Нинжанууд бүхэл бүтэн уулыг ухаад дуусгаж байна
2015 оны дөрөвдүгээр сарын 12. Төв аймгийн Борнуур сумын Сүжигтийн аманд шөнө дунд очлоо. Харанхуйд хаа сайгүй анивчих гэрлүүдээр (нинжа нарын духандаа зүүдэг жижиг гэрэл) тэнд хэр олон хүн цугласныг баримжаалж болохоор. Холоос харахад, гэрэлт цохнууд эргэлдэж буй мэт.
Уулын энгэрт олон машин байх аж. Дийлэнх нь улсын дугааргүй жижиг тэргүүд харагдсан. Дизель моторын пажигнасан дуу орчны нам гүмийг эвдэн “чарлана”.
Засаг захиргаа гэдгийг мартсан, байгаль орчноо, цаашлаад эх орноо цэн алтаар золиосолсон хүмүүсээ яах вэ.
Ганц нэг бус, хэдэн арван мотор ийнхүү зэрэг зэрэг “орилох нь” чихэнд чийртэй гэж жигтэйхэн. Дотор арзганамаар тавгүй сэтгэгдэл чухам тэр үед төрж байв. Байгаль эхийн хэвлийг ийнхүү өдөр шөнөгүй онгичин ухаж, тонон дээрэмдэх хулгай өрнөж байгаа нь энэ. Биднийг дөхөж очиход нинжанууд хэд гурваараа ухсан нүх рүүгээ орж, зарим нь духны гэрлээ унтраан “алга болцгоож” харагдсан. Гэхдээ дийлэнх нь гаднын хүн ирснийг тоосон шинж алга. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Борнуур сумын нутаг дахь алтны үндсэн ордтой газруудад одоогийн байдлаар 500-600 нинжа цуглачихаж. Хууль бусаар алт олборлогчид ийнхүү олноороо цугласантай холбоотойгоор ганцхан сарын дотор тэнд гурван ч хүн бусдын гарт амиа алдсан гэнэ. Хүн амины хэргээс гадна архидан согтуурсан, танхайрсан, бусдад хүнд болон гэмтэл учруулсан гээд гэмт хэрэг нэмэгдсээр байна.
“Анхнаасаа, ямар ч хаягдалгүй алт олборлодог технологи нэвтрүүлсэн бол нинжа хочтой хувиараа ашигт малтмал олборлогчид төрөхгүй л байсан. Төрийн бодлогын алдаанаас болж нинжа бий болсон. Нинжаг Монголын төр өөрөө төрүүлсэн. Харин одоо төрүүлсэн хүүхдээ адлах эрх байхгүй” хэмээн хувиараа алт олборлогч Н.Батбаяр ууртай өгүүлэв. Хэдийгээр түүний хэлсэн үнэн ч төрийн төрүүлсэн “хүүхдүүдийг” адлахгүй байх арга алга. Яагаад?
...Ногоон түмпэн, дэгээ төмрөөр “зэвсэглэсэн” ажилгүйчүүдээр төсөөлж байсан нинжагийн бүлэг малчидтай хүч нийлэн бүл нэмсээр. Малчин монгол морио сольж, геологи, уул уурхайн ажлыг мэргэжлийн түвшинд хийх болов. Уурхайн хаягдалд голдуу тухлан энгэр ээвэр газраар шоргоолж мэт бужигнаж асан нинжанууд өдгөө уулыг нурааж, усыг эргүүлэх дайны томоохон арми болон өргөжлөө.
Монгол орныг хэрэн тэнүүчлэх эрдэнэсийн ангуучдын хүрээгүй, ухаагүй газар гэж үлдэхгүй нь. Улсын тусгай хамгаалалттай газарт, байгалийн цогцолбор газарт, бүр дархан цаазтай газар нутгийг хүртэл хувиараа алт олборлогчид зүрхлэн тонож байна. Ашигт малтмал олборлоход шаардагдах том оврын машин техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан тэднийг өдгөө юу ч зогсоож чадахгүй хэмжээнд хүрчихсэн. Хөрөнгөтэй, техниктэй нэгнийхээ мэдэлд бүлэг болон ажилладаг нинжануудын олборлох үйл ажиллагааг хувиараа хэмээн тодотгох аргагүй. Багахан уурхайтай дүйцэхээр зохион байгуулалтад ороод удаж байна.
Төв аймгийн Борнуур сумын иргэн н.Гэрэлмаа:
-Сүжигтийн аманд манай сум, аймгаас гадна Сэлэнгээс олон хүн ирж алттай чулуу авч байгаа. Ер нь хулгай хар мөртэй гэж ярьдаг. Сүүлийн үед энэ хавьд нинжанууд ихсээд, тайван амьдрах ч хэцүүхэн болж байна. Хаа сайгүй архидалт, хэрүүл маргаан, зодоон цохион болсон дуулдах юм. Манайх энд олон жил нутагшсан болохоор хаашаа ч нүүх юм билээ. Эгч нь олон жилийн өмнө нинжа байж үзсэн, одоо нас ч явлаа, бие ч дийлэхгүй болсон. Тэгээд ч алт гэдэг айхтар эрдэнэ шүү дээ. Хамгийн гол нь энэ залуучуудад ажил хийж, хөдөлмөрлөж амьдрах сонирхол алга. Иймэрхүү байдлаар хэд гурван төгрөг олж, өнөө маргаашаа болгоод сурчихсан, бүр салж чадахгүй болчихдог юм билээ.
