1940 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүүнд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын заан Шаравын Ванчинхүү, Дорнод аймгийн Чойбалсан сумын харьяат улсын заан Учралын Дамчаа нар шалгаран үлдлээ.
Тэдний барилдаан тун сонирхолтой болж, Дамчаа заан хонгодож дайрахад Ванчинхүү дагуулж гуядаад хоёул бараг зэрэг газарджээ. Ванчинхүү босч ирээд “Би унасан байх аа, та дав” гэхэд Дамчаа нь “Үгүй ээ, би түрүүлж өвдөг шороодсон. Та давсан” гээд зогсч байсан гэдэг. Энэ бол монгол бөх, монгол эр хүний ёс жудгийг харуулсан нэгэн сайхан түүх байв.
Харин одоо улсын баяр наадамд, тэр тусмаа үзүүр түрүүнд өөрийн өвдөг шороодсоныг үнэнчээр хүлээн зөвшөөрч, учраа бөхөө давуулах гээд зогсох бөх олдох болов уу?
Монголчууд бид жинхэнэ эр хүнийг бөхчүүдээр төсөөлж, бөх хүн ороод гарвал гэрийн жавар үргэлээ гэж бэлгэшээдэг улс. Гэвч бөхчүүд ард түмнийхээ энэ их хайр хүндэтгэлийг дааж чадаж байна уу? Наадам дөхсөн үед энэ бол хөндөх сэдэв мөн.
Улсын наадамд Дорж, Дондогийн хэн нь ч түрүүлсэн яахав, хамгийн гол нь бөхийн барилдаан будлиан маргаангүй, элдэв найраанаас хол байгаасай гэж хамгийн их хүсэх юм. Сүүлийн үед хар бараан мэдээлэл байсхийгээд л чих дэлсдэг болсон учраас санаа зовохоос ч аргагүй. Мэдээж бөхчүүд хүч, бяраа шавхан барилдаж байгаа учраас хор шар, ширүүн тэмцэл байлгүй л яахав. Тэр ч байтугай учраа бөхөө “Энэ чиний ээжийг алсан хүн” гэж дотроо бодон өөрийгөө ирлэх ёстой гэдэг шүү дээ. Гэхдээ энэ өрсөлдөөн хэм хэмжээнээсээ хэтэрч яасан ч болохгүй.
Мэр сэр бөхчүүдийн жудаггүй занг Монголын нийт бөхчүүдэд нялзааж ард түмэн минь ойлгох вий гэж санаа зовж явдаг юм.
Аймгийн цолтой бөх өөрийг нь амлаж давсан улсын арсланг цохиод авахыг бид харлаа. Улсын начин цолны босго алхаад ганцхан жил болж буй залуу хүчтэн олимп, дэлхийн медальтай улсын харцага хүнийг уурандаа дэлсээд авсан түүх саяхных. За тэгээд илэрхий уначихаад зэрэгцээд дэвэх, тахимаа өгөхгүй гүрийж зогсох, унаж байгаа бөхөө дээрээс нь нидрэх гээд зохисгүй үйлдэл бараг энгийн үзэгдэл болсон. Бид ч ийм зүйл харсаар байгаад бараг дөжрөх шахаж.
Цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ спортын “Таван цагариг” сонинд өгсөн ярилцлагадаа “Бөхөөс барилдааных нь ур чадварыг харж баясахаас гадна хүн чанар, ёс жудаг, зан суртахууныг нь харж үлгэр авч байдаг болохоор бөхчүүдийн алдаатай, гаж буруу үйлдэл ард түмэнд хүнд тусдаг. Мэр сэр бөхчүүдийн жудаггүй занг Монголын нийт бөхчүүдэд нялзааж ард түмэн минь ойлгох вий гэж санаа зовж явдаг юм. Нэг тэмээний хоргол өнхрөхөд мянган тэмээ бүдэрдэг гэж үг байдаг. Бөхчүүд бидний алдар цол гуншинд ард түмний минь хайр хүндэтгэл шингээстэй байдаг гэдгийг мартаж болохгүй” хэмээн хэлжээ. Үнэхээр аваргын хэлсэнчлэн цөөн хэдэн бөхийн увайгүй үйлдэл нийт бөхчүүдийн нэр хүндийг унагаад байдаг нь харамсалтай.
Бас найраа гэгч айхтар зүйл үндэсний бөхийг муухай харагдуулдаг болоод удлаа. Нэг жил 17 начин төрж байсантай харьцуулахад найраа хамаагүй багассан. Даваа бүрийг цолтой болгож, бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлдэг болсон нь үүнтэй холбоотой байв. Гэхдээ л даваа өгч, авалцах үзэгдэл амь бөхтэй оршсон хэвээр. Харьж яваа ахмад цолтон гурвын даваанд нутгийн өсөх ирээдүйтэй залууг амлаж, тунаанаас гаргахыг би найраа гэж хэлээгүй юм шүү. Энэ бол монгол бөхөд эртнээс байсан уламжлал. Харин гарцаагүй шөвгөрнө, цолоо баталж, ахиулна хэмээн итгэл хүлээлгэсэн залуу хүчтэнүүд начны даваанд өөрийн нутгийн залууг амлан авч, “яах аргагүй” өвдөг шороодож байгааг хараад сэтгэл эмзэглэх юм. Тэднийг цолоо ахиулсан гээд нутаг орон, харьяалагддаг байгууллага нь байр, машин, халуун хошуутай малаар мялааж, илүү сайн барилдахыг хүсэн ерөөдөг. Гэтэл дараа жил нь хэдэн төгрөгний төлөө бусдад бууж өгөөд байгаа нь өнөө цагийн хамгийн том эмгэнэл юм.
