Азийн Зүүн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээнээр Э.Сайханбаатар гэж тоглогч ур чадвараа гайхуулан Монголчуудын танил болсон.
Багийн спорт тэр дундаа волейболын спортын хөгжлийн хэмжүүр болон өөрийгөө танилцуулсан шилдэг тоглогчийг GoGo café буландаа урилаа.
Азийн волейболын хөгжлийг дэлхийд тодорхойлогч БНСУ-ын оюутны дээд лигийн топ тоглогчдын нэг байж драфтаар Үндэсний дээд лигт сонгогдож байсан гээд гайхам амжилт түүнд бий. Гэмтлийн улмаас хүссэн зорилгодоо хүрээд буцсан ч харуусал тээгээд байдаггүй.
БНСУ-ын Үндэсний дээд лигээс өнөөдрийг хүртэл санал тавьж байгаа ч тэрээр эх орондоо үлдэхийг илүүд үзжээ.
-Волейболын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлж байгаа. Тэмцээнд нь амжилт хүсье?
-Баярлалаа.
-“Алтайн барс” клубт тоглож байсан. Багаа сольсон гэсэн?
-Тийм ээ. "Тэнүүн огоо" багт тоглох болсон. Гэхдээ бүрэлдэхүүн нь “Алтайн барс”-ын тоглогчид. Компани маань бидэнд зориулж спорт цогцолбор байгуулж өгсөн. Гансүх захирал багтаа байнга анхаарал тавьж бүх боломжоор хангадаг.
-Азийн Зүүн бүсийн тэмцээнээс хойш Э.Сайханбаатар гэж тоглогч Монголчуудын танил боллоо. Анзаарагдаж байна уу?
-Тийм ээ. Анзаарагдаж байгаа. Би аравдугаар ангиа төгсөөд л БНСУ явсан болохоор хүмүүс намайг сайн мэддэггүй. Волейболын хүрээний хүмүүс л таньдаг байсан гэх үү дээ.
ЭЭЖИЙНХЭЭ ШААРДЛАГАД ХҮРЭХГҮЙ ЗОДУУЛДАГ БАЙЛАА
-Э.Сайханбаатарын ээж бол волейболын спортын ОУХМ Б.Уранчимэг. Ээжийнхээ үргэлжлэл болж 12 дугаарыг нь өвлөн тоглодог. Тэгэхээр волейболоор хичээллэх шалтгаан энэ л байсан байх?
-Би спортын гэр бүлд өссөн. Ам бүл тавуулаа. Ах минь бурхан болчихсон. Дээрээ нэг эгчтэй айлын бага хүүхэд. Аав минь шүхрийн спортын мастер, талбайн теннисний багш дасгалжуулагч. Талбайн теннисний спортыг Дархан хотод анх хөгжүүлсэн хүн. Манайх Төв аймгийн айл.
Намайг хоёрдугаар ангид байхад ээж минь Дарханы спорт хороонд ажиллахаар шилжсэн. Ээж Монгол Улсын шигшээ багт 12 дугаартай тоглож байсан. Миний анхны багш бол ээж минь. Дөрөвдүгээр ангиасаа волейбол тоглож, тавдугаар ангиасаа тэмцээнд орж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл ээжээсээ суралцсаар л яваа. Чадах чинээгээрээ ээжийнхээ үргэлжлэл байхыг хүсч, 12 дугаарыг нь өвлөн тоглож байгаа. Ээжээрээ маш их бахархдаг. Чадах хэмжээндээ ээжийнхээ нэр хүндийг өргөхсөн гэж хичээж яваа.
-Ээж нь хэр хатуу дасгалжуулагч байв?
-Хатуу. Би хар багаасаа Дарханы багийнхаа ахлагч байсан. Ээжээс гадна Япон багштай байсан. Багшийн хүүхэд сайн байх ёстой гээд Япон багшдаа байнга загнуулна.
Ээж болохоор багийн ахлагч гэдэг үүднээс надад үүрэг даалгавар хариуцлага үүрүүлнэ. Хэрвээ шаардлагад нь хүрэхгүй бол зодуулна. Тамирчин хүнд зодуулах бол байх л асуудал.
-Э.Сайханбаатар гэж тоглогч волейбол сонирхогчдоос ур чадварын хувьд сайн үнэлгээ авсан. Харин Монголд ирээд ээжээсээ ямар үнэлэлт өгөв?