Түүнээс гадна маш их хортой гээд олон жилийн өмнө хуулиар хориглосон мөнгөн усны хэрэглээ бүр замбараагаа алдсан. Хүдэр олборлож байгаа хүмүүс мөнгөн усаар л алтаа ялгаж авч байна шүү дээ. Энийг нь хууль, хяналтынхан мэдэж л баймаар юм. Тэгсэн атлаа ямар ч арга хэмжээ авахгүй байгаад гайхаж байна хэмээн ярилаа.
Мөнгөн усны хэрэглээ нинжануудын дунд эргэн дэлгэрч, бүр замбараагаа алдаад байна
Уг нь 2009 онд Төв аймгийн Борнуур суманд мөнгөн усгүй технологи бүхий хүдэр баяжуулах цехийг Швейцарийн хөгжлийн агентлагийн “Бичил уурхайн төсөл”-ийн санхүүжилтээр барьж ашиглалтад оруулсан түүхтэй. Гэвч уг цехийг ажиллуулах зөвшөөрлийг улсаас олгоогүй. Харин одоо тус газар нууцаар мөнгөн ус хэрэглэдэг, хүдрийн чулууг тээрэмддэг гол газар болсон сурагтай.
2004 он. Албан бус эх сурвалжаар хувиараа ашигт малтмал олборлогчдын тоо 100 мянгад хүрээд байв. Чухам энэ үед нинжанууд мөнгөн усыг бараг хоол хүнс шиг хэрэглэж байлаа. Мөнгөн ус нь хүний мэдрэлд нөлөөлөөд зогсохгүй, 3-4 үе дамжиж хордуулдгаараа тун аюултай бодис. Нинжанууд үндсэн орд ашиглаж эхэлснээр мөнгөн усны бохирдолт яг л борооны дараах мөөг шиг тархсан юм. Түүнчлэн эрдэмтдийн баталж буйгаар мөнгөн уснаас үүдсэн үр дагавар Монголд 2004-2005 оны үеэс гараад эхэлчихсэн. Төрөлхийн мэдрэлийн согогтой, саажилттай хүүхдүүд мөнгөн ус ихээр хэрэглэсэн сумдад төрж байв. Энэ асуудал хүн ам цөөнтэй Монгол Улсын хувьд түгшүүр биш гэж үү. Гэвч тэр үед төрийн байгууллагууд ард иргэдээ мөнгөн усны хор аюулаас хамгаалахын төлөө хөдөлсөнгүй.
2005 он. Хууль бусаар алт олборлогчдыг хөөдөг, баривчилдаг ажил ид өрнөж байв. Олныг сэрдхийлгэсэн нэгэн явдлыг нэхэн саная. Оросын хөрөнгө оруулалттай аварга компани энэ зун Монголын төр, засгийн удирдлагуудыг сандаргалаа. Ерөнхий сайд хүртэл “Алтан дорнод Монгол” компанийг нинжануудаас хамгаалах үүрэг өгснийг бодоход аргагүй том асуудал байв. 200 гаруй цагдаа, хамгаалалтын албаны залуус Заамар сумын Хайлааст багийн нутагт шаваарсан хэдэн зуун нинжаг хөөн зайлуулах ажилд идэвхтэй оролцсон. Үнэндээ “Алтан дорнод Монгол” компанийн сүйтгэсэн, нөхөн сэргээлгүй хаясан газар шороо, экологийн хохирлын хэмжээг тогтоовол нүсэр тоо гарна. Хамгийн харамсалтай нь, Ерөнхий сайдын тушаалаар гүйцэтгэсэн энэ хөөлтийн үеэр Монголын 13 иргэн амиа алдсан. Түмпэн шороогоор амиа зольсон нинжануудаа төр, засаг нь хайхарч, эмзэглэсэн шинжгүй өнгөрсөн юм.
2006 он. Хууль бусаар алт олборлогчид хүрээгээ улам бүр тэллээ. Тэд улсын хамгаалалттай бүс нутаг руу довтолж эхэлсэн юм. Ганц, хоёр жишээ татъя. Говийн бага дархан цаазат газрын Б хэсгийн Модон шанд орчмыг эзлээд байв. Хэдэн жилийн өмнөөс нинжанууд тэнд үүрлэж, алт агуулсан хэд хэдэн толгодыг “устгаж” амжсан. Түүнчлэн химийн онцгой хортой бодис мөнгөн ус, цианит натрийг дархан цаазат газарт их хэмжээгээр хэрэглэж байсан нь нотлогдлоо. Өмнөговь аймгийн Хатанбулаг сумын Тэнгэр нуурын орчимд хэсэг хүн гурван газар тэсэлж дэлбэрэх бодис ашиглан 10 метр хүртэл гүн ухсан байжээ. Мөн тэр орчимд цианит натри хэрэглээд тэр чигт хаясан газрыг хяналтын байгууллагынхан илрүүлэв. Төв аймгийн Жаргалант сумын Наран толгойн ордыг Хятадын хөрөнгө оруулалттай уурхай, нинжанууд хамтран устгасан.
