М.Батчимэг: Монгол “76 толгойтой улс” болжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Зууны мэдээ

2015-06-02 09:20 GMT+8

УИХ-ын гишүүн М.Батчимэг Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор 30 гаруй улсын Үндсэн хуультай танилцаж, судалгаа хийжээ. Түүнтэй ярилцлаа.

-Хамтарсан Засгийн газар байгуулахдаа хэд хэдэн чухал асуудлыг хамтдаа шийдвэрлэнэ гэсний нэг нь Үндсэн хуулийн өөрчлөлт. Гэтэл сүүлийн үед Оюутолгой, Тавантолгойгоос болоод энэ ажлын явц саараад байна уу?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар санал боловсруулах ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдаад ажиллаж байгаа. Энэ ажлын хэсэг 1992 онд Үндсэн хууль батлалцсан ахмад, туршлагатай гишүүд болон намуудын төлөөллөөс бүрдсэн. Миний хувьд ажлын хэсэгтэй ойрхон ажиллаж байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн хамгийн чухал бөгөөд тулгамдаж байгаа асуудал гэж үзсэн Гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэх асуудлаар судалгаа хийлээ.

Өнгөрсөн намар Засгийн газар байгуулах асуудлаар зөвшилцсөн намуудын ажлын хэсэг ч энэ асуудлаар өргөн хүрээтэй санал солилцож парламентын засаглалаа улам боловсронгуй болгох зорилгоор 2015 ондоо багтаж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна гэж тохирч бүгд гарын үсэг зурсан. Ажлын хэсэг олон асуудалд нэгдэж, удахгүй саналаа УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцүүлэх гэж байна. Гэхдээ би ажлын хэсгийн албан ёсны гишүүн биш учраас ажлын хэсгийн өмнөөс хариулах боломжгүй.

-Ерөнхий сайд нь кабинетаа өөрөө бүрдүүлдэг, сайд нартайгаа хариуцлага тооцдог эрхийг энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийх ёстой гэж улс төрчид ярьдаг. Таны хийсэн судалгаагаар бусад оронд ийм жишиг байх юм уу?
-Хамгийн түрүүнд хийх ёстой өөрчлөлтийн нэг нь энэ гэж би хувьдаа үзэж байгаа. Аливаа гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх баталгаа нь томилгоо, мөнгө хоёр. Хувийн компани дээр л төсөөлөөд үз. Боловсон хүчин, мөнгө хоёроо мэдэхгүй гүйцэтгэх захирал юу хийж чадах вэ. Өнөөдөр Монгол Улсад Ерөнхий сайд гэдэг хүн яг ийм байгаа. Сайд нарыг нь ч, төсвийг нь ч УИХ мэднэ. Манай УИХ гүйцэтгэх эрх мэдэл рүү хэт их орсон, Засгийн газар бие дааж үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаа нь тов тодорхой харагдаж байгаа юм.

Ийм нөхцөлд ард түмэн Засгийн газрыг биш, УИХ-ын 76-г буруутгах нь аргагүй шүү дээ. Үндсэн хуулиар Ерөнхий сайд УИХ-д танхимаа төлөөлж ажлаа хариуцна, Засгийн газар улс орны санхүү аж ахуйг авч явна гэсэн заалтууд уг нь байгаа. Гэтэл энэ бүхнийгээ хэрэгжүүлэх баталгааг процессоор нь зааж бий болгож өгөөгүй учраас тунхаг болон үлдэж. Бидний судалсан парламентын засаглалтай 30 гаруй орны дотор Монгол, Ирланд, Словен гэсэн гуравхан улсад парламент нь сайд нараа томилж байна. Бусад бүх оронд Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж байна.

