-Засгийн газар нэг тэрбум ам.долларын бонд гаргана-
“Оюутолгой” төслийн нийт өгөөжийн 54.9 хувийг Монголын тал хүртэх асуудлыг баталгаажуулсан хоёр дахь долоо хоног улирч байна. Хоёр жилийн хугацаанд саатсан “Оюутолгой” төсөл ийнхүү эрчимжиж, эдийн засагт эерэг үр нөлөө нь гарч эхэллээ. Хүлээлт эргэж, хандлага өөрчлөгдсөн нь гадаад валютын захад ил болж, ам.долларын ханш 1914.13 төгрөгтэй тэнцэв. Энэ нь ам.долларын хадгаламжтай иргэдийн хувьд тун таагүй мэдээ. Гэхдээ импортын хэрэглээ өндөртэй манай орны хувьд ам.долларын ханш буурах нь муу зүйл огт биш юм.
Монголбанкинд өчигдөр болсон гадаад валютын дуудлагаар арилжааны банкууд нэг сая ам.доллар худалдах санал ирүүлсэн ч тэд энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Энэ нь ирэх өдрүүдэд төгрөгийн ханш чангарах нь гэсэн дохиог захад өгч байна. Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг.
Валютын дуудлага худалдаанд Монголбанк сүүлийн хоёр сар дараалан идэвхтэй оролцоогүй бөгөөд энэ нь гуравдугаар сараас эхэлж ам.долларын ханш суларч эхэлсэнтэй ч холбоотой байх. Валютын нөөцөө зузаалах нь хэзээд Төвбанкны мөнхийн хүсэл байж ирсэн. Монголбанкны гадаад валютын албан нөөц 1.3 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Азийн санхүүгийн төв Хонконгод нэг тэрбум хүртэлх ам.долларын бонд гаргах эрхийг Сангийн сайдад олгов.
Ингэснээр Засгийн газар олон улсын зах зээлд хоёр дахь удаагаа бонд гаргах бололцоо бүрдлээ. Хууль тогтоох дээд байгууллага УИХ таван тэрбум ам.долларын бонд босгох эрхийг 2012 онд Шинэчлэлийн Засгийн газарт олгож байсан билээ. Үүнээс 1.5 тэрбумыг нь олон улсын зах зээлээс татаж, дотоодын эдийн засагт оруулж ирсэн юм. “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт сэргэх сургаар эдийн засагт хургаад байсан хямралын айдас бүүдийж эхэлсэн. Үүнээс гадна Худалдаа хөгжлийн банк олон улсын зах зээлд таван жилийн хугацаатай 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжив.
Монгол Улсын Засгийн газрын өрийн баталгаатай уг бондын захиалгын дүн нь зарласан хэмжээнээсээ даруй 4.6 дахин их байсан. Энэ нь олон улсын зах зээлд хөрөнгө оруулагчид Монголд итгэж буйг нэг талаар илэрхийлэх аж. Үүгээр зогсохгүй газрын тосны салбарт энэ онд 13.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх нь. Үүнийг бага гэж голж болохгүй юм. Худалдааны хөгжлийн банкны “мөр”-өөр Төрийн банк энэ онд 300 сая ам.долларын бонд гаргахаар зэхэж байгаа.
Монголын эдийн засагт орж ирэх гэсэн хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагчтай нь хамт “түгжиж” байсан гэх “Оюутолгой” төслийн хоёрдугаар шат гацаанаас гарсан. Ингэснээр Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын хөрөнгө оруулалт баталгаатай болж байгаа юм. Жилд 1.6 орчим сая тонн эрчим хүчний нүүрс хэрэглэх цахилгаан станцын төсөлд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайг тус төслийн нэгжийн захирал Б.Түвшин хэллээ.
Жилд хагас тэрбум ам.долларын өгөөжтэй төслийн явц зогсонги байдалд шилжээд байгаа. Энэ бол зургаан жил хэлэлцэж буй, Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг тодорхойлох Тавантолгойн орд. Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж Шийдлийн Засгийн газар Ажлын хэсэг байгуулж, хөрөнгө оруулагч гурван орны төлөөллийг тодруулсан.
Тэдэнтэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын Ажлын хэсэг хянаж дүгнэлт гаргах үйл явц одоо үргэлжилж байна. Үүний дараа “Тавантолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын нэгдсэн чуулганд амжиж хэлэлцэж, Засгийн газар хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах, эсэхийг шийдэх үлдээд буй. Товчхондоо, эдийн засгийн төрхийг өөрчлөх мега төслүүд хөдөлж эхэллээ. Түүнээс “Тавантолгой” л асуудлын гогцоо болж үлдэв.