Хамтач эдийн засаг


2015-05-06 09:40 GMT+8

Бидний бүтээн байгуулсан эдийн засгийн систем бидний эзэмших, өөрийн болгох гэсэн шунал хүсэл дээр тогтдог. Харин сүүлийн үед интернет, олон нийтийн харилцааны цахим хуудсууд дээр тулгуурлан эзэмших бус хуваалцах зорилготой эдийн засгийн цоо шинэ систем боловсрон буй байна.

Энэ үйл явцыг sharing economy буюу хамтын эдийн засаг хэмээн нэрлэх болов. Энэ нь хэн нэгний санаачилсан хувьсгал гэхээсээ илүүтэй өөрөө ирж буй хувьсал юм. Хамтын эдийн засаг гэсэн ойлголт анхлан Ebay, Amazon зэрэг гараас гарт интернет худалдааны цахим хуудсууд буй болж байсан арваад жилийн өмнө үүссэн.

Энэхүү эрэлт ба нийлүүлэлтийг уулзуулах цахим захууд бий болбол яах бол?

Бидний эзэмших гэсэн шунал, пүүсүүдийн ухаалаг, зальжин зар сурталчилгаа, маркетингийн бодлогын биелэл болсон ганцаас илүү өмсөөгүй хувцас, огтоос хэрэг нь гараагүй тавилга цахилгаан бараа айл бүрт бий. Хувцасны шүүгээ, агуулахад мөнхрөх эсвэл хаягдахаас өөр ирээдүйгүй энэхүү бүтээгдэхүүнүүдийг ахин эргэлтэд оруулах нь хэрэглээг танаж, байгаль орчныг хамгаалах давуу талтай.

Эхэндээ хамтын эдийн засаг гэсэн ойлголтын хүрээнд зөвхөн гараас гарт худалдааны цахим хуудаснуудыг төсөөлж байв. Харин интернет, түүнд суурилсан технологи хөгжихийн хэрээр энэ ойлголт улам бүр томорч хүмүүс эзэмшиж буй бараа үйлчилгээ, авьяас чадвараа хэрэгцээтэй нэгэндээ зээлүүлж, түрээсэлж, солилцож худалдах боломжтой болж байна. Эсрэгээрээ хүмүүс өөрийн хэрэгцээтэй авьяас туршлага, бүтээгдэхүүн үйлчилгээг пүүсээс бус эзэмшигчээс нь илүү ашигтай нөхцөлтэйгээр өөрийн болгох боломжтой болж байна хэмээн тодорхойлж ч болно.

Жишээ нь, проектор яаралтай хэрэг болбол бид хамгийн түрүүнд Фейсбүүк хуудсандаа энэ тухай статус бичнэ. Аз таарч проектороо хэрэглүүлэх нэгэн таарч ч магадгүй. Тэгвэл зүгээр нэг фейсбүүкийн статус биш энэхүү эрэлт ба нийлүүлэлтийг уулзуулах цахим захууд бий болбол яах бол? Одоогоор манайд ийм төрлийн цахим захууд нь Фейсбүүк хуудаснууд дахь солилцоо болон худалдааны группүүдээр л хязгаарлагдаж байгаа бол барууны улсуудад ухаалаг утсанд зориулсан апп-аас эхлээд тусгайлсан цахим хуудаснууд хэдийнээ буй болоод эхэлжээ.

Нэг жишээ нь, Couchsurfing. Хямд төсрөөр аялах боломжтой хүмүүсийн хувьд энэ нэр бол ариун библи л гэсэн үг. Та Couchsurfing хуудсанд бүртгүүлснээр өөрийн гэртээ зочдыг үнэгүй хүлээн авах, эсвэл аялах үедээ тухайн хот дахь Couchsurfing-ийн гишүүдийн гэрт үнэгүй буудаллах боломжтой. Гэртээ зочин хүлээж авах тусам таны үнэлгээ нэмэгдэх бөгөөд өндөр үнэлгээтэй байх тусам танд дараа нь үнэгүй зочлох орон байр илүү хялбар олдох болно.

