Эдийн засгийн өсөлтөөрөө Латин Америктаа тэргүүлж байсан Перуд өнгөрсөн жилээс байдал эвгүйтжээ. Хятадын ДНБ-ий өсөлт удааширснаас тус улсын экспортын орлого хумигдаж, төсвийн орлого тасарч, хөрөнгө оруулалт буурч, төлбөрийн тэнцлийн хямралд орсон байна.
Улмаар 2013 онд 5.8 хувиар өсөж байсан Перугийн ДНБ өнгөрсөн жил ердөө 2.4 хувиар тэлжээ. Танил түүх байгаа биз? 2011 онд 17.3 хувьд хүрч, дэлхий нийтийн алмайруулж байсан манай эдийн засгийн өсөлт яг л энэ шалтгаанаар өнгөрсөн онд 7.8 хувь болтлоо саарсан шүү дээ. Ингээд харахад Перу ба бидний зовлон нэг ч түүнийг гэтлэх арга зам нь тэс өөр байгаа юм.
Бид дэндүү адилхан, бас дэндүү өөр
ТЭД, БИД + ХЯТАД
Газар нутгийн хэмжээгээр манайх дэлхийд 19 дүгээрт жагсдаг бол Перу 20 дугаарт бичигдэж буй. Гэхдээ хүн амын хувьд тэд биднээс 10 дахин том л доо. 1990-ээд онд тэд ч мөн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл рүү шилжиж, Дэлхийн банк, Олон улсын валютын сан (ОУВС)-гийн зөвлөгөөг дагаж эхэлсэн. Либералчлалын хүрээнд үнийн зохицуулалтыг зогсоож, төрийн өмчийг хувьчилж, хөрөнгө оруулагчдыг урьсан. Тэгээд манайхтай л ижил уул уурхайд тулгуурласан эдийн засагтай болжээ. Ашигт малтмалын салбар манай экспортын 80, төсвийн орлогын 20 гаруй хувийг бүрдүүлж буй. Тэгвэл Перугийн экспортын орлогын 60, төсвийн орлогын 20 орчим хувийг бий болгодог аж. Зэсийн олборлолтын хувьд дэлхийд гуравдугаарт жагсах тус улс цайр, алтны хувьд ч толгой цохидог.
Ялгаа гэвэл, тэд далайд гарцтай, тиймдээ ч зах зээлийн хувьд биднээс хавьгүй өргөн сонголттой. Перу экспортынхоо 17 хувийг Хятад, 14 хувийг АНУ, 10 хувийг Швейцар, бусдыг нь Чили, Бразил, Итали зэрэг улс руу гаргана. Гэсэн ч тус улсын ашигт малтмалын дийлэнхийг хятадууд л худалдаж авч байна. Тодруулбал, Перу алтныхаа 60, зэсийнхээ 30, бусад ашигт малтмалынхаа 20 гаруй хувийг Хятад руу экспортолдог аж. Тиймээс л урд хөршийн ДНБ саарсан нь Перуд хүндээр туссан хэрэг. Харин Монгол Улс экспортынхоо 90 орчим хувийг зөвхөн урд хөршид нийлүүлж байгааг сануулъя.
НЭГ ӨВЧИН, ХОЁР ӨӨР ЖОР
Эдийн засаг хүнд байдалд орохыг хүний бие өвдөхтэй зүйрлэвэл Монголд ч, Перуд ч ижил шинж тэмдэг илэрч буй. Экспортын орлого буурч, хөрөнгө оруулалт хумигдсанаас төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэж, улмаар ДНБ-ий өсөлт саарсан. Үүний шалтгаан нь ч ижил. Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, ашигт малтмалын үнэ хямдарснаас болсон. Гэтэл нэг л өвчнийг хоёр улс тэс өөр жороор эмчлэх гээд байгаа нь сонин.
Монгол Улсын хувьд төсвийн зарлагаа танаж, мөнгөний бодлогоо хумьж байна. Харин Перу төсөв, мөнгөний бодлогоо зөөллөж, эдийн засгаа дэмжиж эхэлжээ. Манай Засгийн газар “бүсээ чангалж”, төсвийн хөрөнгө оруулалтыг юу ч үгүй болтол танасан. Гэтэл Перуд өнгөрсөн жил 2009 оноос хойш анх удаа хувийн хөрөнгө оруулалт буурсан тул тэр орон зайг Засгийн газар нь нөхөхийг хичээж байна. Энэ хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтаа 10 орчим хувиар нэмж, эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх болсон. Үүний үр дүнд өнгөрсөн онд ДНБ-ийхээ 0.1 хувьтай тэнцэж байсан төсвийн алдагдал нь энэ жил хоёр хувьд хүрч өсөх төлөвтэй.
