). Иймд Эгийн голын УЦС-ын төсөл эдийн засгийн хувьд ашиггүй гэдэг нь нотлогдсон байна.
Баримт 3. Байгаль орчны хувьд Эгийн голын УЦС баригдсанаар нийт 14 мянган га талбайд усан сан бий болохтой холбоотой 1.4 мянган га газрын ой мод устана. Урсгал голын загасны нүүдэл тасрах зэрэг сөрөг нөлөөтэй. Үүнээс гадна усан сан үүсэх талбайгаас 500 хүн амтай Хантай сууринг нүүлгэх, нөхөн төлбөр олгох зардлыг бас нэмж гаргах шаардлага үүссэн юм.
Баримт 4. Өндөр хүчин чадалтай УЦС-ыг хангах усны нөөц байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор багасаж байгаа нь зээл, түүний хүүг хугацаанд нь төлөхөд хүндрэл учрах эрсдэл ихтэй байгааг мэргэжилтнүүд баталсан байна. Тухайлбал, усны нөөц хангалттай гэж тооцож, барьж байгуулж байгаа Тайширын УЦС-д (яг энэ үед уг станцын даланг усаар дүүргэхийн тулд Завхан голын усыг боосноор 500 км тасарсан гашуун түүх бичигдсэн) далангийн усны төвшин хүрэлцэхгүйгээс ашиглалтад орох хугацаа хойшлогдож, эдийн засгийн үр ашигт нөлөөлж байна.
Баримт 5. Эрчим хүчний салбарын гадаад өрийн хэмжээ 500 сая ам.долларт хүрч (2008 он), эргэн төлөхөд хүндрэлтэй байгаа. Ийм нөхцөлд нэмж 300 сая ам.долларын зээл авах нь эрчим хүчний салбар бүхэлдээ зээлийн дарамтад орж, үнэ тариф өсөхөд нөлөөлнө.
Баримт 6. БНХАУ-аас авч байгаа зээлийн хүү харьцангуй өндөр байв. Түүнчлэн УЦС-ыг цаашид ашиглаж зээлээ төлөхийн тулд станцыг хэн эзэмших нь тодорхой бус. (Энэ асуудал одоо ч бүрхэг байна). Мөн станцын усны гол хангамж болох голын урсац багасах, шургах үзэгдэл бий болж цаашид олон жилийн туршид тогтвортой ажиллах горим алдагдах магадлалтай. Энэ мэт нөхцөл байдлыг харгалзан Түлш, эрчим хүчний яамнаас Эгийн голын УЦС төсөлд БНХАУ-ын 300 сая ам.долларын зээлийг ашиглах асуудлыг хүчингүй болгох талаар Засгийн газрын хуралдаанд оруулсан түүхтэй.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ БА ХЯТАД ТӨРИЙН БОДЛОГО
Засгийн газар Эгийн голын усан цахилгаан станцыг барих санхүүжилтийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр босгох шийдвэр гаргасан. Угаас дэлхийн олон орон хөнгөлөлттэй зээл авах асуудлаар сүүлийн үед БНХАУ-д хандах болсон. Энэ ч утгаараа тус улсын хөнгөлөлттэй зээлийн нөхцөл, тавих шаардлага улам хатуу болж байгааг шинжээчид анхааруулдаг. Хөнгөлөлттэй зээлд хүү, хугацаа гээд давуу тал байдаг ч сул тал бий. Зарим тохиолдолд 0.5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл зургаан хувийн хүүтэй арилжааны зээлээс хүнд нөхцөлтэй болдог байна.
Тухайлбал, Хятадаас өмнө нь авсан 300 сая ам.долларын зээлд тавьсан шаардлагын нэг нь зээлийн 50 нь хувьд Хятад Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн авах байв. Мэдээж ямар ч хөнгөлөлттэй, дэмжлэгтэй гэх зээлийн цаана тухайн улсын төрийн бодлого байх нь гарцаагүй. Дээрх 300 сая. ам долларын хөрөнгө оруулалт бүрэн шийдэгдэж амжаагүй байхад дараагийн 500 саяын зээл олгохоо манай урд хөрш амлаж билээ. Гэтэл уг зээл Хятадын “Эксим” банкаар дамжин орж ирэх, уг зээлийн 80 хүртэл хувьд Хятадын тоног төхөөрөмжийг авах, төслүүд дээр заавал 60-80 хувьд нь хятад боловсон хүчин ажиллах ёстой гэх шаардлага тавьж эхэлсэн гэнэ.