Мөн ихэнх орнуудад Засгийн газраас өргөн барьсан төсөвт парламент өөрчлөлт оруулах боломж нь бага, Үндсэн хууль болон бусад хуулиараа парламент Засгийн газрын өргөн барьсан төсөвт өөрчлөлт хийх боломжийг ихээхэн хязгаарласан байна. Засгийн газар өөрийн үндсэн үүрэг болох макро эдийн засгаа удирдах, төсөв, санхүүгийн бодлогоо чиглүүлэх боломж ингэж бүрдэж байна. Бусад оронд парламент төсвийн бодлогод илүү хянах, баталгаажуулах, буцаад хяналт тавих гэсэн үүрэгтэй л оролцож байна.

-Тэгвэл таны дээр дурдсан өөрчлөлтүүдийг хийлээ гэхэд өнөөгийн манайд нүүрлээд буй засаглалын хямралыг шийдэж болно гэж ойлгож болох уу?
-Үндсэн хуулиа өөрчиллөө гэхэд өргөс авсан юм шиг маргааш нь эсвэл жилийн дотор бүх зүйл сайхан болохгүй. Гэхдээ энэ бол өнөөгийн хөл толгойгүй байдлыг цэгцлэх гол гарц. Өнөөдөр Монгол Улс бодит байдалд нэг биш, 76 Ерөнхий сайдтай мэт байна. УИХ-ын гишүүн бүр сайд томилолцож, төсөв хуваарилалцаж байна. УИХ эдийн засгийн бүх асуудал руу, Засгийн газрын хийх ёстой ажил руу хэт гүнзгий орж, хутгалдаж байна. Манайд олон жил ярьсан төмөр зам, цахилгаан станцууд гэхчлэн том төслүүд явахгүй байгаагийн нэг шалтгаан энэ шүү дээ.

Бусад улс оронд Засгийн газар нь галт тэрэгний зүтгүүр шиг эдийн засгаа чирж урагшилж байхад манайд бараг л 76 тийш чангааж байна. Ийм нөхцөлд Монгол Улс байрнаасаа хөдлөх амаргүй. Ийм байх нь аргагүй. Сүүлийн үед популистууд олширлоо, тэднээс болж эдийн засаг муудлаа гэж их шүүмжилдэг. Хүмүүсийг шүүмжилж болно. Улс төрчдөд, УИХ-ын гишүүдэд алдаа байгаа гэдэгтэй маргахгүй. Гэхдээ тоглох талбар, тоглоомын дүрэм нь улс төрчдөд ямар боломж өгөөд байна вэ гэдгийг харах нь чухал. УИХ уг нь том бодлого, хуулиа баталж өгөөд хэрэгжүүлж байна уу гэдгийг нь хянаад сууж байх ёстой газар.

-Та Үндсэн хуульд асуудал байгааг хэллээ. Гэхдээ зөвхөн Үндсэн хуульд биш, энэ удаагийн УИХ-д нэлээд асуудал байгаа юм биш үү?
-Би сая хэллээ. УИХ-ын гишүүдэд алдаа бий гэдэгтэй маргахгүй гэж. Гэхдээ тогтолцоогоо илүү сайн харж, ойлгож, хийх ёстой засвараа хийх нь илүү чухал. 2012 оны их хурлаас хойш байдал дордсон гэдэгтэй санал нийлж байна. Үүний гол шалтгаан нь бид 2012 онд сонгуулийн холимог тогтолцоо сонгож авсантай холбоотой гэдэг нь бидний хийсэн судалгаанаас тод ойлгогдож байгаа. Бидний ярьдаг жижиг 76 буюу мажоритар тогтолцоонд аль нэг нам заавал дангаараа 51-ээс дээш хувийн санал авдаг. УИХ-ын олонхийг бүрдүүлж байгаа намын дарга Ерөнхий сайд байхад Засгийн газрын байр суурь арай илүү хүчтэй байсан.

