60 гаруй сая хүний амийг авч одсон дэлхийн II дайны, аугаа их ялалтын 70 жилийн ой удахгүй тохиох гэж байна. Саяхан, энэ дайны үеэр дөрвөн сая гаруй хүн дээр туршилт хийж хөнөөсөн Освенцимийн хорих лагерийг чөлөөлсний 70 жилийн ой болж өнгөрлөө. Освенцимийн музейг нүдээр үзэж танилцаж байсан Г.Уламнэмэхийн яриа танд сонин болов уу.
-Та хэдийд энэ хар там буюу Освенцимийн музейг үзэж байв?
-Би 1979 оны хоёрдугаар сард Дэлхийн ардчилсан залуучуудын холбооны аялал жуулчлалын товчоо БИТЕЖ-ийн семинарт оролцоод төлөөлөгчдийн хамт Освенцимийг үзэх завшаан тохиолдсон юм. Гитлерийн Герман Польшийг эзэлж авсныхаа дараахан 1940 оны дөрөвдүгээр сарын 27-нд Гитлерийн тушаалаар цэргийн хуаран байсан хоёр давхар улаан тоосгон 24 байшинд хорих лагерь байгуулан түүнийгээ “Аушвиц” гэж нэрлэх болсон аж. Энд Зөвлөлтийн олзлогдогсод, фашизмыг эсэргүүцэх хөдөлгөөнийхөн, еврей, цыган нийт дөрвөн сая гаруй хүнийг яргалан устгасны 1,1 сая нь еврейчүүд байсан юм.
-Освенцимийг хэдийд музей болгосон юм бол?
-1947 онд музей болгосон. Янз бүрийн халдварт өвчин гарах зэргээс сэргийлж хүн шатаах зуухнуудыг нь бараг бүгдийг устган ганцханыг сайтар ариутгаж үзмэр болгон үлдээсэн байгаа. Нэгдүгээр шатаах зууханд 24 сарын дотор 216000 хүнийг, хоёрдугаар шатаах зууханд 19 сарын дотор 1.710.000 хүнийг, гуравдугаар шатаах зууханд 18 сарын дотор 1.618.000 хүнийг, дөрөвдүгээр шатаах зууханд 17 сарын дотор 765000 хүнийг, тавдугаар шатаах зууханд 18 сарын дотор 818000 хүнийг шатаасан гэдэг мэдээ бий. 1940-1943 онд Освенцимийн хорих лагерийн комендат байсан Рудольф Хёсс Нюренбергийн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...Энд, 2,5 сая орчим хүнийг устгасан. Гэхдээ би нарийн тоо бүртгэл хөтөлж байгаагүй. Өдөр бүр 40-50 вагонтой галт тэрэгний 10 цуваа ирнэ. Нэг вагон 50-100 хүнтэй байсан” гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр асар их тоо гарч байгаа биз дээ.
-Энэ олон хоригдлыг яаж устгадаг байсан юм бол?
-Освенцимийн музейд тэр бүх яргаллын баримтыг нүдээр үзсэн. Ирсэн хоригдлуудыг эр эм, насаар нь ангилж, хөдөлмөрийн чадвар муутай, хөгшин настай, өвчтэй хүмүүст жижиг саван бариулаад “усанд оруулах” нэрээр жагсаалаар нь аваачиж үсийг нь авдаг, дараа нь үнэт эдлэл, алтан шүд, нүдний шилийг нь хүртэл хурааж авдаг байсан юм билээ. Тэгээд бүх хувцсыг нь тайчин, доод давхрын хонгилд чихэж оруулан түгжээд, 10-15 минут хорт хий хоолойгоор шахаж хөнөөдөг байж.
Хийнд хордож үхсэн хүмүүсийн цогцсыг шатаах зууханд зөөж шатаадаг байсан юм билээ. Цэвэрхэн арьстай хоригдлуудыг тусад нь ялган зохих арчилгаа тордолт хийгээд арьсаар нь герман цэргийн эрхтэн дархтнуудын эхнэр, охидод гоёлын цүнх хийдэг байв. Түүнчлэн хумхаа, шар болон бусад халдварт өвчний нянгаар халдварлуулан хүн дээр туршилт хийх, эрчүүдийг засах, эмэгтэйчүүдийн өндгөвчийг авч турших зэргээр фашист эмч Иозеф Менгеле, Карл Клауберг нарын аймшигтай туршилтаар олон мянган хүн нас барсан байдаг.
