Гималайн цэвдэг хайлж буй нь Азийн хуурайшилтад нөлөөлнө
Энэтхэгийн өмнөд болон хойд хэсгээр үргэлжилж буй халуун агаарын урсгалын нөлөөгөөр амиа алдсан иргэдийн тоо 500 хол давав. Энэ тоо цаашид ч нэмэгдэх дүр зураг ажиглагдаж буйг цаг уур судлаачид анхааруулжээ. Учир нь халуун агаарын урсгал дахиад лав долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгааг Newsweek онцоллоо. Энэтхэгийн хамгийн халуун бүсэд тооцогддог Аллахабад л гэхэд 49 градус хүртэл халж байна. Хэт халуунд амиа алдсан 539 хүний дийлэнх нь барилгын ажилчин, өндөр настан, орон гэргүй иргэд байсан гэнэ. Сүүлийн гурван өдрийн байдлаар 325 хүн наранд цохиулснаас нас барсан тухай тус улсын Гамшгийн удирдлагын газраас мэдээлэв.
Итгэхэд бэрх энэ үйл явдал зөвхөн Энэтхэгт өрнөөд байгаа юм биш. Дэлхийн өнцөг булан бүрт хүн төрөлхтөн их, бага хэмжээгээр уур амьсгалын өөрчлөлттэй улаан нүүрээрээ тулж, тодорхой хэмжээгээр хохирол амссаар байна. Ялангуяа, Монгол орны агаарын дундаж температур 1940 оноос хойш 2.14 градусаар нэмэгдсэн. Энэ нь манай орныг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй орнуудын жагсаалтад багтах нөхцөлийг бүрдүүлсэн.
ТҮЙМЭР 12.7 ТЭРБУМ ТӨГРӨГ “ХУЙХЛАВ”
Тэгвэл энэ нөлөө бидэнд хэрхэн тусаж буй талаар цөөн жишээ татъя. Монгол орны цаг уурын ажиглалтын 23 өртөөний 46 жилийн мэдээг ашиглан тооцсоноор халуун өдрийн тоо 16-25 хоногоор нэмэгдэж, хүйтэн өдрийн тоо 13-14 хоногоор буурснаар ургамал ургах хугацаа 14-19 хоногоор уртасжээ. Өөрөөр хэлбэл, эрс тэс дөрвөн улиралтай байсан монголчууд өвлийн тэсгэм хүйтнээс улам холдож, хавар, намар гэсэн хоёрхон улирлын дунд амьдрах болов. Хур тунадасны хэмжээ өвөлдөө олон жилийн дунджаас өөрчлөгдөхгүй гэсэн урьдчилсан таамаг бий. Гэвч агаарын температур өндөр байгаагаас орсон цас төд удалгүй хайлснаар хуурайшилт зонхилох болсныг өнгөрсөн өвлийн жишээнээс бид харсан. Үүний улмаас хавар эхлэв үү, үгүй юү ой хээрийн түймрийн мэдээ хэвлэлийн хуудаснаа өдөр алгасахгүй гарч, өнөөдөр ч үргэлжилсээр байна. Он гарсаар улсын хэмжээнд ой хээрийн 150 гаруй түймэр бүртгэгдлээ. Эхний дөрвөн сард гэхэд гарсан түймрийн улмаас 12.7 тэрбум төгрөгийн хохирол амсаад буйг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн.
Харин мөнгөөр хэмжигдэхгүй хохирол хэчнээн их байгааг төсөөлөх ч аргагүй. Тухайлбал, дулаарлын улмаас өндөр уулын мөс хайлж, цэвдэг огшиж буйг бид тооцоолоход бэрх. Хархираа, Түргэн, Мөнххайрхан, Цамбагарав, Сайр уулсын мөсөн бүрхүүлийн талбай 2002 оны байдлаар л гэхэд 30 орчим хувиар багасчээ. 2020 он гэхэд энэ тоо 50 хувьд хүрэх тооцоо бий. Сүүлийн жилүүдэд 20 градусын халуун өнжсөн хирнээ хасах градустай шахам хонож буй буюу өдөр, шөнийн агаарын температурын зөрүү хэт хол болсон нь үүнтэй холбоотой. 30 градус дөхөж халж байгаа хирнээ салхи гармагц жихүүцүүлэх болсон нь мөнх цэвдгийн мөс хайлснаас үүдэлтэй. Гамшигт үзэгдлийн давтамж, тоо ч нэмэгдэх болсныг энд дурдах нь илүүц биз. Хамгийн сүүлийн тод жишээ гэхэд, өнгөрсөн зун Архангай аймагт болсон хүчтэй хар салхи. Нэг хүний амийг авч, 10-аад хүнийг гэмтээсэн хүчтэй салхи Монголд гамшиг нүүрлэхэд ойрхон болсны дохио байсан. Шалтгаан нь мэдээж уур амьсгалын өөрчлөлт. Бас дэлхийн дулаарал.