-Би тоглогч, ээж дасгалжуулагч учраас надад үнэлэлт өгөхгүй л дээ. Болж өгвөл дээш нь гаргах гэж, дахиад хурцлах талаасаа зөвлөмж л өгнө. Сайн, муу гэж ерөөсөө хэлдэггүй. Азийн Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний дараа “Чи хангалттай хэмжээнд тоглоогүй шүү. Бярдсанаас цаашгүй” л гэж хэлсэн. Хангалттай сайн тоглоогүй гэдгээ би өөрөө ч мэдэж байгаа. Гэмтэл бэртлээс болоод тоглож чадаагүй гэж би ярихыг хүсэхгүй. Тоглолт маань бүрэн гүйцэд гарч чадаагүй учраас өөртөө сэтгэл дундуур байгаа.
-Гэхдээ багийнхаа гол ноён нуруу байж онооны 50-60 хувийг авсан. Б.Уранчимэг мастерыг хүүгээрээ бахархсан байх гэж бодтол.... ?
-Надад том дутагдал бий учраас ээжээсээ барагтай магтаал сонсохгүй. Багаасаа л тоглолтын өмнө ээжтэйгээ дандаа ярилцаад сурчихсан. Солонгост байхдаа ч ээжтэй ярьдаг байсан. Тэр бүрт ээж “Би чамд ганцхан зүйл хэлье. Зүгээр л толгойгоо ажиллуул. Толгойгоо ажиллуулж чадвал чи мундаг тоглодог. Хэрвээ бярдаад байвал чи болдоггүй шүү. Үүнийг л анхаар” гэдэг.
Тамирчин хүнд ааг омог гэж байдаг ш дээ. Би болохгүй байвал болгох гээд бярддаг, бас шатчихдаг. Тэрнээс би талбайд гарахдаа хэзээ ч айж эмээж сандарч үзээгүй. Миний ганц дайсан бол шатчихдаг зантай. Үүнийг ээж минь сайн мэддэг учраас “Сайханбаатар чи шатдаг шүү. Толгойгоо зараад ухаанаа ажиллуулж тогло. Үсэрч гарч ирээд талбайн голд хаана нүх байна тэрийг харж тогло” гэдэг.
Солонгос дасгалжуулагч зөвлөдөг ч ээжтэйгээ заавал ярьдаг. Шатаж байгаагаа мэдэгдүүлэхгүй ч дотроо дүрэлзээд л байдаг. Би талбай дээр үнэн сэтгэлээсээ, хамаг бүхнээ дайчилж тоглох дуртай. Талбайд гарсан зургаан хүний нэг нь тэгж тоглохгүй бол би шатчихдаг. Хэлж чадахгүй мөртлөө сэтгэлээрээ тоглоод өгөөсэй гэж бодоод уурладаг. Энэ л миний дутагдал.
АРАВДУГААР АНГИА ТӨГСӨӨД ШАЛГАЛТАА ОРХИОД СОЛОНГОСЫГ ЗОРЬСОН
-Ээж нь хүүгийнхээ суурийг анх тавьж улмаар БНСУ-д мэргэжлийн төвшинд бэлтгэгдсэн. Солонгос улсыг зорьж байснаа дурсвал?
-2008 онд Зүүн Азийн аварга шалгаруулах анхны тэмцээнээр БНСУ-аас “Hanyang” их сургуулийн баг ирж тоглосон. Монголын “Энагура” гээд волейболын багийн эзэн Солонгос хүн намайг тус багтай холбож өгсөн.
-Жон Жи Хунг. Монголын волейболын спортод үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа хүн шүү?
-Тийм ээ. Тэр хүн намад Солонгост тоглох боломжийг олгосон. “Солонгосын багийн дасгалжуулагчид чиний тухай хэлсэн. Чи сайн тоглож өөрийгөө нэг харуулаадхаарай” гэсэн. Тэмцээний үеэр Солонгосын багтай шууд л хамт байрлаж, бэлтгэл хийсэн. Бэлтгэлийн үеэр долоо хоногийн турш сонгон шалгаруулалт давхар явагдаж тэнцсэн дээ. “Hanyang” их сургуулийн баг ч тэмцээнд түрүүлсэн.
- Тэгэхээр БНСУ-д очоод “Hanyang” их сургуулийн багт орсон гэсэн үг үү?
