Хэдхэн хоногийн дараа наадам болох гэж байна. Наадамчин олны хамгийн их хүсэн хүлээдэг мөч бол бөхийн барилдаан үзэх байдаг. Иймд энэ удаагийн Gogo Cafe буландаа бид бөх судлаач, түүхч Н.Зоригтбаатарыг урилаа. Тэрээр 1921 оноос өмнөх монгол бөхийн түүхийг судалдаг, бөхчүүдийн намтар судлаач, "Гайхамшигт Монгол бөх", "Хулгар Нацаг", "Эгнэшгүй хүчит Ш.Намхай аварга" зэрэг 5 номын зохиогч.
Ш.НАМХАЙ АВАРГЫН АМЖИЛТ Х.БАЯНМӨНХ, Б.БАТ-ЭРДЭНЭ ХОЁРЫН НИЙЛБЭР БАЙХГҮЙ ЮУ
-Бөхийн түүхийн талаар ярихаас өмнө таныг яагаад түүхч болсныг асууя.
-Би Улсын багшийн их сургуулийн түүх газар зүйн ангийг 1981 онд төгссөн. Түүхч, бас байгалиа ч гадарладаг. 1988 онд хуучин цагт Намын дээд сургууль, одоогийнхоор Удирдлагын академийнн Төрийн захиргааны удирдлагын ангийг төгссөн.
Би чөлөөт бөхөөр 10-аад жил хичээллэсэн, улсын нэгдүгээр зэргийн тамирчин болоод цааш яваагүй. Харин миний удамд улсын цолтой дөрвөн бөх бий. Тэднээс хамгийн том нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын далай даян дархан аварга, гавьяат тамирчин А.Сүхбат. Түүний дараа орох бөх нь 1830 оны Долоон хошуу даншиг наадамд 1032 бөхөөс 11 давж түрүүлсэн Хундагаа арслан гэж алдартай бөх. Тэгээд 1921 оноос хойш барилдсан н.Төмөрсүх. Манай удмаас дөрвөн аймгийн арслан төрсөн. Би эцгийн талдаа ч, эхийн талдаа ч бөхийн удамтай, харин өөрөө барилдаад шалиагүй. Гэхдээ түүхч мэргэжил эзэмшсэн болохоор энэ бүхэн уялдаж явсаар бөхийн түүх рүү орчихсон. 1975 оноос эхлээд 40 жил Монгол бөхийн түүхийг сайн дураараа судалж байна. Хобби юм даа.
-Та "Эгнэшгүй хүчит Ш.Намхай аварга" номоо бичихдээ 32 жил материал цуглуулсан гэдэг. Яагаад тэр билээ?
Ш.Намхай аварга төрийнхөө их баяр наадмаар 19 удаа түрүүлж, долоо үзүүрлэсэн. Наадмын үзүүр түрүүнд 26 удаа очсон хүн түүнээс өөр үгүй.
-Миний номнуудаас Монголчуудын мэддэг, хамгийн алдартай нь "Эгнэшгүй хүчит Ш.Намхай аварга" гэдэг ном. Энэ хүн одоогийн байдлаар Монгол бөхийн түүхэн дэх хамгийн дээд амжилтыг тогтоосон. Тэр хүний амьдралыг өгүүлсэн, төрсөн цагаас нь нас барах хүртэлх 41 жилийн амьдралыг нь судалж бичсэн юм. Энэ номондоо би 32 жилийг зарцуулсан. Нэг ёсондоо бөхөд дон тусчихгүй юу.
1921 оноос хойшхи бөхчүүдийг нарийвчлан судалдаггүй. Яагаад гэхээр тэр бүхэн сонин хэвлэлд тодорхой бий. Тэрнээс өмнөх нь л хамгийн сонин. Жишээлбэл Ш.Намхай аварга төрийнхөө их баяр наадмаар 19 удаа түрүүлж, долоо үзүүрлэсэн. Наадмын үзүүр түрүүнд 26 удаа очсон хүн түүнээс өөр байдаггүй. Цаашдаа ч байхгүй. Энэ юу гэсэн үг гэхээр Ш.Намхай аваргын амжилт Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ хоёрын нийлбэр байхгүй юу. Б.Бат-Эрдэнэ нэг удаа үзүүрлэсэн.
Ш.Намхай аваргын түүхийг бичихдээ би 1970-аад оноос эхлэн, тэр үед 70, 80, 90 нас хүрчихсэн эмгэд, өвгөдтэй хуучлан мэдээлэл олж авсан.
Нийт 50-иад өвгөний яриаг авч үлдсэн. Би ингэж л бөх рүү орсон. Ингэж байтал 1990-ээд оноос миний удмын А.Сүхбат гэж хүү гарч ирсэн. Анх Хэнтий аймагт арслан болсон юм. Тэгэхээр бүр их хорхойтой болж таарна шүү дээ. Би дүүгийнхээ дээлийн захыг олон жил мушгиж байна. Г.Өсөхбаяр аваргад тийрүүлэхэд би дэргэд нь байлаа. Түргэний машин ирээд Х.Баянмөнх аваргатай хамт аваад явсан юм. Дүүгээ барилдахаа болимогц би Бөхийн өргөөнд дахин ороогүй. Орох ч үгүй. Одоогийн бөхийн удирдлагуудыг солигдтол би орохгүй гэж боддог. Ямарч тохиолдолд би ордоггүй. Би дүүтэйгээ зөвлөдөг. А.Сүхбат аварга зодог тайлахыг мэдэж байсан гурван хүний нэг нь би.
Ноднин монгол бөхийн түүхэнд анх удаа дархан аварга цолтой нь дархан аваргаа авлаа. Энэ талаар дүү бид хоёр хоёулхнаа зөвлөлдсөн.
ЭНЭ ТОМ ЦООРХОЙГ ОЛЖ ХАРСАН УЧРААС Л БИ ОЛОН ЖИЛ БӨХИЙН ТҮҮХ СУДАЛСАН
-Та Ш.Намхай аваргын талаар дэлгэрүүлээд ярихгүй юу. Залуу үеийн бид нэрийг нь сонссоноос цаашгүй. Та үүх түүхийг нь судалсны хувьд тэр хүний их амжилтын учир шалтгаан юунд байв. Яагаад тэр амжилтыг нь залуу бөхчүүд давтаж чадаагүй вэ?