ЗАРИМ ГАЗРААР 0.5-1.5 ХЭМЭЭР ИЛҮҮ ХАЛНА
Энэ бүхэн хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаа гэсэн тов тодорхой шалтгаантай. Дэлхий дахинд жилээс жилд рекорд тогтоож, түүнийгээ эвдэж буй агаарын дундаж температурын өсөлтийн эрч энэ янзаараа бол нэмэгдэнэ үү гэхээс, сулрахгүй нь. Өнгөрсөн онд л гэхэд цэнхэр гарагийн хамгийн халуун жил болсныг олон улс даяар мэдээлж, шуугиж байв. Тэгвэл энэ жил дахин шинэ дээд амжилт тогтоох магадлал өндөр байна. Далайн гадаргын температур эрчимтэй өсөж байгаа нь Экватор, Номхон далайн бүс орчмын агаарын дундаж температур огцом өсөх шалтгаан болж байна.
Хэдийгээр манай улс Номхон далайн агаарын урсгалтай хамааралгүй гэж болох ч бидэнд хамгийн хамаатай ОХУ-ын агаарын урсгал тийм ч таатай бус байгаа. 2012 онд хэт халуун агаарын урсгалд өртөж, олон иргэнээ алдсан тус улсад энэ жил мөн огцом халах төлөвтэй. Тэгэхээр Монгол ч гэсэн тодорхой хэмжээгээр энэ нөлөөнд орно гэж ойлгож болно. Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын Судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ажилтан Ч.Сарантуяа “Долдугаар сар бол манай орны хамгийн халуун бөгөөд хур тунадас ихтэй сар. Энэ жилийн хувьд нутгийн баруун, төвийн болон говийн бүсийн зарим нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 градус хүртэл дулаан байх төлөв ажиглагдаж байгаа. Долдугаар сард дуу, цахилгаантай, түр зуурын аадар бороо орох магадлал өндөр” гэсэн юм. Цаашлаад үер, хүчтэй салхи шуурга, хэт халалт хэвийн үзэгдэл болно гэдэгтэй эвлэрч, эртнээс сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг байгаль эх шаардана.
АЗИ ТИВ ХАТАЖ ЭХЭЛНЭ
Даян дэлхийн дулаарал бодсоноос ч их гамшиг дагуулахаар байгааг олон улсын судлаачид анхааруулсаар буй. Тэр дундаа үер, гантай холбоотой халдварт өвчнөөс шалтгаалсан нас баралт Зүүн болон Зүүн өмнөд Азид жил ирэх тусам өсөх хандлагатай гэнэ. Гималайн нурууны цас мөс хурдацтай хайлснаас үерийн аюул нэмэгдэхийн сацуу уулын хад чулуу нурах үзэгдэл ихсэхийг эрдэмтэд анхааруулсан. Энэ нь ойрын 20-30 жилд бүс нутгийн усны нөөцөд нөлөөлөх, Гималайн нуруунаас эх авдаг гол мөрний урсац татрах, цаашлаад Ази тивийн хэмжээнд ган гачиг болох томоохон шалтгаан болж болзошгүйг судлаачид хоёр жилийн өмнө мэдээлсэн. Бусад тивд ч ялгаагүй мод цэцэглэх, шувууд нүүдэллэх, анхны бороо орох зэрэг хавар өрнөдөг байгалийн үзэгдлүүдийн хугацаа наашилж, ургамал, амьтдын нутаглах газар орны хил хязгаар цаашилж байгааг тоохгүй өнгөрөх аргагүй. Үүний цаана хүн төрөлхтний толгойн өвчин болсон маш урт жагсаалт бий.
Манай улс ч ялгаагүй дээрх зовлонгоос үүрэлцэж, өөрсдийн хэмжээнд асуудлаа шийдвэрлэхээр чармайж буй. Нэгэнт бид уур амьсгалын өөрчлөлтөөс “туурга тусгаарлаж” чадахгүйгээс хойш тэгэхгүй гээд ч яах билээ. Гагцхүү тэсэж үлдэх нь хамгийн чухал. Эрдэмтдийн урьдчилан тооцоолж буй тэр бүх гамшгийг бид энэ насандаа үзэхгүй ч байж мэднэ. Харин ирээдүй хойчдоо бүх зовлонг үүрүүлэхгүйн тулд одооноос тэсэж үлдэх төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй болов уу.
Р.Оюунцэцэг