-Тийм ээ. Би аравдугаар ангиа төгсч байсан ч элсэлтийн шалгалтад оролгүй шууд Солонгосыг зорьсон. “Hanyang” их сургууль сургалтаараа төдийгүй волейболын спортоороо улсдаа тэргүүлдэг. Тоглогчид нь дээд лигтээ тоглодог, улсынхаа шигшээгийн тамирчид. Солонгост хэрвээ сайн тамирчин болъё гэвэл боловсрол, ирээдүйн мэргэжил гээд бүгдийг нь хойш тавьдаг юм билээ. 10 жилийнхээ шалгалтыг завсар зайгаараа өгчихвөл их сургууль асуудалгүй. Их сургуулиа төгсөөд хамгийн гол зорилго зөвхөн дээд лигт орох. Дээд лигт орчихвол амьдрал нь 100 хувь баталгаатай, санаа зовох зүйлгүй болчихно. Монголын нөхцөлд эсрэгээрээ нэгдүгээрт боловсрол, хоёрдугаарт спорт шүү дээ.
ШАНТРААД МОНГОЛДОО ИРЭХЭД ААВЫН МИНЬ ХЭЛСЭН ҮГС НАМАЙГ БУЦААСАН
-Солонгост волейболоор тэргүүлэгч их сургуулийн багт очсон Монгол залууг ямар орчин угтав?
-Гурван сар орчим Солонгос хэлний бэлтгэлд суусан. Гэтэл дасгалжуулагч “Чи хоцрогдчих гээд байна. Их сургууль руу ор” гээд. Дөнгөж “Сайн байна уу” гээд мэндчилгээний үгтэй юугаа ч мэдэхгүй хүүхэд “Hanyang” их сургуулийн спортын ангийн оюутан болчихсон. Өөрөө хичээгээд, багийн хүүхдүүд маань туслаад хэцүү бүхнийг давсан. Гэхдээ дунд нь шантраад сургуулиа орхиж Монголдоо ирсэн үе бас бий. /инээв.сур/.
-Хэдий хугацааны дараа?
-Нэгдүгээр курст байхдаа шантраад Монголдоо ирсэн. Хэл ус мэдэхгүй, хоол унд нь тохирохгүй, нүүр амаар юм гараад л. Хамгийн гол нь өндөр ачаалалтай бэлтгэл хийдэг учраас гэмтэл бэртэл авна, аймаар өвдөнө. Шантраад л шууд болилоо гэдгээ аав, ээждээ хэлэхэд “Миний хүү болохгүй байгаа бол яахав дээ. Гэртээ хүрээд ир” гэсэн. Гэртээ ирээд удалгүй ааваасаа сонссон хэдхэн үг намайг буцаад явахад хүргэсэн.
-Шантраад явж байгаагаа Солонгос дасгалжуулагч нартаа хэлсэн үү?
-Үгүй. Монгол явчихаад ирье л гэсэн. Тэгсэн мөртлөө бүх хувцсаа аваад л ниссэн.
-Гэртээ хүрээд ир гэчихээд аав их л хатуу зэмлэл хүртээж дээ?
-Гэртээ ирээд хэд хоног сайхан байсан. Нэг өдөр дуудаснаа “Миний хүү өөрөө л мэд. Хүн болгон чамайг Солонгос явахад баярласан. Олон хүний итгэлийг дааж чи Солонгос явсан. Мэдээж аав, ээж нь чамайг буруутгахгүй. Уул нь бол эр хүн хэлсэндээ л гэдэг..” гэхэд л шийдвэрээ өөрчилсөн дөө. Би шуудхан л аавдаа “Маргааш явлаа. Билетээ захиалъя” гэсэн.
-Тэгээд маргааш нь Солонгос нисчихсэн үү?
-Тэгсэн.
-Яах аргагүй аавын хэлсэн ухаарлын үгс хүүгээ ийм өндөр төвшний тоглогч болгожээ?
-Солонгост байхдаа өөрийгөө жижигхэн хайрцганд орчихсон гэж төсөөлдөг байсан. Шантраад нөгөө хайрцганд орсон ч дахиад л чадахгүй. Хэрвээ би аавынхаа хэлсэн үгнээс ухаарал авч буцаагүй бол өөрийгөө олж нээж чадахгүй хайрцагнаас хайрцаг хэссэн л хүн байх байсан. Нэг хайрцагнаас эцсийн нь үзээд гарвал дараагийнх нь адилхан.