Холимог юм уу цэвэр пропорционал тогтолцоотой орнуудад олон намтай, ихэнхдээ олонхгүй парламент бүрддэг. Манайд 2012 сонгуулийн дараа ийм л нөхцөл үүссэн. Ийм парламенттай нөхцөлд Ерөнхий сайд өөр өөр намаас томилогдсон сайд нартай ажиллах болдог. Парламентад өөрийнх нь нам дангаараа олонх биш. Ийм сонгуулийн тогтолцоо руу явж байгаа нөхцөлд Үндсэн хуулиараа л Ерөнхий сайдын эрх мэдлийг баталгаажуулах, Засгийн газар тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхгүй бол зөвхөн энэ УИХ гэлтгүй, цаашид улам хэцүү болох байх. Бид мажоритар тогтолцоо руу буцаж чадахгүй болсон гэж би боддог. Дэлхий нийтийн хандлага ч үүнийг нотолж байна.

-УИХ сайд нарыг томилохоо больж, Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө байгуулах боллоо ч гэсэн нэгэнт олон намын парламент, олон намын сайд нар байгаа цагт Засгийн газар танхимын зарчмаар баг болж нэг зүгт зүтгэх боломж бүрдэх болов уу?
-Байдал хамаагүй дээр болно. УИХ сайд нарыг томилоод байхаар сайд нар намайг манай нам, манай фракц л сайд болгосон гэх, эцсийн дүндээ намаа, фракцаа илүү сонсох хандлагатай байдаг. Сайд муу ажилласан ч ажилдаа үлдэх эсэхийг Ерөнхий сайд биш, УИХ л шийднэ. Өнөөдрийн л дүр зураг гэсэн үг. Ерөнхий сайдаас илүү нам, парламентын удирдлагаар хөдөлдөг сайд нартай. Олон удирдлагатай учир багаар ажиллах боломж угаасаа хомс.

Харин сайд нарыг томилох, огцруулах бодит эрх мэдэл Ерөнхий сайдад байгаа нөхцөлд Засгийн газар маш их хариуцлагатай болдог нь бидний судалгаа хийсэн орнуудын жишээнээс тод харагдаж байна. Нэгд, хэдийгээр өөр өөр намуудаас сайд нар санал болгодог ч парламентын өмнө огцрох хариуцлагыг ганцаараа хүлээдэг Ерөнхий сайд намуудаас чадварлаг сайдыг нэхэж, олж сонгож авахыг эрмэлздэг. Хоёрт, муу ажилласан сайдыг огцруулах бодит эрх нь Ерөнхий сайдад байх учраас сайд нар Ерөнхий сайдаа сонсч, нэг баг болж ажиллах нөхцөл илүү бүрдэнэ.

Гуравдугаарт, олон улсын жишээнээс харахад сайдыг огцруулах эрхгүй парламент сайнаар хэлбэл Засгийн газрын бодитой үйл ажиллагаанд хяналт тавих, муугаар хэлбэл хийж байгаа ажилд нь хяналт шалгалт хийх, алдаа доголдлыг нь мөрдөж мөшгөх эрмэлзэл ихтэй байдаг. Ингэснээр парламентын хяналт илүү бодитой болдог юм байна. Манайд бол УИХ сайдыг өргөн барина гэдэг том зэвсгээрээ далайлгаад бодит ажил хэрэг, хууль хэрхэн хэрэгжүүлж байгаад нь хяналт тавих явдал дутмаг байдаг.

-1999-2000 онд хийсэн дордуулсан долоон заалтын тухайд энэ удаад ямар нэг өөрчлөлт хийх хандлага ажиглагдаж байна уу?
-Дордуулсан долоо гэдэг нэртэй би хувьдаа бүрэн санал нийлдэггүй. Тэр долоон заалт дотор одоо ч гэсэн авч үлдэхээр зүйл байгаа. Нэг жишээ хэлье. Долоон өөрчлөлтийн нэг нь Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг нууцаар санал хурааж шийдвэрлэдэг байсныг ил болгосон. Монгол Улс 1990 оноос хойш 25 жилийн хугацаанд 14 Ерөнхий сайд, 16 Засгийн газар ажилласан байдаг. Нууцаар санал хураадаг энэ заалт хэвээрээ байсан бол 16 биш 20 Засгийн газар огцруулчихсан байх байсан байж ч магадгүй. Ил санал өгч байна гэдэг гишүүн нэг бүрийн хариуцлагыг ил болгож байгаа хэрэг. Бидний судалгаа хийсэн гучаад орны дотор ердөө хоёрхон улсад ийм санал хураалтыг нууцаар явуулдаг юм билээ. Тиймээс тэр долоон өөрчлөлтийг авах гээхээр ялгаж салгаж, маргааныг нэг тийш болгох ажлыг энэ удаагийн өөрчлөлттэй хамт хийх ёстой байх.