-Х.Баянмөнх аварга 10 түрүүлсэн, Б.Бат-Эрдэнэ аварга 11 түрүүлсэн гээд л яриад байна. 10-аас дээш удаа түрүүлсэн бөх Монголд дор хаяж ес байна. Үүнийг яагаад ярьдаггүй юм. Ерөөсөө сонирхдоггүй, Үндэсний бөхийн холбоо ч судалдаггүй, судлах чадвар, мэдлэггүй, архивт сууж үзээгүй. Энэ том цоорхойг олж харсан учраас л би олон жил бөхийн түүх судалсан.
Сэцэн ханы Г.Өсөхбаяр гэж аварга байсан юм. 1850-иад оны хүн. Энэ бөх улсын наадамд 12 түрүүлсэн. Р.Ринчен аварга доод тал нь 10 түрүүлсэн. н.Намжилжүг аварга хамгийн багаар бодоход 13 түрүүлсэн. Харамсалтай нь тэдний материал олддоггүй. Ингээд бодохоор агуу амжилтууд зөндөө. Тэр том аваргууд байсан байх нь байна шүү дээ. Бид тэднээр бахархмаар байна. Энэ том аваргуудын дотроос онцгойлон шалгарсан тэр аварга бол Ш.Намхай аварга. Үүнийг өнөөдөр бөхийн бүх судлаач, үндэсний бөхийн холбооны удирдлага хүлээн зөвшөөрч шагшдаг.
Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан гуай Ш.Намхай аваргад зориулан хачин гоё дуу бүтээсэн. Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин 1990-ээд оны дундуур дуулсан юм. Ш.Намхай аварга бол гайхамшгийн гайхамшиг. Юун Б.Бат-Эрдэнэ, юун Х.Баянмөнх вэ? Намхай аваргын хөшөөг төрсөн нутаг Булган аймагт нь босгосон. Өвөрхангай Хархорины алдартай барималч залуу барьсан юм.
Надаас асууж байж босгосон. Би Ш.Намхай аваргын бөхийн 32 шинжийг судалсан болохоор тэр дагуу хийлгээд, нас тогтож, 37-38-тай болов уу гэмээр дүр төрхийг нь мөнхөлсөн. Энэ хүн 1870 оны гал морин жилд одоогийнхоор тавдугаар сард төрсөн юм билээ. Энэ жил дэлхийд олон алдартан төрснөөс Ленин багш төрсөн байдаг. Богд хаанаас нэг дүү, Чин ван Ханддоржоос гурав дүү, өөрийн төрсөн ах, Лувсанжамбаа дархан аваргаас гурав дүү, халхын сайн эр, алдарт бөх Хулгар Нацаг гэж хүнээс гурав дүү хүн байжээ.
Одоогийн Булган аймгийн Сайхан суманд Угалзын голд төрсөн. Би төрсөн хоёр гэрийнх нь буйр, хаваржаа, өвөлжөө, зусланг нь ерөнхийд нь олсон. Тэр зургуудаа би номондоо тавьсан. Төрсөн хоёр ахтай, нэг эгчтэй ийм хүн байгаа юм. Аав нь Шагдар шонхор гэж бас бөх, зарим номон дээр Шагдаржав гэж байгаа, нарийн судлаад үзэхээр Шагдаржав гэдэг юм байна лээ. Ээж нь Бумаа гэж нэртэй. Хоёр гурван нэр явдаг юм, яг тогтоож үзээгүй. 1870-аад оны юмыг тааж ярихад хэцүү.
Ш.Намхай аваргын тухай Булган аймгийн Сайхан суманд байдаг настайчуудаас хэн мэдэж болох вэ гэж шүүсэн юм. Надтай мэддэгээ хуваалцсан таван эх сурвалжаас хамгийн их үнэ цэнэтэй нь Ш.Намхай аваргатай хонины бэлчээрт тоглож өссөн хүний хүргэн гэж 80 гаруй настай өвгөн байсан. Худлаа ярьдаггүй, маш сайхан өвгөн. Малын бага эмч н.Магван гэж хүн байсан. Би н.Магван гуайнд хоёр хоноод гурав дахь орой охинд нь хөөгдөж явсан. 80 гарсан хөгшин хүн харвана, бүтэн хоёр хоног уулзлаа, та одоо явж үз, нойтон хамуу шиг ямар хачин хүн бэ? гээд хөөсөн.
Бид хоёр шөнө, гурван өдөр ярьсан юм. Энэ бол нэгдүгээр эх сурвалж. Ингэсээр 32 жилийн дараа номоо хэвлэсэн. Одоо номондоо тулгуурлаад баримтат кино хийхийг хүсдэг. Завтай болохоороо буюу тэтгэвэрт гарахаараа таван ангитай, уран сайхны кино хийнэ. Өнгөрсөн жил би Д.Хадбаатар аваргын амьдралаас сэдэвлэсэн уран сайхны кино хийгээд, хүүд нь бэлэглэсэн.
Ш.Намхай аварга нийтдээ 17 жил барилдсан, гурван жил өвчтэй байсан. Тэр нь сахарын өвчин байсан юм билээ. 17 жилд Ш.Намхай аварга 1032 бөх барилддаг, долоон хошуу даншиг наадамд 10 удаа түрүүлсэн. Зарим жилүүдэд 1032 бөх барилдах боломжгүй байж. Гантай жил болвол хүн амьтангүй ядардаг учраас шилдэг 136-166 орчим бөхийг дуудан ирүүлээд наадмаа товчхон хийж байжээ. Үүнийг арван засгийн наадам гэнэ. Гэхдээ л төрийн наадам. Энэ наадамд Ш.Намхай аварга ес түрүүлсэн. Ингээд нийт 19 удаа түрүүлж, 7 удаа үзүүрлэсэн.
Гэхдээ гурван удаа ахыгаа дархан аварга болгохын тулд бууж өгсөн байна. Бууж өгөөгүй бол дахиад түрүүлэх нь. Ш.Намхай аварга 24 удаа түрүүлэх боломжтой байсан гэж би үздэг. Хэрвээ сонирхвол энэ бүхэн улсын архивт байгаа. Энэ бол яс баримттай, зохиосон юм огт байхгүй. Ш.Намхай аварга бүх насан туршдаа 11хэн удаа өвдөг шороодсон. Үүний гуравт ахдаа бууж өгсөн. Ахдаа саад болдог бүх бөхийг өөрөө хаячихна.
Зөвхөн түрүүлсэн бөхөд л атан тэмээ, үзүүрлэсэн бөхөд морь өгнө.