2007 он. Хэдий хожимдсон ч төр, засаг химийн бодисоор хордсон нутгууддаа санаа тавилаа. Засгийн газар тус оны арваннэгдүгээр сард мөнгөн ус ашиглахыг хориглох шийдвэр гаргав. Үүний дагуу мөнгөн ус хэрэглэдэг 247 тээрэм хурааж, хяналт шалгалтынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хэдэн сар ажилласан. Эхний шалгалтаар л байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулах хорт бодисын тархалт гамшгийн хэмжээнд хүрснийг баталж байлаа. Ийм байдлаар хувиараа алт олборлогчид өөрсдийгөө төдийгүй монголчуудад балаг тариад зогссонгүй. Татвар төлөгчдийн халаасыг давхар ухсан. Мөнгөн ус, цианит натриар бохирдуулсан талбайг цэвэрлэхэд улсын төсвөөс гурван тэрбум гаруй төгрөг зарцуулж билээ. Олон улсын байгууллагуудын хандив, тусламжийн мөнгөн дүнг нэмбэл бүр талийж өгнө.
2008 он. УИХ-д өргөн барьсан Бичил уурхайн тухай хуулийн төслийг энэ оны хаврын чуулганаар хэлэлцэхээр хойшлуулав. Ийн шийдсэн гол шалтгаан нь үндсэн ордод хувиараа алт олборлогчдыг оруулах, эсэх дээр нэлээд санал зөрсөнтэй холбоотой. Төслийг буцаахаас ч аргагүй байсан. Тэрчлэн алтны үндсэн ордод мөнгөн ус, цианит натри гэсэн аюултай бодис ашиглахыг хэдхэн хүн нийлсэн нөхөрлөлийн бүлэглэлд даатгаж болно гэж үү. Олон жил төрийн, тодруулбал ард түмний баялгийг хулгайлсан хүмүүсийн бизнесийг албан ёсных болгож дэмжсэнээр олон сөрөг үр дагавар гарахыг үгүйсгэх аргагүй байсан юм.
2010 он. Засгийн газрын 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг батлав. Ингэснээр нинжанууд “бичил уурхайчин” хэмээн нэрлэгдэх, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны ажлын байртай болох боломжийг бүрдүүлж өгсөн гэж болно. Тэрчлэн байгаль орчин, нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож өгсөн. Гэвч дийлэнх нь өнөөдөр “нинжа” хэвээр л байна. Заримд нь нөхөрлөл байгуулан ажиллах боломж, нөхцөл бүрдээгүй бол, зарим нь хуульд захирагдаж, татвар төлөхийг, бас ухсан нүхээ эргүүлэн булах гээд “давхар” ажил хийхийг, үүрэг хүлээхийг хүссэнгүй. Төрийн төрүүлсэн “хүүхдүүдийг” адлахын учир бас энэ.
Дэлхийн хөгжиж буй орнуудад нууцаар эрдэнэс олборлодгоос 20 минут тутамд нэг хүн, тэр дундаа хүүхэд амиа алддаг гэсэн судалгаа бий. Үнэндээ хувиараа алт олборлогчдын хэд нь шороонд даруулж, хэд нь ухсан нүхэндээ амьсгал хурааж байгааг бид мэдэхгүй. Цаашлаад эдийн засагчдын гаргасан тооцоогоор жилд дунджаар 30 сая ам.долларын алтыг хувиараа олборлогчид олдог. Ийм хэмжээний алтыг нинжанууд Монгол Улсын эрдэнэсийн санд тушаадаг, эсэх нь тодорхойгүй. Үүнийг батлах баримт ч алга. Түүнчлэн нинжануудын нөхөн сэргээлгүй хаясан газар, шороо шавраар дүүргэж ширгээсэн гол горхи, тайрсан мод, бохирдуулсан хөрсний хохирлыг хөрөнгөөр тооцвол хэдэн зуун сая, бүр тэрбум тэрбум төгрөгөөр үнэлэгдэнэ.
Гэтэл одоо нинжануудын арми улам өргөжсөөр, байгаль дэлхийд учруулдаг хор хөнөөл нь ч улам нэмэгдсээр. Угтаа бол Монгол Улс дийлдэхээргүй хүчирхэг хорлон сүйтгэгчдийн армитай болчхоод байна. Засаг захиргаа гэдгийг мартсан, байгаль орчноо, цаашлаад эх орноо цэн алтаар золиосолсон хүмүүсээ яах вэ.
Ц.Цэвээнхэрлэн