Перугийн Төв банк сүүлийн нэг жилийн хугацаанд бодлогын хүүгээ гурван ч удаа бууруулж, 3.25 хувь болгосон байна. Банкнуудын заавал байлгах нөөцийн хэмжээг ч багасгаж, эдийн засагтаа илүү их мөнгө эргэлдүүлэх боломж бүрдүүлжээ. Харин Монгол банк энэ хугацаанд бодлогын хүүгээ хоёр удаа нэмж, 13 хувьд хүргэсэн шүү дээ. Энэ бүхний эцэст, Монголын ДНБ-ий өсөлтийн удаашрал үргэлжилж, энэ онд 4.4, ирэх жил 4.2 хувь болох таамаглалыг ОУВС гаргасан байна. Тэгвэл Перугийн ДНБ- ий өсөлт сэргэж, энэ онд 3.8, ирэх жил таван хувь болно гэж тус байгууллага үзэж буй. ОУВС-гийн зөвлөхүүд яг ижил шалтгаанаар, яг ижил зовуур хэлсэн хоёр өвчтөнд шал өөр жор бичиж өгсөн. Тэд монголчуудыг “Төсвийн зардлаа илүү танаж, мөнгөний бодлогоо илүү чангал” хэмээн ятгаж байгаа. Тэгсэн хэрнээ “Зардлаа нэмж, мөнгөний бодлогоо зөөлрүүлсэн Перу маш сайн байна. Эдийн засгийн өсөлтөө сэргээх зөв бодлого хэрэгжүүлж байна” гэх аж.
ЯЛГАА НЬ ЭНД БАЙНА
Перу бол ОУВС-гийн өгсөн зөвлөгөөг биелүүлдэг үлгэр жишээ орон юм. Тиймээс ч ирэх намар болох Дэлхийн банк, ОУВС-гийн жилийн уулзалтыг тус улсын нийслэл Лимад хийхээр болсон биз. За тэр ч яахав, юугаараа үлгэр жишээ билээ гэж үү?
2009 оны хямралаас болж бид ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, тэдний шаардлагын дагуу Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа баталсан даа. Энэхүү бичиг баримтад Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө ДНБ-ий таваас доошгүй хувьтай тэнцэх, Засгийн газрын өр ДНБ-ий 40 хувиас, төсвийн алдагдал ДНБ- ий хоёр хувиас хэтрэхгүй байх зэрэг заалт багтсан байдаг. Харамсалтай нь бид эдгээр шаардлагыг хэрэгжүүлэх цагаа хойшлуулсаар өдий хүрлээ. Гэтэл перучууд биднээс тэс өөр хүмүүс.
Тухайлбал, Перугийн Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө ДНБ-ийхээ 4.7 хувьтай тэнцэж байна. Байдал бүр хэцүүдлээ гэхэд тэдэнд авч ашиглах есөн тэрбум ам.доллар бий гэсэн үг. Харин Монголын Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлагдсан хөрөнгө 250 сая ам.долларт ч хүрэхгүй. Эдийн засгийн хүнд байдлаас гарахад энэ мөнгө нэмэр болохгүйг Сангийн сайд маань ч хүлээн зөвшөөрсөн. Товчхондоо, дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ өндөр байхад бид “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр” гэсэн шиг аашилжээ. Тэгээд олсныхоо хэрээр үрж ирснийхээ гайг өнөөдөр хүртэж байна. Эдийн засаг маань дөрөв, таван жил дараалж саарах нь. Гэтэл Чили, Перу, Ботсван зэрэг улс бидний л адил уул уурхайн салбараасаа хараат хэрнээ хуримтлал бүрдүүлж чадсан учраас додигор суух аж.
ЭЦЭСТ НЬ
Мэдээж Перуд Монголоос хол давсан хөгжил үгүй. Жишиж, харьцуулж болох орон учраас л бичиж байгаа юм. Энэ улсад муу тал ч мундахгүй бий. Тухайлбал, уул уурхайг эсэргүүцсэн хүмүүс байн байн бослого гаргаж, олон ч хүн үүнээс болж хохирдог. 2009 онд ийм үймээн самууны улмаас 32 цагдаа, 41 иргэн амь үрэгдэж, 150 хүн шархадсан гашуун түүхтэй. Перу бол манайтай адил “түүхий эдийн хавсарга” орон. Алт зэсээ гаргачхаад, автомашин, тоног төхөөрөмж оруулж ирж байх жишээтэй. Гэхдээ биднийг бодвол олборлосон зэсийнхээ зарим хэсгийг хайлуулчихдаг, бас нефтийн бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэчихдэг.
Ер нь бидэнд тэднээс суралцах зүйл бишгүй бий. Төсвийн сахилга бат, хуримтлалын тал дээр тэд биднээс хавь илүү байгаа нь үнэн. Мөн Перу улс ядууралтай тэмцэж чадаж байна. 2004 онд 58 хувьтай байсан ядуурлын түвшин эдүгээ 22.7 хувь болтлоо буурчээ. Байгаа оносон халамжийн бодлого Перуг ийм үр дүнд хүргэснийг ОУВС- гийн мэргэжилтнүүд үлгэр жишээ болгон ярих дуртай. Харин Монголын халамж хэт хавтгайрч байгааг тэд байнга шүүмжилдэг шүү дээ.
Д.Мөнхчимэг