Мэдээж шинэ залуу бөхчүүд том цолд хүрч, алдар нэрээ дуудуулах нь сайхан хэрэг. Гэхдээ авсан цолныхоо хэмжээнд барилдах том үүрэг даалгавар бийг мартаж болохгүй. Дархан аварга Д.Цэрэнтогтох нэгэнтээ “Ноднин улсын наадамд үзүүрлэж, түрүүлсэн бөхчүүд энэ жилийн долоогийн даваанд яс гозойж байх хэрэгтэй юм” хэмээн хэлснийг бодох л ёстой. Бид зургаан залуу зааныг яагаад хайрлаж, хүндэлдэг байв. Тэд уран, хурц барилдаан гаргахаас гадна цолондоо бүрэн дүүрэн эзэн нь байж чаддаг байлаа. Өөр хоорондоо барилдаж өвдөг шороодоно уу гэхээс бусад бөхчүүдэд хазайх нь бараг үгүй. Гэтэл одоогийн том цолтнууд энэ хэмжээнд байж чадаж байгаа бил үү?
Ёс жудгаа сахиж, үлгэр жишээ биеэ авч яваа бөх олон бий. Б.Бат-Эрдэнэ аварга, И.Доржсамбуу, Д.Рагчаа гарьд гээд бусдын хайр хүндлэлийг хүлээсэн бөх олныг нэрлэж болно. Бас монгол эр хүний жудгийг харуулсан сайхан жишээ ч олон.
Сүүлийн үеийн бөхчүүдээс Д.Ганхуяг 2008 онд түрүүлж арслан болоод дараа жил нь үзүүрлэсэн. Г.Эрхэмбаяр 2011 онд ес давж үзүүрлээд хоёр жилийн дараа түрүүлэн аварга цол хүртсэн. Түүнчлэн С.Мөнхбат аварга болсныхоо дараа жил доогуур даваанд унасан ч 2013 онд долоо даван их шөвөгт үлдэж байв. Бас жил бүр шөвгөрч, үнэн хүчээрээ барилдаж байгаа Х.Мөнхбаатар арсланг энд дурдах ёстой. Харин бусад арслан, гарьд цолныхоо хэмжээнд барилдаж чадахгүй байна гээд хэлчихэд буруудахгүй байх.
Бөх хүний үндсэн үүрэг нь уран мэхийг уралдуулан барилдаж, ард түмнээ баярлуулах. Харин хоорондоо нударга зөрүүлж, зүлэг ногоон дэвжээн дээрээ маргалдаж, найраа хийгээд байвал хэн үзэх билээ. Хэрэв үзэгчгүй бол бөхийн спорт, бөхчүүд хэн ч биш болно. Үүнийг л бөхчүүд маань ойлгож, ухамсарлаасай.
Ёс жудгаа сахиж, үлгэр жишээ биеэ авч яваа бөх олон бий. Б.Бат-Эрдэнэ аварга, И.Доржсамбуу, Д.Рагчаа гарьд гээд бусдын хайр хүндлэлийг хүлээсэн бөх олныг нэрлэж болно. Бас монгол эр хүний жудгийг харуулсан сайхан жишээ ч олон. Үүнээс хамгийн алдартай нь “Хоёр Эрдэнэ”-ийн 1996 оны наадмын барилдаан байлаа. Тэр жил Бат-Эрдэнэ аваргын хөлний гэмтэл бүрэн эдгээгүй байсан тул наадамд барилдахгүй ч байж магадгүй гэгдэж байв. Гэсэн ч гэмтсэн шагайгаа сайн гэгч нь боож аваад зодоглосон юм. Тэр жил аварга учраа бүрээ давсаар Д.Мөнх-Эрдэнэ арслантай дөрөв дэх удаагаа үзүүр, түрүүнд үлдсэн билээ.
“Хоёр Эрдэнэ”-ийн хүч шавхсан барилдаан дөрвөн цаг гаруй үргэлжилж, үнээ саалгадаггүй “Хоёр Мөнх”- ийн дээд амжилтыг эвдсэн. Ингээд эцэст нь Бат-Эрдэнэ аварга давж, төрийн наадмаа найм дахь удаагаа манлайлсан билээ. Хэрэв Мөнх-Эрдэнэ арслан тухайн үед аваргын гэмтэлтэй хөл рүү мэдэн будилаад ганц өшиглөсөн бол түрүүлж, аварга цолд хүрч болох л байсан. Гэвч монгол бөхийн ёс жудгийг харуулж, үнэн хүчээрээ барилдсаар өвдөг шороодсон билээ. Арваад жилийн өмнөх энэ түүх олон жил яригдах сайхан дурсамж болж үлдэх нь гарцаагүй.
1940 онд У.Дамчаа заан, 1996 онд Д.Мөнх-Эрдэнэ арслан улсын наадамд түрүүлэх боломжоо алдсан ч гайхалтай сайхан ёс жудгийнхаа ачаар домог мэт яригдан үлдсэн. Үүн шиг гайхалтай түүх улам арвин болж, бөхчүүд маань ёс жудгаа хадгалж үлдээсэй гэж хүссэндээ дээрх хэдэн мөрийг тэрлэлээ.
Улсын наадамд хэн ч түрүүлсэн яах вэ. Хамгийн гол нь наадмын бөхийн барилдаан маргаан, будлиангүй сайхан болоосой гэж хүсэх юм.
Г.Баярсайхан