...Энэ мэт хэдэн арван шалтгаан, үндэслэлээр 2008 онд Эгийн голын УЦС-ын төслөөс Засгийн газар татгалзаж байсан юм. Гэтэл өнөөдөр УЦС барих төсөвт өртөг 2008 оныхтой харьцуулахааргүй нэмэгдэж, бүр 827 сая ам.долларт хүрчхээд байна. Одоогийн Засгийн газар ч нүдээ аниад дайрах шинжтэй. Зарим эдийн засагчийн үзэж буйгаар 827 сая ам.долларын хөрөнгө оруулалт зээлийн хүү болон хугацаанаас хамаарч дор хаяж нэг тэрбум ам.долларт элбэг хүрнэ хэмээн тооцсон гэх. Олон нийтийн сүлжээгээр гэхэд л энэ төслийн эдийн засгийн үр ашгийн талаар жиргээчдийн дунд саяхан маргаан өрнөсөн. Энэ маргаанаас харахад л Эгийн голын УЦС-ын төсөлд бүрхэг, тодорхойгүй олон асуудал хөндөгдөж байсныг анзаарахгүй өнгөрч болохгүй.
Одоогийн байдлаар энэ төслийн эхний ээлжинд шаардагдах мөнгийг Засгийн газрын бондын хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлж байна. Уг нь олон улсын туршлага, жишгээс харахад бондын эх үүсвэр богино хугацаатай байдаг. Тиймээс маш богино хугацаанд ашгаа өгөх төсөлд зарцуулдаг. Гэтэл манайхан бондын эх үүсвэрийг өгөөж багатай, дэд бүтцийн чанартай төслүүдэд ихэнхийг өгч байгаа нь бас л асуудал юм.
ӨРИЙН ДАРАМТ БА БАРУУН БҮСИЙГ “ГЭРЭЛТҮҮЛСЭН” ТҮҮХ
Бас нэг эрсдэл нь өр, зээлийн дарамтаас өндийж чадахгүй өдий хүрсэн эрчим хүчний салбарыг элгээр нь хэвтүүлэх шалтгаан болохыг үгүйсгэх аргагүй. Яагаад?
Эрчим хүчний сайдын 2015 оны төсвийн төслөөс сөхөж, хэдхэн баримт сөхье. “... Эгийн голын усан цахилгаан станц барих болон “Шинэ бүтээн байгуулалт”-ын 18 төсөл арга хэмжээнүүдийн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан барилга угсралтын ажил хийж байна. Одоогоор санхүүжилт нь Хөгжлийн банк, бондны хөрөнгөөс гарсан боловч санхүүжилтийг 2014-2015 онуудад улсын төсөвт буцаан суулгах Засгийн газрын тогтоолтой 318.3 тэрбум төгрөг байна...” гэжээ.
Түүнчлэн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК жил бүр Дөргөний УЦС-ын төслийн зээлийн хүүгийн төлбөрт 239.6 сая төгрөг гээд төлөх хуваарьтай зээлийн өрүүд дарамт болж байгаа талаар дурдсан байна. Мөн “...их хэмжээний өр, валютын ханш болон хэрэглээний өсөлтөөр нэмэгдэж байгаа нөхцөлд тус компанийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд 9.950.0 сая төгрөгөөр улсын төсвөөс санхүүжүүлэх зайлшгүй шаардлагатай” хэмээн анхааруулжээ.
Дахиад түүх сөхье. Баруун бүсийг гэрэлтүүлсэн үлгэр 2009 онд эхэлсэн юм. Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших Чоно харайхын гол дээр усан цахилгаан станц барив. “Баруун бүсийг эрчим хүчээр найдвартай хангах томоохон УЦС ашиглалтад орлоо. Ингэснээр цахилгаанаа ОХУ-аас авахгүйгээс гадна хямд үнээр түгээх боломжтой” хэмээн сайд, дарга нар магтан сайшааж байв. 12 МВт хүчин чадалтай “Дөргөн УЦС”-ыг Хятад Улсын Шанхайн “SPECO” компани барьсан бөгөөд 270-аад хятад, манай талаас 60 орчим хоригдол ажилласан. Өндөр өртгөөр боссон уг УЦС-ын үндсэн зээл нь 26.5 сая ам.доллар. Үүн дээр зээлийн хүүгийн дөрвөн сая ам.долларыг нэмэхэд 30.5 сая ам.доллар болсон. Тухайн үеийн валютын ханшаар тооцвол 36 орчим тэрбум төгрөг гэсэн үг. Хятадуудад “хөрөнгө оруулж” бариулсан станц ашиглалтад орсноос хойш 10 жилийн дараа зардлаа нөхнө хэмээн тооцсон. Харин мөнөөх станц нь баруун гурван аймаг байтугай өнөөдөр Ховд аймгийн хэдхэн сумаас илүүд цахилгаан түгээж чадахгүй байна.
Түүнчлэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Улаанбоомын хавцалд 2008 онд ашиглалтад орсон “Тайшир УЦС”-ыг Кувейтийн сангаас 6.5 сая кувейт динар буюу 20 орчим сая ам.доллар, Абу Дабигийн сангаас 47.7 сая эмират дирхам буюу 13 орчим сая ам.доллар зээлж барих хэлэлцээр байгуулсан. Уг нь тус станцын суурилагдсан чадал нь 11 мВт. Гэвч усны нөөц, станцын ажиллагаанаас шалтгаалж өнөөдөр дунджаар 3.5-4.1 мВтээс илүү ачаалах чадалгүй байна шүү дээ. Гэвч тухайн үед амлалт өгсөн улстөрчид хийгээд ашигтай хэмээн тооцсон төсөлчдийн хэнтэй ч хариуцлага нэхсэн асуулт гарсангүй. Хариуцлага тооцох ч эрх зүйн орчин алга. Нэг үгээр хэлбэл, хууль байхгүй, хуруугаа өгөхгүй гэдэг энэ.
ЖИНХЭНЭ УРВАГЧ ХЭН БЭ?
Усан цахилгаан станцын асуудал сөхөгдөх бүрт уг төсөлд хөндлөнгийн шинжээч, шүүмжлэлтэй байр сууринаас хандсан хүн бүр “Эх оронч бус, урвагч” хэмээн цоллуулдаг болоод удаж байна. Угтаа бол энэ нэр томьёо 2000 оны эхээр “төрсөн” түүхтэй. Тэр үед хил даван урсаж буй голуудаасаа нөөцөлж авах, салаалан урсгах байдлаар усан сан бүрдүүлэх ажил ид яригдаж байсан юм. Харин тэрхүү хил даван урсдаг голууддаа манайхан “Эх оронч биш, урвагч гол” хэмээн нэрлэсэн. Үнэндээ Монголын гол мөрнүүд хэдэн мянган жил урсахдаа эх оронд минь зүйрлэн бичиж, тоочин тоймлохын аргагүй үр ашгаа өгсөөр ирсэн. Гэтэл тэр үр шимийг нь хүртдэггүй мэтээр урваач, шарваач хэмээн цоллох нь ёс зүйгүй, утгагүй зүйрлэл байв. Харин энэ үг сүүлдээ эрчим хүчний салбарынхны, тэр дундаа усан цахилгаан станцын төслийнхний уриа лоозон аятай нутагшиж, иргэдийн дунд хүртэл түгэн дэлгэрсэн гэхэд болно.
Дэлхийн уур амьсгал улам бүр хуурайшин хатаж буй энэ үед экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах асуудал тун чухал болоод байна. Ийм үед Монгол Улс нарнаас, салхинаас, уснаас эрчим хүчээ гарган авах, цэвэр усаа нөөцлөн хадгалах сан бий болгох нь маш чухал. Гэхдээ асар их хөрөнгө оруулалт шаарддаг, алсдаа эдийн засгийн үр ашиг нь эргэлзээтэй усан цахилгаан станцын хувьд жинхэнэ эх орончоор хандах нь монгол хүн бүрийн үүрэг байлтай.
Тэрчлэн цэнгэг уст, ширүүн урсгалтай гол мөрний экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх, биологийн олон янз байдлыг хамгаалах гээд олон чухал ажлыг төсөл төлөвлөгөөндөө анхнаас нь тодорхой тусгаж, хэрэгжүүлэх нь чухал. Энд төслийнхөн биш байгалиа хамгаалагчид хяналт тавих учиртай. Энэ мэт асуудал хаягдсанаас ашиггүй, хөнөөлтэй, сөрөг нөлөөтэй гэх тодотгол зүүсэн усан цахилгаан станц лав Монголд арав гаруй бий. Дэлхийн олон оронд ч хэдэн зуугаараа тоологдож байгааг мартаж болохгүй.
Хэрвээ Эгийн голын УЦС-ын төсөл амжилттай хэрэгжиж, жинхэнэ утгаараа үр өгөөжөө өгвөл эрчим хүчээ хангаад зогсохгүй их хэмжээний ус нөөцлөх том боломж монголчуудад олдож байгаа юм.
Ц.Цэвээнхэрлэн