Нэг удаа тавын даваанд начин хүнтэй барилдаж байгаад халтирч, дөрөв хөллөсөн байдаг. Ойчилгүй босч ирсэн ч дөрвөн хөлтэй адгуус байдгаас дөрвөн хөлтэй бөх байх ёсгүй гээд бууж өгч байсан. Анх 23-тайдаа улсын наадамд барилдаад, 1032 бөхөөс ес даваад шөвгийн дөрөвт үлдэж, заан цол авсан. Тэр наадамд түрүүлсэн, мундаг том бөх н.Лхамжав арсланд арга буюу унасан. Дараа жил нь үзүүрлэхдээ н.Гонгор арсланд унасан. Нас барах жилдээ, хамгийн сүүлд 41-тэйдээ бие нь маш муу ирээд тавын даваанд арга буюу нэг начинд унасан. Тэгээд 11 уначихлаа.
Сэцэн ханы Буянтай аварга 1930-аад онд Чойбалсан гуайд ингэж хэлсэн байдаг. Буянтай аварга аа та тэр Намхай гээчийг ганц удаа хаяж болоогүй юу гэхэд, "Маршал минь би өөрийгөө атан тэмээний хүчтэй гэж боддог. Харин Ш.Намхай дөрвөн мөчиндөө дөрвөн хангал азарганы хүчтэй. Би тэр хүнийг давах тухай ярихгүй, харин тас татуулаагүйдээ, амьд үлдсэндээ баярладаг" гэжээ.
Тэгэхээр нэг гар нь нэг адууны хүчтэй, цадиггүй их бяртай байсан байгаа юм.
ЭГНЭШГҮЙ ХҮЧИТ Ш.НАМХАЙ, ОЛИМПИЙН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР НАР НЭГ НУТГИЙН, НЭГ ГОЛЫН УЛС ШҮҮ ДЭЭ
-Тэр үеийн аваргуудад ямар бай шагнал өгдөг байсан юм бол?
-Хамгийн дээд шагнал нь атан тэмээ, агт морь байсан. Зөвхөн түрүүлсэн бөхөд л атан тэмээ, үзүүрлэсэн бөхөд морь өгнө. Морин дээр нь нэмж өгдөг хамгийн том шагнал нь тэмээ. Тэр үеийн хамгийн үнэтэй шагнал нь тэмээ. Одоогоор бол 10 саяын үнэтэй, японоос оруулсан жижиг тэрэг байх нь байна.
Ш.Намхай аварга монгол бөхийн түүхэнд цор ганцаараа 11 тэмээгээр шагнуулсан бөх. Нийт хонины тоо нь 240-250 орчим, адуу гэхэд 50-60 байсан. Бөхийн цолыг хос үгээр чимэглэж хэлдэг бол Ш.Намхай аваргын цол чимэглэл 76 үгтэй.
Тийм чимэгтэй ганц л бөх. Шүлэг шиг урт байх нь. Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх хоёрых 40-50 болов уу. Энэ мэт олон дээд амжилт тогтоосон нь гайхамшиг юм.Одоо түрүүлсэн бөхөд Ланд200 өгч байна. Тэгэхээр 11 ланд, 11 байртай хүн байхгүй юу. Сайхан шагналуудыг авч, сайхан амьдарсан. Харамсалтай нь Ш.Намхай аварга лам хүн байсан тул гэрлээгүй, үр хүүхэд нь үлдээгүй. Ах дүү хоёр хоёулхнаа л байсан. Гэхдээ байнга хүрээнд суудаг лам биш л дээ. Улиралдаа нэг удаа очоод ном хурдаг, багаасаа Дайчинвангийн хүрээний хийдэд суусан учраас лам болсон. Нэгэнт сахил хүртсэн болохоор номоо уншаад, лам учраас эхнэр авч болохгүй. Аахил санваараа айхтар хадгалсан, их үнэнч хүн юм билээ.
Н.Түвшинбаярын удамд Ш.Намхай аварга байвал яанаа гээд л би байдаг чадлаараа давхилаа даа.
-Тэр мундаг хүн үр удмаа үлдээх талаар огт бодоогүй гэж үү?
-Бодсон болов уу. Ойр тойрных нь хүмүүс хэлсэн л байж таарна. Нутгийнхан нь болохоор тас нуудаг, хүүхэд байхгүй шүү гэдэг. 2008 оноос хойш би их судалсан. Яагаад гэхээр яг тэр нутгийн, яг тэр голоос Н.Түвшинбаяр олимпийн аварга болсон. Бүр нэг бригадаас шүү. Н.Түвшинбаярын удамд Ш.Намхай аварга байвал яанаа гээд л би байдаг чадлаараа давхилаа даа. Сар гаруй явлаа, байхгүй ээ. Н.Түвшинбаяр аваргын холын хамаатан Ш.Намхай аваргын холын хамаатны төрлийн хүнтэй суусан юм билээ. Харамсалтай нь дундаас нь хүүхэд гараагүй, тэгэхээр найдваргүй. Тийм учраас худлаа юм бичээд хэрэггүй. Ш.Намхай аварга 41 нас наслахдаа хоёр эмэгтэйтэй нэр холбож байсан. Тэр хүн нутгийнхаа 17-18 настай нэг охинд хайр сэтгэлтэй болжээ. Тэр хүний нэр ер олдохгүй байна. Яагаад гэвэл лам учраас багш нар нь эмэгтэй хүнтэй дотгосохыг их хориглодог, Ш.Намхай аварга ч багшаасаа айдаг байсан. Ингээд тэр хүнээс хүүхэдтэй болсон гэх баримт байхгүй. Тэр үеийн хошуу наадам долоо хоног болдог, 1032 бөх барилддаг, цаг наргүй, наадам дуусахад хаад ноёд цуглаад, аваргуудыг дуудаж үргэлжлүүлэн найрлана.
Харин бөхчүүд мэдээж айраг уухгүй. Тэр сайхан бөхчүүдийг хаад хатад дэргэдээ суулгаад, шивэгчингүүдээр үйлчлүүлээд л, тарган махаар дайлдаг байсан. Наадам дуусаад 7-14 хоног ингэж найрладаг байж. Ш.Намхай аваргын үед Наймдугаар Богд төр атгасан. Энэ хүн найман богдоос хамгийн наргианч нь. Ш.Намхай аварга болон энэ бөх судлахын тулд би найман Богдын түүхийг ч судалсан.