-Засгийн газрын томилгоо, төсвийн эрх мэдлээс өөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлууд байгаа байх?
-Нэгэнт Үндсэн хуульдаа гар хүрсэн бол нэг мөр шийдчих хэд хэдэн чухал асуудал бий. Жишээ нь Засгийн газраа илүү тогтвортой ажиллуулах механизмыг Үндсэн хуулиар баталгаажуулах нь маш чухал. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ойр ойрхон хийх нь буруу. Тиймээс энэ өөрчлөлтийг ядаж ирэх 15–20 жилээ харж хийж байгаа бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага байгаа. Гишүүдийн тоо хэт цөөн байх нь гишүүд нөлөөнд автах, нэг гишүүний нөлөө хэт өндөр байх, гишүүдийн тоо цөөн байгаагаас нэг гишүүн олон байнгын хороонд хамрагдах, ингэснээр УИХ-аас гарч байгаа хуулиуд чанаргүй болох гээд олон зүйл ажиглагдаж байна.

Монгол Улс хоёр сая хүнтэй байхдаа 76 гишүүнтэй болсон. Дараагийн 15-20 жилд хүн амын тоо дөрвөн сая хүрнэ шүү дээ. Дээр нь нэмээд Эрдэнэт, Дархан хотуудын хотын статусыг Үндсэн хуулиар тогтоож өгөх нь Монгол Улсын хөгжилд сайн нөлөөтэй гэж үзэж байна. Бусад асуудлыг ажлын хэсгийн саналыг судалж байж саналаа хэлэх боломжтой.

-Хуулийн өөрчлөлтийг 2016 оны сонгуулиас зургаан сарын өмнө батлуулсан байх ёстой. Цаг хугацаанаас эхлээд хэр боломжтой вэ?
-Энэ боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээж зүтгэж ажиллахаас өөр аргагүй. Даруй шийдэхгүй бол өнөөдөр хүн бүхэн төр засаггүй мэт болчихлоо гэж ярьж байна. Сүүлийн үеийн судалгаануудыг харахад Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих хүмүүс өндөр хувьтай байна. Би хувьдаа Ерөнхийлөгчийн засаглал гэхээс илүү төр засаг 76 толгойтой болсон, хэн нэг нь гол хариуцлагыг хүлээдэг тогтолцоо байхгүй байгааг ард түмэн олж харж, шүүмжилж байна гэж ойлгож байна. Бид өөрчлөлтийг энэ ондоо багтаж хийхгүй бол нийгмийн бухимдал нэмэгдэнэ.

Эдийн засаг ч өөдөлнө гэж найдахад хэцүү. Өнөөгийн хямралын үндсэн шалтгаан нь төр засаг өөрөө болчхоод байгаа учраас тэр шүү дээ. Өнөөдөр Үндсэн хууль өөрчлөх асуудлаар улс төрийн ойлголцол нэлээд өндөр төвшинд бүрдэж байна. Нийгэмд ч гэсэн хүлээлт бий болсон. Ийм тохироо бүрдэж байгаа нь маш үнэ цэнэтэй. Ийм үед энэ өөрчлөлтийг хийж чадахгүй бол 2016 онд шинэ парламент бүрдээд дахиад ийм өөрчлөлтийн уур амьсгал бүрдэх эсэх, бүрдэх хүртэл бид ямар их цаг хугацаа, бусад олон зүйлээр хохирохыг мэдэхгүй.

