Эверест, Жомолунгма, Сагарматха. Одоогоос 60 гаруй жилийн өмнө хүн хөлөө тавьсан энэ оргил одоо ч олон уулчны мөрөөдөл хэвээр. Тэд уул руу олуулаа, цөөхүүлээ авирна, жин, гар, заримдаа амьдралаа алдана. Өдгөөг хүртэл нийт 3000 хүн уг оргилд мөрөө үлдээж, 200 хүн тэнд үүрд үлджээ. 1979 онд АНУ-ын иргэн Рей Генет, Германы уулчин Ханнелора Шмац нар оргилоос бууж явахдаа хүчилтөрөгчийн дутагдал, хүйтнээс болж 8350 метрийн өндөрт амиа алдаж, цогцос нь суугаагаараа хөшчихсөн байсан нь Эверестийн анхны гунигт “дурсгал” болжээ. Хожим 1984 онд тэдний цогцсыг өндрөөс буулгахаар явсан хоёр уулчин мөн л нас барж.
Харин 1990-ээд онд Эверестэд авирах хүний тоог хязгаарладаг байснаа болих үед оргилд үүрд нойрсогчдын тоо эрс өссөн аж. “Үхлийн бүс” хэмээгддэг 7500 метрийн өндөрт агаарын дутагдал, хүйтэн, нарны хурц гэрлээс болж хүний хөдөлгөөн удаашран, зүрхний үйл ажиллагаа сулардаг тул оргил өөд тэмүүлсэн олон хүний сүүлчийн зогсоол тэр болдог. Гэнэтийн үхлээс зугтах арга нь хурдан уруудах боловч хамт яваа хүндээ туслах гэж цаг алддагаас амьдралаа тэнд дуусгагч олон. 1996 онд цаг агаарын таагүй байдлаас Эверестэд 15 хүн нэг дор нас барсан юм. Амь тавьж буй хүмүүсийн хажуугаар туслалгүй өнгөрөөд явчихсан гэж япон уулчдыг буруутгахад тэд “8000 метрээс дээш өндөрт мораль ярих тэнхэл байдаггүй юм” гэж хариулсан гэдэг. Гагц их хүйтэн, хүчтэй салхи ч үхлийн шалтгаан бус. Цэлмэг, нартай үед оргил өөд тэмүүлэгчдийн зарим нь агаарын дутагдал, туйлдаж ядарснаасаа болж нас нөгчих тохиол олон.
Авирахын тулд 25000-70000 ам.доллар төлж зөвшөөрөл авдаг
Өндөр өөд тэмүүлэгчдийн дунд азтай, гайхалтай гэмээр түүх бас цөөн бус. Хөлгүй, багтраа өвчтэй, нуруундаа олон төмөр хадаастай мотоциклчин гээд өндөрт мөрөө үлдээхийг хүсэгчид бүгд л эрсдэл хүлээж, амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавин дээш тэмүүлж 8000 метрийн оргилд гарч чадсан юм. “Хүний төлөө өөрийгөө бүү золь”. Энэ бол өндрийн мораль. Оргилын дүрэм. Үл таних нэгэнд туслахын төлөө амиа золиослох уу, замчилж яваа хүн аюулгүй байдлын тань төлөө юу хийж чадах вэ, эцэст нь, хэрэв та хэн нэгнээс хоёр дахин илүү (тухайлбал, 60 мянган ам.доллар) төллөө гэхэд илүү баталгаатай, найдвартай “аялж” чадах уу зэрэг хоёр талт олон асуултад хэн хариулт өгөх вэ?
Эверестийн оргилд гарсан домогт хүмүүсийн зарим нь өндрийн моралийг үгүйсгэсэн. Ноён Эдмунд Хиллари “Уулын оргилоос хүний амь чухал” хэмээсэн бол дэлхийн хамгийн өндөр оргилд долоонтоо гарсан Эд Вистурс “Хэрэв чамд тийш зүглэх зориг байгаа бол хүнд туслах зориг бас байгаа гэсэн үг” гэж хэлжээ. Гэлээ ч хэн ч хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй гэсэн хууль өндөрт л үйлчилдэг гэдэгтэй олон уулчин санал нэгдэнэ. Оргилд авирдаг багийн эмч Терри О'Коннор “Ямар нэгэн зүйл тохиолдлоо гэхэд хэн ч, бүр найз минь ч надад туслахгүй гэдэгтэй эвлэрдэг газар бол оргил” хэмээжээ.