ХАЙРТАЙ БӨХ НЬ УЧРААС БОГД ХААН Ш.НАМХАЙ АВАРГЫГ МАШ ИХ ЭРХЛҮҮЛДЭГ, БАЙН БАЙН ТОРГОН ЗОДОГ ШУУДАГ ХИЙЖ ӨГДӨГ БАЙСАН
-Монгол бөхөд цол өгөх ёс хэзээнээс эхэлсэн бэ. Их эртний үүдэлтэй юу?
-1639 онд л энэ ёс эхэлсэн. Чингис хааны үед барилдаж л байсан. Тэр үед баатар гэдэг цол, хоёр дуулга, нум сум, илд бамбай өгдөг байсан юм байна. Яг албан ёсоор буюу морь уралдуулаад, түрүүлсэн моринд Түмэх эх гэдэг цол өгөөд, сур харваанд түрүүлсэн хүнд Мэргэн гэдэг цол өгөөд, түрүүлсэн бөхдөө арслан, тав давбал начин цол өгдгийг 1639 онд Халхууд зохиосон.
Үүнд тухайн үеийн Түшээт хан аймаг маш өндөр үүрэгтэй оролцжээ. Яагаад гэхээр 1639 онд Монголчууд анх удаа Богд хаанаа буюу Занабазар гэдэг тавхан настай хүүг ширээнд залсан. Тэр хүн хий насаараа 5-тай, үнэндээ дөрвөн настай. Эхийн гэдсэнд байсан нэг насыг нэмж хий насаар нь тооцоолсон юм. 40 настайд нь гэдэг худлаа.
Тавхан настай хүүхэд бөх мэдэхгүй болохоор Түшээт хан их үүрэгтэй байсан. Аав нь тэр үеийн ухаалаг ноёдыг цуглуулан, гурван зүйлийн наадам зохиогоод, түрүүлсэн бөхөд ийм цол өгье, долоо давсанд нь заан цол өгье гэж л эхэлсэн. Үүнээс хойш 376 дахь жил нь болж байна. 376 жилийн түүхийг л тодруулах гээд би насаа зориулж байна. Энэ хугацаанд 19 удаа түрүүлсэн цорын ганц хүн нь Ш.Намхай аварга. Аз болоход Ш.Намхай аварга 1911 оныг хүртэл барилдсан. Тийм учраас л түүх нь архивт байна.
Ш.Намхай аваргыг амьдаар нь үзсэн хүн олдоогүй ч найзынх нь хүргэнтэй би учирсан нь ямар их аз вэ? Миний амьдралын хамгийн азтай тохиолдол. Ийм сайхан түүхийг авч үлдсэндээ би өөрийгөө Монголын хамгийн азтай хүн гэж боддог.
-Тэгвэл тэр их хүнээс ядаж л зодог шуудаг нь үлдсэн биз дээ?
-Ш.Намхай аварга наймаас есөн зодог шуудаг оёулсан. Түрүүн үр удам гэж ярьсных түүний хоёр дахь учирсан хүн нь оёдолчин бүсгүй байжээ.
Их аварга Цагаан сараар Богд хаандаа ирж золгодог, наадмын өмнө ч ирдэг. Богд хааны мэдлийн бөх байсан. Хайртай бөх нь учраас Богд хаан Ш.Намхай аваргыг маш их эрхлүүлдэг, байн байн торгон, хамбан хилэн зодог шуудаг, хувцас хийлгэдэг байсан байгаа юм. Наадмын дараа 14-өөс дээш хоногоор өөрийнхөө дэргэд байлгаж, найр хийдэг. Ноёны наадам руу дагуулж явжан гайхуулдаг, ан гөрөөнд ч хамт явдаг. Маш их хүндэлдэг, дотны хүн нь байсан.
Энэ үеэр Ш.Намхай аваргад үйлчилдэг байсан хүмүүсийн нэг нь Дондогдулам хатны дэргэдэх, сайхан н.Думаа гэж эмэгтэй байсан. Одоогоор бол мисс хүүхэн байхгүй юу. Аварга энэ хүүхэнтэй нууц холбоотой байсан ч харамсалтай нь сайхан Думаагаас хүүхэд гараагүй. Яагаад гэвэл Дондогдулам хатны шивэгчин, дотуур хувцас, гоёлын хувцсыг нь оёдог оёдолчин байсан. Энэ хүн Төв аймгийн Эрдэнэсант, Баян-Өнжүүл, Өндөрширээт хавийн хүн байсан юм билээ.
Их гоё, царайлаг хүн байсан. Дондогдулам хатны хувцсыг оёдог байснаас Ш.Намхай аваргад цамц оёсон байх магадлалтай. Нэг цамц нь бол баталгаатай. Маш гоё, торгон цагаан цамцаа Ш.Намхай аварга нас барахдаа Думаад өгсөн байдаг. Думаа нас бартлаа тэр цамцыг үнэрлэж, дэрэн доороо хийж байгаад нас барсан гэх яриа байдаг.
Богд хааны музейн Д.Алтаннавч гэж 20-иод жил энэ музейд ажилласан, мундаг эмэгтэй бий. Энэ хүн бид хоёр ухсаар Думааг олсон юм. Думаагийн оёсон бүх хувцас одоо ч музейд зөндөө бий. Яагаад хүүхэд гаргаагүй вэ гэхээр Богдын ордонд 135 хүн ажиллаж байсан. Түлээчин, тэрэгчин, усчин, тогооч, дэргэдийн шивэгчин зэрэг хүмүүст гэрлэхийг маш хатуу хориглож байв. Хүүхэд гаргасан гэхэд Ш.Намхай аваргаас бүүр хойш, ордонд ажиллахаа болиод л хүүхэд гаргаж, хүнтэй суусан байх магадлалтай. Ийм айхтар юм болсон юм даа.
-Яагаад гэрлэхийг нь хориглодог байсан юм бол?
-Дээр үеийн Европын хаадын үед ч тайган болгон, эрэгтэй хүнийг засдаг уламжлалтай. Яагаад гэвэл хатныг оролдоно. Богд хааны үед ордны эрэгтэйчүүдийг гэрлүүлэхгүй, ерөөсөө эмэгтэй хүн рүү харуулахгүй, хатуу байсан. Эмэгтэйчүүдийг ч мөн адил. Ордонд замбараагүй байдал үүснэ, хэл ам гарна гээд их олон шалтгаантай. Зөвхөн тэр хатандаа л 10-20 жил ажилладаг. Ордонд байх тэр хугацаанд гэрлэх хориотой.