Үүнийг алдвал дахиад энэ тохироог бүрдүүлтлээ ямар их цаг хугацаа, хөгжлийн боломж, юу алдахыг хэлэхэд төвөгтэй. Тиймээс бид үүнийг хийхийн төлөө явах учиртай. Энэ том өөрчлөлтийг хийж чадвал одоогийн Их хурлын том гавьяа болно. Өөрчлөлтийг хийхийн тулд өөр хоорондын аар саар зөрчил, улс төрийн тэмцэл, сандал суудлын асуудлаа хойш тавьж том эрх ашиг дээрээ нэгдэх цаг болсон.

-Хаврын чуулганаар хэлэлцэх чухал хуулийн төслүүд ар араасаа хүлээгдсээр байна. Сонгуулийн хуулийн тухайд хэр ахицтай явна вэ?
-Сонгуулийн хуулийн тухай ажлын хэсэг мэдээлэл хийсэн. Ерөнхийдөө өмнөх сонгуулийн үеэр гарсан сайжруулах шаардлагатай процессын зохицуулалтууд буюу сонгуулийг булхай луйвар багатай явуулах, хяналт тавих, маргаан таслах механизм нь ойлгомжтой байх зэрэг өмнөх сонгуулиудаас сургамж авсан, сайжруулах шаардлагатай заалтуудаа үндсэндээ оруулсан гэж харж байгаа. Тэр дундаа сонгууль мөнгөнөөс ихээхэн хамааралтай байгааг бууруулах, сонгуулийн санхүүжилт зардлыг багасгах тал дээр тодорхой алхам хийхээр байгаа нь сайшаалтай. Хамгийн гол нь сонгуулийн тогтолцоон дээр намууд өнөөдөр зөвшилцөж, нэг мөр болгож чадаагүй байна.

-Сонгуулийн тогтолцоог хэрхэн шийдэхээр байна?
-2012 онд сонгосон 48:28 гэх өмнөх тогтолцоогоор явах уу, МАН-аас гаргаж байгаачлан тойргоо жижгэрүүлэх үү. Жижиг 76 тойрог руугаа буцах уу гэдэг дээр эцсийн байдлаар ойлголцолд хүрээгүй. 76 жижиг тойрог руу явах боломжгүй гэж бодож байгаагаа би дээр хэлсэн. 2008 оны долдугаар сарын нэгний үйл явдал бол мажоритар тогтолцоо явахгүй болсныг харуулсан хамгийн том дохио байсан. Энэ тогтолцооны хамгийн том сул тал бол нийгмийн санаа бодлыг бодитой тусгаж чаддаггүй. Үүгээрээ энэ тогтолцоо дэлхий нийтийн хэмжээнд үеэ өнгөрөөж байна. Иргэд олонхоороо нэг намыг дэмжиж байхад өөр нам ялалт байгуулаад, дэмжсэн нам нь сураггүй байх тохиолдол өндөр.

Жишээ нь сая болсон Английн сонгуульд 11 сая сонгогчийн санал авсан нам 331 суудал авсан байхад дөрвөн сая хүний санал авсан нам нэг суудалтай үлдсэн байсан. Түүнээс гадна жижиг мажоритар тогтолцоо бол мөнгөнөөс их хамааралтай, жалга довны өрсөлдөөнийг дэмждэг тогтолцоо. Пропорционал болон холимог тогтолцоо олон намын тогтолцоог дэмждэг бол жижиг тойрог нь хоёр намын тогтолцоог илүү дэмждэг. Өнөөгийн мэдээллийн эрин үед хүмүүс нэг хоёр намын үзэл баримтлал, итгэл үнэмшилд хайрцаглагдахаа больсон байна. Тиймээс хүчээр мажоритар тогтолцоо авах гэж зүтгэвэл цаг хугацааг буцаах гэсэн муйхар алхам болно. Холимог тогтолцоогоо улам сайжруулаад явах нь зөв гэж бодож байна.

Д.Гэрэлцэцэг

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 487 санал өгсөн байна.

Дээшээ