Хоёр, гуравдугаар курст дахиад л шантрах үе зөндөө гарсан. Гуравдугаар курст хөлөө гэмтээчихээд нэг л тоглож болохгүй хэцүү байсан. Тэр үед дахиад л аав, ээжтэйгээ болих уу гээд ярилцсан. Ээж “Миний хүү одоо боль. Наана чинь гэмтэж бэртээд нэг л болохгүй байна ир” гэж байсан.
Тоглолт, бэлтгэл сургуулилт яг гоё болж ирээд л гэмтэл авчихна. Солонгост мэргэжлийн түвшинд ганцаараа Монгол хүн, анхны тоглогч учраас маш их тэвчсэн. Өвдөх, шантрах бүртээ нуудаг байлаа. Зарим нь тоглоом шоглоомоор “Чи энд бэртэх гэж ирсэн юм уу. Эмчлүүлэх гэж ирсэн юм уу” гэж хүртэл хэлээд л. Дасгалжуулагч нар надад хэлэхгүй ч цаанаа юу ярьж байгаа бол гэж бодохоос эмзэглээд л. Эмчилгээний тэр их мөнгийг сургуулиас гаргаж байгаа гэж бодохоор болимоор санагдаад. Гэсэн ч өнөөх хайрцагны бодол намайг эцсийг үзэхэд хүргэсэн.
ХӨЛ МИНЬ МЭДЭЭГҮЙ БОЛЖ ЗУРГААН САР ЭМНЭЛЭГИЙН ОРОН ДЭЭР.....
-Тийм удаан хугацаанд гэмтэлтэй байсан юм уу?
-Миний хөлний мэдрэлийн судас гэмтчихсэн. Хөл мэдээгүй болж, зургаан сар орчим эмнэлгийн орон дээр байсан. Орноосоо босоод дөрвөн сар таягтай. Ингээд л өнөөх яг гоё болчихсон учраа олчихсон байсан бэлтгэлд минь өөрчлөлт орчихсон.
-Хөл нь мэдээгүй болоход гэрийнхэнд хэцүү байсан байх?
-Би сар гаруй аав, ээжээсээ нуусан. Хэдийгээр сургуулиас эмчилгээний төлбөрийг дааж байгаа ч оюутан учраас надад ойр зуурын мөнгө хэрэгтэй болсон. Сар гаруй огт хэлэлгүй байж байгаад эхлээд эгчдээ хэлсэн. “Яаж ийгээд хоёулаа зохицуулъя. Та битгий аав, ээжид хэлээрэй” гээд эгчээсээ гуйсан ч аав, ээжид хэлсэн байсан. Ээж минь надтай утсаар зүгээр ярьчихаад дуусаад л уйлдаг байсан гэсэн. Яаж олигтой байхав дээ. Эмнэлгээсээ гараад Монголдоо 2013 оны арваннэгдүгээр сард бүрмөсөн ирсэн.
-Одоо тэгээд гайгүй юу. Азийн Зүүн бүсийн АШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолтод эхний үед гэмтэл нь сэдэрсэн гээд сэлгээний суудалд суусан. Хоёрдугаар үед өвчин намдаах тариа хийлгэж гарч ирж тоглосон гэсний учиг энэ байж?
-Тэмцээн эхлэхийн өмнө ес хоног өвдөлт эхэлж, бэлтгэл хийгээгүй. Нурууны булчингийн гэмтэл сэдэрч, өвдөлт нь ихэссэн. Суувал босч чадахгүй, зогсохоороо сууж чадахгүй болчихоод. Тариа тариулаад, булчин суллах гэж үзээд болоогүй. Тэгээд тоглолт бүрийн өмнө хоёр цагийн үйлчилгээтэй, өвчин намдаах тариа хийлгэж тоглосон.
Тэмцээний үеэр өвдөж явсаар сүүлдээ тарианд дарагдахаа больчихсон. Сүүлчийн тоглолтын үеэр бүр илүү өвдсөн. Шийдвэрлэх тоглолтод баг маань хожигдоод, сэлгээнд сууж байгаадаа стресстээд л. Гэхдээ тамирчин хүн гэмтэж бэртдэг болохоор би ач холбогдол өгөөд байдаггүй. Тийм ч болохоор хоёрдугаар үеэс шүдээ зуугаад л тоглосон. Бэлтгэл дууссаны дараа хөл гацах эсвэл нугарахгүй байх зовиур бий. Орой, өглөө өвддөг ч одоо дасчихсан. Эмзэглэхээ ч больчихсон.