Дондогдулам хатан тэр сайхан аваргыг хараад харамсаад Думаатай нууцаар танилцуулсан байх боломжтой. Богд хаан, Дондогдулам хатан хоёр мэдээгүй дүр үзүүлээд, харсан ч хараагүй юм шиг байна шүү гээд танилцуулсан юм байна лээ.
Ш.Намхай аваргын удам үлдээгүй. Харин ах Ш.Лувсанжамбаа аварга хүү, охин хоёр өргөж авсан, өргөж авсан хүүхдүүдээс нь төрсөн улсуудын долоо дахь үе нь одоо амьдарч байна. Ш.Намхай аваргын долоо дахь үе нь улсын арслан Д.Азжаргал. Би зурагтаар энэ тухай хэд хэдэн удаа хэлсэн, миний номыг олж авсан юмуу үгүй юу. Ерөөсөө над дээр ирж асуудаггүй.
Зодог шуудаг нь хөдөө бий. Тэрийг хамаагүй хэлж болдоггүй, хэлээд ч хэрэггүй.
Гэхдээ өргөмөл хүүхдүүд нь Ш.Намхай аваргын удмын хүмүүс. Өөрөөр хэлбэл Ш.Намхай аваргын төрсөн ахын хүүхдээс гарсан хүүхдийг өргөж авсан. Миний номонд их тодорхой бий. Тэгэхээр удам нь хамаатнаар нь дамжаад үлдсэн. Тэрнээс биш яг өөрийнх нь үр хүүхэд гараагүй. Энэ бол маш эмгэнэлтэй түүх.
Ш.Намхай аварга бие хааны хувьд ямар хүн байсныг судлахын тулд зодог шуудгийг нь 20 жил хайлаа. Ер олдохгүй байж байгаад 2008, 2009 оны үед азаар хоёр зодог шуудгийг нь олсон. Тэр алдартай хүний зодог шуудагнаас адис авсан. Монголын хуруу дарахаар хүн. Зодог шуудаг нь хөдөө бий. Тэрийг хамаагүй хэлж болдоггүй, хэлээд ч хэрэггүй.
-Яагаад?
-Ш.Намхай аваргын зодог шуудгийн үнэ хэд гэж бодож байна? Хэдхэн жилийн дараа сая доллар хүрнэ. Би үүнийг хэвлэлд хэлдэггүй юм. Ухвал яана. 1980-аад оны дундуур нэг хамаатныд нь байсан юмнууд хулгайд алдагдсан. Сайхан хурган дотортой дээл нь, авдар сав алдагдсан. Одоо хамаатан садныд нь юмнууд бий ч ер хэлдэггүй. Ш.Намхай аваргын зодог шуудаг 50 жилийн дараа сая доллараар үнэлэгдэнэ. Тэрнээс нааш яриад ч хэрэггүй. Харамсалтай нь Өвөрмонгол руу, хятад руу гарчих вий гэж би ухаан алдталаа айдаг. Зургаан зодог шуудагны нэгийг Архангай руу явсан. Тэр газраас олон бөх төрсөн. Нэг зодог шуудгийг нь Өмнөговь руу явч явахад тэндээс бөх төрсөн.
ЭРТ ДЭЭР ҮЕД САЙН БӨХИЙН ШАРИЛЫГ ИХ ХУЛГАЙЛДАГ БАЙСАН. ТЭРЭН ШИГ САЙН БӨХИЙН ЗОДОГ ШУУДГИЙГ ХУЛГАЙЛНА
-Ямар холбоо байгаа юм бол?
-Ер нь ийм заншил байдаг. Том бөхийн шарилыг хулгайлдаг байсан. Баттай биш ч ийм яриа байдаг. Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Даншигийн дархан аварга 5-7 түрүүлсэн Баянмөнх гэж хүн байсан юм. 1810-аад оны бөх л дөө. Энэ хүн нас барахад бүх хавирга нь битүү байсан гэдэг. Бидний хавирга шиг тоолж болохгүй, битүү хавтгай, ширээ шиг гөлгөр. Тэгээд тэр том шарилд нь чоно гөлөглөсөн байжээ. Поошиг шиг байж. Энэ гайхамшигтай цогцсыг баруун аймгийн жинчид судалж байтал гэнэт нэг шөнө алга болсон. Тийм учраас баруун аймгаас буюу Говь-Алтай, Завхан, Увсаас том бөхчүүд төрсөн гэдэг домогтой.
Сайн бөхийн шарилыг эрт дээр үед их хулгайлдаг байсан. Тэрэн шиг сайн бөхийн зодог шуудаг, дээл хувцсыг авна. Тэр айлаас сайн бөх гаргах гээд байна шүү дээ. Г.Өсөхбаяр аварга, А.Сүхбат аваргын анхны зодог шуудагны дуудлага худалдаа болсон. А.Сүхбат аваргын зодог шуудгийг Гачууртын Л.Чинбат 15 сая, Г.Өсөхбаяр аваргын зодог шуудгийг 6 саяар авсан. Өсөхөөгийнхийг хэн авсныг мэдэхгүй. Тэгэхээр Ш.Намхай аварга шиг гайхамшигтай, Монгол бөхийн дээд амжилтыг тогтоосон хүний зодог шуудаг айхтар үнэтэй. 300 000 долларын үнэтэй гэж бодож байна.
-Ядаж нэгийг ч болтугай музейд байрлуулаад олны хүртээл болгочихвол?
-Тийм ээ. Намхай аваргын загаст гэдэг 10 литр ордог, шаазан аяга байдаг. Наадамд түрүүлэхэд нь Чинван Ханддорж Бээжингээс авчирсан. Тэр аяга, хоёр хөөрөг, хонины ууц хагалж байсан хонины чинээ чулуу Булган аймгийн музейд бий. Төв музейд юу ч байхгүй. Зөвхөн Булганд байгаа, Булганыхан ч амь хайртай. Намайг очихоор онгойлгож үзүүлдэг юм. Хөшөөг нь би барьсан болоод л тэр. Өөр хүнд бол хавьтуулахгүй.
-Дээр үеийн бөхчүүд эдлэхийн дээдийг эдлээд, сайхан амьдарч байжээ.