ОРГИЛ ӨӨД
Британичууд Энэтхэгийн геодезийн зураг авч байхдаа Жомолунгмаг анх нээсэн гэдэг. Ост-Индийн газар хэмжилтийн албаны дарга Эндрю Вогийн өрөөнд дайрч орсон математикч Радханат Сикдар “Сэр, бид дэлхийн хамгийн өндөр оргилыг олчих шиг боллоо” гэж дуу алдсан аж. Төвдүүдийн Жомолунгма, балбуудын Сагарматха хэмээн нэрийдэх оргилыг тэр үеэс л британичууд газрын зураг зохиох ажилд амьдралынхаа 30 жилийг зориулсан Жорж Эверестийн нэрээр нэрлэсэн.
Дэлхийн хамгийн өндөр оргилд хөл тавихаар зориглогчид мөн л британичууд байлаа. 1921 онд Британийн анхны экспедици судалгааны зорилгоор Эверестэд авирсан бөгөөд багийг туршлагатай аялагч, байгаль судлаач, хурандаа Ховард-Бери ахлав. Харин нутгийн иргэдээр замчлуулах санааг багийн гишүүн Чарльз Брюс гаргажээ. Багийн бүрэлдэхүүнд уулчин Ли Мэллори, Гаи Буллок нар багтсан бөгөөд хамгийн энгийн буюу зүүн хойд талаас нь авирахаар тогтсон байна. Их хүйтэн, хүчтэй салхи, олон сар турш сульдааны улмаас багийнхан оргил өөд авирч чадаагүй аж.
1922 оны тавдугаар сард англичууд оргил өөд дахин зориглож, энэ удаад 7600 метрийн өндөрт лагерь байрлуулж дөнгөсөн ч замчлагч нар цааш явахаас татгалзлаа. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд багтсан Мэллори, Нортон, Сомервелл, Моршед нар цааш хөдөлж, 8000 метрийн өндөрт хөл тавьсан юм. Тэдний араас явсан дараагийн багийнхан Финч, Брюс нар замчилж явсан найман хүнээ алдсаны дараа арга буюу буцжээ.
1924 он бол уулчдын хувьд “оргил цаг” байлаа. Багийн хуучин бүрэлдэхүүн дээр Эндрю Ирвин нэмэгдэж, 8120 метрийн өндөрт лагериа зоосон агаад зургадугаар сарын 4-нд Нортон, Сомервелл нар дэлхийн хамгийн өндөр оргил өөд ойртож очсон байна. Төдөлгүй Сомервеллийн бие муудаж, Нортон ганцаар 8570 метрийн өндөрт хүчилтөрөгчийн баллонгүйгээр гарч дээд амжилт тогтоолоо. Харин Мэллори, Ирвин хоёр цасанд төөрч сураг алдарсан бөгөөд хожим 1999 онд Жорж Мэллорийн цогцсыг олсон билээ.
1933, 1935, 1936, 1938 онд британичууд хэд хэдэн удаа оргил өөд авирсан ч төдийлэн амжилт олоогүй. 1950 онд Британийн уулчин Билл Тилман, АНУ-ын уулчин Чарлз Хьюстон нар Эверестийн өмнөд талаас авирсан анхны тамирчид болцгоосон аж. 1953 оны дөрөвдүгээр сарын эхээр британичууд хурандаа Хантаар ахлуулсан баг бүрдүүлж, оргил өөд дахин авирсан бөгөөд тавдугаар сарын 29-нд Эдмунд Хиллари, Дэнзэн Норгай нар дэлхийн хамгийн оргилд гарчээ.
ҮНЭ
Эверестэд авирна гэдэг хамгийн аюултай, эрсдэлтэй, бас хямд бус аялал. Балбын нийслэл Катмандуд нисэж хүрэх, тэнд байрлах зочид буудлын үнээс хамаараад эхний зарлага 2000–6000 ам.доллар орчим болдог. Түүнээс гадна ганцаар авирахын тулд 25000, долоон хүнтэй багаар авирахын тулд 70000 ам.доллар төлж зөвшөөрөл авдаг. ̺н замчлагч хөлслөх, эсвэл Балба, Хятадын холбооны мэргэжилтнүүдээс тусламж авах зэрэг нэмэлт үйлчилгээ 15000 орчим ам.долларын өртөгтэй. Оргил өөд авирах зургаан долоон хоногийн турш хэрэглэх хүнс, түлш, хүчилтөрөгч бүхий баллон нийтдээ 4500 орчим ам.доллар болдог.
Ж.Инга