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГТ ТОГЛОХ УРИЛГА ОДОО Ч ИРДЭГ
-БНСУ-ын оюутны дээд лигт тоглож байхдаа ямар амжилт үзүүлэв?
-Оюутны дээд, доод лигтэй. Миний хувьд дээд лигт тоглодог байсан. Найман багаас сайн тоглосон баг нь үндэсний дээд лиг рүү ордог системтэй. Манай сургуулийн баг оюутны дээд лигийн топ баг нь. Тоглогчид нь ч үндэсний дээд лигийн багт сонгогдож ордог. Хоёрдугаар курст байхдаа дээд лигт түрүүлсэн. 2011 онд Японд зохиогдсон долоон орон оролцсон тэмцээнд хоёрдугаарт байрт шалгарсан. Солонгос улсад мөнгө, хүрэл медаль гэж байдаггүй. Зөвхөн алтан медаль өгдөг. Финалын төлөө олон тоглож, манайхаар бол мөнгөн медалийн болзол зөндөө хангасан.
-Дээд лигт орчихвол амьдрал 100 хувь баталгаатай болж, санаа зовох зүйлгүй болдог гэж яриандаа цухас дурдсан. Гэмтээгүй байсан бол дээд лиг их ойрхон байж дээ?
-Тийм ээ. Гэмтээгүй байхдаа топ тамирчдын жагсаалтад багтдаг байсан. Драфтаар эхний зургаан тамирчин үндэсний дээд лигт сонгогддог. Топ зургаан тоглогчийн эхний гуравт бичигддэг байсан. Дээд лигт тоглох болзол хангасан ч заавал таван жил тоглож иргэншил авдаг. Манай сургуулиас жилийн чөлөө автоматаар өгчихсөн. Жилийн дараа тоглох гэтэл гэмтэл авсан. Тэгээд л болихоор шийдэж, эх орондоо ирсэн. Жилийн чөлөө болгочихсон болохоор сургуулиа ч төгсч чадаагүй. Гэхдээ сургуулиас дипломыг маань гаргаж өгөхөөр болсон гэсэн. Буцаж ирээд тогловол өгье гээд байгаа бас. /инээв.сур/
-Буцаад ирээч гэдэг санал тавьж байгаа гэдэг нь Монголдоо ирээд тоглоод эхэлснийг тань мэдсэн байх нь ээ?
-Би багштайгаа байнга холбоотой байдаг. Солонгосын оюутны волейболын холбооны ерөнхийлөгч, БНСУ-ын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын алба хашдаг Park Yong Kyu гэж хүн бий. Үндэсний шигшээ багийн гол тамирчдыг тасралтгүй бэлтгэж байгаа хүн. Миний Солонгос аав. Их сургуулийн шигшээ багаас чөлөөлөгдөж, дээд лигт ахлах дасгалжуулагчаар дэвшин томилогдсон. “Миний багт хүрээд ир. Гэмтлээсээ болоод боломжоо алдсан учраас чамд харамсаад байх юм. Гэхдээ Монголдоо чамайг тоглож байгаа, өмнөхөөсөө илүү болсон гэж дуулсан. Буцаад ир” гээд байгаа.
-Шийдвэрээ гаргасан байгаа юу?
-БНСУ-д хийдэг бэлтгэл маш их ачаалалтай. Хөлний гэмтэл тэр их ачааллыг дахиад даах уу гэдэг хэцүү л дээ.
Тэнд хүмүүсийн санааг зовоогоод л. Залуу хүн юм чинь дахин бэртэхийг хүсэхгүй байна.
Тийм болохоор ажлаа хийгээд Монголдоо байхыг илүүд үзээд байна. Монголд ирчихээд нэг жил амралтын байдалтай байсан.
2014 оноос лигт тоглож улмаар ажил хийе, алийн болгон аав, ээжээсээ мөнгө авахав дээ гэж бодсон. н.Одхүү захиралд хандахад намайг ажилд авсан. “Номун табак” компанид менежер хийдэг. Бас хүүхэд, залуучуудад сурсан мэдсэнээ заах хүсэлтэй болохоор Монголдоо байхыг хүсч байна.
