БНХАУ-ын эдийн засгийг зөвхөн өсөлтийн хурдаар нь тодорхойлох хэрэггүй” хэмээн урд хөршийн Ерөнхийлөгч Си Зиньпин Хайнанд болсон Азийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлжээ. “Шинэ хэвийн хэмнэл”-дээ орж буй Хятадын эдийн засаг бусад улсыг, ялангуяа Азийн орнуудыг худалдаа, хөрөнгө оруулалтын илүү их боломжоор хангахыг тэрбээр тэмдэглэсэн байна. Түүнчлэн, олон улсын харилцааны тал дээр томоохон орнууд ихээхэн хариуцлагатай байх ёстойг Си Зиньпин онцлоод, бүсийг хамарсан хоёр санаачилга гарган ажиллаж байгаагаа хэлжээ.
Торгоны зам эдийн засгийн бүс 60 гаруй улсын дэмжлэгийг хүртээд байгаа. Энэхүү бүсэд нэгдсэн улс орнууд болон компани, санхүүгийн байгууллагууд Хятадад юанийн бонд гаргахыг тус улсын Засгийн газраас дэмжихийг “Синьхуа” агентлаг мэдээлж байв. “Торгоны замд нэгдэх хүсэлтэй улс орнууд тавтай морил” хэмээн Си Зиньпин хэлээд, энэ хүрээнд хөрөнгө оруулалтын орчноо илүү сайжруулах төлөвлөгөөтэй байгаагаа онцолсон байна.
Тэгвэл Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны үүсгэн байгуулагч гишүүн болох хүсэлтэй улс орнуудын тоо нэмэгдсээр. Азийн орнуудаас гадна Герман, Франц, Итали болон АНУ-тай тун ч ойр байдаг Австрали, Шинэ Зеланд, Канад, Их Британи хүртэл тус банканд элсэх сонирхлоо илэрхийлжээ. Энэ бүхэн Цагаан ордныг айдаст автуулж байгааг шинжээчид онцолж байна. Учир нь, АДБХОБ нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг АНУ, Японы нөлөөнд байдаг байгууллагуудын томоохон өрсөлдөгч болох төлөвтэй.
АДБХОБ-ны үүсгэн байгуулагч гишүүдийн жагсаалтыг маргааш гаргах бөгөөд энэ оны сүүлчээр үйл ажиллагааг нь эхлүүлэх товтой байгаа. Дашрамд, Монгол Улс энэхүү санаачилгыг анх гарах үеэс нь дэмжсэн бөгөөд өнгөрсөн аравдугаар сард АДБХОБ-ийг байгуулах тухай санамж бичгийг анх үйлдсэн 22 орны нэг болж байв. Тэгвэл ОХУ ч энэ санаачилгад нэгдэж байгааг тус улсын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Игорь Шувалов дээрх чуулга уулзалтад орох үеэрээ хэлжээ.
Азийн орнуудын дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд жилдээ л 750 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий. Гэтэл Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк энэ хэрэгцээг хангаж дийлэхгүй байгаа юм. Тухайлбал, Азийн хөгжлийн банк өнгөрсөн онд дэд бүтцийн төслүүдэд ердөө 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Тэгэхээр АДБХОБ-ийг байгуулах хэрэгцээ, шаардлага их байгаа нь мэдээж.
АДБХОБ нь 100 тэрбум ам.долларын дүрмийн сантай гараагаа эхлэх бөгөөд төв байр нь Бээжинд байх аж. Өөрөөр хэлбэл, АНУ-ын нөлөө Дэлхийн банканд их байдагтай адил Хятадын бодлого АДБХОБ-ийг атгахаар байна. Эдийн засгаараа дэлхийд хоёрдугаарт жагсах БНХАУ ийнхүү дэлхийд, тэр тусмаа Азид “ноёлох” бэлтгэлээ базаасаар. Юанийг даяаршуулах чиглэлд ч идэвхтэй ажиллаж байгаа юм.
Хятадын Ардын банк дэлхийн 30 орчим орны Төв банктай үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл хийсэн байдаг. Энэ хүрээнд юанийн зээлийг бараг л хүссэн болгонд нь чөлөөтэй өгч эхэлсэн. Монгол банкны хувьд Хятадын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 15 тэрбум юань болгож нэмсэн. Үүнээс үүдэн манай Төв банкны богино хугацаат гадаад өр эдүгээ 1.5 тэрбум ам.долларт дөхөж очоод байгаа билээ. Монгол Улс төлбөрийн тэнцлийн хямралд ороод байгаа энэ хүнд үед чухам Хятадын Ардын банктай байгуулсан энэ хэлцэл л аминд орсныг эдийн засагчид сануулдаг. Тэгвэл АДБХОБ ч Монголд хөрөнгө оруулалтын асар их боломж нээж өгөх нь гарцаагүй. Гэхдээ энэ бүх боломжийг даган Хятадаас хэт хамааралтай болох эрсдэл ч ирэхийг анхаарах нь зүйтэй.
Д.Мөнхчимэг