Өөр нэг сонирхолтой жишээ нь Timebank цахим хуудас. Та Timebank-ын гишүүн болсноор өөрийн ойр оршин сууж буй бусад гишүүдийнхээ хэнд ямар тусламж хэрэгтэй байгааг мэдэх боломжтой бөгөөд таны чадах зүйл байвал тусламжийн гараа сунгах боломжтой. Ажилд нь туслахаас эхлээд өөрийн туршлагыг зааж сургасан ч болно. Хариуд нь Timebank-ийн мөнгөн тэмдэгтийг хүлээн авах бөгөөд дараа нь уг мөнгөн тэмдэгтээ ашиглан хэн нэгнээс тусламж авах боломжтой.

Хамтын эдийн засаг нь бидэнд өдөр тутмын амьдралдаа хэмнэлт хийх, асуудлыг илүү хялбараар шийдэх, нэг нэгэндээ туслах боломжийг олгохоос гадна бизнесийн асар том орон зайг нээн өгч байна. Жишээ нь, эдүгээ дэлхийд хамгийн томд тооцогдож буй Airbnb буудлын сүлжээ. Энэ компани нэг ч үл хөдлөх хөрөнгө, буудал эзэмшдэггүй атлаа хөрөнгийн зах дахь үнэлгээ нь 20 тэрбум ам.доллараар хэмжигддэг. Airbnb-ийг саяхан буюу 2008 онд Бриан Чески, Жое Геббиа гэх ажилгүй хоёр залуу үндэслэн байгуулж байсан гээд бодохоор өнөөдрийн амжилтад нь итгэмээргүй.

Сан Францискод болсон нэгэн олон улсын бага хурлын үер хотын бүх зочид буудлын захиалга дууссаныг анзаарсан хоёр залуу мөнгөний гачаалаас хэсэгхэн ч болов гарах гэсэндээ түрээсийн байрныхаа зочны өрөөг ахин түрээсэлжээ. Үүндээ урамшсан залуус илүү өрөө, эсвэл илүү байраа түрээслэх зорилготой иргэдийг аялагч, түрээсийн байр хайгч нартай холбох цахим хуудас зохион бүтээсэн нь Airbnb. Өнөөдөр Airbnb сүлжээндээ 192 орны, 33 мянган хот дахь, 800 мянга гаруй түрээсийн байрыг багтаажээ. Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын орчимд өдрийн хөлс нь 10 ам.доллараас эхлээд 300 ам.долларын өртөг бүхий 58 орон сууц тус сүлжээнд байна.

Магадгүй та ч Airbnb гишүүн болсноор нэмэгдэл орлого олох, эсвэл аялах үедээ илүү хямд төсөр илүү тухтай байрыг олох боломжтой. Манай хоёрыг зочны өрөөгөө хөлсөлж байх үед Парист такси олох гэж зүдсэн Трэвис Кланичик гэгч эр ухаалаг утсанд зориулсан такси дуудлагын апп зохион бүтээх тухай бодож байв. Харин өнөөдөр энэ санаа нь дэлхий дээрх хамгийн том таксины сүлжээ Uber болон хувирчээ. Гэхдээ тэд нэг ч такси эзэмшдэггүй. Зөвхөн операторын үүрэг гүйцэтгэдэг. Uber-ийн энэ жилийн ашиг 10 тэрбум ам.доллар байх тухай таамаг байна.