ӨГЛӨӨНИЙ 04.00 ЦАГААС ШӨНӨ ДУНД ХҮРТЭЛ БЭЛТГЭЛ ХИЙДЭГ БАЙСАН
-Бэлтгэл маш их ачаалалтай, аймаар өвддөг байсан гэдгийг хэд, хэдэн удаа хэллээ. Бэлтгэлийн хуваарийг нь сонирхвол?
-Хүмүүс сонсохоор гайхдаг юм аа. /инээв.сур/ Өглөөний бэлтгэл 04.00-06.00 цагт. 06.00-08.00 цагт өглөөний хоолондоо орно. Нэг цаг амраад 09.00-12.00 хүртэл бэлтгэлтэй. Хоолондоо орчихоод өдөр 14.30-16.00 цаг хүртэл бэлтгэл. 16.00-18.00 цаг хүртэл хоолоо идчихээд хэсэг хугацаанд амарна. Тэгээд 20.00-00.30 хүртэл оройн бэлтгэлтэй. Долоо хоног өдөр бүр ийм амьдралаар таван жилийг өнгөрүүлсэн.
-Чөлөөт цаг гэж байхгүй?
-Тав дахь өдөр заримдаа аялан тоглолт хийнэ. Хожвол амралтын өдрүүдээр амрах боломж олгоно. Гэхдээ бүтэн өдрөөр бараг л амраахгүй дээ.
-БНСУ-ын оюутны дээд лигт тоглож байгаад Монголд ирээд лигт тоглоход ямар ялгаа байна?
-Би Монгол тоглогчдоороо бахархдаг. Эмэгтэй тоглогчдоос ээж болон Нарантуяа эгчээс үлгэр дуурайл авдаг. Монголын волейболчид үнэхээр потенциал өндөртэй. Би арай түвшин өндөр тоглогч нартай Солонгост тоглож байгаад ирсэн. Шигшээ багтайгаа тоглочихоод 1-2 жилийн дараа бид нураах юм байна гэж бодогдсон.
Бэлтгэлээ сайн хийгээд байвал бидэнд дутагдах зүйл байхгүй. Би н.Сайнбилэг ахын тоглолтыг багаасаа л харж, үсрэлт, довтолгоог нь биширдэг байлаа. Гэтэл өнөөдөр Монгол Улсын шигшээд дуудагдаж, ахтайгаа гар нийлж тоглосондоо баярладаг. Дахиад ч хамт тоглохыг хүсч байна. Даваажаргал зоригтой тоглож багаа сэргээдэг. Хар багаасаа хамт явсан, төрсөн ахаас минь өөрцгүй Мөнхбаяр ах, Цэрэнбаатар гээд үнэхээр сайн тоглогчид шигшээд бий.
-ОУХМ цолны болзол хангасан уу?
-Үгүй. 2010 онд спортын мастер цол авсан. Монгол Улсын шигшээд 2010 онд 15 настайдаа дуудагдсан ч Солонгост тогтмол тэмцээнтэй учраас тоглож чадаагүй. Тийм болохоор ОУХМ цолоо аваагүй л явна.
-Э.Сайханбаатар багшийн шавь боллоо, баяртай байна гэдэг пост фэйсбүүкээр нь дүүрэн байсан. Волейболын сургалт явуулдаг юм билээ?
-Тийм ээ. Хүүхдүүдэд аль болох багаас нь зааж өгөхийг хүсч байгаа. Сонирхогчдын хувьд гэхэд ядаж зөв техниктэй болгохыг зорьдог. Ээжтэйгээ хамтраад волейболын сургалт явуулдаг. 10 жилийн хүүхэд, оюутан залуус, ажил эрхэлдэг хүмүүс суралцдаг. Волейболын спортын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахаар ээжтэйгээ хамт зүтгэж байна. Энэ хүсэл мөрөөдлөөсөө болоод бас Солонгос аавынхаа хүсэлтээс татгалзсан.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье. Волейболын спортод ирээдүйн олон Э.Сайханбаатарыг ээжтэйгээ хамтраад бэлдэж өгөөрэй?
-Хичээх болно. Танай сайтын хамт олонд бас талархсанаа илэрхийлье. Та бүхэнд ч ажлын амжилт хүсье.