-Өө сайхан. Аварга цолтой, том бөх бол хаанаар зодог шуудгаа хийлгэчихсэн, хааны оёдолчноор оёулаад, тансаг байсан. Тэдэнд хамгийн сайн монгол гутал хийж өгч, түрүүлээд маш их шан харамж авч, адуу мал сайтай байсан.
Богд хаан өөрөө шагнана, дараа нь одоогийн ойлголтоор шүтэн бишрэгчид нь нутагтаа ирэхээр найр хийнэ. Бас хонь малтай ирнэ, бэлэг сэлт өгнө. Чинван Ханддорж чинь өөрөө бөхийн дээд зэргийн хорхойтой, маш их шагнадаг.
1937 оны хэлмэгдлийн үед феодалын хөрөнгө хураахад Ш.Намхай аварга болон ахыг нь баян гээд хөрөнгийг нь хураан, сүүлд нь дуудлага худалдаагаар зарсан. Тэгэхэд ухаантай зарим нь авчихсан байдаг юм. Харамсалтай нь тэр хүний фото зураг үлдээгүй. Уг нь зураг байх маш өндөр магадлалтай. Богд хааны 1876 онд тавхан настайдаа авахуулсан зураг нь байдаг. 1911 онд Богд хаан зөндөө зураг авахуулсан. Гэхдээ одоо зургийг нь олсон ч хэн ч танихгүй.
1729 оноос Манжийн амбан Манжийн хааны даалгавраар Монголын бүх түүхэнд холбогдох бичиг баримтуудыг цуглуулаад, жил болгон Бээжинд үзүүлж, 1732 оноос зөөсөн.
-Яагаад энэ мундаг хүмүүсээ баримтжуулж дараа дараагийн үедээ өвлүүлж чадаагүй юм бол. Эсвэл ороо бусгаа үе таарсан уу?
-Нүүдэлчин сэтгэлгээний уршиг гэж боддог. Ш.Намхай аваргын гутлыг хадгалахын оронд хуучин юмыг монголчууд яадаг билээ? Буйран дээрээ хог үлдээхгүй гээд шатаачихна. Монголын түүх дээд үеэсээ үлдээгүй гол шалтгаан энэ . Үүнээс болж ямар их баримт устсан гээч.
1750 оноос өмнөх бөхийн данс ерөөсөө байхгүй. Би зөндөө хайгаад, Монголоос олдоогүй. Гэхдээ Монголчууд хаяна гэж яагаад ч байхгүй. Тэгэхээр хаашаа явуулав? Орос руу юу Хятад руу явуулсан уу? Түүх архелогийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.Чулуун Орост доктор хамгаалсан. Тэндхийн архиваас сайхан юмнууд олж ирсэн ч энэ дотор байхгүй байна лээ. Тэгэхээр миний хардлага бол Бээжинд, нэг бол Тайваньд бий.
ОДОО ТАЙВАНЬД МОНГОЛЫН ТҮҮХТЭЙ ХОЛБООТОЙ МАШ ИХ ЮМ БИЙ. ТЭР ИХ ГҮРЭН ХЭДЭН ЗУУНААР АЛСЫГ ХАРСАН
-Яагаад?
-Монгол улсын архивын түүх Засгийн газрын хэрэг эрхлэх газраас эхтэй. Хүрээ сайдын яам гэж нэртэй байв. Энэ яамыг 1729 онд байгуулсан. 1729 оноос Манжийн амбан Манжийн хааны даалгавраар Монголын бүх түүхэнд холбогдох бичиг баримтуудыг цуглуулаад, жил болгон Бээжинд үзүүлж, 1732 оноос зөөсөн.
Хошуу суман дахь албан хэргийг ч бүгдийг цуглуулсан. Тэр дотор наадмын данс явсан. Хамгийн чухал гэсэн бичиг баримтыг зөөсөн шүү дээ. 1949 онд генерал Чан Ка Ши Хятадын Ерөнхийлөгч байхдаа Мао Зидунд хөөгдөөд, Тайваньд очсон. Тэгэхдээ бүх чухал бичиг баримтуудыг Тайвань руу авч явсан. Иймд би тэнд л бий гэж үзэж байна.
-Ум хумгүй зугтаж байгаа хүнд Монголын бичиг баримт яагаад чухал гэж?
-Маш чухал. Одоо Тайваньд Монголын түүхтэй холбоотой маш их юм бий. Тэр их гүрэн хэдэн зуунаар алсыг харсан, Айхтар ухаантай байгаа биз. Тэгээд энд үлдсэн баримтуудыг би судалсан.
Одоо надад судлах юм байхгүй. Архивт үлдсэн юм юу ч байхгүй.
Монгол ганцхан архивтай. Аймгуудад юу ч байхгүй. Намын дээд сургуулийн оюутан байхдаа 1985-1986 онд би хоёр жилийн турш, долоо хоногт нэг удаа Бат-Очир гэдэг өвгөнтэй цуг суусан. Энэ хүн хэвлэх үйлдвэрийн ерөнхий нябо байсан юм. 1950-иад оноос эхлээд гарсан "Шинжлэх ухаан амьдрал" сэтгүүл, тэр үеийн бүх л баримтыг харшилтай болтлоо уншсан. Өвгөн ах маань бүгдийг нь хуучин бичгээр шүүгээд, би шинэ үсгээр шүүгээд хоёулаа хавсарч, бие биедээ хувилж өгдөг байсан. Өвгөн ахыг маань нас барсны дараа Үндэсний бөхийн холбоо сайхан гавьяа байгуулж, дөрвөн боть номыг бүтээсэн.
-Бөхийн жаяг, жудаг гэж бид их ярьдаг. Гэтэл наадам болгоноор шахуу бөхчүүдийн танхайн үйлдлийг харж байна.
-Мэдээж олон шалтгаан бий. Жишээ нь Монгол улс хөрөнгөтний нийгэмд шилжчихлээ. Одоогийн залуу хүмүүс мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй болсон байна. Тийм бөх их олон байна.
Хоёрт, алдар цол олж байвал мөнгийг хэдэн саяар хамаагүй зарцуулах, ямар нэг аргаар эсвэл мөнгөөр тэр цолыг олж авахад бэлэн болсон байна. Ийм хүмүүс маш их. Гурав дахь үндсэн шалтгаан нь уламжлалаа судалдаггүй, ойлгодоггүй, би л их мундаг байгаа мэтээр өөрсдийгөө бодоод байх юм. Одоогийн энэ ширмэн тогоо шиг гэдэстэй хэдэн бөхөөс чинь дэндүү тасарчихсан гэх юмуу эднээс 10 дахин, 20 дахин илүү мундаг бөхчүүд 1921 оноос өмнө л байсан. Тэр хүмүүсийн түүхийг ер судлахгүй, биднийг бичихээр тэр номыг бөхчүүд уншдаггүй, их сонин.