-Музейд та ямар үзмэрүүд голчилж сонирхов?
-Освенцимийг чөлөөлөхөд Герман руу ачуулж амжаагүй, хүний үсээр хийсэн зотон даавуу болон долоон тонн хүний үс байснаас, Зөвлөлтийн хоригдлуудын байрны нэгдүгээр давхарт хоёр тонныг нь шилэн хоргонд үзмэр болгон тавьсан байна билээ. Аймаар л даа. Би Освенцимийг үзээд гурван шөнө нойргүй хоносон. Энэ бол Гитлерийн германы байгуулсан үхлийн хорих лагеруудын зөвхөн нэг нь шүү дээ. Тэгээд бодохоор, дэлхийн хоёрдугаар дайн, хүн төрөлхтөнд ямар их сүйрлийг авчирсан нь тодорхой байгаа биз.
-Саяхан, Освенцимийг чөлөөлсний 70 жилийн ой боллоо. Энэ тухай та сонирхсон л байж таарна даа?
-Зөвлөлтийн арми Освенцимийг чөлөөлсний 70 жилийн ой 2015 оны нэгдүгээр сарын 27-нд болж өнгөрлөө. Энэ өдрийг НҮБ-аас Холокостын хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгосон шүү дээ. ЗХУ-ын маршал И.С.Коневын командалсан фронтын 59, 60 дугаар арми Освенцимийг чөлөөлсөн. Энэ дайнд 6-8 сая еврейчүүдийг аймаглан устгасны 1,1 сая нь Освенцимд устгагдсан гэдэг. Тиймээс Германы Канцлер Ангела Меркель бүх еврейчүүдийн өмнө уучлал хүснэ билээ.
Мөн, Освенцимийн хорих лагерьт нярав байсан фашист этгээдэд Германы шүүхээс ял оноосон. Нэгдүгээр сарын 27-нд Зөвлөлтийн арми, үхлийн там байсан Освенцимийг чөлөөлсний 70 жилийн ойгоор, Польшийн нийслэлд 40 гаруй орны төрийн тэргүүн болон төлөөлөгчид оролцлоо. Одоогоос 10 жилийн өмнө буюу Освенцимийг чөлөөлсний 60 жилийн ойн үеэр энэ аймшигт яргаллын амьд гэрч болсон 1500 хүн байсан бол саяны 70 жилийн ойн үед дөнгөж 300 нь амьд үлдсэн байлаа. Тэд ойн үйл ажиллагаанд оролцсон юм.
-ОХУ-ын төрийн тэргүүн очоогүй сураг байсан. Яагаад очоогүй юм бол?
-Ой тэмдэглэхийн өмнөхөн Польшийн Гадаад явдлын яамны сайд нь “Освенцимийг оросууд биш, Украйнчууд чөлөөлсөн” гэж мэдэгдэл хийгээд, В.Путинд урилга өгөөгүй юм билээ. Тэгээд ОХУ-ын төрийн тэргүүн маань өөрөө очилгүй, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаа очуулсан юм.
-Яагаад Украйнчууд чөлөөлсөн гээд байгаа юм бол?
-Тухайн үед ЗХУ-ын маршал И.С.Коневын командалсан 59, 60 дугаар арми чөлөөлсөн. Энэ үед Орос маань нэг л том гэр бүл байсан. Коневын армид орос, украйн аль алиных нь цэрэг дайчид зориг баатарлагийн жишээ үзүүлснийг түүх гэрчилнэ л дээ.
-Та түрүүн “НҮБ-аас Холокостын хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр болгосон” гэлээ. Энэ тухайгаа жаахан тодруулна уу?
-Холокост гэдэг нь шатаан хороож хэлмэгдүүлэх гэсэн утгатай грек үг. Тэгээд олон улсын хэлэнд нэвтэрсэн юм. АНУ болон Европ Азийн олон оронд Холокостын музейн салбарууд бий. Освенцимийн аймшигт яргаллын жинхэнэ дүр зургийг мэдрэе гэвэл арав гаруйхан настай еврей охин Анне Франкийн үлдээсэн өдрийн тэмдэглэлийг хойч үеийнхэн маань заавал уншаарай.
Г.Жамьян /Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/