Энэ компани нэг ч үл хөдлөх хөрөнгө, буудал эзэмшдэггүй атлаа үнэлгээ нь 20 тэрбум ам.доллараар хэмжигддэг

Шинэ бүтээгдэхүүн бүтээж, хөгжүүлэхийн оронд бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчтэй нь хамгийн хямд өртгөөр холбож, дундаас нь хувь хүртдэг учраас ийм төрлийн бизнесүүд нь гэрлийн хурдаар өргөжин тэлдэг ажээ. Энэ боломжийг ашиглан эрчимтэй өргөжиж буй өөр нэг сонирхолтой концепц бүхий компани нь Taskrabbit. Нохойгоо салхилуулах завгүй үед хөршөөсөө тусламж авдаг энгийн нэг жишээн дээрээс л энэ компани буй болжээ. Завгүй учраас гэрээ цэвэрлэж амжихгүй, эсвэл орой зохиох үдэшлэг дээр коктейл хийх бартендер байхгүй бол Taskrabbit-д хандахад л болно.

Хэрэглэгч байрлал болон шаардлагатай үйлчилгээгээ тодорхойлох бөгөөд Taskrabbit хүслийг нь биелүүлэх чадвартай боловсон хүчнийг холбож өгнө. Нөгөө талаараа Taskrabbit нь өөрийн ур чадварыг ашиглан цагийн ажил хийх боломжийг ч иргэдэд олгож байна. Одоогоор Taskrabbit нь АНУ-ын голлох 19 хотод биеийн хүчний ажил гүйцэтгэх боловсон хүчинтэй холбож өгдөг. Харин заавал биеэр гүйцэтгэх бус, онлайнаар харилцан гүйцэтгэх боломжтой ажил, даалгаврын хувьд хил хязгааргүй.

Бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон Твиттер, Фейсбүүкийн зарчим ч эдгээр цахим хуудаснуудтай төстэй. Тэд өөрсдөө контент бэлтгэдэггүй ч дэлхий хамгийн том медиа компаниудын нэг болжээ. Амжилтын нууц нь хүмүүсийг хооронд нь холбож, үзэл бодлоос эхлээд сэрэл мэдрэмжээ хуваалцах боломжийг олгосон л явдал. Хамтын эдийн засаг нь зөвхөн хувь хүмүүсийн хоорондын харилцаанаас ч давж бизнес, компани хооронд шаардлагатай тоног төхөөрөмжөө солилцох, түрээслэх хэлбэрээр өргөжиж байна.

Олон нийтийн сүлжээ, ухаалаг утас өдөр тутмын амьдралд маань улам л том орон зайг эзэлж байна. Энэ тохиолдолд бүтээгдэхүүн үйлчилгээ санаачилж бүтээхээсээ илүү харилцаа холбооны давуу талд тулгуурлан байгааг байхгүйтэй нь холбох ийм төрлийн бизнесийн загварууд улам бүр давамгайлах хандлагатай байна. Оройн хоолоо идэхийн тулд ресторан орохын оронд авьяаслаг тогооч гэртээ урин хоол хийлгэх, эсвэл бүр тогоочийн гэрт өөрсдөө зочлон амтлах мэдрэхүйгээ цэнгүүлэх боломж олгосон цахим хуудаснууд ч хэдийнээ буй болжээ.

Арваад жилийн өмнө утсаа шагайн гудмаар хөлхөх олны тухай хэн ч төсөөлж байгаагүй шиг бизнес, худалдаа үйлчилгээний салбарт ч төсөөлж ч байгаагүй өөрчлөлтүүд эхнээсээ айсуй. Одоогоор хамтын эдийн засгийн гол сул талыг аюулгүй байдал гэж үзэж байна. Жишээ нь, өнгөрсөн жил Энэтхэгт Uber апп-аар дамжуулан захиалсан таксиндаа явахдаа нэгэн хэрэглэгч халдлагад өртсөн. Гэхдээ асуудалгүй зүйл гэж байхгүй. Шийдэгдэх арга замгүй асуудал ч гэж үгүй. Хүсэл шуналаас гадна хамтач чанар ч бидний нэг шинж чанар билээ.

 А.Амармэнд

GoGo Facebook Хуудас
 
 
Дараагийн Ерөнхий сайд хэн болоосой гэж та хүсч байна вэ?
Нийт 3802 санал өгсөн байна.

Дээшээ