-Ингэхэд Монгол бөхийн ёсонд бууж өгөх тохиолдол байсан уу?
-Хуучин цагт байсан. Төрсөн ах юмуу төрсөн дүүгээ цолонд хүргэх гэж, нэг даваа ч гэсэн гарыг нь амраах гэж хүн чанарын үүднээс бууж өгч байсан. Хоёрт нь, өөрийг нь залгамжлах, миний шийрийг хатаах буюу намайг залгамжлах манай хошууны бөх энэ гээд тэр хүнээ начин юмуу зааны даваанд аваад бууж өг,ч өөрийнхөө залгамжлагчийг бэлдэж, урамшжуулдаг.
Нэгт урам өгч, хоёрт нутаг орныхоо нэр хүндийг бодож, гуравт нь өөрийнхөө төрсөн газрын байгаль эх буюу тэр онгон шүтээн сайхан хангайгаа, өөрийн төрсөн нутгийн ус уул ард түмнийг баярлуулж, тэднийг баясган цэнгүүлж, сайхан сэтгэл өвөртөлж нутгийнх хүнээ авчэ бууж өгч байсан. Түүнээс алт мөнгө, отго жинс аваад, шунахайн зорилгоор бууж өгсөн тохиолдол өдрийн од шиг байсан. Тэр үед тийм л хүн чанартай байсан байна. Харин одоо бөхийн жаяг дэг алдагдсан. Үүний нэг том жишээ бол Монгол улсад цол өгдөг наадам үүссэнээс хойш түрүүлж дархан аварга цол авсан бөхийнхөө дараа дархан аварга цол авсан хүн нь "Үгүй, би түрүүнд нь гарна. Би тэр магнайг нь авна" гэж булаацалдсан тохиолдол 376 жилийн түүхэнд анх удаа гарлаа.
Одоогийн энэ ширмэн тогоо шиг гэдэстэй хэдэн бөхөөс дэндүү тасарчихсан гэх юмуу 10, 20 дахин илүү мундаг бөхчүүд 1921 оноос өмнө л байсан.
-Та арай субьектив хандаад байна уу. А.Сүхбат аварга таны үеэл дүү биш бол та яах байсан бэ?
-Ямар ч ялгаагүй. Бөх судлаачийн хувьд ямар ч ялгаагүй. Д.Дамдин гэдэг аварга тав, Дархан аварга Ж.Мөнхбат зургаа, Х.Баянмөнх аварга 10, Б.Бат-Эрдэнэ аварга 11 түрүүлсэн.
Гэвч Д.Дамдин аварга эхлээд дархан аварга цол авсан учраас, хэдий Ж.Мөнхбатаасаа нэг түрүү дутуу боловч эхлээд дархан аварга цолонд хүрсэн учраас насан туршдаа Д.Дамдин аварга ямагт л эхэлж гарсан. Монгол бөхийн тогтоосон нэг дэг жаяг ерөөсөө энэ л байгаа юм. Ж.Мөхбат аварга зургаа, Х.Баянмөнх нь хэдийгээр 10 түрүүлсэн ч Ж.Мөнхбат эхлээд дархан аварга цол авсан.Тийм учраас Х.Баянмөнх 10 түрүүлсэн нь ямар ч хамаагүй. Хэн түрүүлж болзол хангасан нь түрүүлж гарна.
АВАРГА ЦОЛОН ДЭЭР Л МАРГААД БАЙНА. ХОЁУЛАА ДАРХАН АВАРГА ЦОЛ АВЧИХААР Л ГАЙТАЙ, ХӨӨТЭЙ ЮМ БОЛЖ БАЙНА
-Энэ жаягийг Үндэсний бөхийн холбооны дүрэмд яг энэ чигээр нь цаасан дээр буулгаж, тамга тэмдэг дараагүй юмуу?
-Үндэсний бөхийн холбоо бол цол олгодог байгууллага биш шүү дээ.
-Эрэмбэ тогтоодог газар нь манайх гээд байгаа?
-Биш. Эрэмбэ тогтоодог субьект бол Ерөнхийлөгч. Бөхийн цолыг хэн өгсөн, тэр л эрэмбэ тогтооно. Цол өгнө гэдэг чинь эрэмбэ тогтоож байгаа юм. Өөр юу ч биш. Цолны үнэмлэх дээр ямар дугаар бичсэн, яг тэр дарааллаар явсаар өдийг хүрсэн.
-Тэгвэл яагаад Г.Өсөхбаяр аварга энэ жаягийг эвдэх гэв?
-Бөхийг холбоо л үймүүлээд байна. Үүний цаана ярьвал их юм байна. Бөхийн холбооны удирдлагууд яагаад А.Сүхбатад өсөрхөөд байна. Бидний ажлыг энэ А.Сүхбат булааж авах гээд байна гэж айдаг. А.Сүхбат бөхийн холбооны ерөнхийлөгчөөр хэзээ ч нэр дэвшихгүй, би баталгаатай хэлнэ. А.Сүхбат аварга "Та нар хоцрогдсон байна, залуучуудынхаа сэтгэхүйг ойлго, ямар Хойд Солонгосын Ерөнхийлөгч биш 25 жил боллоо,залуучууддаа байр сууриа тавьж өг" л гэдэг.
Хоёрт нь, энэ шударга биш, мөнгөөр цол авдаг байдал газар аваад, арай дэндлээ. Энэ чинь Монгол улсыг устгалаа, шударга ёс тогтоомоор байна, би тийм үнэнийг л дэмжмээр байна гэдэг. Д.Данзан, Р.Нямдорж бидний ажлыг булааж авах гэлээ, биднйг хоолгүй болох гэлээ, Бөхийн өргөө бидний өмч, бид байгуулсан гэдэг. Тиймээс Г.Өсөхбаяр аваргыг хатгаад, чи заавал урд гарах ёстой гээд байна.
-Г.Өсөхбаяр аварга хүний гар хөл болчихооргүй хүн биз дээ.
-Нэгийг бодмоор л байна л даа.
-Та Г.Өсөхбаяр аваргатай нүүр тулж уулзаж байсан уу?
