МХБ эхний хагас жилд улсын төсөвт 19.8 сая төгрөгийн татвар төлжээ
Монголын Хөрөнгийн бирж энэ оны эхний хагас жилд 189 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Ингэснээр төсөвт 19.8 сая төгрөгийн татвар төлсөн байна. Зах зээлийн үнэлгээ нь өдгөө 1.1 их наяд төгрөгөөр хэмжигдэх Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит зарим компанийн хувьцааг арилжих бэлтгэл ажилдаа энэ долоо хоногоос орж байна.
Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах УИХ-ын тогтоолын дагуу эхний ээлжинд есөн компанийн хувьцааг сонгожээ. Тухайлбал, “Шивээ Овоо”, “Монгол шуудан”, “Багануур”, “Монголын цахилгаан холбоо” зэрэг компанийн үнэт цаасыг олон нийтэд санал болгох аж.
Монголын хөрөнгийн биржийн "лангуун" дээрх бүтээгдэхүүний сонголт төрөлжиж байна
“Ашигт ажиллагааг оны эцэс хүртэл хадгалахыг хичээнэ” гэж Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангар хэлж байна.
Өдрийн дундаж арилжаа нь 10 сая төгрөгөөс хэтрэхгүй байсан зах дээр хагас жилийн байдлаар нийт 310 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. Оны эцэст арилжааны нийт дүн гурав дахин нэмэгдэх төлөв бий. Энэ тохиолдолд Монголын хөрөнгийн биржийн арилжааны дүн оны эцэст нэг их наяд төгрөгт хүрэх юм. Эдийн засаг хоёр оронтой тоогоор буюу 17.5 хувиар өсөж байсан 2011 онд Монголын хөрөнгийн биржийн жилийн арилжааны дүн 350 тэрбум төгрөгт хүрч, түүхэн амжилт тогтоосон байдаг. Үүнээс хойш арилжааны дүн дорвитой өсөөгүй бөгөөд өнгөрсөн оноос сэргэж эхэлсэн нь энэ.
Засгийн газрын үнэт цаасыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хөрөнгийн захаар дамжуулан арилжаалах болсон нь бирж ашигтай ажиллах нэг хөшүүрэг болж буй. Энэ он гарсаар бондын захиалга зарласан хэмжээнээс давж, нийлүүлэлт хүрэлцэхгүй байна. Энэ нь үнэт цаасны хүү тодорхой хэмжээгээр буурахад нөлөөлжээ.
Тодруулбал, сүүлийн таван сарын байдлаар бондын хүү хоёр хувиар бодитой буураад байгаа аж. Хүүгийн зардал буурснаар тэрбумаар хэмжигдэх төгрөгийн хэмнэлт улсын төсөвт гарах гэнэ. Бондын эрэлт өндөр байгаа учраас тухайн өдрүүдэд арилжих Засгийн газрын бондын хэмжээг Сангийн яам урьдчилж тогтоох болсон. Энэ нь эрэлтийг “хазаарлах” оролдлого гэж хэлж болно.
Удахгүй хөрөнгийн биржид “Даатгагдсан корпорацийн бонд” гэсэн санхүүгийн хэрэгсэл шинээр нэвтрэх гэж байна. Ингэснээр корпорацийн бонд гаргах нөхцөл бүрдэж байгаа юм. Ирэх сарын эхний долоо хоногт Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцэж, бондоо гаргахаа хүлээж буй компаниудыг олон нийтэд танилцуулахаар зэхжээ. Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн хувьцааны арилжаа саарах болсныг салбарынхан хэлдэг. Үүнийг орлох бүтээгдэхүүн нь Засгийн газрын үнэт цаас болоод байсан.
Харин Монголын хөрөнгийн биржийн “лангуун” дээрх бүтээгдэхүүний сонголт төрөлжиж, корпорацийн бонд хэмээх шинэ бараа мөдхөн, тодруулбал, наймдугаар сарын 3-нд зах зээлд мэндлэх нь.
Б.Баяртогтох