-Үгүй. Би уулзахгүй. Ноднин би хоёуланг нь дархан аварга болоход ороод үнссэн. "За миний хоёр дүү үүнээс хойш эвтэй найртай байгаарай" гэхэд Г.Өсөхбаяр ахаа танд маш их баярлалаа, бид хоёр тийм байна гэж ордон дотор хэлсэн.
Г.Өсөхөө өөрөө ч ярилцлагадаа хэлсэн байсан. А.Сүхбат аварга дархан аваргын болзлыг 2004 онд, би 2009 онд хангасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын хуульчид бүгдийг нь судалсан байгаа. Судалж байж цол олгоно уу гэхээс зүгээр л өгмөөр санагдахаар бичиж өгөхгүй.
А.Сүхбат аварга яагаад болзлыг хангасан бэ гэхээр 2000 онд түрүүлсэн, арслан цолны болзлыг хангасан, 2001 онд 1024 бөхөд түрүүлсэн. 1024 бөхөөс 10 давж түрүүлдэг. Одоогийн хууль дүрэм бидний яриад байгаагаар тэр. 1024 бөхөөс есийн даваанд үлдэнгүүт нь шууд арслан цолыг нь барилдаагүй байхад нь уншаад өгдөг. Жишээ нь Д.Сумьяабазарт. 10 давангуут нь арслан Д.Сумьяабазарт аварга өг гээд л эрхийг нь өгсөн. Тэгэхэд А.Сүхбатыг тухайн үед нь тэгээгүй. Өгөх ёстой юмыг нь өгөлгүй алгасаад, ес давахад нь аварга гэж цол уншин, нөгөөд нь даян аварга гэж цол уншсан.
Залуу бөхчүүд адуутай ноцолдох хэрэгтэй. Өөрөөсөө хүчтэнийг давж байж л аварга болно.
2004 онд дахин түрүүлэхээр дархан аварга болсон гэсэн үг. Үүнийг л Ерөнхийлөгч хэлсэн шүү дээ. А.Сүхбат аварга 2007 онд ес давж, 2004 онд ес давж, 2001 онд 10 давж түрүүлсэн. Энэ дөрвөн амжилтыг нийлүүлээд дархан аварга цол өглөө гэсэн. Тэгээд 08 тоот үнэмлэх бичиж өгсөн. Б.Бат-Эрдэнэ аварга 07 номерын үнэмлэхтэй. А.Сүхбат 08 номерын үнэмлэхтэй. Г.Өсөхбаяр аварга 09 номерын үнэмлэхтэй. 09 дугаарыг өөрөө л сольдоггүй юм бол өөрөө зөвшөөрч байгаа шүү дээ.
Төрсөн ах дүү хоёр байна. Гурван насны зөрүүтэй, ах нь 50-тай дүү нь 47 настай байхад би 47 настай. Гэхдээ би чиний ах шүү дээ гээд дайраад байхтай яг адилхан. Д.Данзан гуай бөхийн цолыг амжилтаар нь эрэмбэлнэ гэсэн. Тэгвэл аварга цолыг хэн түрүүлж авсан, тэр чинь л хамгийн том амжилт. Ганцхан аварга цолон дээр л маргаад байна. Хоёулаа дархан аварга цолыг авчихаад л гайтай, хөөтэй юм болоод байна. Эсвэл өгөхгүй тэр чигээр нь байлгах байсан байхгүй юу. Тэгвэл тэр аварга нь дархан ч бай даян ч бай аварга ч бай хэн нь эхэлж аварга цолоо авсан юм6 Г.Өсөхбаяр заан цолтой байхад энэ хүн аварга болсон. Уучлаарай л байхгүй юу. Г.Өсөхбаяр энийг ойлго л доо. Тэгээд Г.Өсөхөө А.Сүхбат гэдэг аваргыг нэг удаа наадмын талбай дээр өшиглөж унагасан, нэг ёсондоо зодсон.
Төрөөр үнэлүүлчихээд бас яах гээд байгаа юм. Судлаачийн хувьд би ингэж хэлмээр байна.
-Өмнө нь ийм маргааныг яаж шийддэг байсан бэ.
-Цолны маргаан, ам авах дээрээ 1800-аад онд маргаан гарсан тийм түүх байдаг. Богд хааны зарлигаар зохицуулж байсан. Бөхийн цолыг хуучин цагт Богд хаан өгдөг байсан. Одоо цагт Ерөнхийлөгч өгдөг. Ерөнхийлөгчийн өгсөн цол бол хууль. Үүнийг л мөрдөнө, Өөр ямар ч баримтлах юм байхгүй. Дүрэм бол зөвхөн барилдааны л дүрэм.
Улсын наадамд амжилт гаргасан бөхөд цолыг зөвхөн Ерөнхийлөгч олгоно гэсэн хуультай. Баяр наадмын тухай хуулийн 6-р зүйлд бий. Ерөнхийлөгчийн өгсөн цолыг бөхийн холбоо байтугай хэн ч өөрчилж чадахгүй. Ганцхан Ц.Элбэгдорж өөрчилж чадна. Одоо энэ будлианыг больё гэвэл Ерөнхийлөгч цолоо хүчингүй болгож болно. Тэгвэл А.Сүхбат аварга нэгэнт зодог тайлсан юм чинь барилдахгүй.
Г.Өсөхбаяр барилдаж байгаа юм чинь барилдана л биз. А.Сүхбат аварга телевизийн ярилцлагад та яагаад барилдах болсон бэ гэхэд би гурван юмыг үнэлж барилдсан. Нэгдүгээрт, ийм том цолыг надад өгсөн учраас цолоо хүндлээд, 2-т би өргөн олон түмнээ хүндэлж байна, 3-т би төрт ёсоо хүндэлж байна гэсэн. Зодог тайлчихаад барилдсан тохиолдол Монголын түүхэнд зөндөө бий.
-Төгсөлд нь танаас энэ жилийн наадамд хэн түрүүлэх вэ гэж асууя.
-Ч,Санжаадамба заан. Даанч бэлтгэл дутуу хийгээд байна. Наадмын өмнө бөхчүүд гал болж, бэлтгэлд гардаг. Бүгд л хоорондоо адилхан бэлтгэл хийдгээс онцгойрсон бөх алга. Залуу бөхчүүд адуутай ноцолдох хэрэгтэй. Өөрөөсөө хүчтэнийг давж байж л аварга болно.
-Ярилцсанд баялалаа. Та сайхан наадаарай.